Ойрын хэд хоног бороо асгартал цутгаад л тэгж байснаа үүлэн чөлөөний хачин тунгалаг хурцхан нар гарч бороонд дэвтсэн Улаанбаатарыг минь ээн шаргалтахад үлгэрийн юм шиг өнгө будаг нь солонгорон туяарч, тийм гэхийн аргагүй анхилуун зөөлөн урин үнэртээд л хөгжилтэйхэн зуны долоон сар ид дундаа. Орчлон дэлхий түмэн өнгийн хээ хуараа онцлон ялгаж Монгол орон тэр дундаа Улаанбаатар хотод минь л зулан дэвсчихсэн аятай зуны цэцэгтэй өнгө булаалдан их хотын минь үзэсгэлэнт охид бүсгүйчүүд төрмөл сайхан гуа үзэсгэлэнгээрээ хараа булааж, зүрх эгшиглүүлдэг энэ л улиралд шунан дурладаг аа, би.
Ухаант буурлууд маань “Охид үзэсгэлэнтэй төрөх нь цаг сайжрахын дохио” гэж зүгээр ч нэг таагаад хэлчихээгүй байнам. Улс эх орон минь хүчирхэг хөгжлийн гараанд эрэлт буцалтгүй шилжин орсон энэ л цаг үед хамгийн энгийнээр нүд баясгаж, сэтгэл сэргээх увидас Бөртэ үжин, Мандухай цэцний удамт үзэсгэлэн гоо монгол бүсгүйчүүдэд минь нэвтэрхий шингэжээ. Ерөөс үндэстэй бүхэн дэлгэрч, үртэй хүний магнай тэнийдэг зуны улирал, нар хур тэгширсэн наадмын дараахь долоон сар гэдэг Монгол хэмээх газрын диваажингийн цэнгэлийн манлай баяр хөөр амралт зугаалганд бялхсан назгар амгалан цаг байдаг аа.
Нэгээхэн талд нь орон хот, гэр сууц, зам харгуйгаа тордон сэргээх их ажил өрнөх авч нөгөөх бөөрөнд нь сум, аймаг дамжсан их цэнгэл найрын улирал ид дундаа дуниартанхан байгаа. Хүний сэтгэл хөөрөн догдолж, хөгжин баясах тусам амьдрал улам ч амттай, шимтэн дурламаар болдог нь хэн хүнд илэрхий зүйл.
Өглөөний нарны шаргалхан туяа цонхон завсраар бултганан шагайж нүүрэн дээр тусахуйд сэтгэлд ямархан нэгэн баясал төрж орноосоо үсрэн босоод тагтан дээрээ гарах үнэхээр сайхан. Өглөө болгон давтдагддаг энэ л дадлаасаа зуун жил ч уйдмааргүй. Тагтныхаа хаалтыг цэлийтэл нээж, чийг урин үнэртсэн жаргалтай өглөөний ариухан агаарыг цээж дүүртэл амьсгалахад өнөөдөр тохиох учрал баяр бүүр түүрхэн амтагдана. Монгол газрын жаргалтай зуны шинэ өглөө “Сүү, тараг аваарай” хэмээх хүрэн дээлтэй эгчийн адтайхан дуу, мэндлээд хоёр сар ч болоогүй энхрий нялх үрээ салхилуулан нааш цааш алхах хөрш айлын залуухан бэр, хурдан түргэн хөдөлж хавь ойрыг цэвэрлэх орцны жижүүр залуугаас эхэлнэ. Өглөө бүр харагддаг эгэл боргилхон энэ л дүр зураг хамгаас дотно санагдаж, чухам энүүхнийг л дуусашгүй үргэлжлүүлж харж баясч явахын тулд юугаа ч хайрламгүй бодогдоно.
Ойрмогхны өгөөж баян хурын усанд Улаанбаатар хот минь нүүрээ угаасан энхрий хүүхэд шиг туяаран гялтганаж, гудамж талбайгаар зөрөн өнгөрөх хүмүүсийн царайд мишээл тодроход өөрийн эрхгүй хөл хөнгөрнө. Орчлон хорвоо номин ногоон гоёлоо өмсч, зуны шаргал нарны нэгээхэн завсраар хур бороо шаагин асгарах нь нүүдэлчин Монгол түмний сэтгэл зүрхийг долгилуулан цэнгээх далдын нэгээхэн увидастай.
Нартай зуны найртай сайхан бүхэн уусан холилдож нэгэн их цул болоод Гандирсын хотын түмэн гайхамшигт өнгөөр солонгорон гийх мэт санагдана. Дуу аяласхийн гэрээсээ гарч хорвоо ертөнцийн түмэн гайхамшиг, өнгө тунамал, үзэсгэлэн гоог тольдон алхахад тэртээ өмнө Богд Дүнжингарав уул хөхөмдөг униар суунаглуулж, тэрүүхэн наана Зайсан толгой ихэмсэг дүртэй дүнхийнэ. Хөөрхөн жаалхан болжмор шувууд жив жив шулганалдан өөд уруугүй жиргэн нисэлдэхэд балчир насны минь гэгээхэн өдрүүд ойртож нэг, холдож нэг бодогдоно.
Орцны үүдэнд шулганалдаж дор бүрнээ ямархан нэгэн зугаатай тоглоомоор сатааран наадах энхрийхэн хүүхдүүд зуны найртай улиралд дулаан үүр оромжноосоо сугаран гарцгаасан амьтны бяцхан үр зулзгануудыг санагдуулна.
Булцгархан хөөрхөн гартаа атгасан элс хуруун завсраар нь савиран асгарч өглөөний шаргал туяатай сүлэлдэхэд алтан дуслууд газар сайгүй тархах мэт болж, тоглоомынх нь талбай тэр аяараа алтан дунд дайвалзах мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Улаанбаатар минь урьд урьдынхаасаа ч өнгөлөг, цэмцгэрхэн болсон шиг санагдаж саяхан өндөрлөсөн нартай, хуртай гайхам сайхан наадмын халуухан дурсамж сэтгэл баясгана.
Хаашаа л харна зугаатай зуны найртай мишээл тодруулсан залуу, хөгшин хүмүүс ажил, гэр, амраг хань, үр хүүхэд, гэгээн маргаашдаа яаранхан өөд уруугүй гүйх нэг нь гүйж, алхах нэг нь алхацгаана. Харин би дунд нь энэ бүхнийг анзааранхан айсуй баярын зөнд хөтлөгдсөөр л гэгээхэн аялгуу сэтгэлдээ эгшиглүүлж түмэн олныхоо урсгал дунд алхаж явнам. Маргааш өнөөдрөөс сайхан болно. Их л урт насалж, ирээдүйн сайхныг үзмээр бодогдоно. Монгол диваажингийн зуны гурван сар цэцгэн дунд униартаж, жин үдийн наран дор зүүрмэглэнхэн байна. Ай даа амьдрал чи ийм л сайхан.