Суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн алдарт гурван дуурийн нэг, хамгийн уянгалаг, тансаг, хөгжимлөг хайрын түүхтэй. Бичих санаа нь амархан орж ирсэн ч удаан бичигдсэн дуурь гэхээр л сонгодог урлагт дурладаг хүмүүс андахгүй. Энэ бол “Травиата”. УДБЭТ-ынхан энэ жилийг Дж.Вердийнх болгон тэмдэглэж, түүний алдарт таван ч дуурийг тайзнаа тавьсан бол хэдхэн хоногийн өмнө “Травиата”-г амилууллаа. Энэхүү дуурьт гоцлосон Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгормаатай ярилцсан юм.
-Таны урлагт орсон түүх их хөгтэй юм билээ. Энэ талаар ярилцлагаа эхлэе гэж бодлоо?
-Ардын жүжигчин С.Гэндэн гуай 1976 онд Багшийн дээд сургуулийн кино, драмын ангид оюутан шалгаруулж авахаар Дорнод аймагт очсон юм. Тэр үед би Баян-Уул сумын зоотехникч байлаа. Хүүхэд байхын л дуу, хөгжимд дурлаж, сумынхаа урлаг, уран сайханд алгасалгүй оролцдог байсных шалгаруулалтад нь ороод үзье гэж бодсон хэрэг. Тэгээд шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Жүжигчин болно гэсэн мөрөөдөл маань ийнхүү биелсэн ч намар хичээлдээ хоцорч ирээд сургуульдаа орж чадаагүй юм.
-Ганц олдох боломж байсан биз дээ. Яагаад хоцорчихсон юм бэ. Мэдээж шалтгаантай л байж таараа?
-Их инээдтэй явдал болсон. Урлагаас тэс өөр мэргэжлийн хүн байсан болохоор нутгийнхан маань явуулахгүй гэдэг байгаа. Бас дээрээс нь ёстой л нөгөө “Тожоо жолооч”-ийн үлгэр шиг юм болоод замдаа саатаж, саатаж ирсэн чинь хоцорчихсон. Дүрэм журам ч гэж хатуу цаг үе байж дээ. Тэгээд л хасагдчихсан хэрэг.
-Тэгээд нутаг буцсан уу?
-Нутагтаа яаж очих вэ дээ. Дорнод нутгийн алдарт дуучин Д.Жаргалсайханы эхнэр нь миний нагац юм. Түүнээс өөр хүн санаанд ордоггүй. Очсон чинь дуулуулж үзээд “Болж байна” л гэсэн. Тийм мундаг хүн тэгж хэлэхээр чинь шууд л дуучин болчихсон юм шиг санагдана биз дээ. Ингэж л дуучин болохоор шийдсэн дээ.
-Дуурийн дуучин маш хэцүү мэргэжил. Яаж яваад дуурийн дуучин болсон тань сонин байна?
-Дуучин болно гэж шийдээд удаагүй байхдаа анх удаа дуурь үзсэн. Хөдөөний хүүхдэд чинь анх удаа дуурь үзэх их сонин, басхүү сайхан санагдаж шууд л татагдсан. Удалгүй дуурийн театрт түр зуурын оёдолчин авна гэхээр нь орчихлоо. Дуурийн хувцас оёж, дуурийн дуучдын дуулахыг харж тэднээр бахархсаар нэг жил өнгөрсөн. Тэгэхдээ найрал дууны ангид шалгалт өгч тэнцэн 1981 онд УДБЭТ-т хуваарилагдан ирж, тэр цагаас хойш дуурийн алтан тайзнаа 30 гаруй жил дуулж байна.
-Сайн дуучин болоход багш хамгийн чухал гэдэг. Багшийн тань талаар ярихгүй өнгөрч боломгүй мэт?
-Миний багш чинь Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, XX зууны манлай дуурийн дуучин, дэлхийн алдарт таван басс хоолойтны нэг, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын конкурсын байнгын шүүгч Ц.Пүрэвдорж шүү дээ. Багшийнхаа хүчинд өдий зэрэгтэй дуулж явна даа. Түүний зааж сургасан, захиж хэлснээр сонгодог урлагт үнэнч яваа гэж боддог.
-Та чинь Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байх аа. Багшийнхаа шийрийг хэр хатааж байна вэ?
-Манай багш их тайван хүн байсан. Аливаад нэг их яарахгүй. Тиймээс оюутнуудтайгаа уйгагүй ажиллана. Жижиг гэж гололгүй их ажилладаг хүн байж билээ. Харин бид жаахан түргэдэх гээд яарч тэмүүлдэг байсан байх л даа. Багш бол маш хянуур.
Одоо бодоод байхад бидний суурийг зөв тавих үүднээс л тэгж ханддаг байж. Ер нь тэгээд өөрөө багшлаад ирсэн чинь өөрөөсөө илүү шавь нартаа их санаа зовж, тэднийхээ төлөө л гүйх юм даа. Хүүхдүүдээ төгсгөчихөөд манай энэ хүүхдийг сонсоод үзээч гээд л явна. Багшийнхаа зовлонг одоо л ойлгож байна.
-Та дуурьт 30 гаран жил ажилласан алдартай хүмүүсийн нэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон л дуурьт дуулж байсан байх даа?
-Нэг л мэдэхэд 30 жил өнгөрчээ. Цаг хугацаа тун хурдан өнгөрөх юм. Энэ хугацаанд 40-өөд дуурийн гол болон туслах дүрийг бүтээжээ. Эрэгтэй хүний дүр ч бүтээж л байсан. Огт үг хэлдэггүй дүрд ч тоглож байлаа.
-Эдгээр дүрээсээ хамгийн хайртай, дуулахад нэг л дотно дүр байдаг биз?
-Дуурьт дүр бүтээнэ гэдэг асар их хөдөлмөр шаарддаг. Дүр бүхэн л сайхан. Би меццо сопрано хоолойтой. Энэ бол эмэгтэй хүний эрдүү хоолой л доо. Ийм хоолойн чадлыг жинхэнэ шалгадаг дууриуд бол ДЖ.Вердийн “Трубадур”, “Кармен”. Би “Кармен” дуурийн Кармены дүрд хамгийн хайртай. Яагаад ч юм намайг жаахан хүүхэд байхад эгч маань “Цыганка” гэж дууддаг байсан. Кармен чинь өөрөө цыган эмэгтэй. Их сонин тохиолдол шүү. Тэгээд ч зан ааш маань ч төстэй санагдаад байдаг юм.
-“Травиата” дуурийн Флорагийн дүрд олон удаа дуулсан байх аа. Энэ дүрийн талаар яривал?
-Төгсч ирсэн цагаасаа л энэ дүрд дуулсан. Гол дүрийн эмэгтэйн найз хүүхний дүр байгаа юм. Угаасаа тэгээд Дж.Вердийн дууриуд их хөгжимлөг байдаг шүү дээ. Энэ ч бас тийм л дүр. Дуулахад уянгалаг сайхан байдаг. Уг нь энэ удаа миний шавь Р.Доржхорлоо дуулах байсан ч гадаадад ажилтай яваа учир би дуулахаар болсон.
-Таныг энэ удаад дуулчихаад тайзаа орхино гэж байсан?
-Тийм ээ. Нас нэлээд өндөр гарчихлаа. Дараагийнхаа үед халаагаа өгөх цаг минь болсон.
-Тэгвэл дуурийн урлагт гялалзаж явах үедээ үзүүлж байсан амжилтуудаа сонирхуулбал ямар вэ. Эргээд дурсахад сайхан шүү дээ?
-Хойд Солонгост болдог Хаврын баярт 2002 онд оролцож байлаа. 30 гаруй орны дуучин оролцсон дуурийн дуулаачдын уралдаанд нь ари дуулж гранпри шагнал мөн БНХАУ-ын Өвөрмонголын Хайлаарт болсон Монгол, Орос, Хятад гурван улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гранпри шагнал хүртэж байсан. Гадаадын уралдаан тэмцээнд оролцсон нь гэвэл энэ л байна даа.
Харин ОХУ-ын Красноярскийн дуурийн театрт зургаан сар ажиллаж, мэргэжил дээшлүүлсэн. Тэнд байхдаа олон дуурьт дуулсан. Красноярскийн театрт анх “Кармен” дуурийн гол дүрд дуулж байлаа шүү дээ.