Тиранносаурус Батаарыг дуудлага худалдаагаар зарах гэж байгааг анх олж мэдэж, монголчууддаа хэл хүргэсэн Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирал М.Болорцэцэгтэй ярилцлаа. Тэрээр эх орондоо ирээд удаагүй байгаа юм.
-Батаарыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа мэдээллийг анх өгсөн хүн бол та. Тэгэхээр энэ тухай ярилцлагаа эхлүүлье?
-“Херитейж Аокшн” гэдэг дуудлага худалдааны компани Батаарыг тавдугаар сарын 1-нд дуудлага худалдаагаар оруулах болсноо зарласан юм билээ. Миний хувьд тавдугаар сарын 17-нд Нью-Иоркийн орон нутгийн сониноос энэ талаар олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа болохоос ердөө гурав хоногийн өмнө мэдсэн хэрэг. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх байсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Оюунгэрэл эгч рүү “Монголынх байж болох динозаврын яс дуудлага худалдаагаар зарагдах гэж байна. Дуудлагыг нь зогсоох боломж, бололцоо бий юү” гэсэн и-мэйлийг 17-ны орой явуулсан. 17-ны орой гэдэг нь Монголын цагаар 18-ны өглөө гэсэн үг шүү дээ. Оюунгэрэл эгч тэр дор нь арга хэмжээ авахуулж, Ерөнхийлөгч шуурхай мэдэгдэл гаргасан байсан.
Түүнээс хойш болсон процессуудыг Монголын сонинууд нэлээд мэдээлсэн байна билээ. Ерөнхийлөгчийг төлөөлсөн Америкийн хуульч тэрхүү дуудлага худалдааны компанийн төв байдаг Техасын шүүхэд хандаж, динозаврын гарал үүслийг нь тогтоотол дуудлага худалдааг хойшлуул гэдэг шийдвэр гаргуулж чадсан. Ямар ч гэсэн маш амжилттайгаар дуудлага худалдааг зогсоож чадлаа.
-Та динозаврын судалгаагаар мэргэшсэн хүн болохоор л Батаарыг харийнханд алдахаас сэргийлж чадлаа шүү дээ. Харамсалтай нь, Монголын эрдэмтэн, судлаачид энэ талаар анх олж мэдсэн гэж мэдээлж буй болохоос биш таны нэр ердөө дурдагдсангүй?
-Харийнханд алдчихаагүйн л хамгийн гол нь шүү дээ. Миний хувьд сонин их уншиж, палентологийн талаархи мэдээллийг байнга авдаг юм. Ганцхан Монголынх гэлтгүй бусад орны динозаврын яс дуудлага худалдаагаар зарагддаг асуудал АНУ-д их бий. Гэхдээ энэ удаагийнх шиг дуудлага худалдааг зогсоох ажил ийм эрчимтэй явж байсангүй. Энэ ч утгаараа манай улсын нэр хүнд их өссөн. Энэ талаархи мэдээлэл АНУ-ын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байгаа.
-Ингэхэд Батаарыг Монголынх гэдгийг нь АНУ-ын эрдэмтэн, судлаачид мэдэж байсан болов уу. Та хувьдаа юу гэж бодож байна вэ?
-Америкт байдаг мэргэжлийн палентологийн хүмүүс мэдэж байсан юм билээ. Миний хувьд мэдсэн даруйдаа бусад палентологичтой холбогдсон. Манай Монголын динозавр дуудлага худалдаагаар зарагдах гэж байна. Та нар Монголынх гэдгийг нь баттай хэлж чадах уу гэж асуусан. Тэгэхэд Монголынх гэдэгтэй санал нэг байна, бид мэдэж байсан гэдэг хариу өгсөн. Харамсалтай нь, хэн нь ч энэ талаар мэдээлэл өгөөгүй байхгүй юу. Уг нь, тэдэнд энэ талаар мэдээлэх боломж байсан шүү дээ. Яахав хэнд хандахаа мэдэхгүй байсан байх. Сая арга хэмжээ авснаар яах ёстой байсан юм бэ гэдэг тогтолцоо нь бүрдэж чадлаа гэж бодож байна.
-Батаарыг саяхан АНУ хамгаалалтдаа авсан байгаа. Тухайн үед та дэргэд нь байсан гэсэн байх аа?
-Батаартай холбоотой бүхий л асуудалд би өөрийн биеэр Ерөнхийлөгчийг төлөөлж ажилласан. Оюунгэрэл эгч рүү мэдээлэл явуулсны дараа Ерөнхийлөгчөөс и-мэйл ирсэн. И-мэйлдээ Батаартай холбоотой асуудалд намайг төлөөлж албаны хүмүүстэй уулзан асуудлыг шийдээрэй гэсэн байсан. Тиймээс өнгөрсөн сарын 22-нд АНУ-ын Аюулгүй байдлаас хамгаалах яамны тусгай алба Батаарыг тусгай зориулалтын ачааны машинаар авч явах хүртэлх хугацаанд ажилласан.
-Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг төлөөлж ажилласан хүн ямар асуудлуудыг нь шийдвэрлэж чадсан нь сонин байна?
-Хамгийн түрүүнд “Херитейж Аокшн” компани руу албан бичиг явуулсан. Энэ компанид манай Баатараас гадна Монголоос олдсон энэ төрлийн динозаврын өөр хоёр шүд, Төв Азиас олдсон гэх хуягт динозавр бий. Мөн хоёр динозаврын толгойн хэсэг бий. Эдгээр нь Монголынх юм. Тиймээс “Гарал үүслийн мэдээллээ бидэнд өгөх хүртлээ дуудлага худалдаагаа түр хойшлуулна уу” гэсэн хүсэлт гаргаж, албан бичиг явуулсан. Үүний дараа тус компанийн хуульч албан захиа ирүүлсэн л дээ. Гэхдээ бидний хүсэлтийн талаар юу ч дурдаагүй байсан. Тэгснээ дуудлага худалдааны товын талаар нэлээд хэд хоногийн өмнө мэдээлсэн. Та нар цагийг нь тулгаж ийм мэдээлэл ирүүллээ. Тэгээд ч танай улс 1921 онд тусгаар тогтносон. Энэ динозавр бол илүү хөгшин настай. Тийм болохоор хууль үйлчлэхгүй гэх маягтай юм бичиж ирүүлсэн байсан. Үүнийх нь хариуд би мөн л захиа бичсэн. Түүнд “Бидний хүсэлтийн хариуг бичээгүй байна. Хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болох уу. Ямар ч улсын газар шороонд байгаа зүйл тухайн улсын өмч л гэсэн үг. Тиймээс манай улсын хуулийг хүндэтгэх ёстой” гэсэн л дээ. Энэ маягаар тус компанийн ерөнхийлөгчтэй нь албан захиагаар, утсаар ярьж харилцсан. Ямартай ч Батаар удахгүй эх орондоо ирэх болно.
-Батаарын хувьд ийм байж. Ингэхэд та өөрөө АНУ-д юу хийдэг билээ. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Миний хувьд Нью-Иоркт Шинжлэх ухааны академийн суурин төлөөлөгч. Мөн “Монголын динозавр судлалын хүрээлэн” гэсэн ТББ-тай. Монголын динозаврууд хууль бусаар олон улсын дуудлага худалдаагаар их зарагддаг юм. Түүгээр ч барахгүй судалгааны чиглэлээр олон олдвор гадаад руу гарсан байдаг. Хууль бусаар гарсныг нь эхнээс нь авчрахаар боллоо. Харин судалгаагаар гарсныг нь одоо буцааж авчрах цаг нь болсон. Чи бид хоёр ярилцаад сууж байгаа энэ цаг үед ч гэсэн худалдагдаж байгааг үгүйсгэхгүй. Тэгэхээр тэр зарж байгаа улс орнуудын төрийн байгууллагуудтай манай улс харилцан гэрээ хийх хэрэгтэй байна. Тэгвэл хууль бусаар гарсан олдворуудыг буцааж авчрах боломжтой шүү дээ.
-Хууль бусаар гарсан хэчнээн яс, олдвор байдаг юм бол. Танай ТББ-д энэ талын судалгаа бий юү?
-Мэдээлэл нь бий. Олон дуудлага худалдааны компаниуд байдаг. Тэр болгоныг нь нэрлэх болмжгүй. Тэгээд ч олон нийтэд шууд хэлж, зарлах нь зохимжгүй байх. Төрийн байгууллагуудтай хамтарч энэ тал дээр арга хэмжээ авах болно.
-Хүрээлэнгийнхээ талаар жаахан тодруулахгүй юу. Нэрнээсээ авахуулаад сонирхол татаж байна?
-Манай хүрээлэн 2007 онд байгуулагдсан. Дээрх шиг асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ голчилж сургалтад хамаг анхаарлаа хандуулдаг юм. Палентологи, динозаврын талаар мэдлэг, мэдээлэл өгсөн байхад монголчууд маань асуудалд өөрөөр ханддаг болно. Динозаврынхаа олдвороор манай улс нэлээд дээгүүрт ордгийг гадаадынхан мэднэ. Харин манай монголчууд тийм ч сайн мэддэггүй. Тиймээс л хүүхдүүдэд болон насанд хүрэгчдэд хандсан сургалт, семинар, лекц зохион байгуулдаг юм.
-Анхны сургалтаа хэдийд хийж байв. Ямар хүмүүсийг хамруулдаг юм бэ дээ?
-2009 онд говьд хүүхдүүд рүү хандсан сургалт хийсэн. Барууны орны хүүхдүүд динозавр гэхээр латин нэрийг нь хүртэл мэддэг. Тэр нэрээр нь аль улсаас олдсоныг нь ч хэлж чаддаг. Монгол Улс хаана байдаг вэ гэхээр газрын зураг дээр шууд л заадаг гээч. Гадаадын хүүхдүүд иймэрхүү мэдлэгтэй байхад манай говийн багачууд мэддэггүй. Тийм учраас л говийн хүүхдүүдийг “Баян заг” гэдэг газар аваачиж сургалтад хамруулсан хэрэг. Энэ газар маш алдартай. 1923 онд динозаврын өндөгний үүр олдож байсан юм. Тэр үед л дэлхий нийтээрээ динозаврыг өндөг дардаг болохыг нь мэдсэн юм шүү дээ. Энэ ч үүднээсээ яах аргагүй монголчуудын бахархах ёстой зүйлийн нэг мөн. Дараагаар нь музейн ажилтнуудад сургалт явуулсан. Дурдвал хийсэн ажил мундахгүй их.
-Энэ жил АНУ-д музейн сургалт хийсэн гэсэн үү. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-АНУ-д манай улсын олон ч иргэн ажиллаж, амьдардаг. Эхний ээлжинд Чикаго, Лос-Анжелос, Вашингтон ДС гуравт амьдардаг монголчуудаа хамруулсан. Тэдэнд Монголын динозавруудын талаар мэдээлэл өгсөн. Тухайн газруудын музейд ажилладаг динозавр судлаачдаар лекц уншуулж тайлбарлуулсан. Мөн музейн арын өрөө рүү оруулсан. Арын өрөөнд олон нийтийг оруулдаггүй юм л даа. Гэхдээ бид оруулж лабораторыг нь хүртэл үзүүлсэн байгаа. Динозаврын ясыг лаборатороос хааш нь аваачдаг, ямар шат дамжлагатай байдаг гээд бүгдийг нүдээр үзэх боломж олгосон хэрэг. Хүмүүс ч их таатай хүлээж авсан. Удахгүй үлдсэн хотуудад нь энэхүү сургалтаа явуулах юм.
-Цалин хөлстэй нь холбоотой ч гэмээр юм уу манай улсад палентологич их цөөн байдаг юм шиг санагддаг?
-Олдвортойгоо харьцуулбал цөөн шүү. Ямар нэгэн судалгаа хийхэд гадаадынхан л давамгайлдаг нь нууц биш. Тиймээс өөрсдийнхөө материал дээр өөрсдөө ажилладаг болгохын тулд чадвартай олон хүнийг бэлтгэх хэрэгтэй. Энэ тал дээр манай хүрээлэн их анхаарч ажилладаг л даа. Зургаан залууд магистрын тэтгэлэг олгосон. Тэдний нэг нь Харвардын их сургуульд сурч байна. Палентологийн чиглэлээр хоёр оюутныг АНУ-д аваачсан байгаа.
-Зардал мөнгийг нь хэрхэн шийддэг юм бэ. Багагүй юм гардаг байлгүй дээ?
-Олон улсын байгууллагууд янз бүрийн тэтгэлэг өгдөг юм. Гэхдээ зүгээр ч нэг авчихдаггүй, төсөл бичиж өгөөд уралдаж авдаг. Хугацаа их шаарддаг л даа. Энэ мэт ажилд тусалж дэмжих байгууллага хэрэгтэй байна. Тэгвэл илүү олон оюутныг сургаж ирээдүйн мэргэжилтнүүдээ бэлтгэмээр байна.
-Ингэхэд Монголынхоо Палентологийн төвтэй хамтарч ажилладаг уу?
-Судалгааны тал дээр хамтарч ажиллаж байгаагүй. Харин тэнд ажилладаг залуучуудыг нь манай хүрээлэн их дэмжиж ажилладаг. Хэд хэдэн залууд нь магистрын тэтгэлэг өгч байсан. Дипломынх нь ажилд хэрэг болох материалуудыг нь цуглуулж өгч байлаа. Энэ мэтээр дэмжлэг үзүүлдэг. Улсын байгууллага чинь хэцүү шүү дээ. Цалингаас нь гадна залуучуудаа дэмжээд ажиллах санхүүгийн боломж бололцоо муутай байдаг болохоор манай хүрээлэн чадлынхаа хэрээр тусалдаг.