Хүн ам нь өдрөөс өдөрт нэмэгдэж, хэдэн тийшээ тултал тэлсэн хотод маань шийдэх асуудал олон байгаагийн нэг нь яах аргагүй оршуулгын газар билээ. Уг нь, хогийн цэг, оршуулгын газар хотоос нэлээд зайдуу байсан бол одоо биднийхээ дунд “ороод” ирчихсэн гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз. Буух буурьгүйн эрхэнд хөдөөнөөс шилжин ирэгсэд олны хэлдгээр “Далан давхар”-ын оршуулгын газартай хаяа нийлэх болсоор удав. Тэндэхийн хүүхдүүд талийгаачдын ил гарсан ясаар тоглож явдаг гэнэ хэмээх цочирдом жиг жуг яриа ч сонсдож байсан удаатай. Харин саяхнаас нийслэлийн удирдлагууд хотын ойр орчим дахь оршуулгын газруудыг цэгцэлж тохижуулах болсон. Энэ ажил ямар явцтай байгаа талаар НЗАА-ны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрбаяраас цөөн асуултад хариу авлаа.
-Нийслэлийн ойр орчим дахь оршуулгын газруудыг тохижуулах ажил ямар явцтай байна вэ?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд байрлах Лхамлхүндэвийн оршуулгын газар буюу олны хэлдгээр Далан давхарын оршуулгын газрыг хашаажуулах ажлыг гурван жилийн өмнөөс зохион байгуулж эхэлсэн. Одоогоор хашааныхаа 60 орчим хувийг бариад байна. Үлдсэн хэсэг буюу 2200 метр хашааг барьсны дараа уг оршуулгын газар бүхэлдээ хашаатай болж, орчноосоо тусгаарлагдах юм.
-Хашаагаа энэ ондоо барьж дуусгах уу?
-Энэ жилийн тухайд бид хөрөнгө мөнгөний бололцооноос шалтгаалаад бүгдийг нь барьж дуусгаж чадахгүй. 800 метр урт хашаа л барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнийхээ гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.
-“Далан давхар”-ын оршуулгын газраас бусдыг нь хашаатай болгох уу. Хотын ойролцоо хэд хэдэн оршуулгын газар байдаг биз дээ?
-Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд байдаг оршуулгын газрыг мөн хашаатай болгож байгаа. 2011 оны тохижилтын ажлын хүрээнд 800 орчим метр газарт хашаа барьсан. Үүнийг шавардаж будах зэрэг өнгөлгөөний ажил энэ онд хийгдэнэ. Мөн эзэнтэй болгох асуудлыг “Улаанбаатар буян” компани хариуцан ажиллах юм. Энд “Улаанбаатар буян” компанийнхан харуул ажиллуулахаас гадна хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу далд оршуулгын газар байгуулж, иргэдэд оршуулгын зан үйлийн үйлчилгээ үзүүлж ажиллахаар болсон л доо.
-Оршуулгын газартай хаяа нийлсэн айл олон байдаг. Харин дунд нь ороод буучихсан айл байдаг уу. Хашааны дотор орчих гээд нүүлгэх шаардлагатай айл бий юу л гэж...?
-Бид юутай ч оршуулгын газрынхаа хамгаалалтын бүсийг хашаажуулж байна. Энэ хамгаалалтын бүс дотор буусан айл байхгүй ээ.
-Оршуулгын газрыг хашаатай болгохоос гадна нүүлгэх, шарилуудыг нь чандарлах тухай ч яригдаж байсан биш бил үү?
-Манай хэлтэс зөвхөн оршуулгын газрыг хашаажуулах ажлыг хариуцан зохион байгуулж байгаа болохоор бусад асуудлыг нь мэдэхгүй байна.