Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр биедээ амттай амьдрал бэлэглэж чаддаг

Өнөөдрийн дугаартаа уншигч та бүхнийг нэгэн залуу гэр бүлтэй уулзуулна. Тэд бол залуу жүжигчин О.Долгор, Э.Чинзориг. МҮОНТВ-ээр гарсан “Өдөр өдрийн наран” кинонд хамт тоглосноор нь үзэгчид мэдэх биз ээ. бид уран бүтээл, хүсэл мөрөөдөл, хайр дурлалын тухай дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн юм.

-Урлагийн хүмүүстэй уулз­­­сан болохоор уран бү­тээл ярихгүй өнгөрнө гэж байхгүй биз. Яг одоо ямар ки­нонд тоглож байна вэ?
-О.Д: Зохиолч Шүүдэр­цэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бүтээж буй “Ану хатан” кинонд Мандарваа гэдэг эмэгтэйн дүрд тоглож байна. Энэ зохиолыг өнгөрсөн өвөл УДЭТ-ын тайзнаа түүхэн жүжиг болгон амилуулсан нь ийн кино болж байна. Киноны найруулагчаар Алтантуяа, ерөн­­хий зураглаачаар Ангараг нар ажиллаж, гол дүрд нь “Войс” группын дуучин Отгон­жаргал, Галдан хаанд “Гайс 666” хамтлагийн дуучин Мягмар нар тоглож байгаа.

-Мандарваа бол таны хувьд анхны түүхэн киноны дүр байх?
-О.Д: Сургууль төгссөнөө­сөө хойш дандаа кино урлагийн тогоон дотор ажиллаж байгаа. Өмнө нь орчин үеийн сэдэвтэй уран сайхны кинонд тоглож байсан бол “Домогт Ану хатан”-ы Мандарваа нь миний анхны түүхэн дүр боллоо. Түүхэн кино гэдэг уран бүтээлчээс маш их хариуцлага шаарддаг жанр. Хэн нэгэн, эсвэл аль нэг баг нь хариуцлага алдсанаас болж түүх гуйвуулж болохгүй шүү дээ. Жүжигчин надаас гадна кино группийнхэн маань анх цуглахдаа л Ану хатнаа нэлээд сайн судалсан юм билээ. Дээрээс нь түүний өлгий нутаг Баруун Монголын түүх, ёс заншил, байгалийнх нь тогтоц, хүмүүсийнх нь зан авирыг маш сайн судалсан.
   
-УДЭТ-ын тайзнаа амил­сан “Домогт Ану хатан” жүжиг та бүхний бүтээж буй кинотой адилхан уу, эсвэл өөр найруулга, өнгө аястай юу?
-О.Д: Хэдийгээр аль аль нь Шүүдэрцэцэг эгчийн “Домогт Ану хатан” рома­наас сэдэвлэсэн боловч өөр найруулга, тавилттай. Жи­шээл­бэл, миний тоглож буй Мандарваа бол түүхэн дүр биш, уран сайхны дүр. Түүхэнд Ану хатны шадар туслахын тухай бичиж үлдээгээгүй ч бид кинондоо уран сайхны аргаар гаргаж ирсэн. Мандарваа бол Ану хатантай багаасаа хамт өсч, Ану хатан сүүлчийн тулаандаа оролцож амь үрэгдтэл дэргэд нь байж чадсан тийм л бүсгүй.

-Тэгвэл  “Өдөр өдрийн на­ран” киноны “Батсуурь эмч” маань ямар уран бү­тээл дээр ажиллаж байгаа вэ?
-Э.Ч: Яг өнөөдрийн байд­лаар амарч л явна. Цаашдаа нэг ангит уран сайхны кинонд тоглохыг хүсч байна. Хоёр гурван санал ирсэн. Үүнээс өөртөө илүү ойрхон дүрийг сонгоно гэж бодож байна.

-Жүжигчин хүн өөртөө ойрхон гэхээсээ илүү өөрөө­сөө тэс өөр дүр сонговол илүү ур чадвар шаардагддаг юм биш үү?  
-Э.Ч: Ямар ч дүр жүжигч­нээс ур чадвар шаард­даг. Би арай өөр зүйл хэлэх гэсэн юм. “Тусгай салаа” кинонд би өөрөөсөө нэлээд ахмад хүний дүрд тоглосон шүү дээ. Энэ кинонд тоглохдоо хоолойныхоо өнгийг өөрчлөх шаардлага гарсан. 30 гаруй насныхан амьдралд хэрхэн ханддагийг их сайн судалсан гэж боддог. Харин “Өдөр өдрийн наран” киноны Бат­суурь эмч бол миний насны хүн байсан нь надад арай дөхөм болсон. Энэ хоёр дүрдээ маш их хайртай. Цэрэг, арми, эрүүл мэндийн салбарынхны амьдралыг дүр­сэл­сэн болохоор.

-Та хоёр дандаа л эерэг, хайр татам дүрд тоглодог. Эсрэг дүрд тоглоё гэж боддог уу?  
-Э.Ч: Бид хоёр хайр татам дүрийг нь л авчих юмсан гэж боддоггүй. Найруулагч нар ч бас бид хоёрт зөвхөн эерэг дүр өгнө гэж шууд зоодоггүй байх. Зүгээр л бид хоёрт эсрэг дүр хуваарилдаггүй юм болов уу. Бид хоёр жүжигчин юм чинь эсрэг дүрд тоглож үзэх юмсан гэж боддог л юм. Би сэтгэл хөдлөл өндөртэй, эсвэл бүр шизотой хүний дүрд тоглож болно шүү дээ.
-О.Д: Бүтээсэн дүрүүдээ эргээд харахад дандаа хайр дурлалаасаа болж уйлсан, зөөлөн бүсгүйн дүрд тогложээ. Жүжигчин хүн уг нь өөрийгөө эвдэж, аливааг өөр өнцгөөс харахыг эрмэлздэг. Ану хатан киноны дараа би эсрэг дүрд, эсвэл бүр сохор доголон хүний дүрд тоглож үзье гэж бодоод байгаа. Гэхдээ өнгөн талаас нь үзүүлэх биш дотоод сэтгэлийг нь, нийгэмд эзэлж буй байр суурийг нь, гаднаас тэдэнд ирж буй сөрөг нөлөөллүүдийг нь гаргаж өгөх ёстой. Хэрвээ тэднийг мэдэрч ажиллаад үзэгчдэд хүргэж чадвал магадгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнөөс нийгэмд хандан дуугарч өгнө гэсэн үг. Энэ л жүжигчин бидний ажил. 

-Нэг гэр бүлийнхэн гэсэндээ хүсэл сонирхол адилхан байна шүү. Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар “Нэг нь дүр авахаар өөрийн эрхгүй нөгөө нь тэр уран бүтээл рүү хөтлөгдөн ордог” гэж ярьсан удаатай. Та хоёр ч бас тэдэнтэй адилхан нэгнийхээ уран бүтээлд уусан ордог уу?
-О.Д: Уран бүтээлч хүмүүс гэр бүл болно гэдэг үүгээрээ л давуу. Бие биеийнхээ ажил мэргэжил, сонирхлыг мэдэрч чаддаг. Тиймдээ ч, тоглож буй уран бүтээлд нь өөрийн мэдэлгүй орчихсон байдаг. Сая намайг “Ану хатан” кинонд тоглохоор зохиолоо уншиж эхлэсэн цагаас л нөхөр маань тусалсан. Уг нь, зохиолоо уншаад, дүрээ судлах нь миний ажил. Гэвч би зохиолоо гардан авснаас хойш бид хоёрын ажил болон хувирдаг. Миний хамтран тоглогчийн үгийг нөхөр маань цээжлээд надтай харилцан ярих жишээтэй.
-Э.Ч: Энэ бол уран бүтээлч гэр бүлд байх ёстой л зүйл. Эхнэрээ гэртээ ирэнгүүт нь өнөөдөр ямар зураг авав гэж асуугаад л бүх ажлыг нь уншдаг. Зохиолыг нь хамт уншчихдаг болохоор надад бүх юм ойлгомжтой болдог. Өнөөдөр тэр зургийг авсан гэж сонсоод л миний хайр ингэж тоглосон уу, тэгсэн үү, яасан гээд л асууж эхэлдэг.

-Кино найруулагчид О.Дол­горыг “Эмэгтэй хүний уян зөөлөн чанарыг илтгэсэн эмэгтэйлэг дүрд тохирдог” гэж хэлсэн байдаг. Харин та О.Долгорын ямар чанарт татагдан, ямар ертөнц нь таалагдсан болохоор гэргийгээ болгон сонгосон юм бол?
-Э.Ч: Эхнэрийнхээ төлөв даруу занг нь харж дурласан гэж хэлэхгүй ээ. Миний эхнэрээс эрч хүч л мэдрэгддэгээрээ бусдаас илүү. Бас маш сайн гэргий байж чаддаг. Жүжигчин хүн бусадтай адилгүй. Шөнөөр зурганд явна, хонон өнжин натурт гарна гээд л хүндхэн ажилтай. Ийм үед эмэгтэй хүн ар гэрээ ихэвчлэн орхидог. Харин миний эхнэр жүжигчний их ажлын хажуугаар гэрийн ажлаа хэзээ ч орхидоггүй. Бүгдийг нь хослуулж чаддаг эрч хүчтэй хүн. Манай эхнэр бас их зөөлөн сэтгэлтэй, өрөвчхөн. Золбин нохой харсан ч өрөвдөөд л, хамаг юмаа барьж гүйгээд л байдаг хүн дээ.

-Тэгвэл О.Долгор Э.Чин­зо­­ри­гоос ямар дулаан элч мэдэрсэн болоод эр нөхрөө болгон түшсэн юм бол?
-О.Д: Өмнө нь ийм асуултад олон хариулж үзсэн л дээ. Гэхдээ тухайн үедээ бараг л хариулж мэддэггүй байжээ. Бусдын амыг дагуулаад л гүндүүгүй, уужим сэтгэлтэй гэх мэтээр хариулчихдаг байж. Харин нөхөртэйгээ учирснаасаа хойш ийм зүйл асуугаасай, хариулах юмсан гэж бодох болсон. Хэтэрхий төгс зүйлийг үгээр илэрхийлэх боломжгүй л дээ. Гэхдээ л эр хүний ноён нуруу, мөн чанар, нөмөр нөөлгийг нөхрөөрөө төсөөлбөл төгсөд нэлээд ойртоно гэж боддог. Надад маш том нөмөр нөөлөг болдог. Нөхрийгөө сайхан хайрхан л гэж хэлнэ дээ.

-О.Долгор бол харчуу­дын харц булаасан сайхан хүү­­хэн. Э.Чинзориг ч бас даж­­­­гүй залуу. Та хоёрт хар­дах, харамлах сэтгэл төрдөг үү?  
-О.Д: Манай нөхөр иймэр­хүү зүйлд маш ухаантай, ухам­сартай ханддаг. Энэ нөлөөнд нь би ч бас маш ухаантай хандах ёстой юм байна гэж бодох болсон. Тиймээс манай гэр бүлд хардах явдал гарахгүй байх аа.
-Э.Ч: Хаана байна ч гэж, хаагуур явна ч гэж эхнэрээ хардах юм. Нэг мэргэжилтэй гэр бүлийн бас нэг давуу тал энэ юм болов уу даа. Хайрынхаа хаана, юу хийгээд явж байгааг, ямар хамт олны дунд миний хань биеэ яаж авч явааг би ямагт мэддэг. Эхнэрийн маань хамт олон дотор миний найз нөхөд ажиллаж байна. Тийм болохоор бид гэрээс гараад ч нэг газар, гэртээ орж ирээд ч нэг л өрөөнд байгаа болохоор хардах шаардлага гардаггүй ээ.

-Ингэхэд, та хоёр “Өдөр өдрийн наран” кинонд тоглоод л анх танилцсан юм уу. Хэзээнээс бие биеэ мэддэг болсон юм бэ?
-Э.Ч: Хоёр жилийн өмнөөс бие биеэ мэддэг байсан. Гэхдээ “Өдөр өдрийн наран” киноны зураг авалтын үеэр л дотносч, нэг гэрт орсон доо.

-Гэрлэх хүнтэйгээ учра­хаар бүх зүйл хурдан өнгөр­дөг гэж үнэн л юм байж дээ?
-Э.Ч:Тийм юм шиг байна билээ.
-О.Д: Хурдан юм билээ. Уран бүтээлд хамт ажиллах үеэр хүссэн хүсээгүй бие биеэ мэдрэх, ойлгох нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихдөг юм билээ. Тийм болохоор араас нь гүйх ч, гүйлгэх ч шаардлага гараагүй. Тийм илүүдээ гарсан цаг зав ч байгаагүй. Тэгэхээр бид хоёрыг учруулсан “Өдөр өдрийн наран” киноны хамт олонд насан туршдаа баярлаж явахаас яах билээ.

-О.Долгор кинонд нүцгэ­лэх гэх мэт эротик хэсгүүдээс татгалзах болсон гэсэн. Энэ нь нөхөрт гарсантай хол­боо­той юу?
-О.Д: Үгүй дээ. “Үл таних эмэгтэй” кинонд өөрийгөө тэр өнцгөөс нь хангалттай харуул­чихсан шүү дээ. Тиймээс байнга нэг өнцөгт баригдах хэрэггүй гэж л бодсон юм.
-Э.Ч: Энэ Долгор чинь дандаа л ийм дүрд тоглодог гээд бодчих вий гэж л жаахан болгоомжилсон юм. Түүнээс биш би өөрөө жүжигчин хүн байж эхнэрээ эротик дүрд тоглохыг зөвшөөрөхгүй байж болохгүй биз дээ.

-Ингэхэд та хоёрын ханилах зам тийм амар байгаагүй, асар их саад бэрхшээл туулан байж гэрлэсэн гэж сонссон. Энэ үнэн үү?
-Э.Ч: Үнэн үнэн. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ дээ. Эхнэр нөхөр хоёр хамт амьдрахын тулд ямар нэгэн даваа давах ёстой. Тэр давааг нь бид хоёр даваад л гарсан гэж боддог. Яагаад ч юм тийм давааг давж гарч ханилсан болохоор амьдрал маань амттай байдаг.

-Уучлаарай, тэр хүнд даваа юу байсныг яривал?
-О.Д: Тэр тухай яриад хэрэггүй биз ээ.
-Э.Ч: Яривал сонин уншиж буй хүний толгой тархи нь эргээд балрах байх даа. /инээв/

-Урлагийн гэр бүлүүд хоорондоо их найз байдаг юм шиг ээ?
-О.Д: УДЭТ-ын жүжигчин, “Аравт” киноны цор ганц эмэгтэй жүжигчин Ганцэцэг бол манай гэр бүлийн хамгийн дотны найз. Уран бүтээлийн хүрээнд олон найз байдаг ч Ганцэцэг бол бидний зовлон, жаргалыг хуваалцдаг, жинхэнэ өвөр, түрийндээ орж өссөн найз маань.

-Залуу хүмүүс зөндөө л ихийг мөрөөддөг байх. Баяжихаас эхлээд л... Зөвхөн кинонд тоглоод амьдарч болмоор санагдаж байна уу?
-О.Д: Уран бүтээлийнхээ шагналаар л амьдралаа залгуулдаг хүмүүс. Зөвхөн уран бүтээлээр амьдарлаа гээд хүний доор орчихсон юм алга, бусдаас хол тасраад баяжчихсан ч юм алга. Бид хоёртоо болж л байна. Гэхдээ одоо баяжихаасаа илүү кино урлагт байр сууриа олох л чухал байна. Залуу насандаа амжиж хийх зүйл их байна. Нас хэвийгээд ирэхээр өөрсдийгөө дахин боловсруулж, хувьдаа бизнес эрхлэх л байх. Өнөөдөртөө урлаг бид хоёрын амьдралыг амттай болгож байна. Хоёр биедээ амттай амьдрал бэлэглэж чадаж байна. Тэгээд л болоо биз дээ.
-Э.Ч: Бид хоёр бизнест хөл тавих болоогүй ээ. Яваандаа амьдрал шаардах л байх. Тэр үед нь л хийе.

0 Сэтгэгдэл
ta 2t amjilt husi goe yariltslaga bna goe ch hosood shuu.....
duu chinzodo amjilt husye,saihan hanitai, saihan amidrch bgaad n bayr hurgye,ulam erch huchtei bgarai
shan hosuud shvv ta 2t urlagiin ondor amjilt hvsie.
Хамгийн их уншсан