Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүртэл алмайруулан хуурч дөнгөсөн 90 саяын Б.Гансүх гэх гэмт хэрэгтний бодит амьдралаас сэдэвлэн хийсэн “Бодлын хулгайч” кино “Mongolian academy awards” наадмын “Шилдэг дууны найруулагч”, “Шилдэг эмэгтэй туслах дүр”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг зохиол”, “Шилдэг эрэгтэй гол дүр” дээр нь “Гран при” гээд бүхий л шагналыг нь “хураав”. Кино судлаачдын зүгээс энэ удаагийн наадмын шалгаруулалтад ам сайтай байлаа. Амжилтаа үнэлэн “Бодлын хулгайч”-ийн гол дүр Б.Амарсайхан “Кино хийхэд зарцуулсан хөрөнгө мөнгө, судалгаа, кино хийх ажиллагаа гээд манайхтай өрсөлдөх нь энэ удаагийн наадамд алга” хэмээсэн нь нэг талаар биеллээ олов.
“Mongolian academy awards” наадамд энэ жил уран сайхны болон баримтат 14 кино 17 номинацад хүч үзсэн юм. Анх 19 номинац байсан ч “Шилдэг эмэгтэй дүр”, “Шилдэг инээдмийн кино” төрөлд өрсөлдөх кино байхгүй тул хоёр нь хасагджээ.
“Бодлын хулгайч” шилдгүүдийг тэргүүлэв
СТА Ш.Дэлгэржаргал эгч маань “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналаа гардан аваад хэлсэн үгэндээ гавьяат хэмээн түүнийг тодотгосон хөтлөгчийн алдааг залруулан “Би чинь Ч.Лодойдамбын нэрэмжит шагналтай, Соёлын тэргүүний ажилтан шүү дээ” гээд “Өнөөдөр энэ шагналыг аваад би төрүүлж өсгөсөн аав ээждээ маш их баярлаж байна” гэв. Жүжигчин Ш.Дэлгэржаргал бол “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр ард түмнийхээ гавьяат болчихсон хүн. Түүний дэлгэцэнд мөнхөрсөн олон сайхан дүрээс гадна Монголын кино урлагт бэлтгэсэн боловсон хүчнийг нь үнэлэхгүй байх аргагүй.
2012 оны “Шилдэг зохиол”-ын эзэн Д.Төрмөнх “Энэ шагналыг авлаа. Маш их баяртай байна. Хамтран ажилласан кино багийнхандаа баярлалаа. Хэрэв надтай хамтран ажиллаж зохиолыг маань кино болгоогүй бол 120 хуудас цаас ширээний шургуулганд одоо хүртэл хэвтэж байх байлаа. Би 1990-ээд оныг хамгийн их мэднэ.
Зах зээлд шилжээд нэг нь нөгөөхөө яаж хуурч мэхлэх үү гэж л боддог үе байлаа. Олонд танигдсан хүнээр төлөөлүүлэн тэр үеийг харуулахыг зорьсон. Яахав 90 саяын Б.Гансүх гэдэг хүний амьдралаас сэдэвлэсэн мэт болов ч нийгмийнх нь байдлыг илүү харуулахыг зорьсон гэсэн үг л дээ” гэлээ.
Үзэгчдийг суудлаас нь босгож чадсан шагнал бол “Шилдэг эрэгтэй гол дүр” байлаа. “Бодол хулгайлагч” Б.Амарсайханаас сэтгэгдлийг нь сонссон юм.
-“Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн хүндтэй шагналыг авсанд баяр хүргэе?
-“Авъяас бол агуу их эмзэглэл юм” гэдэг үгийг би оюутан байхдаа ерөөсөө ойлгодоггүй байсан юм. Би “Бодлын хулгайч”-д тоглоод л энэ үгийг ойлгосон. Кинонд тоглохын тулд дүрээ бодох, судалгаа хийх гээд зовж, эмзэглэж байж л амжилттай босгож ирдэг.
-“Бодлын хулгайч” олон шагнал түүлээ. Киноныхоо талаар...?
-Өнөөдрийн арга хэмжээ сайхан болж байна. Манай кино бол бүх зүйл нь мэргэжлийн түвшинд хийгдсэн. Маш сайн кино. Ийм сайн киног бүтээсний хамгийн гол шалгуур бол хүчирхэг хамт олон гэж хэлмээр байна. Кино группийнхэн маань бүгд мэргэжлийн, чадварлаг хүмүүс байсан.
Кино урлагийн амьд түүх
Тэртээ хорин жилийн өмнө анхны кино наадмаас “Мандухай сэцэн хатан” киногоороо шилдэг найруулагч болж байсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжиням гуай “Шилдэг найруулагч”-ийн шагналыг гардуулах үеэрээ тэрхүү сайхан үеэ дурсан ярьсан юм. Түүнд “Монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулагч” шагнал гардуулсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням гуай энэ жилийн “Academy awards”-ийн ерөнхий шүүгчээр ажилласан юм.
Эрдэмтэй хүн даруу...
Ор дэрийг нь засахаас эхлээд оймс гутлаа яаж өмсөхийг нь хүртэл зааж зөвлөдөг хүмүүс бол киноны зураач юм. Шүүхэд хамгийн хэцүү хэмээн судлаачид дүгнэсэн энэхүү номинацын эзнээр “Долоон бурхан харвадаггүй” киноны зураач Ж.Цог, Н.Батжаргал нар тодорлоо. Хэдий хүндтэй шагналын эзэн болцгоосон ч “Түүхэн киноны зураач байна гэдэг хамгийн их судалгаа шаарддаг ажил. Бараг л өнгөрсөн үе рүү очоод ирэхтэй адил судалгаа хийдэг. Тэгээд зураач хүн чинь аяндаа л судлаач болчихдог. Гэхдээ бид хоёр хамтдаа өмнө нь олон түүхэн кинон дээр ажиллаж байсан, үнэндээ муухан туршлага хуримтлуулсан гэж хэлж болно. Хэдий тийм ч амархан ажил гэж байдаггүй” хэмээн даруухан хэлж зогссон юм.
Триллерийн загалмайлсан эцэг
Монголын хамгийн анхны триллер төрлөөр хийгдэж, ихэр залуусын хоорондын харилцаа, эмгэнэл, айдсыг харуулсан “Орлон тоглогч” уран сайхны кино “Шилдэг дебют шагнал”-ыг хүртсэн. Зохиолыг бичиж, найруулсан В.Агар “Хэрэв энэ төрлөөр кино хийхийг зорьж байгаа залуучууд байвал тусалж дэмжинэ. Триллер төрлийн киног Монголд хөгжүүлэхэд чадах бүхнээ хийх болно” хэмээн амласан.
Тайвшрал, баярын нулимс шингэсэн шагнал
“Шилдэг ивээн тэтгэгч”-ийг “Хөх толбот хүмүүс” уран сайхны киног ивээн тэтгэсэн Монголын анхны коксын үйлдвэр “ЭНК” ХХК-ийн ерөнхий захирал М.Равданжамц авсан бол “Шилдэг найруулагч”-ийг мөн “Хөх толбот хүмүүс” авч чадсан билээ. “Шилдэг найруулагч” болсон DOZ энтертайментийн захирал Ш.Доржсүрэнг шагналаа гардах үед түүний эхнэр киноны гол дүрд тоглосон А.Мөнгөнзул үзэгчдийн эгнээнээс түүн рүү үнсэлт илгээн, баярын нулимс дуслуулан суусан. Ш.Доржсүрэн “Кино хийх бол маш хэцүү ажил юм байна. Хийсний дараа ч гэсэн санаа зовох зүйл их байсан. Энэ шагналыг аваад одоо л нэг дотор уужирч байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан. Дараагийн уран бүтээлдээ “Сайхан амьдрахын тулд солонгос эрийн гэргий болж харь орныг зорьж байгаа эмэгтэйн тухай” өгүүлэх аж.
Б.Дашдондог гурван кинонд тогложээ
“Хүний хүүхэд” киногоор МУГЖ Б.Дашдондог “Шилдэг киноны дуу” номинацын эзэн болсон юм. Тэрээр тус кинонд тоглохоосоо өмнө Өвөрмонголд бас нэгэн киноны дүр бүтээж байх үедээ энэ дуугаа зохиосон гэнэ. Эзэн нь юмаа танина гэдэг шиг “Хүний хүүхэд” киноны найруулагч ганц сонсоод л энэ дууг сонгосон байна. Харин дуучин МУГЖ Б.Дашдондогийн хувьд нийт гурван кинонд тоглосон бөгөөд хамгийн сүүлд тоглосон кино нь хамгийн түрүүнд дэлгэцнээ гарч, нэр хүндэй шагналыг авч ирж байгаа аж.
“Academy Awards-2012”-ын шилдгүүдийг танилцуулж байна
Шилдэг эрэгтэй дүр: Б.Амарсайхан “Бодлын хулгайч
Шилдэг эрэгтэй туслах дүр: Ц.Цэрэнболд “Богд хаан”
Шилдэг эмэгтэй туслах дүр: Ш.Дэлгэржаргал “Бодлын хулгайч”
Шилдэг найруулагч: Ш.Доржсүрэн “Хөх толбот хүмүүс”
Шилдэг зураглаач: Д.Ангараг “Бодлын хулгайч”
Шилдэг зураач: Ж.Цог, Н.Батжаргал “Долоон бурхан харвадаггүй”
Шилдэг дуу: Б.Дашдондог “Хүний хүүхэд”
Шилдэг хөгжим: Н.Жанцанноров “Богд хаан”
Шилдэг эвлүүлэгч: Ш.Мөнхбат “Долоон бурхан харвадаггүй”
Шилдэг дууны найруулагч: Б.Баттуваан “Бодлын хулгайч”
Шилдэг зохиол: Д.Төрмөнх “Бодлын хулгайч
Шилдэг дүрсний эффект: Ш.Тансаг “Нэг биений хоёр зүрх"
Шилдэг нүүр будалт: Б.Дагирмаа, Б.Сүрэнцэцэг “Хүний хүүхэд"
Шилдэг дебют: В.Агар, Я.Хангарьд “Орлон тоглогч”
Шилдэг ивээн тэтгэгч: М.Равданжамц “Хөх толбот хүмүүс”
Гран-при шагнал: “Бодлын хулгайч”