Монгол Улсын Ардын жүжигчин Нямын Дагийранз гуай бурхан болжээ” гэдэг мэдээг сонсоод хачин ихээр харамслаа. Өнгөрсөн Цагаан сараар Монгол кино нэгдлийн ахмадууд цуглахад Булган аймгаас ирснийг нь дуулаад, уулзахаар олон газар руу утас цохиж байж сая нэг Булган аймгийн Булган сумын Тамгын газрын даргатай холбогдтол “Дагийранз гуай өчигдөр хот ороод, оройдоо буцаад ирсэн. Аймгийн ахмадуудын уулзалтад одоо оролцож байна. Хагас цагийн дараа яриулж өгье. Өөрөө утасгүй л дээ” гэхэд нь утасны наана, цаанаас юу ярьж базаах вэ дээ гэж муйхарлаад орхисон билээ.
Ингээд явчихыг нь мэдсэнсэн бол тэр л өдөр яриад, амар мэндийг нь мэдэнгээ утасны цаанаас ч гэсэн алдарт “цахиур” Төмөрийн хоолойг сонсох байж гэж одоо л халаглаж сууна. Монголын дэлгэцийн урлаг ид мандаж байх үед дүр гэдгийг дуу хоолойгоороо жинхэнэ утгаар нь амилуулж явсан мундаг жүжигчин маань ийн 84 насандаа бурхны орныг зорьжээ.
Энгүй хэрнээ эгэл энэ хүний талаар дурсах хүн олон ч ойр дотно ажиллаж явсан хамт олных нь төлөөлөлтэй холбогдож, дурсамжаас нь хуваалцахыг хүслээ.
Монгол кино нэгдэлд хамт ажиллаж байсан жүжигчин Т.Карма “Монгол кино нэгдэлд алдарт жүжигчин Чимэд-Осороос эхлээд мундаг жүжигчидтэй хамт ажиллаж байлаа. Дагий ах маань тэдний л нэг. Би жаахан охин байсан. Аавыгаа эрт алдсан учраас эцгийн маань оронд нөмөр нөөлөг болж байсан тэр мундаг хүмүүсийг дурсахад сайхан байна. Дагий ах маань мундаг жүжигчнээс гадна зурна, ерөөл магтаал хэлнэ, хуурдана гээд л авьяасын ундрага байсан даа.
Хэрэв зурах авьяасаа хөгжүүлсэн бол алдартай монгол зургууд урлах байсан болов уу. Кино үйлдвэрийнхэн маань өнгөрсөн Цагаан сараар хамгийн сүүлд уулзсан. Монгол кино үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсээс одоо эмэгтэйчүүд нь л үлдлээ дээ. Талийгаачийг энэ баасан гарагт нутаглуулна гэсэн. Кино үйлдвэрийнхний төлөөлөл нутаг руу нь явахаар бэлтгэж байгаа” хэмээн ярилаа.
Өнгөрсөн Цагаан сараар кино үйлдвэрийн ахмадуудыг цуглуулж уулзуулах ажлыг гардан зохион байгуулсан гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн дурсамжинд алдарт жүжигчин маань их сайхнаар үлдэж. “Оюутны ширээнээс кино үйлдвэрт очсон үеэ мартдаггүй юм. Ардын жүжигчин Чимид-Осор, Дагийранз, гавьяат жүжигчин Бадамгарваа, Осор, Дамдинбазар, Дамчаа, Элбэгсайхан, Цэнд-Аюуш, Цэцэг, Цэмпилмаа гээд л.... Карма маань надаас нэг жилийн өмнө төгсөөд ирсэн, кинонд дуу хийхдээ гаргууд охин байлаа. Тэр үед жүжигчид орчуулгын кинонд дуу их оруулдаг байсан. Кино үйлдвэр дөрөв таван барилга байгууламжтай, 500 гаруй ажилтан албан хаагчтай, урлагийн салбартаа хамгийн мундаг нь. Бидний кино үйлдвэрт ажиллаж байсан үе ёстой л инээд цалгисан он жилүүд байсан даа. Дагийранз, Дамдинбазар, Равдан, Элбэгсайхан гээд манай алдартнууд юмны донж янзыг олж онигоо зохиохдоо гаргууд, хошин сэтгэлгээ нь их хөгжсөн улс... Хурдан сэтгэж, ончтой илэрхийлэхийг нь яана.

“Эх бүрдийн домог” 1975 оны кино. Тэр үед залуу ч байж. Бага балчир байхад бүх зүйл таавар оньсого шиг санагдаж, элдэв мөрөөдөлд умбах нь их байлаа. Заримдаа хүнээр мэргэлүүлээд хурдхан мэдчих юмсан гэж яарна. “Эх бүрдийн домог” киноны зургийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд авсан юм. Зураг авалтын групп 60 гаруй хүнтэй. Нэг орой Дагийранз гуайгаар “Уулган шарын домог” хайлуулах гээд гадаа сандал тавиад, томчууд орж гараад л хөл хөдөлгөөн болов. Би хоцрохгүйг хичээн нэг явган сандал тавиад байдгаараа дөхөж суулаа. Дагийранз гуайн хөмсөг сахал нь сэрвэлзээд их сүрлэгийг хэлэх үү, бас морин хуур сонихон байсныг хэлэх үү, эхэндээ энэ тэрийг гайхан харц бэлчээсэн шиг суулаа. За тэгээд домог ч эхэллээ. Яг л кино шиг сэтгэлд хөвөрч гарлаа. Урьд өмнө нь би үлгэр домог бишгүй л сонсч байсан ч ингэж дотор нь орж сэтгэл шархирч байгаагүй санагдана. Ялангуяа, ядарч эцэхийн туйл үзэж хээр хаягдсан уулган шар, унаган сайхан нутгаа санагалзан гунганан буйлсаар хорвоогоос хальжээ гэдгийг сонсоод нулимс сул бөмбөрөөд л ирж билээ. Тэгэхэд би морин хуур хэмээх ид шидтэй уянгалаг хөгжим, авьяас билэгтэн Дагийранз гуайг ихэд бахдан биширч билээ. Долгорын Нямаа гуай номондоо: “Алдарт хуурч, ардын жүжигчин Нямын Дагийранз гуай “Уулган шарын домог”-ийг морин хуурын аялгуунд буйлуулан ярьдаг” хэмээн бичсэн байсан. Нээрээ л буйлуулан байж ярьдаг юм билээ. Домог хайлаад дууссаны дараа нэлээн олон хүн Дагийранз гуайн гэрт дагаад орлоо. Би гайхаад л суулаа. Гэтэл сүүлд мэдэхнээ чулуу татуулах гээд орцгоож байсан юм билээ. Хувцасны эрхлэгч Самдан эгчээс “Би юм асуувал болох болов уу” гэсэн чинь намайг дагуулж ороод “Дагий, чи энэ хүүхдийг бас үзээдхээрэй” гэж захисан юм. Тэгээд багана түшээд найдвар багатай шиг зогсч байтал “За байз, энэ муу жаалыг үзээдхэе” гээд надаас юу үзүүлэхийг асуухад тулгамдсандаа, “Би ямар хүн болох нь вэ, миний ирээдүй...” гээд л өөрийгөө ч мэддэггүй мангар хүн аятай эв хавгүй юм хэлчихэв. Дагийранз гуай чулуугаа буулгалаа. Тэгээд доошоо хараад л суугаад байх юм. Муу юм гараад л хэлж болохгүй байгаа юм болов уу гэж бодоод дотор палхийгээд явчив. Тэгтэл гэнэт хөмсгөө сөхөн инээмсэглээд “Миний хүү, сайн явнаа. Чи олон жилийн дараа удаан хугацаагаар холоо явна” гэж билээ” хэмээн Н.Батцэцэг дурссан юм.
Туульч хүн онгод тэнгэрийн удирдлагаар тэр олон мөр шүлгийг дууддаг гэлцдэг. Ардын жүжигчин Н.Дагийранз гуай аргагүй байгаль дэлхийтэйгээ ойрхон байсан учраас тэр онгодыг мэдэрдэг байсан нь ч тэр биз ээ.
Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул хоньчин Н.Дагийранз жараад жилийн тэртээ Хөхөө Намжил, Уулган шар ингэний тухай говийн ард түмний дунд яригддаг домгийг шүлэглэн туурвиснаа морин хуурын эгшгэнд аялгуулан уншиж, Монголын Залуучууд оюутны их наадмын алтан медаль хүртэж байв. Төдөлгүй аймгийн Соёлын ордноос Монгол кино үйлдвэрт татагдсанаар Монголын уран сайхны 50 гаруй киноны гол болон туслах дүрд тоглон, гадаадын 300-гаад кинонд дуу оруулах урлагийн замыг нээсэн юм. Тэр дундаас “Тунгалаг тамир” киноны Цахиур Төмөр, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноёны дүрд дуу оруулсан нь ард түмний сэтгэлд хоногшин үлджээ. Алдарт Цахиур Төмөрийн дүрд Дагийранз гуай л дуу оруулаагүйсэн бол “Тунгалаг Тамир” киноны тэр гайхамшигтай дүр ингэтэл үзэгчдийн зүрх сэтгэлд хүрэхгүй байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.
Яриа дэлгээд, хуучлан суух амьд ахуй үед нь уулзаж чадаагүйн учир урьд өмнө хэлж ярьж байсныг нь хэвлэлийн хуудаснаас шүүрдэж үзэхүйд үнэхээр л нэг уран бүтээлч хүн байж, Монголын кино урлагийг хөгжүүлэх гэж зүтгэж явсан алтан үеийнхний сор нь байж дээ хэмээн эрхгүй бодогдоно.
“Кино үйлдвэр, кино дэлгэц бол миний амьдралын түүх. Хүмүүсийн хэлдэгчлэн хоёр дахь гэр маань. Анхны уран бүтээлүүд маань “Тус биш ус”, “Агуйн нууц”. Говийн эвлэлийн үүрийн Борын тухай чинь юу билээ, аа тийм “Талын цуурай”-гийн нахиу Намхай, Дэл Хөнжлийн Дэлэгсамбуу хэмээх жинхэнэ “дайсан”-даа ч тоглож байлаа. За тэгээд л “Хонины найр”, “Хоньчин Найдан”, “Бүлээн нурам”, “Хил дээр”. “Хүний мөр” гээд олон доо, олон. Тэтгэвэрт сууснаасаа хойш ч гэсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор”, хязгаарын харуулын өвгөн, Японтой хамтарсан нэг кино гээд цөөвтөр шинэ уран бүтээлд оролцсон. Хэрэв миний зэргийн өвгөний дүр байвал одоо ч гэсэн бүтээж дөнгөх байх” хэмээн хамгийн сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурсчээ.
Н.Дагийранз гуайн сэтгэлд хоногшсон бас нэг бүтээл бол “Үер” киноны Михаил гэж орос өвгөний дүрийн дуу. Орчуулгын болон монгол олон ч кинонд дуу оруулж байснаас түүний сэтгэлд энэ л дүр хадгалагдсаар байжээ. Тэрээр энэ дүрийнхээ тухай “Болд Михаил хоёр голын захад суучихсан хажууд нь нууж уусан архины нь лонх хэвтэнэ. Хоёр өвгөн халамцчихсан.
“-Миний хүү, хүрээд ир.
-Аав аа, энэ юу юм?
-Аа, энэ лонх гэдэг юм
-Аавын нүүр яагаад улайчихаав?
-Аав нь уу, угаасаа улаан царайтай юм чинь... Аав хүү хоёр болно доо, болно...” Хэн ч харваас амьдралын хүнд хэцүүд сөгдөж нугаралгүй хат суусан түүний энэ яриа үзэгчдэд төдийгүй миний санаанд мартагдалгүй одоо ч бодогдож явдаг юм” хэмээн дурссан байдаг.
Уран бүтээлч хүн байнга л ямар нэг эмзэглэлийг өөртөө тээж явдаг. Түүний эмзэглэл, үр хойчдоо дамжуулахыг хүссэн болов уу гэмээр үг нь “Морин хуурын хоёрхон чавхдас хорвоог уяртал эгшиглэдэг. Дэлхийн соёлын өвд оруулчихаад байхад монголчууд болохоор тоодог гэхэд ч хаашаа юм, үнэлж цэгнэхэд муу анхаардаг болсонд сэтгэл дундуур явдаг. Манай Ерөнхийлөгч нарын хэн нь билээ сэргээе, айл өрх, байгууллага бүр морин хуураа залъя хэмээн зарлигдсанд баярладаг. Гэхдээ санаанд хүртэл өргөжиж өрнөхгүй л байна гэж өвгөн би бодохоос цаашгүй. Заримдаа үлгэр шиг юм бодож сууна л даа. Багаас нь сургах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгт дуу хөгжмийн хичээл гэж ордогсон. Хэвээр болов уу. Тэр хичээлийн зонхилохыг нь морин хуур сургахад чиглүүлээсэй. Нөгөө олон дугуйлан секцийн тоонд морин хуур ордог болов уу. Томчуудад ч гэсэн сургах, эзэмшүүлэх олон янзын ажил байж болно оо доо. Хамт олноороо морин хуур сурсан байгууллага шалгаруулдаг байвал ямар вэ. Жил бүр аймгийн шилдэг морин хуурч, шилдэг морин хуурын хамтлаг тодруулж өргөмжлөл олгодог журам гаргаасай. Морин хуураар үлгэр домог хайлж адуу янцгаалгаж, бух урамдуулж ингэ буйлуулж, заримдаа хүн яриулж байгааг дүрслэн хөгжилдүүлдэг элдэвтэй авьяастан байдаг шүү дээ. Морин хуурчдын тоглолт бэлтгэвэл иргэд үзэх байх шүү. Булган аймгийн Засаг дарга “Морин хуур” гэсэн хөтөлбөр боловсруулж байгаа сураг дуулдсан. Оновчтой зүйл тусгаад эрчимтэйхэн хэрэгжүүлээсэй хэмээн бодож сууна. Айл өрх бүр морин хуур залдаг болох яриа байдаг юм. Гэрийнхээ хоймор, өрөө байрныхаа нэг хананд өлгөж билгэдэл болгох нь гол биш эгшиглүүлж эзэмшиж сурах хөдөлгөөн өрнүүлмээр байна. Сурсан юм болохоор би хүүхэд залуучуудад зарим зүйл хэлж зааж өгөхсөн гэх бодол байдаг л юм. Өөрөө тэгье, ингэе гээд явахаар хөгшин хэнхэг гэнэ биз дээ. Аймаг, сумын зарим удирдах хүмүүст хэлж л байсан” хэмээн тэрээр хамгийн сүүлийн удаа эмзэглэлээ хэвлэлд дэлгэж байж.
Тэтгэвэртээ гарах гэж хөөрч байхад нь ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч нэг өдөр дуудаад “Бүлээн нурам” уран сайхны киноны зохиолыг уншуулаад, уулын өвгөний дүрийг санал болгоход нь “Ийм муухай дүрд тоглохгүй” гэж тас зөрсөн ч тэтгэвэрт гаргахгүй байж магадгүй гэж санаад аргагүй эрхэнд тэр дүрийг бүтээж байсан гэдэг. Ингээд л 1990 оны дундуур тэтгэвэртээ сууж Булган аймагт амьдрах охин, хүргэн хүү хоёроо бараадан мал маллах болсон аж.
Хүн харахад малын захад явж л байдаг говийн өндөр хөх өвгөдийн л нэг. Тэр ийм л энгийн байхыг эрхэмлэдэг байв. Магадгүй түүнд тэнгэр газар, амьд байгальтай ойр байх нь жаргалтай байдаг ч байсан биз ээ. Дуу хоолой, цэнхэр дэлгэцнээ бүтээсэн дүр бүхэн тань ард түмний сэтгэлд үүр хадгалагдан үлдэнэ. Яг л алтан гадас од хэзээ ч харвадаггүй шиг.