Бүх урлагийн нэгдэл нь Кино урлаг гэдэг. Тэр дундаа энэхүү урлагийг нэгтгэх хүндхэн үүргийг хүлээдэг хүн бол найруулагч. “Ийм нэгэн дурлал 1, 2”, “Надтай гэрлээч”, “Зөрлөг”, “Худалч залуу”, “Жексон амьд” киноны найруулагч, “Миний муу аав”, “Хоёр хоёрын тав” киноны зохиолыг бичсэн С.Баттулгатай ярилцлаа. Тэрээр “Herub” студийн уран бүтээлч юм.
-“Би одоохондоо өөрийнхөө брэндийг бүтээгээгүй л явна” гэж та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. “Жексон амьд” уран сайхны кино тэр бүтээл биш гэж үү?
-Одоохондоо залуу байна. Ийм залуугаараа өөрийнхөө брендийг бүтээчихвэл сэтгэл ханачихаж магадгүй. “Жексон амьд” кино тийм бүтээл болсон гэж дүгнэх нь утгагүй. Хөлс хүчээ гаргаж хийсэн болохоор сайн бүтээл болсон юм шиг санагдаж байгаа ч хэсэг хугацааны дараа шүүмжлэмээр зүйлүүд гараад л ирнэ. Сайн, муу гэдэг үнэлгээг үзэгчид л тавина.
-“Жексон амьд” уран сайхны киноны зохиолыг та бичсэн юм билээ. Зохиол бичих санаа хэрхэн төрсөн бэ?
-Ийм кино байвал яадаг юм бол гэж бодоод Д.Энхбаяр, О.Эрдэнэ гээд зохиолч найзуудтайгаа хамтраад бичсэн юм.
-Кино найруулах, тоглох хоёр том ялгаатай байх л даа. Таны хувьд аль нь амар вэ?
-Мэдээж, ялгаа байлгүй яахав. Бие биедээ шүтэлцээтэй хоёр өөр мэргэжил шүү дээ. Жүжигчин хүн найруулагчийн хүсч байгаагаар тухайн дүрийг гаргах гэж ажилладаг бол найруулагч зохиол дээр гарч буй бүх дүрийг үзэгчдэд хэрхэн хүргэх вэ гэдгийг бодож ажилладаг. Тэгэхээр найруулагчийн ажил жүжигчнийг бодвол толгойгоо их ажиллуулдаг гэх үү дээ.
-Сайн үзэгч байж л сайн кино бүтээдэг байх?
-Тэгэлгүй яахав. Сүүлийн үед гарч байгаа сайн гэсэн кинонуудыг алдахгүй үзэхийг хичээдэг. Тэглээ гээд хуулбарлана гэсэн үг биш. Бусдын хийсэн киног харж, шүүмжилж байж өөрийхөө бүтээлийг шүүмжилдэг болно шүү дээ.
-Та гол дүрд ерөөсөө тоглохгүй хэрнээ туслах дүрүүд тань киногоо аваад явчихдаг?
-Би царай муутайгаасаа болоод гол дүр олддоггүй гэдгээ өмнө зөндөө л ярьж байлаа. Гэхдээ туслах ч бай, гол ч бай өөрт оногдсон дүрээ л сайн гаргах нь жүжигчин хүний үүрэг. Нэг талаараа би бас их азтай. Хэчнээн туслах ч гэсэн шигтгээ болсон дүр надад оногдоод байдаг юм. Найруулагчид зохиолоо уншиж байхдаа энэ дүр хэнд илүү тохирох вэ гэдгийг төсөөлдөг юм. Тэгээд л надад чадах дүрийг маань л өгдөг. Үүний ачаар дүрээ сайн гаргаж байгаа юм шүү дээ.
-Та өмнө нь богино хэмжээний кино хийж байгаад бүрэн хэмжээний уран сайхны кино руу орсон. Богино хэмжээний кино уран сайхны кино хийхээс хэцүү гэдэг. Таны хувьд...?
-Амар ажил гэж байхгүй л дээ. Богино хэмжээний кино хийх амархан юм шиг харагдаж магадгүй. Гэхдээ богинохон хугацаанд үйл явдлаа хэрхэн үзэгчдэд ойлгомжтой хүргэх вэ гэдэг хэцүү. Тэглээ гээд бүрэн хэмжээний уран сайхны киног амар гэж байгаа юм биш.
-Найруулагч хүнийг хүмүүс их догшин зан араншинтай гэж боддог. Гэтэл та их зөөлөн, даруухан юмаа?
-Ойр дотныхон маань намайг найрсаг, нийтэч гэж дүгнэдэг. Би ч өөрөө тийм байхыг хичээдэг. Гэхдээ хааяа шаардлагатай үед огцом зан гаргана аа бас.
-Монголын кино урлагийн одоогийн хөгжлийн талаар та ямар бодолтой байдаг вэ. Хөгжиж байна гэх хэсэг байхад шүүмжлэлтэй ханддаг ч бас бий?
-Өнөөдөр олон кино нээлтээ хийх өдрөө хүлээн кино театруудад дугаарлаж байна. “Сааль нь бэлэн байхад сав нь багадаад” байгаа биз дээ. Зарим хүн чанаргүй кино ихээр төрж байна гэж шүүмжилдэг. Магадгүй ээ, гэхдээ тэр харьцуулаад байгаа Холливудад нь жилд хоёр мянган кино хийгддэг шүү дээ. Тэрний хэдийг нь та бид үздэг билээ. Холливуд дандаа сайн кино хийдэг гэвэл үгүй. Тэглээ гээд бид тэдэнтэй эн тэнцүү гэж хэлж болохгүй. Гэхдээ Монгол Улс дэлхийн тавцанд гарах кино үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж би хувьдаа боддог юм.
-Тэгвэл Монголоос өнөө хэр дэлхийг донсолгосон кино, нэртэй жүжигчин төрөөгүйн шалтгааныг та юу гэж боддог вэ?
-Азийн кино урлагт хятад, солонгос, япон кинонууд юугаараа дэлхийд илүү танигдаад байна вэ гэвэл үндэснийхээ онцлогийг түлхүү тусгадагт л байгаа юм. Үүнтэй адил бид ч гэсэн өөрсдийн үндэсний онцлог, зан заншлыг харуулсан кино бүтээвэл дэлхийн тавцан тийм ч хол биш байна. Харин Монголын жүжигчдийн тухайд гарц нь их бүрхэг. Зам нь нээлттэй болчихвол авьяасын хувьд дутаад байх зүйлгүй байх. Жаахан туршлагагүй л байж мэднэ.
-Их сургууль төгсөөд өөртөө том зорилго тавиад л уран бүтээлч болсон байх. Тэр зорилгынхоо хэдэн хувийг биелүүлсэн бэ?
-СУИС төгссөнийхөө дараа кино найруулчих юмсан гэж бодож мөрөөдөж байлаа. Харин одоо хэд хэдэн сайн бүтээл хийчих юмсан гэсэн бодолтой болчихсон. Гэвч санхүү энэ тэр гээд “хувьсгалын тохироо” нь бүрдээгүй байна. Ингэж л өөрийгөө өршөөж байна даа. Түүнээс бус дэврүүн хүсэл надад бий.
-Нэг шинэ уран бүтээл дээр ажиллаад завгүй байгаа юм аа даа?
-Тийм ээ. Кино зохиол, уран бүтээлчид гээд бүгд бэлэн болсон. Удахгүй зураг авалтдаа гарах гээд л байна. Зурагнаас өмнө амжуулах ажил бас их байна.
-Ямар төрлийн кино вэ?
-Хайр сэтгэлийн сэдэвтэй кино. Нэг уран бүтээлчийн тухай өгүүлэх юм. Зургандаа гараагүй байхад олон зүйл ярьж болохгүй л дээ. Хүмүүс онгирч байна гээд бодчихно.
-Таныг сайн нөхөр, сайн аав гэх юм билээ. Их ажлын хажуугаар ийм үнэлгээ авах хэцүү биз?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Миний хувьд киноны зурганд явчих юм бол гэртээ нэг, хоёр сар очиж хонохгүй байх нь энгийн үзэгдэл. Уран бүтээлч хүний уран бүтээл ахицтай байх эсэх нь гэр бүлээс нь хамаардаг гэдэг шүү дээ. Ажлын хажуугаар гэр бүлдээ зав гаргахыг хичээдэг. Орой гэртээ хариад хүүхдүүдтэйгээ тоглоно. Амарсан үедээ гэр бүлээрээ гадуур зугаална.
-Танай хоёр бага чинь ихэр байхаа. Ихэр хүүхдүүд ер нь өсгөхөд амаргүй байх. Таны үүрэг оролцоо хэр байна?
-Оролцоо бол байна шүү. Намайг байхгүй байсан бол ихэрлэхгүй ч юм бил үү./инээв/ Гэхдээ миний эхнэр их мундаг эмэгтэй бий. Адгийн тэнэг авгайгаа магтана гэж үг бий л дээ. Гэхдээ энэ бүр хуучны худлаа үг байх. Хоёр ихэр хүүхэд чинь өсгөхөд хэцүү. Нэг нь уйлахад, нөгөөх нь дагаад л. Тэгээд эр нөхөр нь ажил гээд гэртээ тогтохгүй болохоор ямар байх нь ойлгомжтой.
-Одоо өрөмний өт шиг сахилгагүй дээрээ л байгаа даа?
-Харин тиймээ. Хүү, охин хоёр болохоор хааяа таарахгүй. Хүүдээ машин, охиндоо хүүхэлдэй авч өгөхөөр охин маань машиныг нь булаацалдаад байдаг юм. Охин маань эрэгтэй хүүхдийн тоглоомоор тоглох их дуртай.