“Амьдрал ASSA” сэтгүүл уншигч танд амар амгалан, гэрэл гэгээ өгөхийг цаг ямагт хүсдэг. Бидэнтэй ижил хүсэл тэмүүлэлтэй нэгэн эрхмийг зочноороо урьсан нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр. Түүнийг Намсрайжавын хүү, Улсын филармонийн удирдаач гэдгийг монголчууд төдийгүй дэлхий мэднэ. Түүнтэй ярилцах сэдэв ямагт гэгээн байсныг энд дурдах нь зүй биз ээ.
Урлаг хүнийг ухааруулдаг
Орос мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж эх орондоо сонгодог урлагийн үрийг суулгахаар хойд хөршийг зорьж байсан тавдугаар ангийн тэр хүү өнөөдөр Улсын филармонийн ерөнхий удирдаач Намсрайжавын Бүтэнбаяр билээ. Ленинградын хөгжмийн дээд сургуульд явахаасаа өмнө эх орондоо бол дээд зэрэглэлийн хөгжимчин мэтээр өөрийгөө төсөөлдөг байжээ. Харин Ленинградад очоод шалгалт өгөхөд бүх зүйл өөрөөр эргэх нь тэр. Бурхангүй газар бумба галзуурна гэгчээр мундаг хөгжимчин маань шалдаа буусан аж. Тэрээр угийн юунаас ч айдаггүй, гүжир нэгэн болохоор захирлынх нь өрөөнд ороод мэддэг бүхнээ тоглож. Ардын жүжигчин, Төрийн шагналт, удирдаач Ж. Чулуун агсны хүү Ч.Чинбат түүнтэй хамт суралцаж байжээ. Тэр хоёр шалгалтаа өгчихөөд гарч ирээд сууж байтал тоглосон ая нь өөр өрөөнд эгшиглэв. Хаалганых нь завсаар хартал нэгдүгээр ангийн хүүхэд тэр хоёроос илүү тоглож байсан гэдэг. Түүнийг хараад нөгөө хоёрын нүүрнийх нь арьс үрчийгээд л явчихаж. Том боссууд тэр үед өөрсдийгөө ямар хэмжээнд яваагаа бодоод мэл гайхсан нь тэр. Нөгөөтэйгүүр, өөрсдийгөө том тавьсан хүмүүс өндрөөс буухдаа хатуу гэгч нь унаж. Тухайн үед төр засгаас үүрэг авч явсан, дээр нь хүүхэд байсан болохоор аавынхаа захиасыг бодож. “Та нар улсын мөнгөөр явчихаад сурч чадахгүй ирвэл баларсан юм болно. Ирээд төлбөрийг нь өгч чадахгүй болохоор аав нь шоронд орно” гэсэн үг орой руу нь оржээ. Тэр үед нүдэнд нь хорих анги харагдаж, сурахгүй бол болохгүй гэсэн бодол төрж өдөр шөнөгүй өнөө муу хийлтэйгээ нөхөрлөж эхэлсэн байна. Тэгээд ч урлаг хүнийг ухааруулдаг гэдэг энэ байх. Оросууд ч өөриймсөг ханддаг болохоор энэ өндөрлөгт хүрэх алхмаа зөв тавьсан нь энэ. Н.Бүтэнбаяр олон яриулснаас нэг үзэж, харсан нь хэрэгтэй юм байна гэдгийг одоо хэр нь бодож явдаг.
Тэр Бетховений IX симфонийг тоглосон
Тэрээр сургуулиа төгсч ирээд багшилж байхдаа удирдаачийн ажил руу урвасан гэхэд болно. Зөвлөлтийн уран бүтээлчтэй хамтарч камерний оркестер байгуулж, дохидог байснаар түүний урлагийн зам тодорсон хэрэг. Тэрхүү оркестер нь анх В.А.Моцартын “Серенада”-г тоглож, удирдаачаар нь Н.Бүтэнбаяр ажилласнаар удирдаачийнхаа гарааг эхэлжээ. Ингээд мэргэжлийн удирдаач, Ц.Намсрайжавын дараагийн халаа шаардлагатай гэж түүнийг гадаадад удирдаачийн мэргэжлээр сургасан юм. Тэр цагаас хойш өнөөдрийг болтол аавынхаа нэрэмжит Улсын филармонийн симфони оркестерыг удирдан, чиглүүлж явна. Харин нэг гайхалтай тоглолтын талаар дурсахгүй өнгөрч болохгүй нь. Л.Бетховений IX симфони гэхээр “Аан тийм” гэж уншигч та бодох болов уу. Ц.Намсрайжав агсан 30 жилийн өмнө 1980 онд Л.Бетховений IX симфонийг удирдан тоглуулсан. Үүнийг 30 жилийн дараа түүний хүү Н.Бүтэнбаяр гайхамшигтайгаар давтав. “Аавынхаа тавьсан тэр өвөрмөц бүтээлийг, тэгээд ч удирдаач хүнийхээ хувьд дохих юмсан гэж мөрөөдөж ирсэн нь ийнхүү биеллээ олсон нь үнэхээр сайхан” гэж ярьсан удаатай. Сайхан бүтээл, гайхам уран бүтээлийг үзээд гарахад гэгээрдэг, бас урам зориг сэргэдэг. Түүнтэй адил IX симфонийг сонссон үзэгчид ч тэр мэдрэмжийг олж авсан байх. Сайхан хөгжим сонсоод гарсан хүн гурав хоног өлсгөлөн явсан ч тоодоггүй гэдэг шиг түүний туурвисан уран бүтээл үзэгчдийг уяраасан нь лавтай.
Ц.Намсрайжавын дөрөв дэх үе
Тэрээр айлын хоёр дахь хүү. Төрсөн ах нь зураач мэргэжилтэй. Гэрийнхнээсээ аавынхаа мэргэжлийг уламжилж үлдсэн нь Н.Бүтэнбаяр. Гэргий нь төгөлдөр хуурын багш. Охид нь ч ялгаагүй ээжийнхээ мэргэжлийг өвлөжээ. Түүний бага охин Б.Одгэрэл нь Улсын филармонийн гоцлол хөгжимчний зэрэгцээ, Хөгжим бүжгийн коллеж, “Авьяастан” төвд багшилдаг аж. Тэрээр Францад төгөлдөр хуурын чиглэлээр суралцсан юм билээ. Зээ охин нь Хөгжим бүжгийн коллежид суралцдаг бөгөөд Намсрайжавын Бүтэнбаярынх гэдэг гэр бүл үе залгамжилсан хөгжмийн мэргэжилтэй нь гайхалтай. Өдгөө Ц.Намсрайжав агсны дөрөв дэх үеийн урлагийн мэргэжилтэн бэлтгэгдэж байна.
Часхийсэн бүтээл ч чамин шүү
Н.Бүтэнбаяр ээжийгээ санахдаа нэг дуу зохиож, түүгээрээ тайтгарал олж авдаг гэнэ. Мөн аавыгаа санагалзахдаа “Ааваа дурсана” гэж нэг сайхан аялгуу туурвисан хүн. Ижий нь залуудаа мөнх бусыг үзүүлсэн учир энэ насаараа ижийнхээ ач буяныг бодож, эгэлгүй их хайр, энэрлийг нь санаж явдаг. Аав нь ямархуу гайхалтай удирдаач байсныг хүмүүс андахгүй. Түүний ижий, аав нь өнөөгийн өөрсдийгөө од гэж нэрлэдэг урлагийнхны дэргэд жинхэнэ од нь байсан юм шүү. Түүний уран бүтээлд “Тариатаа магтан дуулъя” нэртэй дуу бий. Уг дууны бүтсэн түүх нь их сонин. Төрсөн нутаг Архангай аймгийн Тариат сум, Тэрхийн цагаан нуураа үзүүлэхээр Намсрайжав агсан хүүгээ дагуулж очжээ. Бүтэнбаяр тэр нуурыг хараад гайхаж байсан гэдэг. Тэрхийн цагаан нуур түүнд гайхамшгийг мэдрүүлсэн болохоор энэ дуугаа зохиожээ. Гэхдээ Бүтэнбаярынх гэсэн нэртэй цөөхөн бүтээл байдаг. Энэ нь өөрийнхөө юманд анхаарал хандуулдаггүй, дандаа л хүний юм хийж ирсний “ач” гэнэ. Гэхдээ тооны олноос чанартай хэдхэн байх нь чамин гэдгийг баталсан болов уу.
Миний ээж дахин давтагдашгүй
Удирдаач хүн баруун гартаа дохиураа барьдаг. Дохиургүй бол удирдаач гэдэггүй. Харин дохиургүй гарна гэдэг мэргэжлээ ойлгоогүйн илрэл. Орчин үед удирдаач дохиур барилгүй тайзнаа гарах болж. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Манай аав дандаа дохиуртай гардаг байсан. Гэхдээ зүүн гартаа барина гээч. Аав удирдаач хүн дохиураа яаж барих ёстойг надад зааж, зөвлөдөг байлаа. Гарын хөдөлгөөний тухай ярих юм бол Чулуун гуайнх гайхамшигтай уран шүү. Манай аавынх Оросын школь гэж хэлж болох хөдөлгөөнтэй. Нэг ёсондоо бадриун мөртлөө ритм өндөртэй гэх үү. Тийм л хүн байсан.
Би аавынхаа удирдлаганд нэг л удаа тоглож үзсэн. Төрийн концерт л доо. Түүнээс биш удирдлаганд нь ажиллаж үзээгүй. Намайг удирдаачаар төгсч ирээд удаагүй байхад аав маань мөнх бусыг үзүүлсэн. Арай л эрт явчихсан шиг санагдаж, битүүхэндээ харамсч явдаг юм. Намайг улсын уралдаанд оролцож байхад аав маань шүүгчээр ажилласан юм. Нүднээс нь харахад хүүгээрээ бахархаж буй нь илт байсан. Магадгүй өнөөдөр амьд сэрүүн байсан бол хүүгээ оркестер удирдахыг хараад улам ч их баярлаж, огших байсан байх.
Өнөөдөр би ээжийнхээ тухай энд ярих ёстой. Манай ээж алдартай хийлчээс гадна хуучрыг ёстой уянгалуулдаг байсан. Намайг хийлч болгосон нь ээжийн минь санаа. Миний ээж хорвоод дахин заяахгүй гайхамшигтай сайхан хөгжимчин байжээ. Ийм мундаг хүмүүсийн хүү нь болж төрсөн би азтай, хувьтай. “Хэнтийн өндөр ууланд”-ыг манай ээж шиг тоглосон хийлч өнөөг хүртэл төрөөгүй гэж хүмүүс ярьдаг юм. Тэр аялгуу бол миний ээжийн сэтгэл зүрх байсан байх. Өнөөдөр ч залуус “Хэнтийн өндөр ууланд”-ыг сайхан тоглож байна л даа. Гэхдээ өндөр төвшинд тоглодоггүй нь тэдний сэтгэлгээтэй холбоотой. Байгалиа мэдрээд, хүний сэтгэлийг хөдөлгөтөл тоглоно гэдэг гайхалтай. Миний ээж хүний сэтгэлийг уярааж тоглодгоороо дахин давтагдашгүй нэгэн байж дээ. Би ээж, аавынхаа бүтээлийг хааяа сонсч, сэтгэлийн гүнд байгаа харууслаа тайлдаг юм. Ээж, аав хоёр минь арай л эрт тэнгэрийн оронд заларч дээ, хөөрхийс минь хэмээн Н.Бүтэнбаяр сэтгэлийн гүнээс шүүрс алдсан юм.