Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан хувьсгалын дууч

“Хонх” хамтлагийн тухай ярихад С.Цогтсайхан агсныг дурсахгүй өнгөрөх аргагүй. Түүнийг ардчилагчид “Ардчилсан хувьсгалын дууч” хэмээн хүндэтгэдэг. Тэр бол бурхнаас ирсэн хувьсгалд уриалан дуудагч байсан юм. Гэвч тэрээр ирж буцдаг хүний хорвоогийн жамаар 2004 онд хүнд өвчний улмаас таалал төгсч, нөхөж баршгүй том орон зайгаа үлдээгээд одсон юм. Ингээд түүний ах С.Майнбаяртай уулзаж, дүүгийнх нь тухай яриа өрнүүлснээ хүргэж байна.

-Цогтсайхан агсныг мэддэг хүмүүс түүнийг маш чөлөөт сэтгэлгээтэй хүн байсан гэх юм билээ. Гэхдээ түүний бага нас, хувь хүн талаас нь та илүү сайн ярих байх.
-Цогоо маань надаас хоёр дүү л дээ. Багын л сэргэлэн, адтай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Би чинь долоон настайдаа нэгдүгээр ангид орсон юм. Хичээлээ тараад ирэхээр л хүлээж байна. Хамт хичээл хийнэ. Тэгсээр байгаад үндсэндээ Цогоо таван настайдаа гэрээр нэгдүгээр анги төгсчихсөн. Айлын тэрсхэн хоёр хүү болохоор тоглож наадахаас эхлээд бүх зүйлийг л хамт хийнэ. Манайх 40 мянгатад амьдардаг байсан. Би долдугаар ангидаа орцонд гитар тоглож сурахад Цогоо бас л оролдсоор байгаад тавдугаар ангидаа гитар тоглож сурсан.

-Хоёр насны зөрүүтэй ах дүү хоёр тэрсхэн өсч, ижилхэн боловсорч хөгжиж байж...?
-Тэгсэн. Тухайн үед “Beatles”, “Bee Gees”, “Boney-M”, “Pink Floyd”, “Queen” гээд барууны хамтлагууд ид моодонд орж байсан үе. Гэхдээ нөгөө пянз нь олдохгүй нэгнийдээ орж сонсоно. Дамжуулна. Англи хэл мэдэхгүй учраас дөхүүлсхийгээд л дуулна. Тэгж дуулаад хоёулаа аягүй их баясдаг байж дээ. Цогоо ер нь юм бүхэнд л авьяастай. Гитар сайн тоглоно. Шатар, теннис, хөзөр гээд л мундаг тоглоно. Би бол үргэлж л ялагддаг байсан. Хаалттай нийгэмд амьдарч байсан ч тэр мундаг уран бүтээлийг сонсож байсан учраас тэр нь нөлөөлж олон сайхан дуу зохиосон. Дүү маань Эрхүүд сэтгүүлч мэргэжил эзэмшсэн.

-Цогтсайхан агсан хэдий үеэс арай өөр зүйл рүү тэмүүлээд байгаагаа гэр бүлийнхэндээ мэдэгдсэн бэ. Тухайн үед та бүхэн хэрхэн хүлээж авч байв?
-Манай Цогоо чинь 1988 онд “Шинэ үе” гэж нууц бүлгэм байгуулсан. Хүний эрх гэж зүйл дэлхий дээр байдаг юм байна. Тэрийг монголчууддаа мэдрүүлнэ гээд л ярьдаг байсан. Англи хэлнээс хүний эрхийн тухай орчуулаад уншихаар сэтгэл хөдөлгөмөөр зүйл байдаг байлаа. Хэдийгээр аав маань багш, сэтгүүлч, тухайн үеийн сэхээтэн хүн ч гэлээ гэртээ ярьж байгаа зүйл нь бас л их сонин байлаа. Дүүг ардчилал гээд яриад явахад ээж их эсэргүүцнэ. Аав дэмждэг ч тэрийгээ ил гаргадаггүй байсан. Хэцүү үе байсан. Хэзээ ч хамаагүй бариад явчихаар.

-Тэр барууны мундаг хөгжмийг сонсож байгаад дүүгийнхээ зохиосон дууг сонсохоор бас нэг өөр мэдрэмж төрнө биз?
-Тэгэлгүй яахав. Монгол юм уу гэхээр монгол биш, барууны хөгжим үү гэхээр бас биш. Нэг тийм уянгалаг. Тэгсэн мөртлөө үгтэйгээ наалдсан байдал нь гайхалтай. Хамгийн эхний концертод тоглосон дуунуудаа маш хурдан хугацаанд хийсэн. Хүн ямар нэг зүйлд үнэн сэтгэлээсээ хүсч тэмүүлж, зүтгэхээр ямар үр дүн гардгийг л тэр үед дүүгээсээ харсан даа.

0 Сэтгэгдэл
Ardchilsan huvisgaliin duuch gedeg nertei Tsogtsaihan agsnii tuhai tuunii dotnii naiziin bichsen niitleliig unshij bsan yum bna.
Хамгийн их уншсан