Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” наадмын хөтөлбөр Өнөөдөр Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төв хүртэлх замыг хааж, шугам сүлжээг шинэчилнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно
Оросын одонт бизнесмэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга боллоо


Б.СЭВЖИДМАА

Д.Трампын засаг захиргаанд хамгийн гол үүрэг гүйцэтгэх хүн тангараг өргөн ажилдаа орлоо. Тэр бол АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон юм. 64 настай, Техасын уугуул энэ эрийг “Exxon Mobil” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеэс нь олон нийт мэднэ. Тэрээр Д.Трампын нэгэн адил улс төрийн албан тушаал хашиж байсан туршлагагүй, бизнесийн ертөнцөд танил болсон нэгэн юм. Гэсэн ч “Өнгөрсөн бүхий л амьдралын туршлага тань таныг энэ мөчид бэлтгэж байжээ” хэмээн Д.Трамп түүнийг ажлаа авах үед хэлсэн нь шинэ Төрийн нарийн бичгийн даргаа хангалттай туршлагатай хэмээн үнэлж буйг нь илэрхийллээ.

Гэхдээ Рекс Тиллерсоны хувьд төрийн ажлын туршлагаас илүүтэй оросуудтай тогтоосон холбоо харилцаа нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Кремлийн Найрамдлын одонтой нэгэн юм. “Exxon Mobil”-ийн захирлаар ажиллаж байхдаа Оросын төрийн өмчит “Роснефть” компанитай олон тэрбум долларын гэрээ байгуулсныхаа төлөө 2013 онд Кремлиэс Найрамдлын одонгоор шагнагдаж байсан намтар нь Рекс Тиллерсоныг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах үед гадаад бодлогод нь ямар нөлөө үзүүлэх бол, ОХУ-АНУ-ын харилцаанд ямар өөрчлөлт авчрах бол гэх хүлээлт үүсч байна.

Түүнийг АНУ-ын топ дипломатчаар томилох эсэхийг Сенатаар хэлэлцэх үед хууль тогтоогчид ОХУ-ын талаарх байр суурийг нь илүүтэй сонирхож байлаа. Тэрээр ОХУ-ын түрэмгийллээс барууны орнууд зохих ёсоор сэрэмжлэх хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч “В.Путин дайны гэмт хэрэгтэн мөн үү” гэдэг асуултад хариулахаас татгалзжээ. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувьд Рекс Тиллерсон улсынхаа гадаад бодлогыг зангидаж, Нэгдсэн улсыг дэлхийн тавцанд төлөөлөх гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэнэ. Хятад, ОХУ гээд дэлхийн томоохон гүрнүүдийн харилцаанаас эхлээд цаг уурын өөрчлөлт, хүний эрх зэрэг олон улсын асуудлаар хамгийн гол тоглогч болно. Гэтэл өнгөрсөн хугацаанд корпорацийн ашиг сонирхлын төлөө л явж ирсэн Тиллерсон энэ том цогц салбарыг хэрхэн удирдах бол гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй байна. Түүний томилгоог Сенатаар хэлэлцээд 56:43-ийн харьцаагаар баталсан нь Рекс Тиллерсон өмнөх төрийн нарийн бичгүүдээс харьцангуй дэмжлэг багатай байгааг харуулсан юм. Б.Обама Жон Керриг Төрийн нарийн бичгээр нэр дэвшүүлэхэд Сенат 94:3-аар, Хиллари Клинтоныг 94:2-оор баталж байсан бол Жорж Бушийн санал болгосон Кондолиза Райсыг 85:13-аар дэмжиж байв. Өөрөөр хэлбэл, өмнөх засаг захиргаанд дандаа хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид, гадаад харилцааны салбарын өндөр туршлагатай мэргэжилтнүүд ажиллаж байлаа.

АНУ-ын хамгийн завгүй ажил алба гэдгийг Хиллари Клинтоноос эхлээд Кондолиза Райс, Колин Павел хүртэл хэлдэг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллана гэдэг Рекс Тиллерсон шиг хэлэлцээ хийх чадвартай хүнд ч амаргүй байх болно гэж хэвлэлүүд бичиж байна. Ялангуяа Д.Трампын “Америк нэгдүгээрт” хэмээх бодлого, дипломат харилцаанд эрсдэлтэй алхам хийхэд ч бэлэн байдал, хөрш Мексик улсад гаргаж буй хурц хандлага, муслим шашинт долоон орны иргэдэд визийн хориг тавьсан гээд үйлдлүүд Рекс Тиллерсоныг онцгой нөхцөлд ажиллах болно гэдгийг харуулж байна.

Ганцхан жишээ дурдахад л  шинэ Төрийн нарийн бичгийг 1000 дипломат төлөөлөгчийн эсэргүүцэл хүлээж байна. АНУ-ын гадаад харилцааны салбарт ажилладаг мянга шахам дипломат төлөөлөгч Ерөнхийлөгч Трампын хоригтой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, гарын үсгээ зуржээ. Дотоодын энэ эсэргүүцлээс гадна АНУ-ын эртний түнш Европын орнууд ч шинэ засаг захиргааны бодлоготой санал нийлэхгүй байгаа. Тэр ч бүү хэл Д.Трампын анхны төрийн айлчлал, Их Британид хийхээр төлөвлөсөн айлчлалыг британичууд хэдэн саяараа эсэргүүцэн цуцлахыг Засгийн газраасаа шаардаж байна. Үүн дээр АНУ-ын худалдааны гурав дахь том түнш Мексикийн Ерөнхийлөгч АНУ-д хийх айлчлалаа цуцалсныг ч дурдах хэрэгтэй.

Олон талын санал зөрөлдсөн энэ ээдрээтэй нөхцөл байдлыг л Рекс Тиллерсон зохицуулах ёстой болж байна. Зарим нэг сенаторын хэлсэнчлэн бизнесийн ертөнцөд асуудлыг зохицуулж, хэлэлцээ хийхэд гаршсан туршлага нь түүнд тус болох эсэхийг одоо харах л үлдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан