Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Алтанхуяг: Дэлхийн монголчууд эх орныхоо уужим талыг сэтгэлдээ тээж явдагт итгэдэг

Монгол Улсын хамгийн залуу гавьяат Д.Алтанхуягтай ярилцлаа. Дэлхий дахинаа сонгодог урлагийн тайзнаа нэрээ цуурайтуулж яваа түүнийг АSSА сэтгүүлийнхэн хоймортоо урилаа.

-Таны бага насны талаар ярилцъя?
-Би олон ястны өлгий нутаг Ховдод төрсөн. Аав маань соёлын төвд биелээч байлаа. Бүр багаасаа л аавыгаа дагаад урлагийн их наадамд оролцдог байж билээ. Цэцэрлэгээсээ л ардын бүжгээр хичээллэсэн дээ. Харин балет хэмээх энэ дэлхийн урлагт аав маань намайг хөтлөн оруулсан юм. Гуравдугаар ангид ордог жил аав маань намайг балетчин болгоно гэсээр Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгүүлсэн. Би ч тэр шалгалтад тэнцэж, балетчин болох гараагаа эхэлсэн.

-Хүүхэд л юм хойно шантарч, гэрээ санах үе байсан байх даа?
-Харин ч үгүй шүү. Огтхон ч шантарч үзээгүй. Нэг л мэдэхэд сургуулиа төгссөн. 

-Хөгжим бүжгийн коллежид сурч байсан үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Миний амьдралын хамгийн чухал үе байж гэж боддог юм. Хөгжим бүжгийн коллежийн хүүхдүүд багаасаа л биеэ даадаг. Багш нарынхаа хүүхдүүд шиг л амьдарна шүү дээ. Ялангуяа над шиг хөдөө орон нутгийнхан. /инээв/ Д.Дашлхагва багшаасаа  их зүйл сурсан. Роланд Петит багшийг ч бас дурсахгүй өнгөрч болохгүй.

-Монголын анхны балетын ангийг төгссөн байх аа. Бий биелгээ бүжиж, хөөмэй хархирсан Ховд нутгийн хүүд эрхэмсэг суурин хотын урлагтай танилцах ямар сэтгэгдэл төрүүлж байсан бол?
-Аав маань урлагийн асар их мэдрэмжтэй хүн болохоор балетын анги шинээр нээгдэж буйг мэдээд хүүгээ оруулъя гэж шийдсэн байх. Балетын талаар огтхон ч төсөөлөлгүй хүү Улаанбаатарт ирсэн л дээ.  Ямартай ч, бүжиг юм байна гэж л мэддэг байсан. Би багаасаа л бүжиглэх дуртай байсан болохоор өдөр бүр илүү ихийг мэдэхийн тулд шунан дурласаар үнэндээ надад шантарч, ядрах зав гараагүй бололтой.

-Сонгодог урлагийн тайзнаа анх ямар дүрээр хөл тавьсан бэ?
-Хөгжим бүжгийн коллежийн оюутан байхаасаа л ДБЭТ-ын тайзнаа бүжиглэдэг байсан. Анх 1998 онд “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг гоцолсон.

-Сандарсан уу?
-Өмнө нь олон удаа олны хэсэгт бүжиглэсэн учраас нэг их сандраагүй ээ.

-Та маш хүнд бэртээд, дахин тайзнаа бүжиглэх боломжгүй гэдэг харамсалтай мэдээг хүртэл сонсч явсан хүн. Энэ том айдсыг яаж давж гарсан бэ?
-Аан, өвдөг, шилбээ гэмтээсэн тухай яриад байх шиг байна. Бэлтгэлийн үеэр агаарын үсрэлт хийж байгаад шилбээ цуулчихсан юм. Хөлөө гэмтээсэн ч тоглолтондоо орчихоод дараа нь эмчлүүлсэн. Зургаан жил надтай хамт явсан даа энэ бэртэл. Ер нь үзэгчдэд дүрээрээ дамжуулан сэтгэлийн таашаал өгөхийн тулд их зүйлийг давж гарах хэрэгтэй болдог. Ганцхан гарны хөдөлгөөнийг л төгс болгох гэж хэдэн өдөр бэлддэг шүү дээ. Нэг хөл дээрээ гараа өргөөд бүтэн цагийн турш зогсох бол жирийн л нэг дасгал. Тэгэхээр тэвчээр шаардсан урлагийн хүн болохоор бусдаас илүү сэтгэлийн тэнхээтэй болдог байх. 

-Та Монголын сонгодог урлагийн ертөнцөд хамгийн залуугаараа гавьяат жүжигчин болсон. Хамгийн их хөдөлмөрлөж хүртсэн шагнал тань мөн үү?
-2001 онд Японд болсон Ази Номхон далайн орнуудын тэмцээнд түрүүлсэн үе. Тэр үед түрүүлнэ гэж төсөөлөө ч үгүй.
Тэр тэмцээнд түрүүлсэн маань өнөөдөрт хүрэх замд маань их урам өгсөн. Түүнээс хойш би хаана ч очсон “Би түрүүлэх ёстой” гэсэн итгэл дүүрэн явдаг болсон доо. Мөн таны хэлснээр Монголын сонгодог урлагийн тайзнаас төрсөн хамгийн залуухан гавьяат болсон нь их сайхан дурсамж. Тэр үед би 23 настай байж.

-Залуу хүн болохоор хязгааргүй ихийг мөрөөддөг байх. “Бостон балет” таны мөрөөдлийн нэг хэсэг үү, өрсөлдөөн их гэж сонссон юм байна?
-Мөрөөдөлгүй яахав. Гэхдээ Бостон бол миний мөрөөдлийн оргил, бас хязгаар биш. Бостонд ч, УДЭТ-т ч бай хаа газар л өрсөлдөөн байдаг шүү дээ. Тэр өрсөлдөөнийг тайзнаас л ил тод харж болдог. Бүхий л амьдралынхаа турш балетад хамаг хүч, хүсэл сэтгэлээ зориулсан хүмүүсийн дундах өрсөлдөөн тэнд явагддаг. Тэнд Ханхүү Зийгфрид, Хар хун Оделия, Цагаан хун Одетта бүгд л цор ганц байдаг учраас тэр шүү дээ. Би ч бас тэр өрсөлдөөнд ялагдах ёсгүй учраас дасгал сургуулилт, тоглолт гээд алхам тутамдаа өөрийгөө харуулахыг хичээдэг. Тийм учраас бие өвдөж байсан ч үл тоон бэлтгэлээ хийдэг.

-“Бүжигчин бүр өөр өөр” гэсэн таны үгтэй санал нийлж байна. Гэхдээ та үзэгчийг өөртөө дурлуулдаг арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Мэдээж өөр. Бүжигчдийн алхаа гишгээ, арга барил, тухайн хөдөлгөөнийг яаж хийж байгаа нь хүртэл өөр. Би өөрийгөө мэдэхгүй шүү дээ. Намайг бүжиглэх гээд гараад ирэхэд хүмүүс алхаагаар маань Алтанхуяг гэж таньж чадаж л байвал тэр миний онцлог. Үүнийг үзэгчид л мэдэх байх.

-Балет бол залуу насны урлаг. Цаг хугацаа хийдгээ л хийх байх. Бүжиглэхээ болиод юу хийнэ гэж төлөвлөдөг вэ?
-Хөгшрөөд эсвэл бэртчихвэл бүжиглэж чадахаа болино. Энэ бол гашуун үнэн. Гэхдээ би өнөөдөр бүжиглэж л явна.
Бүжиглэхээ болих тухай бодож амжаагүй явна. Бодохыг ч хүсдэггүй. Сурах зүйл их  байна. Цаг хугацаа чинь юу ч хийж амжаагүй байхад л урсчих юм байна шүү дээ.

-Таны мөрөөдлийн дүр юу вэ?
-Дүр голдоггүй ээ. Оногдсон дүрээ л сайн бүтээхийг хүсдэг. Өмнөхөө сайн хийж чадахгүй байж өөр юм руу шунах чинь буруу биз. /инээв/

-“Тэгвэл арай өөрөөр асууя. Амилуулахдаа өөртөө сэтгэл ханасан дүр бий юу?
-Бүжигчин хүн өөрийхөө бүжиглэсэн дүр болгоныг л эргэж хардаг.  Тэрийг нь тэгдэг байж, үүнийг ингэдэг байж гээд л боддог. Бэлтгэл тааруу бол хамгийн амархан зүйлийг  ч алдах тохиолдол гарна. Би өөртөө их хатуу шаардлага тавьдаг.

-Монголын залуус дэлхий ертөнцөд нэрээ цуурайтуулж байгаа ч эх орноо хэмээн цохилох зүрх нэг л дутагдаад байх шиг. Харин та юу гэж бодож байна вэ?
-Амжилттай яваа үедээ үнэхээр завгүй байдгийг нь ойлгож байна. Хэдий тийм ч Монголоосоо урваж хэзээ ч болохгүй. Ядаж унтахаар хэвтэх үедээ Монголынхоо уужим талыг боддог гэдэгт итгэж байна.

-Та ДБЭТ-таа эргэж ирэх үү?
-Монголчууд гадаадын орнууд шиг сонгодог урлагтаа анхаардаг байсан бол өдийд магадгүй хэдэн зуун Алтанхуяг төрөх байсан ч юм бил үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан