Дэлхийн зах зээлд баррель нефтийн үнэ Light нь 88.43, brent нь 103.55 ам.доллар байна. Харин Монголд литр шатахууны үнэ 1570 төгрөг.
Хэрвээ баррель нефтийн үнэ 50 руу ороод ирвэл литр шатахуун 800 орчим төгрөг болох болов уу. Хар ухаанаар бодвол болох ёстой.
“Сэрэхгүй бол сайхан зүүд байна аа” хэмээн та ч гэсэн бодож буй биз. Үнэхээр сайхан “зүүд” шүү. Гэхдээ энэ бол биелэх магадлал өндөртэй “зүүд” болоод байна л даа. Дэлхийн нефть олборлолтын зах зээлд “чимээгүй хувьсгал” өрнөж, нефтийн дутагдлыг үндсэнд нь шийдчихсэн гэж эрдэмтэд бичих болж. Гэхдээ яаж хэмээн өөрийн эрхгүй асуумаар санагдаж буй нь лавтай.
“Peak Oil” компани оны эхэнд хийсэн судалгаагаа олон нийтэд дэлгэхэд газар доорх ашигт малтмалын нөөц дуусч, нефтийн олборлолт өдөр ирэх тутам багасна. Харин эрэлт өсч, үүний хэрээр үнэ нь нэмэгдэнэ гэж байлаа.
Энэ нь хэр бодитой судалгаа вэ гэдгийг одоогоор хэн ч баталгаажуулаагүй. Гэвч сүүлийн хэдэн сар дэлхийн зах зээл, нефтийн олборлолт, эрэлт, хэрэглээнд хийсэн судалгаа ажиглалтын дүнд дээрх дүгнэлт харин ч эсрэгээрээ байж мэдэх дүр зураг харагдах боллоо хэмээн судлаачид тайлбарлаж байгаа юм. Харвардын их сургуулийн эрдэмтэд Италийн нефтийн салбарын тэргүүлэх бизнесмэн асан Эни Леонардо Маужерийн удирдлага дор хийсэн "Oil: The Next Revolution" судалгаагаа нийтэд танилцуулж, 2020 он гэхэд дэлхийн нефтийн бүтээгдэхүүн одоо байгаагаасаа 20 хувиар өсч, АНУ, Канад, Ирак, Бразиль тэргүүлэх гэнэ. Харин Иран, Мексик, Их Британи, Норвегийн хувьд олборлолт нь буурах бол Оросынх өсөх нь. 1990-ээд онд нефтийн үнэ буурсан нь энэ салбарт орж ажиллах, геологийн хайгуул хийхэд хамгийн эрсдэлтэй гэж үзэхэд хүргэсэн учраас шинэ орд төдийлэн нээгдээгүй аж. Энэ нь 2000 онд хомсдол үүсэх үүдийг нээсэн ч зарим улсын үсрэнгүй хөгжил, нефтийн эрэлт нь үнийг дээш сумлав. Ийнхүү энэ салбарт хошуурагчид ч эрэлтээ дагаад өсч, цаашид нефтийн үнэ унахгүй гэдэгт бат итгэгсэд олширч, хялбар аргаар их хэмжээгээр олборлох боломжийг хайн шинэ технологиуд ч бий болсон юм.
Хар хувьсгал
2008 оноос өмнө АНУ-ын нефтийн олборлолт аажмаар буурч байсан билээ. Мэдээж, Канадад бол бага зэрэг өссөн л дөө. Харин сүүлийн дөрвөн жилийн турш АНУ-ын нефтийн олборлолт эрс өссөн. Америкийн эрчим хүч, ашигт малтмалын судалгааны “Bentek Energy” компани Өмнөд Америкийн нефтийн ирэх дөрвөн жилийн олборлолтын хэмжээ нь 1970-аад оноос өмнө олборлосон бүх нефтийн хэмжээтэй тэнцэнэ гэсэн судалгаа хийж байв. Энэ өсөлтийн гол шалтгаан нь олборлолтын шинэ технологи. Занарын хий болоод газрын тосны олборлолтын технологи өдөр бүр шахуу шинэчлэгдэж байгаа нь занарын хийн үнийг гурав дахин унахад хүргэсэн аж.
Харин нефть баррель нь 100 ам.доллараас төдийлэн буураагүй байна. Эдийн засагч Маужерийн дүгнэснээр ирэх 10 жилд газрын тосны салбарын хамгийн чухал үйл явдлууд өрнөнө. АНУ 2020 он гэхэд олборлолтын хувьд Саудын Аравийн дараа гишгэх болно. Харин 2017 он гэхэд газрын тосны боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлнэ гэж үзжээ.Тэгвэл Иракийн хувьд улс төрийн байдал хөгжлийг нь чангаасаар байх болно гэжээ. Энэ бүхнээс үзэхэд 2015 он гэхэд баррель нефтийн үнэ 50 ам.доллар бүүр түүнээс ч доош орж болзошгүй. АНУ, Канад, Бразилийн хувьд олборлосон нефтиэ баррелийг нь 50-65 ам.доллараар үнэлж, магадгүй энэ нь газрын тосны шинэ шинэ орд нээгдэх процессыг зогсоох байх гэж таамаглажээ.
Гэсэн ч технологийн энэ их хөгжлийн хажуугаар хөрөнгө оруулалтаа ч бууруулахгүй байх нь чухал. Магадгүй, 2015 оноос хойш оройтох биз хэмээн тайлбарлажээ.Өнөөдөр занарын хийн үнэ дэлхийн зах зээлд унасан ч АНУ олборлолт, хөрөнгө оруулалтаа бууруулахгүй байгаа юм. Ашгийн хувьд бага ч, олборлолтыг бууруулахгүй байх нь зөв гэсэн бодлого барьж байна.
АНУ, Европын холбоо, Японы хамтарсан “Energy Information Administration”-ий гаргасан судалгаагаар сүүлийн жилүүдэд нефтийн эрэлт буурч байгаа гэнэ. 2011 онд дунджаар өдөрт 18.8 сая баррель нефть борлуулсан бол 2007 оноос хойш энэ тоо 20.7 сая баррелиас буураагүй байна.
2004-2008 онд импортын нефтийн хэмжээ өдөрт 12 сая баррельд хүрч байсан бол өнөөдөр 8 сая баррельд шүргэж байгаа юм. Энэ нь 1990-ээд оны дундаж хэмжээнд байна гэсэн үг. Хэдийгээр үсрэнгүй хөгжилтэй зарим орны хэрэглээ өссөн ч Европын орнууд өдөрт 16.2 сая баррелиас 15 саяд, Япон таваас дөрвөн саяд хүргэн бууруулсаар байна. Энэ нь хэмжээ хэврэгшиж буй дэлхийн эдийн засгийн энэ үед өсөхгүй нь тодорхой.
Дээрээс нь автомашины хувьд хий болон эрчим хүчээр ажилладаг нь илүү эрэлттэй болчихоод байна. Японы Тoyota Prius сүүлийн 13 сарын турш борлуулалтаараа тэргүүлсээр.
Энэ бүхний эсрэг хамгийн ихээр хэрэглээ нь өсч буй нь Хятад улс. Сүүлийн дөрвөн жилийн дотор тус улсын хэрэглээ жилд 30 хувиар өсч өдөрт 7.5 сая баррелийг хэрэглэж байсан бол 9.8 сая болон өсөөд байна. “Deutsche Bank”-ийн ерөнхий эдийн засагч Жун Ма ярихдаа бид эрчим хүчний шинэ эх үүсвэрийг буй болгох ажилд бүхий л анхаарлаа хандуулан хүч тавин ажиллаж байна. Ялангуяа, уламжлалт аргаар нефтийг орлуулах боломж судалж байна гэжээ. Түүний судалгаагаар Хятадын нефтийн хэрэглээ ирэх жилүүдэд 3-4 хувиар л нэмэгдэх аж.
Хэрвээ Маужери болон Goldman Sachs, Bentek Energy-гээс гаргасан судалгаа үнэн бол цаашид нефтийн хомсдолоос эмээх зүйлгүй болох нь.