Занабазарын нэрэмжит “Улаан гэр” арт галерейд “Элсэн Цунами” нэртэй үзэсгэлэн тавигдаж өчигдөр өндөрлөсөн билээ. Үзэсгэлэнг зохион байгуулагч “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн залуу уран бүтээлч Н.Амарсайхантай ярилцлаа.
-Та хэзээнээс уран зураг зурж эхэлсэн бэ?
-2000 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд элсч, таван жил суралцаж төгссөн. Түүнээс өмнө уран зураг зурдаг байсан ч гэлээ оюутан болсноосоо хойш л тууштай зурж энэ орчин үеийн урлагт дурлах болсон доо. “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн Л.Энхбат миний багш байсан юм. Энэ хүн л намайг орчин үеийн дүрслэх урлагтай танилцуулж өгсөн.
-Орчин үеийн урлаг их олон салаа болж хөгжиж байна. Та яг ямар төрлөөр нь дагнан бүтээлээ туурвидаг билээ. Энэ үзэсгэлэнд ямар бүтээлээр оролцсон бэ?
-Перформанс арт, үйл хөдлөлийн арт, уран зураг, фото арт, видео арт, инстоляцын арт гээд олон төрөл бий. Миний хувьд уран зураг, фото арт, видео арт, инстоляц гээд олон чиглэлээр уран бүтээл туурвихыг хичээж байна. Зөвхөн тийм чиглэлээр л зуръя, хийе гэж боддоггүй. Уран бүтээл хийхийг л гол болгодог доо. Энэ удаагийн үзэсгэлэнд би “хувирал” гэдэг инстоляц урлагийн бүтээлээр оролцож байна.
-Инстоляц гэж ямар урлаг юм бэ, тайлбарлаж өгөөч. Монголчуудын хувьд ямар чиглэлийг илүү ойлгодог юм бол?
-Инстоляц гэдэг нь монгол хэлэнд өрөг урлаг (installation) гэж орчуулагддаг. Өөрөөр хэлбэл, эд зүйлсийг энд тэнд нь байрлуулж, өрөх хэлбэрээр утга санаагаа илэрхийлэхийг хэлээд байгаа юм. Монголчууд бол фото артыг бусад чиглэлээс илүү ойлгодог. Харин видео арт, үйл хөдлөлийн урлагийг сайн ойлгодоггүй. Эдгээр чиглэл нь их өвөрмөц, этгээд гэж хэлж болно. Орчин үеийн урлагийг ингээд хэлчихвэл ойлгоно гэсэн томъёолол байхгүй болохоор тайлбарлахад хэцүү.
-Монголд орчин үеийн урлагийг хэрхэн хүлээж авдаг юм бол. Ойлгож, сонирхож, үздэг хүмүүсийн цар хүрээ хэр өргөн байдаг вэ?
-Монголд хүлээж авах нь тийм ч сайн биш ээ. Хүмүүс ер нь, нэг их сайн ойлгодоггүй юм. Ойлгоход хэцүү л дээ. Сэтгэл зүрхээрээ ч гэдэг юм уу хийе, урлая гэсэн тэмүүллээрээ л уран бүтээлчид маань бүтээлээ хийж байна. Харин сүүлийн үед хүмүүс их сонирхож, ойлгох гэж хичээдэг болсон.
Учир нь, иймэрхүү үзэсгэлэнгүүд их тавигддаг болсон. Телевизээр ч гэсэн их нэвтрүүлдэг болсон байна билээ. Манайд л хожуу хөгжиж байгаа болохоос барууны орнуудад бол орчин үеийн урлаг аль дөч, тавиад онд хөгжчихсөн. Одоо бүр олон шинэ чиглэл үүсч бий болчихоод эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ манай уран бүтээлчид гүйцэж хөгжиж чадаж байгаа л даа. Яагаад гэвэл интернэт, мэдээлэл хэрэгсэл хөгжөөд урлаг даяаршиж байна.
-Монголын орчин үеийн урлагийн бүтээлчдийн бүтээл хэр үнэлэгддэг юм бол. Өөрсдийн бүтээлээр ашиг олох боломж байдаг болов уу?
-Бүтээлийн үзэсгэлэн гаргаад, танилцуулж байхад байгууллагууд, хүмүүс худалдаж авдаг л юм. Ер нь, дотооддоо бүтээлээ хийгээд үзэсгэлэн гаргахад гадаадын томоохон үзэсгэлэнгүүдэд тэтгэлэгтэйгээр оролцох боломжтой байдаг юм. Гадаадын үзэсгэлэнд хэд хэдэн удаа оролцож байсан. Сүүлийн үед монгол зурагт орчин үеийн урлагийн элементүүдийг ашигладаг болсон болохоор манай уран бүтээлчдийн бүтээл үнэлэгддэг шүү.
-“Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийнхээ болон хамт олныхоо талаар яриач. Танай нийгэмлэг байгуулагдсан цагаасаа хойш олон үзэсгэлэн гаргалаа?
-“Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийг анх 2006 онд орчин үеийн урлагийн чиглэлүүдээр бүтээл хийдэг залуус нэгдэж байгуулсан. Байгуулагдсанаас хойш жил болгон үзэсгэлэн гаргасан. Захирлаар нь Л.Энхбат багш маань ажилладаг. Бид гишүүнчлэл гэж авдаггүй. Идэвхтэй бүтээл туурвиж байгаа залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллахыг хичээдэг. Өнгөрсөн жил цөлжилтийн сэдвээр анхны үзэсгэлэнгээ гаргахдаа долуулаа байсан. Харин энэ удаад 13-уулаа хамтарч үзэсгэлэн гаргалаа.
-Та бүхэн үзэсгэлэн гаргахын тулд говийн аймгуудаар аялж, цөлжсөн газарт нь очиж үзсэн гэсэн. Газар дээр нь очиход ямар сэтгэгдэл төрсөн бэ. Мөн үзэсгэлэнгийн нэр их сонирхол татсан?
-Бид үзэсгэлэнгийнхээ нэрийг “Элсэн цунами” гэж өгсөн. Хүмүүс үзэсгэлэнгийн нэрийг шууд ойлгож байна гэсэн. Ингэж өгсөн учир нь цөлжилт гэдэг хэдийгээр аажим явагддаг үзэгдэл боловч цунами адил хор хөнөөл ихтэй, тэмцэхэд бэрх, байгалийн гамшиг юм гэсэн утга санааг хүмүүст хүргэх зорилготой байсан.
Бид үзэсгэлэндээ нэр өгөхдөө их анхаардаг. Өнгөрсөн намар “Усгүй урсгал” гэж үзэсгэлэн гаргаж байсан. Энэ ч мөн гол ус минь ширгэж алга болоод урсгалын чимээ зөвхөн бидний чихэнд л үлдлээ гэсэн мессэжийг хүмүүст хүргэж байсан юм. Бидний очиж үзсэн газарт уул уурхай хөгжсөн, машин техник холхисон, ямар ч ургамалгүй болсон байсан. Ядаж хамхуул ч хийсэхгүй. Үнэхээр зүрх шимширмээр эмгэнэлт байдал бий болсон байна билээ.
