Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.ЧИНЗОРИГ: ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН, НЭГИЙГ БОДОГДУУЛСАН БҮТЭЭЛ ТУУРВИХ НЬ УРЛАГ


“Монгол зураг нийгэмлэг”-ийн гишүүн, зураач Р.Чинзоригтой уулзаж, түүний уран бүтээл, дотоод сэтгэлийн хүчний тухай ярилцсан юм. Тэрээр “Монголын залуу уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн”-д оролцож, монгол зургийн төрөлд дээд шагнал хүртсэн юм.

-Таныхаар монгол зур­гийн гайхамшиг юунд орш­дог юм бэ?
-Энэ талаар маш олон зүйл ярьж болно. Технологи болоод үүсэл хөгжил, монголчуудын өв соёл, ахуй зэргээс улбаалан суурьшмал соёл иргэншилтэй орнуудыг бодвол өөрийн гэсэн өвөрмөц дэг жаяг, утга учиртай болж хөгжсөн байгаа юм. Олон гайхамшигтай чанар бий. Тэр дотроос онцлох юм бол илүү дотоод сэтгэлийн, гүн ухаан бясалгал тал руугаа, хүний сэтгэл рүү орж чаддаг чанар. Технологи талаасаа орчин тойрондоо нийцтэй, уран бүтээлч нь бүтээл дотроо орж хайрлаж энэрэх, гүн ухаанч сэтгэхүйтэй болж хөгждөгт л монгол зургийн чанар оршдог.

-Та гүн ухааны ном унших дуртай гэсэн.  Энэ зан чанар таны уран бүтээлд бас нөлөөлдөг болов уу?
-Гарцаагүй нөлөөлж бай­гаа. Би уран бүтээлч бо­лох замаа 1995 онд СУИС-ийн харьяа тухайн үеийн Ур­ла­­хуйн Ухааны Дээд сур­гуульд элссэнээр эхэлсэн. О.Даш­балбар агсны болон Монголынхоо алдартай зо­хиолч­дын номыг уншиж, ойл­­гох ухаарах гэж, хүн болж төлөвших гэж өөрөө өөрийгөө хайж байлаа. Тэ­гээд НҮБ-ын бясалгалын багш Шири Чинмойн ном зо­хиолыг уншиж эхэлсэн. Бя­салгал нь зураач хүний дотоод сэтгэлтэй  нийцдэг юм. Аниргүйгээр өөрөө өөртэйгөө хүүрнэж дотоод сэтгэлдээ хүч, энерги, ухамсар, гэрэл гэгээ бүгдийг оруулж байгаа. Энэ нь хайж байсан зүйлтэй минь зохицож эргээд миний зурагт хувьсал гарах үндэс болсон. Миний уншсан зүйл надад нөлөөлж уран бүтээлээр минь илэрч гарч ирж байгаа юм. Би уран бүтээлээ хүмүүсийн дотоод ертөнцөө нээх, өөрөө өөрийгөө олоход нь нөлөөлж байгаасай гэж бодож хийдэг. Нөлөөлдөг үгүйг үзэгч түмэн л тааварлах байх.

-Монгол зураг орчин үеийн урлагтай уусч, уламж­­лалт байдлаасаа өөрөөр хөгжиж байна уу даа?
-Ер нь, монгол зураг орчин үеийн урлагт их ойр байдаг. Социализмын үед барууны гэрэл сүүдэртэй зураг орж ирээд л их гоё юм гэж дууриах маягтай хэсэг явсан. Гэтэл гэрэл сүүдэртэй зурах биш хүний сэтгэлд хүрсэн, нэгийг бодогдуулсан бүтээл туурвих нь урлаг болохоос яг адилхан зурна гэдэг бол урлаг биш. Урлагийн олон төрөл үүсч хөгжсөн ч эцэстээ өөрийгөө таньж мэдэх, мэдсэнээ бусда­даа түргэн шуурхай хүргэхэд чиглэдэг. Урлаг бол шууд хү­нийг өөрчлөхөд чиглэдэг юм. Жишээ нь, дууны урлаг аял­гуугаар, яруу найраг үгээр, зу­раг бол өнгө дүрсээр хүнийг эзэм­дэж өөрчилж байдаг. Монгол зургийг авангард, кон­тен­порари урлаг ч гэж нэр­лэж болно. Ер нь бүх урлаг нэг­дэж, нэг урлаг болж эхэлж байна.

-Монгол зураг гэхээр хү­мүүст байгаль, бурхан л төсөөлөгддөг. Өнөөдөр сэд­вийн цар хүрээ, арга тех­нологи нь өөрчлөгдсөн үү?
-Арга технологи нь ерөн­хийдөө даавуун дээр шороон будгаар зурна. Гэхдээ сүүлийн үед усанд уусдаггүй акрилкан будгаар зурдаг шинэ арга гарсан. Гүйцэтгэл та­лаасаа өөрч­лөлт хийж бол­но. Хуучнаараа эсвэл шинэчлээд ч зурж болно. Харин зураачийн сэт­гэлгээ нь орчин үеийн зо­хиомжийн хууль дүрмээр баяжаад илүү чөлөөтэй болсон. Энэ нь урлаг олон төрөл болж хөгжиж, даяаршиж байгаагийн давуу тал юм. Угаасаа урлаг өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх арга барилд орчихсон нь монгол зургийг чөлөөтэй зохиомжилж болдог давуу талтай нь маш сайхан нийцдэг. Зураачид өөрийнхөө арга барилыг олж авахын тулд маш их эрэл хайгуул, өөрчлөлт шинэчлэл хийж байна. Тэр олон өөрчлөлт шинэчлэл дотроос  шинэ, шинэ алхам хийгддэг. Тэр алхмууд нь л дэлхийн урлагт хөгжил дэвшил болдог юм шүү дээ.

-Энэ олон өөрчлөлт, шинэлэг бүтээлийг үзэгчид хэр ойлгож хүлээж авч байгаа бол?
-Ямарваа нэг уран бүтээл хийхэд нэг хөгжил дэвшил гарч ирдэг. Уран бүтээлийг нэг үзэгч ухаарна гэдэг чинь хүн нь хөгжиж байгаагийн илрэл. Хүн нь хэдий чинээ хөгжинө, улс эх орон төдий чинээ хөгжиж чадна. Уран бүтээлд хүмүүс яагаад юу хэлэх гээд байгааг нь эрэлхийлсэн маягаар хандах юм бол бидний хэлж байгааг үзэгчид бүрэн дүүрэн ойлгоно. Зөвхөн уран бүтээлчид нь хөгжөөд, үзэгчид нь хэзээ хойно өвгөн болчихоод “тэр үед үүнийг чинь хэлэх гээд байсан байна шүү дээ” гэх мэтээр хожимдож ойлгодог байж болохгүй.

-Монгол уран зураг дэл­хийн урлагийн хаана нь яв­на вэ. Дэлхийн үзэгчид, уран зураг сонирхогчид хэрхэн хүлээж авч байна вэ?
-Өөрийн тодорхой байр суурийг эзлэн гарч ирэхэд ойрхон байна. Бага зэрэг менежмент л дутаад байгаа. Гэхдээ Монголын урлаг, монгол зураг маш хурдацтай хөгжиж байна. Ерөөсөө сүүлийн арав, хорин жилд тэр олон “изм”-үүдийг туулж, орчин үеийн бие даасан урлаг болох бо­ломжтой болсон байна. Юугаараа дэлхийд танигдах вэ гэвэл нүүдэлчин ахуй, соёл, онцлогоо тусгах хэрэгтэй. Бид даяаршилд автаад, суурин ир­гэншил дунд монгол хү­ний анхны ухагдахуун, үнэ цэнээ мартах тал байна. Тэр мартагдаад байгаа агуу чанараа бүтээлдээ шингээх юм бол дэлхийн тавцанд гарахад их ойрхон байна. Ингэхийн тулд хувь уран бүтээлчийн хөдөлмөрөөс гадна бодлогын дэмжлэг хэрэгтэй. Хэдийгээр МУЭ зураачдаа нэгтгэж байгаа ч санхүүгийн дэмжлэг дутмаг байдаг юм. Зөвхөн монгол зурагт зориулсан бодлого гаргах шаардлага бий. “Монгол зураг” нийгэмлэг маань зураачдаа дэмжиж үзэсгэлэн гаргаад ажиллаж байна. Ямар ч байсан үзэсгэлэн гаргаад, уран бүтээлийг таслахгүй байна гэдэг чинь тодорхой хэмжээний хөгжил байна гэсэн үг. Улам илүү ажиллах хэрэгтэй л дээ.

-Та уран бүтээлийнхээ санааг хаанаас олдог вэ. Юу таныг хөглөдөг вэ?
-Шири Чинмой багш “Хүн болгон өдөрт гурван километр гүйж бай. Тэгвэл эрч хүчээр дүүрэн амьдарна” гэж сургасан байдаг. Үүнийг нь би чадан ядан биелүүлэхээр гүйж явахад л тийм бүтээл хийвэл, хүнд ийм мэдрэмж төрөх юм байна гэсэн өгөгдлүүд толгойд орж ирдэг. Тэр өгөгдөл, ухамсрыг л би зураг болгож байгаа юм. Шири Чинмой багшийн номлолд гүйж бясалгах аргууд орсон байдаг. Тэр болгонд гүйж байхад олон чөлөөтэй гоё санаа надад төрдөг юм. Бодол тайван болсон үед шинэ сэрэл мэдрэмж төрдөг л дөө. Бүгдийг нь алдалгүй барьж авах юм бол хэдэн мянган уран бүтээл хийх санаа олддог. Гагцхүү бүтээл болгон гаргахад их хөдөлмөр шаарддаг.

-Нэг бүтээл “төрөхөд” хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Янз бүр л дээ. Монгол зураг бол ерөнхийдөө хэцүү. Заавал зураасалж будна гэх зэрэг дэг жаягт баригдсан. Би уран бүтээлч хүний хувьд хөгжил дутуу учраас баригдаад байдаг байж магадгүй юм. Түүнийг л давж гарахын төлөө хичээж байна. Зурааслах, дагнааслах гээд хүнд хүрэхэд бэлэн болтол зурах амаргүй. Би арав гаруй жил зурлаа. Одооноос л хүмүүс “болж байна” гэж хүлээж авах тал руугаа орж  байна. Нэг зураг зурах гэж долоогоос найман өдөр сууна шүү.

-Таны харьяалагддаг “Монгол зураг” нийгэм­лэ­­гийнхэн шинэ залуу зу­раачдыг төрүүлэхэд ан­хаарч ажилладаг гэсэн. Та хэн багшийн шавь бэ?
-Манай Урчуудын Эвлэ­лийн Хорооны дарга бай­сан Чүлтэм гуайн охин Нар­мандах гэж багш байдаг. 1995 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуульд ороход анх өлгийдөж авч байсан багш минь. Зураач болох анхны суурийг энэ хүн тавьж өгсөн. Багш бидэнд зөвхөн зурахыг биш, яаж амьдрахыг хүртэл зааж өгсөн, ээж шиг сэтгэлтэй хүн. Тэр уламжлалын дагуу шавь, шавийн шавь гэсээр өнөөдөр дөрөв дэх үеийн зураачид гарч ирсэн. Нармандах багш болон манай нийгэмлэгийн тэргүүн асан Нямхүү багш, одоогийн тэргүүн Чинбат гээд бүгд нийлээд зураг зурж байгаа хүмүүсээ дэмжье гэж ажиллаж байна. Зураач болж төгсөх бол нэг хэрэг. Төгссөн хойноо зургаа зураад, өөрийн гэсэн дүр төрхөө олно гэдэг их хүсэл тэмүүлэлтэй байхыг шаарддаг.

-Монгол зургийг бусад уран зурагтай харьцуулбал хэр үнэтэй байдаг юм бол?
-Монголын хувьд бол бусад зурагтай адилхан л үнэлэгдэж байгаа. Харин уран бүтээлчийнхээ хувьд арга технологи, зовлонг нь мэдэхийн хувьд арай л үнэтэй байх ёстой. Яваандаа болох байлгүй. Одооноос зарим ахмад зураачийн бүтээл бас өндөр үнэ хүрдэг болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан