Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ангараг: Зураг авах нь дуучдын гамм уншихтай л адил


“Бодлын хулгайч” киногоор “Academy awards 2012”-ын шилдэг зураглаач болсон “Ану хатан” киноны ерөнхий зураглаач Д.Ангарагтай уулзлаа.

-“Ану хатан” киноны зураг авалт дуусах дөхөж байна уу. Хамгийн сүүлд хаана зураг авав?
-Элсэн тасархайгаас гурав хоногийн өмнө ирлээ. Зураг авалтын ажил ерөнхийдөө дуусах шатандаа орсон.

-Кино баг бүрдүүлнэ гэдэг бүхий л ажлын 50 хувь нь юм шиг санагддаг. Танд “Ану хатан” кинон дээр ажиллах санал хэн тавьсан бэ?
-Найруулагчаар нь ажил­лаж байгаа Т.Алтантуяа эгчтэй хуурай эгч дүүс. Зохиолч мөн продюссераар нь ажиллаж байгаа Б.Шүүдэрцэцэг эгчийг ч сайн танина. Алтантуяа эгч санал тавьсан. Би зохиолыг нь ажилтай байсан болохоор гүйцэт уншиж чадаагүй.  Гэхдээ түүхэн хатны тухай болохоор нь бага зэрэг шунасан шүү. Тэгээд л зөвшөөрсөн.

-Түүхэн, дайн байл­даантай киноны зураг авахад хэцүү байх. Өмнө нь, таныг ихэвчлэн орчин үеийн сэдэвтэй кинонд ажиллаж байсныг мэдэх юм?
-Харзтай руу дайн тулааны  зураг авахаар маргааш / өнөөдөр/ явна. Галдан Бошигт хаан, Манжийн хаан хоёрын тулааныг харуулсан хэсэг. Сая элсэн тасархайд жижиг тулааны зураг авсан л даа. Дайн тулааны зураг авна гэдэг хүнд юм байна. Миний хувьд анхны дайн тулаантай кино бүтээл болж байна. Ийм кинонд ажиллахад нэг их сургууль төгссөн дайны мэдлэгтэй болдог юм шиг.

-Павилионы зураг авалт дууссан гэж байсан. Ажил ч овоо нугарчээ?
-Павилионы зураг авалтад хөрөнгө мөнгө илүү шаарддаг. Нэг томоохон граашийг ядуу айлын гэр эсвэл хааны ордон шиг харагдахаар тохижуулахад хэр их зүйл хэрэгтэй вэ гэдэг нь ойлгомжтой. Павилионы сайн тал нь цаг нарт баригдаад байдаггүй. Гадаа зураг авахад л цаг нартай уралдана. Өглөө нар мандаж байх үед зургаа эхлээд явж байтал удалгүй тэнгэр харанхуйлаад бороо орчихвол тэнгэр цэлмэхийг хүлээх хэрэг гарна. Зохиол дээр цэлмэг өдөр болсон үйл явдлын тухай өгүүлээд байхад өөр арга байхгүй.  Тэгэхээр их ажил байна аа.

-“Ану хатан” киноны зураг авалтын үеэр хамгийн олон удаа зураг авахад хүргэсэн хэсэг байгаа юу?
-Галдан Бошигт хааны 20-иодхон үгтэй хоёр өгүүлбэр хэлдэг хэсэг. Манай “Guys 666” хамтлагийн дуучин О.Мягмар Галдан Бошигтын дүрд тоглож байгаа. Миний тооцсоноор 45 удаа давтаж зураг авсан. Хэн хэн нь чадваргүйдээ олон давтаад байгаа зүйл биш шүү. Тухайн дүрийнхээ дотоод сэтгэлийг гаргана гэдэг бол хамгийн хэцүү. Бас морьтой хэсгийн зургийг олон удаа авсан. Адгуус амьтад чинь хүн шиг үгэнд орно гэж байхгүй.

-Таныг Бээжингийн их сургуулийн кино зураг­лаачийн ангийг төгссөн, Хя­тадын алдартай найруу­лагч­тай хамтран ажилласан, Монголын кино урлагт өөрийн гэсэн байр суурь эзэлсэн хүний хувьд Монголын кино урлагийн хөгжлийн талаар үг унагана гэж бодож байна?
-Алдартай найруулагчийн киноны зураг авалтад ажиллаж байсан маань үнэн л дээ. Гэхдээ энэ бол оюутан байхдаа дадлага хийж байсан юм. Саяхан нэг сонинд яриа өгсөн. Тэрийг их сүртэй болгож бичсэн байна билээ. Монголын кино урлагийг хүн бүр өөр өөрийнхөөрөө харж, ярьдаг. Зарим нь хогийн кинонууд их хийгдсэнээс болоод кино урлаг уналтад ороод байна гэж байхад хөгжиж байна ч гэх хэсэг бий. Одоо үеийн киночид бол гурав дахь үе гэж хэлэгддэг. Миний бодлоор бидний үед Монгол кино муудаад байгаа юм биш. Хөгждөгөөрөө хөгжөөд л явж байна. Гэхдээ мэргэжлийн биш сонирхлынхоо дагуу кино хийж байгаа хэсэг нөхдүүд сайны араас зүүгдээд хөгжлийг нь хойш татаад байна уу даа гэж л хардаг. Бид бол хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа.

-“Бодлын хулгайч”-аар шилдэг зураглаач болсон. “Энэ бол миний авах ёстой шагнал” гэж бодсон уу?
-Анх удаа “Асаdеmу Аwards”-т оролцоод шилдэг зураглаач авсан. Өөрийгөө авчих байх гэж бодож байсан. Кино сайн болох нь кино багаас их шалтгаалдаг. Сайн багтай байсан болохоор сайн ч кино болсон. Найруулагч, туслах ажилчид гээд олон хүний хөдөлмөр шингэсэн шагнал.

-Таныг зураглаачаас гадна зурагчин гэдгийг мэдэх хүн олон. Ихэнх зурагчид сонирхлоо мэргэ­жил болгосон байдаг. Таны хувьд...?
-Би тухайн үед зурагчин болно гэж бодож байгаагүй. Манай ээж насаараа циркийн зурагчнаар ажилласан хүн. 1999 онд надад Японд энэ чиглэлээр сурах боломж олдсон. Үүнийг аав, ээж маань дэмжин сургуульд явуулсан.

-Тэгвэл та мэргэжлийн зурагчин юм байна. Бээжингийн их сургуульд кино зураглаачаар сурсан нь мэргэжлээ дээшлүүлжээ гэж ойлгож болох уу?
-Бээжингийн их сургуульд явсан түүхээ яривал их урт яриа болно. Товчоор хэлэхэд, манай ах Бээжинд Элчин сайдын яаманд ажилладаг байсан болохоор Японоос ирээд ах дээрээ очин Хятад хэл сурсан. Буцаж Монголд ирээд найруулагч Д.Золбаяр ахтай танилцаж, ажилд нь тусладаг байлаа. Тэр хүн л намайг зураглаач болгосон. 2004 оноос улсын зардлаар Бээжингийн их сургуульд дөрвөн жил суралцаж төгссөн. Зурагчин, зураглаач хоёрыг хүмүүс өөр гэж ярьдаг л юм. Гэхдээ миний хувьд дуучид өөрийгөө бэлдээд үргэлж гамм уншдаг шиг өөрийгөө байнга бэлэн байлгахын тулд л зураг авдаг.

-Тэгвэл таны хувьд зурагчин хийх нь гамм унших, кино зураг авах нь дуугаа дуулах гэж ойлгож болох нь?
-Миний хувьд бол тийм. Гэхдээ бусад хүн яадгийг би сайн мэдэхгүй байна.

-Зураглаач, зурагчны мэргэжил их зарлагатай юм шиг санагддаг?
-Яг зөв. Анх зураг авдаг байхад бүр хэцүү байсан. 36 кадртай плёнк аваад сайн зураг авсан ч юмгүй дуусгачихдаг. Тэгээд  бас зургаа угаалгах мөнгө төгрөг гээд тэр болгоныг аав, ээжээсээ авах хэцүү. Одоо бол дижитал камер гэж сайхан эд гарсан. Хэд л бол хэдэн зураг нэг дор дарах боломжтой. Би одоогоор чөлөөт уран бүтээлч болохоор өөрийнхөө хэрэглэх багажийг өөрөө л авч байна. Харин кино зураг авахад продюссерын багтайгаа ярилцаж байгаад сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг л авахыг боддог. “Ану хатан” дээр шинэ камер оруулж ирсэн.

-Зурагчны хажууд зур­гийн мэдрэмжтэй хүн байх нь чухал юм шиг санагддаг?
-Наадах чинь хамгийн чухал зүйл. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг миний эхнэр ч гэсэн их мэдрэмжтэй.Эхнэр, ээж, аав гуравт л авсан зураг маань таалагдвал сайн болсон гэсэн үг. Тэдэнд таалагдахгүй бол дотроо “За энэ ч явахгүй нь дээ” гэж боддог юм. Миний авсан нэг өвгөний зураг байдаг. Тэр зургийг авчихаад гаргалгүй далд хийчихсэн юм. 2009 онд Малайзад болсон ОУ-ын гэрэл зурагчдын  форумд Монголоос би орохоор болоод ямар зургаа өгөх вэ гэж бодож байтал гэр бүлийн хүн маань тэр зургийг өгөхийг зөвлөсөн. Тухайн үед тэр форумын ковер нь болж байсан. Гадаадын олон мэргэжилтэн зургийг маань үзээд надад Олон улсын гэрэл зурагчны зэрэглэл олгосон нь санаандгүй зүйл болсон.

-Сайхан зураг авчихаад нэр өгөх хэцүү биз?
-Наадах чинь ёстой асуудал шүү. Хамгийн хэцүү зүйл.

-Австралийн кино зураг­лаачдын холбооны гишүүн байх аа. Энэ холбоонд анх элссэн түүхээсээ ярихгүй юу?
-Улс орон бүрт л ийм холбоо байдаг. Дэлхийд одоо­гоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гурван л холбоо байдгийн нэг нь Австралийн кино зураглаачдын холбоо. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зураглаачид элсдэг. Элсээд дөрвөн жил болж байна. Дараа жилээс жинхэнэ гишүүн болно. Одоо бол үндсэн гишүүн байгаа.

-Ер нь, дижитал тех­нологид шилжсэнээр гэрэл зурагт засвар хийдэг болсон. Үүнд шүүмжлэлтэй хандах хүмүүс их бий л дээ. Та ямар байр суурьтай байдаг вэ?
-Ихэнхдээ хуучны зурагчид тийм байр суурьтай байдаг. Би ч гэсэн тэдэндтэй нэг байр суурьтай. Гэхдээ засвар хийх, хийж болохгүй зураг гэж бий. Хүний хөрөг зурагт хэзээ ч засвар хийж болохгүй. Мэргэжлийн гэрэл зурагчин бүр үүнийг мэднэ. Харин сурталчилгааны зурагнууд байдаг. Засвар хийхээс өөр аргагүй. Гэхдээ би одоо ч чулуу болно гэсэн зургаа хальсны аппаратаар авдаг. Манайд хальс угаах лаборатор байхаа больсон учраас Бээжин явахдаа угаалгадаг. /өөрийнхөө авсан зургуудыг харьцуулж үзүүлэв/

-Гэхдээ таны авсан зургуудын өнгө нь их сонин юм байна. Өнгийг нь янзлаагүй гэж үү?
-Энэ бол зураг авах чадвар, аргачлал.

-Сүүлийн үед ямар сэдвээр түлхүү зураг авч байна?
-Би гэрэл зургаар хоёр цуврал хийхээр төлөвлөн ажлаа эхэлсэн. Эхнийх нь Монгол ахуйг харуулсан хүмүүсийн хөрөг. Дараагийнх нь морины зураг.

-Тэгвэл Монгол ахуйг харуулсан уран бүтээлээр дагнаж байгаа юм байна?
-Түүхэн кино хийх надад таалагдсан. Би их үндсэрхэг үзэлтэй юм шиг ээ. Ер нь, манай зарим хүн гадаад гэхээр л нүдээ ухаж өгчих гээд байдаг. Удахгүй япончууд Монголд ирж кино хийх сурагтай. Тэр нь хүмүүсийн ярианаас сонсоход нэг япон залуу Монголд ирж бейсболлыг хөгжүүлж байгаа тухай. Чингис хаан буудалд буусан цагаасаа эхлээд л Монголыг буурай, хөгжилгүй орон гэж харуулах зорилготой юм билээ. Надад хамтарч ажиллах санал тавихад нь татгалзсан. Зарим уран бүтээлчид тэр кинонд хамтарч ажиллах санал авсан гээд хөөрчихсөн явж байна билээ. Гэхдээ тэдэнд хандаж “Битгий тэг л дээ” гэж хэлмээр байна. Эхнэр нөхөр хоёр хэрэлдчихээд найздаа хэрүүлээ яриад явах утгагүй биз дээ. Яадаг юм бэ миний Монгол муу муухай байна л биз. Сайхан зүйл зөндөө л байна. Заавал хэсэгхэн муухай зүйлийг нь гадаадынхантай нийлж муулах шаардлага байхгүй. Тийм биз дээ. Миний хамгийн эмзэг ханддаг асуудал бол энэ.

-Хоёулаа гэрэл зураг, кино зураг гээд их удаан ярилаа. Таны сонирхдог өөр зүйлийн талаар ярья гэж бодлоо...?
-Зургаас өөр сонирхол гэвэл би киноны хөгжим цуглуулж сонсох дуртай. “Оршуулгын дуу”-нууд огтхон ч сонсдоггүй. Ер нь, “Би чамд хайртай байсан. Даанч чи минь явчихлаа” гэсэн дуунууд л их болж. Би тийм дуу сонсдоггүй. Машиндаа сэтгэлд хоногшсон киноны дуунууд сонсоод явж байхад сайхан санаанууд орж ирдэг юм.

-Цуглуулга тань хэр их болж байна?
-Бараг 5000-аад киноны дуу байгаа.

0 Сэтгэгдэл
баяр хүргэе. Холбоо барих хэрэгтэй байна. Утасыг нь мэдэх үү.
mundag ah shuu ahiiga hundelj yvdag hosoo
Хамгийн их уншсан