Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нар мишээсэн нутгийн багачууд ”наадав”

Тэртээ Алтайн уулсын
Үзүүр Гурван сайхан
Тэмээн сүргийн говьдоо
Тэнгэр шүргэм бараатай
Ингэн тэмээний нүд шиг
Булаг шанд нь бүлээн
Элсэн хонгор говьдоо
Эхийн сүү шиг мэлтэрнэ
Мандаж жаргах бүрийдээ
Зэсэн улаан наран
Манхан шаргал  говьдоо
Илчээ шингээн уусна
гэх яруу мөрт өөрийн эрхгүй санагдаж, говь шанхын нутгаар аялаад буцахын дайны сэтгэгдэл “Нар мишээсэн алтанхан говь мину” хүүхдийн урлагийн наадмаас төрөв.

Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан уул, Ёлын ам, Мухар Шивэртийн ам гэхчлэн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Өмнөговь аймаг тэмээний тоо, байгалийн баялгаараа алдартайг хэн хүнгүй мэднэ.
Эрт түүхээс улбаатай ховор олдворууд эндээс л илэрдэг болохоор “үлэг гүрвэлийн нутаг” гэх нь ч бий.

Тэгвэл үүнээс өөр бахархах зүйлтэйг бататгах сайхан наадам өчигдөр Улаанбаатар хотноо болсон юм.
Өмнөговийн хүүхдүүд үнэлэшгүй авьяастай болохоо Соёлын төв өргөөний тайзан дээрээс өргөн түмэнд харуулав. 90 хүүхэд нэгэн дуугаар тэмээн сүргээ магтан морин хуур татахад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.
Аливаа урлаг уран сайхны арга хэмжээнд морин хуурыг олуулаа тоглодог уламжлал энэ нутгаас улбаатай гэлцдэг. Хүүхдийн цангинасан дуу, хуурын хоёр чавхдас хоршин ингэнд ботго авахуулах аялгуу болох “Уулган шар”-аар үргэлжилсэн бол удаад нь нас насны багачууд “Өндрийн өвс” хэмээх халх түмний уртын дууг чадварлаг дуулж олныг баясгасан юм.

Эхнээсээ дуустал алга ташилтад умбасан энэ наадмын үеэр хүүхдүүд үзэсгэлэнт нутаг, алтан шар говь, тэмээ, ботгоо магтан дуулж бүжихийн зэрэгцээ Италийн сонгодог Санта лусиа, “I`m alive” зэрэг дууг дуулсан нь тоглолтыг улам сонирхолтой болгох шиг.
Тэмээн сүргийн говиос ирсэнээ илтгэн балчир хүүхдүүд ботгоны дүрд хувилан бүжиглэхийг хараад  тэртээ говьд очсон мэт сайхан санагдана.  
Монголчууд бий биелгээ гэх бүжгийн сайхан өвтэй ард түмэн. Ойрд, халх, баруун монгол бий биелгээг их ярьдаг. Тэгвэл Өмнөговьчууд бүжгийн өөрийн гэсэн өв хөдөлгөөнтэй ард түмэн аж. Тэмээнийхээ явдал, алхааны аясаар хөдлөх энэхүү бүжгийг нь наадмын ерөнхий найруулагч  Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар гуай уян яруугаар тодотгон дэглэжээ. “Цаашид манай тэмээн биелгээ ард түмэнд хүрч, нутгийн нэрийг гаргана даа” гэх хүн ч таарсан юм.

Юутай ч урьд хожид байгаагүй тийм олон хүүхэд нэгэн тайзнаа өөрийн нутаг орныг магтан цэнгэсэн энэ наадам өмнөговьчуудын хувьд час хийсэн реклам болсон нь дамжиггүй. Хүүхдийн урлагийн наадамд 102 бүжигчин, 45 хөгжимчин, 54 дуучин, 90 морин хуурч гэхчлэн 300 гаруй сурагч оролцжээ. Тус аймаг орон нутагтаа “Авьяас” хөтөлбөр амжилттай хэ­рэгжүүлж, хүү­хэд нэг бүрийн авьяасыг нээн хөгжүүлэх ажил нь амжилттай яваа гэдгийг энэ наадмаас бэлхэн харж болно.
Өмнөговь аймгийнхан хүү­хэд багачуудынхаа дунд судалгаа хийж, хүүх­дийн авьяас онцлогийг нээн хөг­жүүлж тэргүүний турш­лагатай багш, иргэдээс бүрдсэн баг байгуулан  аймгийн дэд хөтөлбөрийг бий болгон ажиллаж эхэлсэн аж.  
Уг хөтөлбөрийн үр дүнд хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж өрөгжиж, хүүхдийн өөрөөрөө бахархах мэдрэмж, харилцааны зөв хандлага бий болсон гэнэ. Секц дугуйланд хамрагддаг хүүхдийн тоо өмнөх гурван жилээс 5450-иар нэмэгджээ. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд нийт суралцагчдын 80 гаруй хувь нь секц дугуйланд хамрагдан суралцаж байгаа нь өнгөрсөн жилээс 45 хувь өссөн үзүүлэлт болохыг албаныхан хэлсэн юм. Түүнчлэн аймгийн хэмжээнд таван чиглэлээр 95 төрлийн дугуйлан хичээллүүлж, 85 багш, 10 ардын авьяастан ирээдүй хойч үедээ өөрийн орон нутгийн соёлын өв санг өвлүүлэн үлдээхээр ажиллаж байгаа гэнэ. 

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа гурван бүсэд урлагийн наадмын эхний шатыг зохион байгуулж 19 сургуулийн 1600 гаруй сурагч хамруулснаас гадна багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, багш нарын арга барил, технологийг түгээн дэлгэрүүлжээ.  
Театрын тайзыг доргиосон наадам “Манай говиор зочлон очоорой” гэх сайхан дуугаар өндөрлөсөн юм. Сурагчид “нар мишээсэн нутагтаа” намайг бас таныг урьсан юм.
Үлгэрийн говиор зочлон очоорой
Үлгэрийн говиор зочлон очихдоо
Үүрийн цолмонд хотлон саатаарай
Манантай цэнхэр талын тэртээх
Манай говиор зочлон очоорой
Манай говиор зочлон очихдоо
Малчны өргөөнд саатан морилоорой....


С.Туяахүү: Хүүхдийн авьяасыг нээх нь олон талын ач холбогдолтой

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын урлагийн төрөлжсөн сургалттай дунд сургуулийн багш С.Туяахүүтэй цөөн хором ярилцлаа.

-“Нар мишээсэн алтан­хан говь мину” тоглолт их онцлогтой, сайхан тоглолт болж байх шиг байна?
-Манай сургууль 2000 онд байгуулагдсан юм. “Авьяас” хөтөлбөрт хүүхдүүдээ бүрэн хамруулахыг зорьсон. Энэ тоглолтод манай сургуулиас 64 сурагч оролцож байгаа юм. Бүх сургуулийг хамарсан урла­гийн наадам гурван бүсэд зохион байгуулагдсан. 1600 гаруй сурагч оролцсон том арга хэмжээ болсон. Өнөөдрийн тоглолтод тэр наадмаас шалгарсан 300 гаруй хүүхэд оролцож байгаа юм. Тоглолтонд орон нутгийн онцлогийг харуулсан том уран бүтээлүүд орлоо.  Энд нэг хоёр хүүхдийн ганцаарчилсан үзүүлбэр гэж байхгүй. Бүх үзүүлбэр олон хүүхдээс бүрдэнэ.

-Хүүхэд бүрийг хөг­жүүлнэ гээд байгаа. Багш хүний хувьд та тийм боломж байгаа гэж бодож байна уу?
-Байлгүй яахав. Хүүхдүүд маш их авьяастай юм байна. Урлаг гар урлалаас гадна оюуны чадавхийг хөгжүүлбэл асар их юм гарч ирнэ. Гол нь орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Наад зах нь урлаг  гэхэд хувцас, хөгжим техник хэрэгсэл гээд олон зүйл шаарддаг. Манайханд ардын хөгжмийн зэмсэг дутмаг байдаг.

-Энэ тоглолтод орол­цож байгаа 300 гаруй хүү­хэд их гоё хувцаслажээ. Олон хүүхдийн хувцас бэл­дэх амаргүй байсан биз?
-Аймгийн боловсрол соёлын газар, нийгмийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулаад урлагийн хувцас оёдог хүнээр оёулсан. Богино хугацаанд олон хүүхдийг хувцсаар хангана гэдэг амаргүй ажил юм билээ. Аймгийн Засаг даргын зүгээс нэлээд дэмжлэг үзүүлсэн. Энэ тоглолтод нийтдээ 60 гаруй сая төгрөг зарцуулсан.

-“Авьяас” хөтөлбөр хүүхдэд хэр үр өгөөжөө өгсөн гэж бодож байна вэ?
-Олон талын ач хол­богдолтой юм. Хүүхэд авьяа­саа нээгээд цаашид түүнийгээ хөгжүүлэх хүсэл тэмүүлэл төрөхөөс гадна соёлын болон нийгмийн маш том хүмүүжил олж авч байгаа юм. Наад зах нь тэсвэр тэвчээр, биеэ авч явах соёл, бусдыг хүндэтгэх, халамжлах гээд дурдвал олон л доо.


Б.Хоролсүрэн: Бүжгийн багш болно

“Өндрийн өвс” хэмээх уртын сайхан дууг есөн сурагч морин хуурын чуулбартай хамт дуулсан юм. Дуучдын хамгийн балчир Б.Хоролсүрэн охинтой ийн ярилцав.

-Миний дүү хэдэн настай вэ?
-Долоон настай. Нэгдүгээр ангид сурдаг.
-Аль сургуульд сурдаг юм бэ?
-Ханхонгорт сурдаг.
-Чи хэзээнээс уртын дуу дуулж сурсан юм бэ?
-Би бэлдсээр байгаад дуулаад сурчихсан. Бид есүүлээ “Өндрийн өвс” дууг дуулна.
-Уртын дуу дуулах хэцүү биз дээ?
-Амархан байна.
-Чи том болоод ямар мэрэгжилтэй болохыг хүсдэг вэ. Дуучин болох юм уу?
-Би том болоод бүжгийн багш болно. Би цэцэрлэгт байхдаа бүжиглэдэг байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан