Авто тээврийн газрын Тээвэр зохицуулалт, сургалтын хэлтсийн дарга Д.Батбаатартай ярилцлаа.
-Урин дулааны цагт хүн бүр хөдөөг зорьдог. Үүнийг дагаад хот хоорондын зорчигч тээврийн үйчлилгээтэй холбоотой зөрчил их дуулдах юм. Хот хоорондын тээвэр хийж буй машинууд хотоос гараад ачаа, хүнээ нэмээд хөдлөх тохиолдол ч байдаг юм билээ. Энэ тухайд?
-Авто тээврийн газар үүнтэй маш их тэмцэж байгаа. Бүх зорчигчийнх нь билет бичигдсэн, суудлын тооноосоо хэтрээгүй, ачаагаа зөв ачаад ямар ч асуудалгүй хөдөлсөн хэрнээ хотын гадна Эмээлт дээр ч юм уу очоод хүн нэмдэг. Эмээлтээс цаашаа цанын баазаас хүн нэмж суулгаад байдаг юм. Үүнээс болж, даацаа хэтрүүлж, хүн ачаа хоёрыг хольж ачсанаас аваар осол ихэсч, хүний амь нас хохирох нь нэмэгдэж байгаа нь үнэн. Бүх зүйл сайн сайхан байгаа гэж хэлэхгүй. Зөрчил дутагдал их байна. Мэдээж, хяналт шалгалт тавьж байгаа ч нүднээс холуур жолооч нар дур зоргоороо аашилж байна. Наад зах нь, тээврийн хэрэгслийн хурдыг хянаж үзэхэд орон нутгийн замд асар хурдтай явдаг нь харагдсан. Дархан, Эрдэнэтийн зам дээр осол их гардаг. Саяхан гэхэд гурван хүн нас барсан том осол гарлаа.
-Хот хоорондын гэлтгүй нийтийн тээвэрт үйлчилж буй автобус осолдсон осол энэ онд нэлээд хэд гарлаа. Юунаас шалтгаалж байна вэ?
-Жолоочийн хариуцлагагүй байдлаас л шалтгаалж байгаа хэрэг.
-Хяналт шалгалт муу байгаатай холбоотой биш үү?
-Нэг талаас холбоотой л доо. Жишээ нь, бид “Драгон” дээрээс орон нутаг руу явах нийтийн тээврийг үзэж хянаад гаргадаг. Гэтэл өнөө жолооч маань хотын гадна очоод хүн ачаа, хоёрыг хамаагүй чихээд хөдөлдөг. Хяналтаа сайжруулахын тулд энэ жилээс дундын пост гаргахаар болсон. Эхнээс нь Өвөрхангай аймагт албан бичиг өгөөд байгаа. Хойд чиглэлд Дархан, баруун чиглэлд Архангай, Өвөрхангай хоёрт, урагшаа Дундговь, Чойр, зүүн чиглэлд Хэнтий аймагт байнгын пост гаргана. Тэнд жолооч бүртгүүлж, ачаа норм хэтрүүлээгүй эсэхээ шалгуулна. Хэдэн хүн суулгаж явааг нь тоолоод илүү хүн суулгасан бол буулган өөр машинд суулгах зэргээр арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Гэхдээ энэ хяналтыг бий болгоё гэхээр хөрөнгө мөнгөнөөс эхлээд хүндрэл их байгаа болохоор өнөө маргаашгүй эхлүүлж чадахгүй л дээ.
-Ослын ихэнх нь жолоочийн хариуцлагагүй байдлаас гарч байна гэсэн. Ядаж тээврийн жолооч нарыг хариуцлагатай болгох арга зам байна уу?
-Бид тавдугаар сард нэг журам гаргаад мөрдүүлж эхэлсэн. Юу вэ гэхээр зөрчил гаргасан жолоочийн нийтийн тээвэр жолоодох эрхийг хасч, тээврийн хэрэгслийг нь дахиж шугамд явуулахгүй гэж байгаа юм. 10 машинтай аж ахуйн нэгж байлаа гэхэд зөрчил гаргах хэрээрээ машин нь хасагдана. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн тээврийн хэрэгсэл хасагдана уу гэхээс нэмэгдэхгүй. Хариуцлагагүй байж, осол зөрчил их гаргавал тэр шугамд нь өөр компани явуулъя л даа.
-Тээврийн хэрэгсэлтэй нь хүртэл “хариуцлага тооцдог” болж байгаа юм байна. Ингэхэд хэр баталгаатай тээврийн хэрэгсэл нийтийн тээвэрт үйлчилж байна вэ?
-Улаанбаатарт шинэ автобуснууд үйлчилж байгаа. Хот дотор явдаг автобусаа шинэчлээд байхаас бус 1000 километрт тээвэр хийж буй тээврийн хэрэгсэлд ач холбогдол өгдөггүй шүү дээ. Тиймээс ирэх жилээс хот хоорондын автобусыг шинэчлэх, тодорхой хэмжээний мөнгөний дэмжлэг өгдөг болгохыг зорьж байна. Тэгэхгүй бол хот хоорондод тээвэр хийж буй аж ахуйн нэгжүүд асар их алдагдалтай ажилладаг. Наад зах нь оюутан цуглах үе, Цагаан сарын баяраар буцахдаа хоосон ирдэг. Үгүйдээ энэ үед нь нөхөн олговор олгодог болмоор байгаа юм. Тээврийн хэрэгслийн насжилтыг 12 жил гэж зааж өгдөг ч тэд дор хаяж 5-6 жил явчихсан тэрэг оруулж ирдэг. Шинийг нь авч хүчирдэггүй л байхгүй юу. Өөрөөр хэлбэл, тухайн улсдаа нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан автобус манайд яваад байгаа юм. Хаа хаанаа бодолцож зориулалтын, найдвартай тээврийн хэрэгсэлтэй болох хэрэгтэй.
-Микро автобусныхан жагсаал цуглаан хийгээд байсан. Юу болсон бэ?
-Бага оврын автобусыг үйлчилгээнд явуулахгүй байх бодлого барьж байгаа. Тэгээд явуулахгүй гэхээр жагсдаг шүү дээ. Том оврын автобусны тоо, явах давтамжийг нь нэмэгдүүлээд эхэлсэн чинь өнөө “микроныхон” чинь “Биднийг хааж боолоо, амьдрах аргагүй болголоо гээд жагсдаг. Тэд өнөөдөр мөнгө олж л байвал маргааш яах вэ гэдгээ огт боддоггүй. Цаана нь хүний амь байдаг гэдгийг ойлгодоггүй.
-Нийтийн тээврийн автобусыг 19- тэй хүүхэд жолоодоод осол гаргажээ гэсэн мэдээлэл дээхнэ гарч байсан удаатай. Ер нь, жолооч ур чадвартай юу, үгүй юу гэдэгт хяналт байх ёстой биз дээ?
-Мэргэшсэн жолоочтой болох тухай асуудал 2008 онд анх тавигдсан. 2011 оны зургадугаар сараас эхлэн заавал мэргэшсэн жолоочоор тээвэр хийлгэх ёстой гэсэн шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьж байна. Тээврийн хэрэгслийг аюулгүй нэг цэгээс нөгөө цэгт хүргэх бүрэн чадвартай хүнийг л мэргэжлийн жолооч гэнэ шүү дээ. Засал чимэглэлчин гэхэд долоо, найман зэрэглэлтэй байхад өч төчнөөн хөрөнгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэл хариуцаж, олон хүний амь насыг дааж яваа тээврийн хэрэгслийн жолооч мэргэшиж ангилагдах нь зүйн хэрэг. Тэр утгаараа хэрэглээний болон мэргэшсэн жолоочийн заагийг харуулж ангилсан. Жишээ нь, Д ангилалтай бол том, бага оврын автобус, суудлын тэрэг гээд аль дуртайгаа жолооддог байлаа. Гэтэл ийм байж болохгүй гээд Д ангилалыг дотор нь гурав хуваасан. Д1 бол микро автобус, Д2 дунд оврын автобус, Д3 бол том оврын автобус барих жишээтэй. Д3 тай хүн Д1, Д2 ангиллын тээврийн хэрэгслийг жолоодож болох бол Д1 ангилалтай хүн дунд, том оврын автобус жолоодож болохгүй. Өөрөөр хэлбэл, насаараа машин жолоодсон байлаа гээд мэргэшсэн жолооч болчихгүй. Насаараа УАЗ-469 барьсан хүн Өмнөговьд очоод 12 араатай том тэргийг барьж чадахгүй. Ухасхийлгээд л эд ангийг нь эвдчихдэг. Тэгэхээр мэргэшсэн жолооч бол чадварлаг, тухайн ангилал дээрээ мэргэшсэн л байх ёстой.
-Тэгэхээр мэргэшсэн жолооч болохын тулд яах ёстой вэ?
-Ноднингоос эхлээд сургалтын байгууллагууд ч мэргэшүүлэх сургалт зохион байгуулж эхэлсэн. Аж ахуйн нэгжүүд мэргэшсэн жолоочтой байх шаардлагыг хэрэгжүүлэх гээд жолоочоо сургалтад хамруулах болсон. Гэхдээ сургалтыг сайжруулах шаардлага гарч ирж байна. Надтай ижил чадвар мэдлэгтэй хүн намайг мэргэшүүлнэ гэж байхгүй. Тиймээс ямар төвшний, ямар ур чадвартай багш, хэнд заах вэ гэдгийг нь тогтоон шаардлагаа сургалтын байгууллагуудад хүргүүлнэ. Мэргэшсэн жолооч наад зах нь хараа муутай байж болохгүй. Дээр үед тээврийн жолоочид тавьдаг хариуцлагын систем рүүгээ эргэж орох хэрэгтэй. Жолооч ачаагаа хараад “Өө би ийм ачаатай явахгүй, татлага нь буруу байна, эмзэг ачааг буруу ачсан байна” гэхчлэн бүх зүйлээ мэддэг, ухамсарладаг байх хэрэгтэй.