Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмгэнэлт хайрын түүх дахин амиллаа

Алдарт дуучин эмэгтэйн тухай өгүүлэх “Тоска” дуурийг үзэхээр бямба гаригийг тэсэн ядан хүлээв. Монголын тайзнаа 25 дахь жилдээ тавигдаж байгаа энэ удаагийн дуурийн гол онцлог нь гадаадын орны нэрт дуучин гол дүр болох зураач залуу Каварадоссид дуулсан билээ.  Армен улсын нэрт дуучин О.Айвазен. Ярилцлага авах гэж уулзахад энгийн л нэгэн даруухан, дуу цөөтэй залуу байсан. Харин зураач залуугийн дүрд түүнийг хэрхэн хувирахыг харах боломж олдсон. Би энэ дуурийг анх удаа л үзэж байгаа болохоор эртний танил “Пони” Б.Эрдэнэтуяа эгчийнхээ дуулахыг ч гэсэн их л догдлон хүлээсэн юм. Б.Эрдэнэтуяа эгчийг жижиг биетэй болохоор тэгж хочилдог хэрэг. Уулзаад сууж байхад яриа, их л сайхан дотно эерэг хүн учраас Тоска гэгч ширүүн дориун зантай хүний дүрийг хэрхэн бүтээхийг сонирхож л байлаа.

Ингээд л оройн 17:00 цагтай уралдаж, УДБЭТ-ыг зорьсон юм. Сониучхан зангаар үзэгчдийг ажиглавал олонхи нь залуус байгаа нь анхаарал татав. Манай залуучууд сонгодог урлагийг ойлгож, түүн рүү тэмүүлж, үздэг болсон гэдгийг хараад бас л бахархах сэтгэл төрж суулаа. Дэлхийн дуурийн театруудын урын санд тэр бүр байдаггүй цөөн дуурийн нэг бол Ж.Пуччинийн “Тоска”. 1800 оны үед Ромд амьдарч байсан нэрт дуучин Сара Бернар хэмээх эмэгтэйд зориулан “Тоска” дуурийг бичсэн аж.

Хөшиг нээгдлээ. 1800 оны зургадугаар сар. Сүмийн зураач Каварадосси шоронгоос оргон сүмд нуугдах гэж ирсэн хуучны анд, хотын дарга Анжелоттитой санамсаргүй таарч байгаагаар дуурь эхэлнэ. Каварадоссийн сэтгэлт бүсгүй Тоска бол маш хартай нэгэн. Каварадоссигийн алхам бүрийг хянахыг оролдож түүний зурсан Магдалена эх дагины хөрөгтэй хүртэл хардана.

Каварадосси Анжеллоттитой хамт ярилцахаар гарсан хойгуур хорон санаат цагдаагийн дарга Скарпья дагуулынхаа хамт сүмд дайран орж ирээд Анжеллоттигийн овгийн сүлд бүхий дэвүүрийг олж, мөн эх дагина Магдалена Аттавантитай төстэй болохыг ажиглажээ. Аттаванти бол Анжелоттийн төрсөн дүү бөгөөд түүнийг оргоход гол үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс үндэслэн Скарпьяд, Каварадосси Анжелоттитой холбоотой байж болзошгүй гэсэн хардлага төрнө. Энэ үед Тоска эргэж ирнэ. Скарпъя дэвүүрийг Тоскад үзүүлж зураач, Аттаванти хоёр нууц холбоотой гэж итгүүлэхэд, Тоскад хардах сэтгэл дүрэлзэж Каварадоссийг олохоор гарч одов. Хорон санаат Скарпья түүний араас мөшгөх цагдаа нарыг явуулаад, үзэсгэлэнт Тоскаг өөрийн эрхэнд оруулж авах далд муу санаа өвөрлөн хоцорно.

Тоска цагдаагийн даргын хэлсэн зүйлүүд худлаа гэдгийг мэдсэн ч нэгэнт оройтсон байна. Хорон санаат цагдаагийн даргын мэхэнд орсон Каварадоссигоо аврахын тулд Тоска цагдаагийн даргыг хутгалж орхино. Хайртай залуу нь цаазын давцан дээр байгааг харж зогсоо Тоска “Одоо хуурамчаар алах дүр эсгэнэ” гэж шивнэх бөгөөд хайрынхаа галанд шатаж, хайртай хүн рүүгээ тэмүүлэн зогсоно. Тэрээр цагдаагийн даргыг алсан ч түүний гаргасан  хорон санааг эс тааварлан зогсож байгаа нь энэ. Гэтэл буу дугарч Каварадосси үхнэ.

Манай Монголын тайзнаа тасралтгүй 25 жил тавигдсан энэхүү дуурийн дүрүүдэд дуучин хүн шунахгүй байхын аргагүй тийм л дуурь юм. Гэхдээ 25 жилийн өмнө анх тавигдаж байсан хувцас хэрэглэл одоо ч гэсэн  солигдоогүй болохоор хуучирч гандсан зүйл харагдаж байсан. Дуучдын чадвар, дүрээ илэрхийлж байгаа байдал бол ярих юмгүй гайхалтай байсныг хэлэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан