ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй байна. Зарим тариалангийн газар усанд автсан гэх юм?
-Бороо, үерт ургацаа алдсан бол холбогдох газар, яаманд даруй мэдээлдэг журамтай. Одоогоор надад ямар ч мэдээлэл ирээгүй байна. Харин ч өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил нар, хуртай сайхан зун болж байна шүү дээ. Байгаль дэлхий хураа хайрласнаар газар тариалангийн бүс нутагт эергээр нөлөөлж байна. Нэг ёсондоо долдугаар сар газар тариалангийн салбарт тааламжтай байна гэсэн үг.
-Нар хур тэгширсэн гэхээр төлөвлөснөөрөө ургацаа авна гэсэн үг үү?
-Тэгж л найдаж байна. Энэ жил 320 орчим мянган га-д улаанбуудай, 10 гаруй мянган га-д үр тариа тариалахаар төлөвлөсөн. Үр тарианы үйлдвэрлэл 330 орчим мянган га-д эргэх байх гэсэн урьдчилсан төлөвлөлттэй. Ургац сайн авна гэсэн урьдчилсан таамаг бий. Гэхдээ одоо хэлэхэд эрт байна. Ургацаа хураахын өмнө бэлтгэлээ сайн хангах ёстой. Учир нь, хэчнээн сайн ургац тариалсан ч гэлээ бэлтгэл, тэр дундаа техник хэрэгсэл дутуу бол хэцүү. Бидний зорилго дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангах хэмжээний ургац хураан авах, үр нөөцлөх, илүү гарсныг нь тооцож үзээд шаардлагатай бол экспортолно гэсэн зорилго тавьсан.
-Тэгэхээр мэргэжилтнүүдийн хэлсэнчлэн дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах нь ээ?
-Энэ жил үр тарианы чиглэлийн 1200 аж ахуйн нэгж 60 мянга орчим өрх хүнсний ногоо тариалж байна. Хүнсний ногооны тариалалтын 80 хувь нь өрхийн үйлдвэрлэлд тулгуурладаг. Бидний урьдчилсан тооцоогоор дотоодынхоо улаанбуудай, төмс хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангачих байх.
-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Бид хэчнээн ургац сайн авлаа гээд хадгалах агуулах сав байхгүй бол тариаланчдын хөдөлмөр талаар өнгөрнө. Жил бүр сөхөгддөг эл асуудлыг яамнаас шийдэв үү?
-Агуулах савыг сүүлийн жилүүдэд анхаарч байгаа. Тариаланчид ч их ярьсан. Яамнаас дэмжлэг үзүүлэн төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд хотын зүүн зах буюу Баянзүрх дүүрэг орчимд төвлөрүүлэхээр болж, 10 мянган тн багтаамжтай агуулах барьсан. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөрөө ч 500-10 мянган тонны агуулах нэмж барьж буй. Хувь, хувьсгалгүй л агуулах савдаа анхаарч байна.
-Хэдийгээр дотоодын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангана гэж байгаа ч импортынх зах зээлд ноёлсоор. Нөгөөтэйгүүр, нийлүүлэлт нь их гэгдэж буй эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоо яагаад үнэтэй байна. Энэ талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Импортын хүнсний ногоо жил ирэх тусам буурч байгаа. Өнгөрсөн онд импортын төмс 5000 тн орж ирсэн бол дотооддоо 199 мянган тн төмс тариалсан байна. Монголчуудын хоолны гол хүнсний ногоо төмс. Тиймээс нэр төрлийг нь нэмэгдүүлэх ажил хийгдэж, өнөөгийн байдлаар нутагшуулан гаргаж авсан голланд, ховдын, монгол шар сортын төмс гэж худалдаанд гарч байна. Яахав, үнэ ханшийн хувьд ченж болон агуулах савтай холбоотой. Агуулах саваа шийдлээ гэхэд ченжийн гарт оруулахгүйгээр тариаланчид шууд дэлгүүр, захад нийлүүлдэг бол дотоодын хүнсний ногооны үнэ өсөхгүй л дээ. Гол нь, борлуулалтын сүлжээ, агуулах савны л асуудал байдаг юм. Манайх дотоодын хэрэгцээгээ хангадаг болчихсон гээд хилээрээ хүнсний ногоо оруулахгүй гээд цензур тавих эрхгүй. Харин хязгаарлах бодлого буюу НӨАТ шингэсэн гээд 16,6 хувийн татвар авдаг. Дээр нь, стандарт шаардлага ч гэж бий л дээ.
-Нэг үеэ бодвол монгол хүний хэрэглэх хүнсний ногооны нэр төрөл нэмэгдэж байна. Цаашид ямар ногоо нэмж тариалах бол?
-ЭМЯ-наас монгол хүний бие организмд шаардлагатай амин дэмийг ямар хүнсний ногооноос авах талаар зөвлөмж гаргадаг. Энэ дагуу бодлогодоо тусган хүнсний нарийн ногоог тариалдаг. Хүнсний ногооны нэр төрлийг нэмэх шаардлага бий. Гол нь хөрөнгө мөнгө л шаардлагатай.
-Гэхдээ тариалалт нэмэгдэн иргэдийн хүнсний хэрэгцээг хангаж байгаа гэхэд хэцүүхэн байгаа шүү дээ. Ядаж л дотоодын хэрэгцээнийхээ өргөст хэмх, чинжүү, улаан лоолийг тариалж чадахгүй байна гэдэг?
-Нарийн ногоогоор 100 хувь хангана гэдэг хэцүү л дээ. Яагаад гэвэл, манай газар шороонд ургах уу, хүн амын хэдэн хувь нь хэрэглэж байна гээд дан судалгаан дээр тулгуурлана. Яахав. Өргөст хэмх, улаан лооль, жууцай, чинжүү гэх мэт нарийн ногооны тариалалтыг жил бүр нэмж байгаа. Мөн сонгино, сармисны тариалалт нэмэгдэж байна.
-Хүнсний ногооны агуулах сав гэснээс саяхан Дарханд буудайн элеватор дэлбэрсэн тохиолдол гарсан. Мэргэжилтнүүдийн хэлснээр манайд ашиглаж байгаа элеваторын ашиглалтын хугацаа хэтэрсэн, шинээр нэмж барих шаардлагатай гэж байсан?
-Улаанбуудайн элеваторын хувьд Төв аймгийн Угтаал-цайдамд 36 мянган тн багтаамжтай элеваторыг сэргээн засварлаж байна. Улсын хэмжээнд 400 гаруй мянган тн багтаамжтай хадгалалтын агуулах байдаг. Дээр нь, аж ахуйн нэгж, гурилын үйлдвэрүүдэд агуулах сав хангалттай бий. Жилээс жилд ургацын хэмжээ нэмэгдэж байгаа учраас элеватор шинээр нэмж барих шаардлагатай. Энэ жил 400 гаруй мянган тн үр тариа авах байх. Ургац сайхан ургаж байна. Одоо хураах бэлтгэлээ л сайн хангах хэрэгтэй байна.