Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үргээлэг үзэгчдийг үргээхгүй


Кино үзэх гэж театрт ороод үзэж эхлээд л
үргээд гараад явчихмаар кинонууд байдаг.
Үнэнийг хэлэхэд би олон ч
киноноос үргэж,
дуусгалгүй хаяж гарч байлаа.


Д.Төрмөнх



Гурван кино хамтарч хийсэн найруулагч Ж.Сэнгэдоржийн ийм нэртэй киног үргэнэ
гэж айлгүй очиж үзлээ. Хөндсөн сэдэв нь яг л сэтгүүлч хүний хөндөх сэдэв гэдгийг өмнө нь мэдэж байсан болохоор бас жаахан түгшингүй үзэхээр очсоноо нуугаад ч яахав. Үүдэнд тааралдаад “Төрөө ах энэ бол цэвэр комерчиский кино шүү…” гэхийг нь сонсоод эргэлзэх сэтгэл лавширснаа ч эхлээд хэлье.

Тус бүтээлийн найруулагч Ж.Сэнгэдорж зохиолоо жүжигчин А.Баттүшигтэй хамтран бичжээ. Харин гол дүрүүдэд Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа нарын уран бүтээлчид тоглосон байна. Юуны түрүүнд Ж.Сэнгэдорж найруулагчид жүжигчинтэй ажиллах маш сайн чадвар байдаг нь энэ кинон дээрээс ч харагдаж байлаа. Б.Амарсайхан, Ж.Баясгалан, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа нар маш чадварлаг тогложээ. Зүгээр бидний массовка гэж нэрлэж заншсан олны хэсэгт тоглож байгаа жүжигчид ч маш сайн сонголттой юм. Хятад ажилчид, Эрээний хятадууд, таксины жолооч, өвөрмонгол зэрэг дүрүүд ч жижиг гэлтгүй сайн болжээ. Жүжигчин сонгох чадвар бол найруулагч хүний хамгийн сайн тал билээ.

Зураглаач Б.Базаррагчаагийн дүрслэлүүд ч тун оновчтой харагдаж байлаа. Эхлэл хэсэгт галт тэрэгний буудалд үүрээр хятад ажилчид ирж байгаа хэсгийг кран ашиглан, бүр галт тэрэг давуулан нөгөө талд доош орж ирж байгаа авалт маш сайн болсон ч киноны гол ээдрээ зангилааг тайлах хэсэгт ашигласан бол тун оновчтой хүчтэй сцена байх байсан. Гэвч зүгээр нэг онцын ач холбогдолгүй, үсэг
гарч байх хооронд ашигласан нь хайран санагдав.
Өнөөдөр манайд маш элбэг байгаа хятад ажилчдыг оруулж ирдэг хууль бус  сүлжээ, авлига, түүнийг гүйцэтгэдэг монголчуудын тухай, тэдний эсрэг ажиллаад баларч буй төрийн албан хаагчийн хоорондох зөрчлийн тухай үзүүлсэн энэ сэдэв уг нь маш том сэдэв билээ. Сэтгүүлч бас кино зохиол оролддог хүний хувиар харахад ийм том сэдвийг жаахан илээд өнгөрчихсөн зохиол болж гэж санагдаж байлаа. Зарим газар жишээ нь Ж.Баясгалангийн тоглосон дүрийн гэрт хэдэн хүмүүс түүнийг дарамталж, айлгаж байтал гол дүр Гарьд орж ирээд учир зүггүй
бүгдийг зодоод хөөж гаргаж байгаа хэсэг хэт хэлбэр хөөсөн худлаа харагдсаныг хэлчих хэрэгтэй болов уу. Бас өнөөх л чоноор монгол хүнийг төлөөлүүлсэн нь нэг тиймэрхүү. Хэдэн хятад өнөөх чоныг алах гэж байтал нэг их олон адуу туусан киноны гол дүрүүд гарч ирдэг нь их л муу санаатай хүний далд битүү хатуу үг шиг бөгөөд магад найруулагч түүнийгээ метафор хэмээн нэрлэх байх л даа. Харин гол дүр Гарьдын дүр зохиол талаасаа ч, найруулга талаасаа ч, тоглолтын хувьд ч, тун үнэмшилтэй болжээ. Б.Амарсайхан ч үнэхээр л том жүжигчин юм даа гэж яах ч аргагүй бодогдож байлаа. Монгол хүмүүсийн нэг тийм биеэ тоосон өөртөө хэт итгэсэн зөрүүд маягтай хэв шинж байдаг даа. Ялангуяа хуулийн талын хүмүүс иймэрхүү зантай байх нь элбэг. Хятад газарт алуулахаа шахаад азаар нэг хятад хүн түүнийг олж амь гардаг хэсэгт түүний дотоод сэтгэл уймарч аргаа барж, шалдаа бууж ирж байгаа зэрэг нь гайхалтай үнэн болжээ. Хятадад автобусанд санаандгүй монгол хүнтэй таараад өнөө хоёр нь ч нэг их тоохгүй байхад тэр уйлдаг хэсэг үнэхээр оновчтой. Иймэрхүү байдалд орсон олон монгол хүний тухай бид мэднэ. Шар хэвлэлээр л нэг иймэрхүү бүсгүйчүүдийн тухай мэдээ байнга хэвлэгдэж байдаг шүү дээ. Б.Навчаагийн тоглосон, Эрээнд монгол янхан зардаг тийм сүлжээний гар хөл болсон хүүхний дүр ч мөн л их үнэмшилтэй амьдралд байж л байгаа мөн л хэв шинжит дүр болж чаджээ.

Социализмын үеийн сайн кино, уран зохиолд хэв шинжит дүрийн тухай их анхаардаг байсан болоод үнэн болдог байжээ. Харин сүүлийн үед гадны кинон дотор л “амьдарч” байдаг дүрийн ядмаг хуулбар их болсныг харин ч Ж.Сэнгэдорж найруулагч жижиг дүрийг ч хэв шинжит байдалтай болгож чаддагаараа манай найруулагчдаас хамаагүй илүү чадвартай нэгэн билээ. Талийгаач аавыгаа дагаж  Хүүхэд залуучуудын театрт багаасаа ажилласны хэрэг гарч байна гэж би боддог.  Энэ кинонд ч мөн адил ганц нэг гараад өнгөрдөг туслах дүрүүд бас л тийм хэв  шинжит байдалтай байгаа нь түүний хамгийн том давуу тал гэж цохон хэлмээр  байна.

С.Болд-Эрдэнийн бүтээсэн дүр ч бас өөрийн гэсэн зан характертай, тэрүүхэндээ хятад маягийн болчихсон жижиг гар, ноос ноолуурын үйлдвэртэй, хурган атаман. Нээрээ л нэг иймэрхүү нөхөр байдаг даа гэж шууд харагдахаар аж. Зураачийн шийдэл ч маш зөв ажээ. Ханаараа нэг Монгол хаадын зураг хадчихсан хэрнээ заваан нэг муу бэлэн гоймон идсэн нөхөр ч, цүнх дүүрэн мөнгөөр хахууль өгч чаддаг, худлаа гоёчлоогүй хурган атаман шинжтэй өмссөн хувцас хунар ч яг тийм дүрийг их тодотгож байх аж. Харин кино эхлэхдээ мөсөн дотор нүцгэн хүүхэн  усанд орж байх зэрэг арай л нэг илүү хэлбэр хөөсөн шинжтэй, кинондоо нэмэр  болохгүй хэсэг байлаа. Бас жаахан мөнгөтэй болж байгаа хүн гэхээрээ л олон хүүхэн тойруулж, ууж наргиж байдаг гэсэн эл доль болсон дүрслэлээс гадна бид хоёрын “Бодлын хулгайч”-д гарч байсан хэсгийн өвлийн хувилбар харагдах ажээ. Сүүлийн үеийн Хятадын кинонууд их үнэн, бүр арзайтал үнэнийг үзүүлдэг болж ирж байгааг харах хэрэгтэй гэж ахын хувьд найруулагчид зөвлөмөөр байна.

С.Бодровын “Монгол” кинонд Жамухын дүрд тоглосон хятад жүжигчний гол дүрийг  нь бүтээсэн “Хар тамхины дайн” хэмээх кино маш үнэн болсныг киногоо хийхээс өмнө нэг харчихад уг нь гэмгүй байсан болов уу гэж илүү үг хавчуулъя.
Эцэст нь энэ киног үзээд их л өөдрөг сэтгэгдэлтэй гэртээ ирж орж ирээд үүнийг бичлээ. Яагаад гэвэл хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, Ж.Сэнгэдорж болон тэдний баг сайн кино цаашдаа хийх нь эргэлзээгүй юм байна. Хэдийгээр өөрөө энэ бол “комерчиский кино” гэж бодож байгаа ч жүжигчдийн ансамбль маш сайтай, дүр бүр өөр өөр зан араншинтай, кино эхнээсээ төгсөтлөө ритм унахгүй, үйл явдлыг урьдчилаад таачих аргагүй, өнөөх олон зодоон гэх мэт хэтийдсэн зүйлтэй ч, бас инээх л гэж театрт очдог үзэгчдэд зориулаагүй зэрэг олон сайн тал шууд харагдаж байна. Харин өө эрвэл төгсгөл нэг тиймэрхүү дахиад дараагийн анги байгаа юм болов уу гэж бодогдохоор, хөндсөн сэдвээ гүнзгий малтахаас илт айсан шинжтэй байх ажээ. Зарим нэг шар сонины сэтгэлгээтэй үзэгч “Өө хөөрхий  өглөө гүйж явсан хүнд, би хүн алчихлаа хүрээд ир гэхээр Эрээн рүү зүгээр л нэг  аймагтаа очиж байгаа юм шиг очдог байна шүү дээ. Бид одоо Хятадын муж юм  уу” гэх хүн гарах л байх. Найз чинь хүн алчихлаа гэхэд хэн ч Эрээн зэрэгт хүрээд л  очно шүү дээ. Харин киноны төгсгөл тайлал муутай болсон гэж дээр өгүүлсэн нь  бүр нэг хүн ч биш хэд хэдэн хүн алчихсан төрийн ажилтан яах бол гэсэн  ойлгомжгүй асуулт тайлагдаагүй дууссан нь дараагийн анги байгаа мэт сэтгэгдэл үлдээв.

Бид хэдийгээр хятад ажилчид, хятад хүмүүст дургүй ч гэсэн иймэрхүү том хэмжээний бүтээлд шар мэдээний өнцөгөөс хандахгүй, болгоомжтой хандах хэрэгтэй гэдгийг найруулагч харуулж чадав. Гэхдээ арай л болгоомжилсон байж ч мэднэ. Бид нэгэнт л нутгаа үүрээд хол нүүгээд явчихгүй болохоор хажуу хөршөө элдвээр муу хэлээд нэг хашаанд байж байдаг атаархуу, арчаа муутай, ядуу гэж жигтэйхэн, ярдаг гэж хачин айл шиг байж таарамгүй билээ. Дээр дурдсан Сергей  Бодровыг “Монгол” гэж нэртэй кино хийх гээд ирэхэд нь бид элдвээр хараагаад  явуулж орхисон. Олон жилийн өмнө бас Никита Михалков “Уурга” хийх гээд ирэхэд  бас л өнөөх хэдэр авгай зангаа гаргасан даа. Гэтэл тэр хоёр кино дэлхийд  ямар их нэр хүнд оллоо доо!

Сайн кино хийж чадвал бидэнд өнөөх хоёр хөршдөө үзүүлээд л бараг ноос, ноолуур, нүүрс түлээ, зарж байхаас ч амархан мөнгө олохоос гадна, бид ийм том шүү дээ гэдгээ харуулж болох хамгийн ойрхон том талбар гэж боддогоо би энд хэлчихмээр байна. Бас нэг хэлэхгүй орхиж болохгүй зүйл бол манайд одоо  продюссерийн алба бий болох гээд байгаа нь тун сайшаалтай. Энэ киног хэд хэдэн кино студи продюссерлэж хийлгэсэн нь бас нэг том алхам билээ. Ганц  ганцаараа “түц” ажиллуулаад сууж байхаар ингэж хамтраад “оюуны супермаркет”  бий болгохыг цаг үе ч, уран бүтээлчид ч, үзэгч олон ч хүсч  байгаагийн нэг тод илрэл бол энэ кино боллоо. Мэдээж эхний кино тул орлого  олох тал дээр анхаарсан байж болох ч кино гэгч үлддэг болохоор муу хийж огт  болдоггүй урлаг билээ.

Тэгээд үгийнхээ эцэст “Үргээлэг” киног үзэхэд сэтгэл чинь үргэхгүй харин ч юм бодож сэтгэл сэмрээд гарна шүү гэж итгэлтэй хэлье! Кино гэдэг хүний далд ухамсрын тэр харанхуй хонгил руу шууд яваад орчихдог ганц урлаг болохоор ийм киног үзэж баясаад, бодож тунгаагаад гараарай гэж уриалах байна. Хамтарч кино хийж байсан хүнээ биш, хийсэн бүтээлийг нь өөрийн хэр хэмжээнд шүүмжлэхэд  ийм буюу.

0 Сэтгэгдэл
ёстой юм бодогдуулсан кино байлээ. 2-р ангийг хийнэ гэж найдаж байна. Амжилт хүсье
goe kino bolson bna lee dvr songolt nawchaa egchees busad ni taalagdlaa. bas ter harznaas garj irj bgaa nutsgen hvvhni hereg yu bnaa. zowhon kinoniho reklamd zoriulj zoriud awsan ymu gemeer naaldatsgui ontsgui sanaa bailaa..
Хамгийн их уншсан