Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Өчигдөр”- ийг өчигдөр тольдоход


Өчигдөр юу хийчихэв ээ...гэж харамсахад эргэж ирэхгүйгээрээ тохуурхах мэт өнгөрсөн цаг хугацаа. Өчигдрийн тохуурхал болохгүйн тулд та өнөөдрийг харамсахгүйгээр өнгөрөөж чадах уу.
Нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр Ричард, Сара хоёр уйтгартай, залхмаар амьдралаа өөрчлөхийн тулд Ричард эхнэрээ орон байртай нь нууц амраг Макст нь үлдээн явж байгаагаар жүжиг эхэлнэ. Өчигдөр тэд танилцаж, догдлон, бие биендээ ухаангүй дурласан  бол өнөөдөр залхаж уйдсан…Гэхдээ тэд өчигдөртөө хайртай.
Нобелийн шагналт зохиолч Г.Пинтерийн “Өчигдөр” зохиолоос сэдэвлэн бүтээж, УДЭТ-ын тайзнаа өчигдөр нээлтээ хийсэн жүжигт ийм үйл явдал өрнөнө. Залуу гэр бүлийн амьдрал, алдаа оноог харуулсан энэ жүжиг УДЭТ-ын долоон найруулагчийн “Долоон жүжиг” төслийн дөрөв дэх нь юм. УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын “Өчигдөр” хэмээн энэ жүжиг хоёр л дүртэй бөгөөд Ричардад УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар тоглосон бол Сарагийн дүрийг жүжигчин М.Тогтохжаргал бүтээжээ. Ингээд жүжиг нээхийн өмнөхөн хоёр жүжигчинтэй ярилцлаа.

М.Тогтохжаргал: Дүрд тоглох биш бүтээмээр байна

-Гол дүрд тоглосон жү­жиг тань үзэгчдэд хүрэх гэж байна. Догдолж байна уу?
-Маш олон оронд тоглож байсан энэ жүжгийг манай театрын найруулагч Наранбаатар найруулан тавьж байна. Мэдээж догдолж байна.

-Бусад жүжгийг тави­хад урт хугацаанд бэлтгэл сургууль хийж байж хөшгөө нээдэг шүү дээ. Гэтэл энэ удаагийн төслийн жүжгүүдийг богино хуга­цаанд бэлдэн үзэгчдэд хүргэж байна. Ажиллахад хэр бэрхшээлтэй санагдав?
-Шахуу орж байгаа учраас нэг талаас хэцүү. Гэхдээ шөнө орой, цаг наргүй ажиллахынхаа хэрээр ололттой байгаа болохоор сэтгэл өөдрөг. Залуу хүн учраас энэ ачааллыг даах ёстой. Найруулагч, хамтран тоглогч маань, бас биеийн хөдөлгөөн дээр ажиллаж байгаа Ган-Очир ах гээд туршлагатай, мундаг хүмүүстэй ажиллаж буй учраас их ч зүйлийг сурч байна даа. Тайзан дээр сургууль хийх цаг бага  байсан болохоор энэ хэсэг хугацаанд орон гэрээ мартаж л ажиллалаа. Гэрийнхэн маань ч энэ хүн олдохоо болилоо гээд л байгаа.

-Бүжиглэх юм уу?
-Биеийн хөдөлгөөнөөр олон зүйлийг илэрхийлнэ.

-Наранбаатар най­руу­лагч танд дүрийн санал тавьсан уу?
-Тэгсэн. Манай жүжиг залуу гэр бүл, залуу хосуудад их сургамжтай. Олон жил хамт амьдарсан ч үр хүүхэдтэй болоогүй, нэгнээсээ уйдчихсан,  хөндий харилцаатай гэр бүлийн тухай гардаг юм. Өчигдрийн сайхан зүйлийнхээ үнэ цэнийг алдахгүйн тулд өнөөдөр хичээх хэрэгтэйг жүжгээрээ харуулна. Үзээд гарсан хүн ямар нэг зүйл бодох ёстой. Найруулагч маань үнэхээр чадалтай, туршлагатай хүн учраас хамт ажиллаж байгаадаа баяртай байна.

-Жүжиг хоёрхон дүртэй болохоор их ачаалалтай ажилласан байх?
-Тэгэлгүй яахав. Хэдийгээр цаг 30 минут хүртэлх хуга­цаа­тай, бэсрэг жүжиг ч тэр хуга­цаанд тайзан дээрх хоёр хүн үзэгч­дийг уйдаахгүй байна гэхээр их ачаалал үүрэх нь мэдээж.

-Өмнө тоглож байсан дүрүүдийг тань харахад их л уян зөөлөн хүний дүр бүтээдэг. Одоо ярилцаж суухад тийм хүн болов уу гэж бодлоо?
-Жүжигчин хүн ямар ч дүрд хувирах ёстой л доо. Гэхдээ найруулагчид надад тохирсон дүр л хуваарилна. УДЭТ-т ажиллаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд “Тамгагүй төр”, “Хар санаа хайр сэтгэл” гээд чиний хэлснээр зөөлөн, эерүү хүний дүр бүтээсэн юм байна.
Харин энэ удаагийн дүр намайг эвдэж чадсан. Энгийн даруухан Сара гэж бүсгүй гэнэт нууц амрагтай болохоор шийдээд тэс өөр зан авир гаргаж эхэлдэг. Эсрэг дүрд тоглохсон гэж боддог байсан. Энэ удаа эерэг, эсрэгийг ч гаргалаа. Жүжгийн маань дүрийн хувьд гэр бүлийн бат бэх байдал, цаашид оршин  тогтнох уу үгүй юу гэдэг эмэгтэй хүнээс их хамаардаг гэдгийг харуулах болов уу гэж бодож байна.  Эмэгтэйчүүд чинь эрчүүдийг бодвол илүү тэсвэр тэвчээртэй. Эрэгтэй хүн өөр зүйл хүссэн ч эхнэр хүн нөхрөө түүнээс татаж авах хэрэгтэй. Нэг алдлаа, хоёр алдлаа. Гурав дахь дээр нь алдахгүй байхыг эмэгтэй хүн ухаантай байснаараа шийдэж чадна.

-Гэр бүл үнэ цэнэтэй нь үнэн. Гэхдээ нэг, хоёр алдахыг уучилдаг эмэгтэй ховор?
-Эмэгтэй хүний ухаан, тэсвэр тэвчээр дээр л гэр бүл тогтдог болов уу.

-Бидний сууж байгаа энэ өрөөнд хэдэн жил сууж байгаа вэ?
-Өнгөрсөн жилээс энэ өрөөнд орсон. Өмнө нь 25 номерт суудаг байсан. Одоо энэ өрөөндөө залуу жүжигчин Одончимэг, Баярмаа, Театр студийн хоёр жүжигчин гээд тавуулаа.

-Хамгийн ахмад нь юм байна...
-/Инээв/ 2008 онд театрт ороод студийн залуу жүжигчин гээд л явж байлаа. Өрөөнийхөнтэйгөө байхад гоё. Нэг нэгэндээ хэлэх гэснээ хэлээд, дүү нараасаа ч сурах юм байдаг.

-УДЭТ-ыг орхисон ж­үжигч­дийг хараад хү­мүүс энд дарангуйлал, ялга­вар­лал байгаа юм шиг ярьдаг. Энд ажиллаж байгаа хүний хувьд энэ талаар яриач?
-УДЭТ бол урлагийн ариун сүм, миний хувьд. Хоёр дахь гэр маань. Энд зургаан жил ажиллахдаа тийм зүйл мэдэрсэнгүй. Тухайн үедээ театраа орхисон хүмүүс өөрсдийн гэсэн хийж бүтээх хүсэл зорилготой байсан учраас л явсан гэдгийг итгэлтэй хэлмээр байна.

-Та театрын цөөнгүй бүтээлд тоглосон ч дэлгэцийн уран бүтээлд ховор тоглосон байдаг?
-Тайзан дээр байх илүү дуртай. Гэхдээ жүжигчин хүн цэнхэр дэлгэцэнд дүрээ үлдээнэ гэдэг мэдээж сайхан. Ард түмнийхээ сэтгэлд хүрсэн дүр бүтээх юмсан гэсэн хүсэл байдаг. Өмнө бол гол, туслах дүрүүдэд тоглож байсан.

-Өмнө харж байхад үргэлж үсэнд чинь атаархдаг байлаа. Урт, буржгар...?
-Жаахан байхдаа тайрч байсан. Тэгсэн чинь сэгсийгээд хэвэнд орохгүй. Төрөлхийн буржгар л даа. Арван жилд байхад доод ангийн охид “Энэ ёстой аальгүй эгч шүү. Өглөө болгон үсээ ороодог” гээд л ярьдаг байсан гэсэн.

-Тэгвэл үсээ өдөр бүр орооно гэхгүй аятайхан юм аа?
-Хэцүү үе байна. Үсээ тайруулаад, янз бүр болгомоор санагддаг л юм.


Г.Амгаланбаатар: Наранбаатар бид хоёрын уран бүтээл “Бооцоо” жүжгээс эхэлж байлаа

-Долоон найруулагчийн долоон жүжгийн хоёрт нь хүч сорьж, дүр бүтээж байна...?
-Ганхуяг найруулагчийн найруулсан “Бүүвэй” жүжгийн Очирсүрэнгийн дүрд тоглосон. “Долоон жүжиг” төслийг манай театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар удирдаж байгаа. Төсөл маань маш амжилттай хэрэгжиж, одоо дөрөв дэх жүжиг нээлтээ хийх гэж байна. Би энэ төслийн хоёр жүжигт ажилласны нэг нь Наранбаатарын маань найруулж буй “Өчигдөр”.

-Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар та хоёр уран бүтээлийн дотно андууд. Олон жил хамтарч ажиллаж байгаа болохоор ойлголцоход ч илүү дөхөмтэй байдаг болов уу?
-Тэгэлгүй яахав. 2000 онд театрт анх ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн найруу­лан тавьсан “Бооцоо” жүжгээр Наранбаатар найруулагч бид хоёр уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Үүнээс хойш олон жүжигт хамт тоглосон. Харин Наранбаатарыгаа найруулагч болсноос хойш түүний найруулсан “Надаар тоглосон хайр”, “Парисын дарь эхийн сүм” зэрэг арав гаруй жүжигт тоглосон. “Өчигдөр” жүжиг эрэгтэй эмэгтэй хоёрхон дүртэй. Эмэгтэйд нь манай театрын залуу жүжигчин Тогтохжаргал тоглож байгаа. Зураачаар нь ерөнхий зураач Ганхуяг, бүжиг дэглээчээр нь Ган-Очир ажиллаж байна.

-Энэ удаагийн жүжгийн талаар үзэгчид дүгнэлтээ хийх байх. Харин нэгэнт үзэгчдэд хүрчихсэн “Бүүвэй” жүжгийн талаар асуумаар байна. Очирсүрэнгийн дүрээр юуг харуулав?
-Сүүлийн үед гэр бүлийн нөхөр эсвэл эхнэр нь гадагшаа ажиллахаар их явдаг болсон. Түүн шиг Очирсүрэн Америкт таван жил болоод ирж байгаа юм. Гэтэл ирэхэд нь амьдрал нь өөрчлөгдөөд эхнэр нь өөр хүнээс жирэмсэн болчихсон байна. “Бие холдвол сэтгэл холдоно” гэдэг шиг нийгмийн энэ үзэгдлээс болж залуу гэр бүлүүд салж  сарниж, үр хүүхэд өнчирч байгааг харуулсан жүжиг л дээ. Миний тоглосон Очирсүрэнгийн дүрийн хувьд  эр хүний уужуу ухаан гаргаж, эхнэрээ уучилснаар сайхан гэр бүлийг бүтээж чадсан.

0 Сэтгэгдэл
ynziiin goyo bolsn bnle! Togtohjargal haaltiin togloltn dr STA awsand bayar hurgey! Mundag bas ih huurhun emegtei bnle!
Togtohjargald amjilt husie . naiz mini chi ihiig hiij buteeh yostoi uhrah zamgui hun shu de, olon olon dur buteeh boltugai...
Хамгийн их уншсан