Украины эрх баригчид ба босогчдын талууд өнгөрсөн баасан гарагийн орой Беларусийн нийслэл Минскт гал зогсоох тухай 12 зүйл бүхий протоколд гарын үсэг зурлаа. Ингэснээр олон сарын турш үргэлжилсэн иргэний дайн төгсгөл болж олон зуун мянган энгийн иргэн гэр орондоо эргэн ирэх бодит боломж бий болов. НҮБ, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, АНУ, ОХУ, Их Британийн удирдлагууд энэхүү тохиролцоог нааштайгаар хүлээн авлаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун гал зогсоох гэрээг дэмжээд талуудыг тохиролцоог яаралтай бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэх алхмууд хийхийг уриалав. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлснээр байлдааны ажиллагаа удаан хугацааны туршид зогсч, хүмүүнлэгийн тусламж хүргэх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн. Европын парламентын тэргүүн Мартин Шульц “Украинд гал зогсоох тухай протоколд гарын үсэг зурсан тухай мэдээг би болгоомжтойгоор дэмжиж байна. Европын холбоо шийдвэр гаргахдаа газар дээрх бодит үйлдэл ба нөхцөл байдлыг үндсээ болгох ёстой” гэжээ.
Минскт гал зогсоох талаар хэлэлцээр хийхтэй давхцан Их Британийн Кардифф хотноо НАТО-ийн чуулга уулзалт болж өнгөрсөн тул Умард Атлантын эвсэлийн манлайлагч хоёр орон болох АНУ, Их Британийн удирдлага энэ талаар ямар мэдэгдэл хийх нь хамгийн их сонирхолтой татаж байсан нь ойлгомжтой. НАТО-ийн чуулга уулзалтад гишүүн 28 орон ба тус эвсэлтэй улс төр ба цэрэг зэвсгийн гэрээ тохиролцооны үндсэн дээр хамтран ажилладаг 32 орон гээд нийт 60 орны Төрийн тэргүүн, Батлан хамгаалахын сайд, зөвлөх, туслахууд оролцсон нүсэр том, чухал арга хэмжээ болсон тул тэдний саналыг анхаарахаас өөр аргагүй.
Чуулга уулзалтын үеэр Сири, Ирак, Ливи, Афганистаны асуудлаас гадна хамгийн гол нь Украины хэрэг явдалтай холбоотойгоор эвслийн стратегид сүүлийн арван жилд оруулж байгаагүй эрс өөрчлөлт хийх асуудлыг хэлэлцсэн юм.
Украины зүүн нутагт гал зогсоох гэрээ байгуулсан тухайд НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен “Минскт хүрсэн тохиролцоо үнэхээр бодитоор гал зогсоовол нааштайгаар хүлээн авна. Гал зогсоох тухай зарлана гэдэг нь зөвхөн анхны алхам, дараагийн хамгийн чухал алхам нь зарласнаа хэрэгжүүлэх. Эдгээр тохиролцоо нь Украинд улс төрийн нааштай бодит үр дүн бүхий үйл явцын эхлэл болно гэдэгт найдаж байна” гэв.
АНУ-ын Ерөнхийлөгч НАТО-ийн гишүүн орнууд асуудлыг энхийн замаар зохицуулах гэсэн Ерөнхийлөгч Порошенкогийн чармайлтыг эрс шийдэмгий дэмжих хэрэгтэй гэдгийг онцлоод Минскт хүрсэн тохиролцоог газар дээр нь хэрэгжүүлсэн тохиолдолд л нааштай үр дүнд хүргэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь НАТО-ийн гишүүн орнууд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэлж байгаа тул ямар нэг байдлаар хуваах гэсэн бүх л оролдлогыг эсэргүүцэх тул цаашид Оросын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй хэмээн санал нийлсэн гэдгийг хэлэв. Үүнтэй зэрэгцэн Донбасст гал зогсоох тухай гэрээг бүх талаар дэмжиж байгаа бөгөөд үнэхээр гал зогсоовол цаашдаа Оросын эсрэг авсан ямар арга хэмжээг цуцлах талаар хэлэлцэж магадгүй гэсэн утгатай мэдэгдэл хийлээ.
Гэхдээ Лондоны “Тайм” сонинд АНУ ба Их Британийн төрийн тэргүүнүүдийн хамтран гаргасан нийтлэл шинжээч мэргэжилтнүүдийн анхаарлыг хамгийн их татлаа. Нийтлэл НАТО-ийн чуулга уулзалт эхлэхийн өмнө гарсан хэдий ч уулзалтын үр дүнг урьдчилан тодорхойлсон гэж болно. “Зэрлэгүүд ба алуурчид бидний айлгаж чадахгүй” гэсэн гарчигтай энэ нийтлэлд олон сонирхолтой мэдэгдэл дурдагдсан байна. Юуны өмнө НАТО-ийн гишүүн ба түнш орнуудын нэн тэргүүнд анхаарах ёстой зүйлээр “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийн үйл ажиллагаанаас үүдэлтэй Хойд Африкаас Ойрхи Дорнод хүртэл үүссэн тогтворгүй байдал гэж үзжээ. Ялангуяа, Сири ба Иракт байлдаж байгаа гадаадын хөлсний алуурчид нутагтаа эргэн ирснээр АНУ, Британийн ард түмэнд төдийгүй дэлхийн хэмжээнд аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлэл авчирч байгаа тул НАТО алан хядагчдын эсрэг цаашид ч эрс хатуу арга хэмжээ авсан хэвээр байна гэв.
Хоёрдугаарт, Оросыг буугаар сүрдүүлэн тусгаар улсыг ардчиллаас татгалзуулахыг санаархаж байна гээд ийм нөхцөлд Украиныг дэмжих, боломжийг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхтэй гэлээ.
Энэ хоёр аюулын хариуд НАТО-ийн гишүүн орнууд шаардлагатай үед дэлхийн ямар ч цэг рүү нэн даруй илгээх боломжтой хуурай замын, агаарын, тэнгисийн цэрэг оролцсон шуурхай хүчин байгуулах шаардлагатай, үүний төлөө НАТО-ийн гишүүн, холбоотон орнууд батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлэх ёстой гэсэн байна.
Дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгаа аюул нь дийлэнхдээ НАТО-ийн хилээс гадна байгаа тул Иракаас эхлээд Гүрж, Ойрхи Дорнод хүртэл бүгдэд нь бүс нутгийн аюулыг сөрөн зогсоход нь туслах шаардлагатай гэлээ. Үүний тулд чуулга уулзалтад оролцож байгаа 60 орон Атлантын далай дамжсан улсуудын эвслийг дэлхий даяар тогтвортой аюулгүй байдлыг хангах илүү найдвартай сүлжээ болгох ёстойг онцолж. Харин энэхүү сүлжээнд Америк Британи хоёр манлайлах үүрэг гүйцэтгэсэн хэвээр байх ёстой гэв. Учир нь, энэ хоёр улс манлайлах нь ёс суртахууны хувьд зөв төдийгүй дэлхий даяар хүний эрх, ардчиллыг дэмжиснээр Америк, Британи хоёр нь улс орныхоо ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж чадна гэнэ.
НАТО-ийн Европ дахь гишүүн орнуудаас Их Британи, Латви, Грек гэсэн гуравхан улс нь Батлах хамгаалахдаа ДНБ-ий 2-оос багагүй хувийг зарцуулах ёстой гэсэн шаардлагыг хэрэгжүүлж байгааг шүүмжлэв.
НАТО-ийн чуулга уулзалт ч энэхүү нийтлэлийн дагуу шийдвэр гаргасан гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Юуны өмнө НАТО-ийн гишүүн орнуудын 4000 гаруй цэргийн албан хаагчдаас бүрдсэн шуурхай хүчин байгуулж, тэдгээрийг Оросын хилийн ойролцоо байршуулахаар болов. Үүнд АНУ нэг тэрбум ам.доллар гаргахаар болсон. НАТО-ийн бусад гишүүд 2008 оны хямралаас гүйцэд гараагүй төдийгүй сүүлийн таван жилийн дотор Батлан хамгаалахын зардлаа бараг 20 хувиар бууруулсан, цаашид ч нэмэгдүүлэх гэж яарахгүй байна. Иймд НАТО-г хүчирхэгжүүлэхтэй холбоотой зардлын дийлэнхийг АНУ дааж таарах бололтой хэмээн олон шинжээч санал нийлэв. Украинд кибер аюулгүй байдлаа бататгах, шархадсан цэргүүдэд тусламж үзүүлэх зэрэг зүйлсэд 15 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон ч НАТО-д элсэх төлөвлөгөөнд хамруулсангүй. Цаашлаад, хоёр их гүрний төрийн тэргүүний нийтлэлд манай урд хөршийн талаар огт дурдаагүй байсныг дагаад эцсийн мэдэгдэлд ч Хятадын газар нутгийн маргааны талаар ямар нэг зүйл онцолсонгүй. Эхний ээлжинд Орос, “Ирак ба Левантын лалын улс” хоёрыг нэн тэргүүнд анхаарах ёстой гол дайснаа гэж үзсэн бололтой.
Хилийнх нь ойролцоо ийм олон хүнтэй шуурхай бүлэглэл байрлуулахыг манай хойд хөрш зүгээр хараад суухгүй л байх. Тиймээс зэвсэглэлээр хөөцөөлдөх шинэ эрин эхэллээ гэж болно.