Дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Японы Мисао Окава эмээ өчигдөр 116 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. Окава эмээ 1898 оны гуравдугаар сарын 5-нд кимоногийн дэлгүүрийн эзний гэрт мэндэлсэн байна. Тэрээр гурван хүүхдийн эх бөгөөд өдгөө хоёр хүүхэд нь 90 насыг зооглон энх тунх амьдарч байгаа аж.
Урт насалсан нууцыг нь асуухад Окама эмээ “Амттай зүйл дандаа их иддэг байснаа урт наслахын гол нууц гэе. Дээр нь, ханатал унтаж амарч байх хэрэгтэй” гэсэн байна. Мөн амьдралынх нь туршид бие нь хэзээ ч ноцтой чилээрхэж байгаагүй гэдгийг онцолсон юм.
Өнгөрсөн онд Японы Зироэмон Кимура гэдэг өвөө 117 насандаа өөд болсны дараа Окава эмээ дэлхийн хамгийн өндөр настай хүн болж, Гиннесийн дээд амжилтын номны бүртгэх комисс түүнд батламж гардуулан өгсөн.
Ингэж өндөр наслахад экологи, цаг агаар, хоол хүнс, ус, цалин хөлс, хуримтлал гээд олон зүйл чухал үүрэг гүйцэтгэдэг нь ойлгомжтой.
Саяхан цөмийн цахилгаан станцид гарсын ослыг эс тооцвол Япон улс энэ бүх үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг болохоор олон өндөр настнаараа алдартай. 115-аас дээш насалсан гэдгийг нь хүн амын бүртгэл, тооллогын баримтаар нотолсон дэлхийн хамгийн урт насалсан 30 хүний тав нь япон хүн. Японы хүн амын дундаж наслалт 82,15 жил байхад манай улсын дундаж наслалт 67,05 жил байгаа нь нэгийг харуулна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан мэдээгээр одоогоор Японд 100 насыг зооглосон 50 мянга гаруй хүн байгаа нь 2900 хүн тутамд нэг 100 настан ногдож байгаа хэрэг. 100 настнуудын тоо нь 2050 он гэхэд сая болох аж. Нэг сая зуун настан гэдэг нүсэр тоо шүү.
Хүн амын дотор зуун настнуудын эзэлдэг хувиар дэлхийд тэргүүлдэг өөр нэг улс нь Швед. Есөн сая гаруй амтай энэ улсад 100 ба түүнээс дээш настай 1600 хүн амьдардаг. Өөрөөр хэлбэл, 5800 хүн тутамд нэг зуун настан.
Их Британид 6700 хүн тутамд нэг зуун настан ногддог бөгөөд нийтдээ есөн мянга гаруй 100 настантай.
Ядуу зүдүү амьдралтай, ардчилал байдаггүй, коммунист дарангуйлагч засаглалтай гэж байнга гоочлогддог Кубад 100 давсан настай 1550 хүн амьдардаг. Тансаг, хангалуун амьдрал Кубад байхгүй ч төрөөс эрүүл мэндийн салбартаа онцгой анхаардаг, үйлчилгээ нь үнэ төлбөргүйн дээр урин дулаан уур амьсгалтай болохоор Кубад 7200 хүн тутамд нэг 100 настан ноогддог.
Газрын дундад тэнгис дэх Сардин арал өндөр настнуудаараа алдартай. Пердасфегу нэртэй тосгонд хамгийн олон өндөр настантай гэр бүл байдаг нь үүний тод жишээ. Мелис овогтой энэ айлын хамгийн өндөрт настан нь 107 настай Консалте Мелис эмээ. Тэрээр 14 хүүхэд, 24 ач, 25 гуч, гурван гучинцартай. Консалтегийн хамгийн бага дүү охин нь 78 -тай, том дүү нь 99 настай бөгөөд гэр бүлийн гишүүдийнх нь нийт нас 820 хэдийнэ давсан байна. Сардин арал дээр 100 давсан 370 хүн амьдардаг.
100 насыг давна гэдэг нэгэн төрлийн урлаг гэмээр. Урлаг гэдэг давтагдашгүй болохоор 100-гаас давж гарсан өндөр настан тус бүртээ өөрийн гэсэн жортой. Окава эмээ гэхэд л амттан их идэхийг өөрийнх нь урт наслахын нууц гэсэн. Энэ мэт нууц жор 100 настан болгонд байдаг. Гэхдээ япончуудын өндөр насалхад нөлөөлсөн гол зүйл нь хоол, хүнс гэж үздэг. Далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг нь бие махбодийг фтор, йодоор хангаж, буурцаг нь зүрхний өвчин үүсэхээс сэргийлж, ногоон цай нь бодисын солилцоог идэвхжүүлдэг байна.
Харин Швед гэх мэт Скандинавын хойгийн орнууд нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай ч тослог, ихтэй загас хүнсэндээ өргөн хэрэглэдэг нь урт наслах гол хүчин зүйл нь байдаг аж. Ийм загас нь үе мөч, судас, зүрхийг хамгаалж, өндөр настнууд голдуу өвддөг Альцгеймерийн өвчний явцыг сааруулдаг. Мөн энэ хойгийн орны иргэд цэвэр агаарт биеийн тамираар хичээллэх их дуртай. Финляндад гэхэд хүн амынх нь 70 хувь нь чөлөөт цагаа цэвэр агаарт спортоор хичээллэж өнгөрүүлдэг гэсэн судалгаа байна.
Италичууд тамхи таталтаараа Европт толгой цохидог ч урин дулаан уур амьсгалтайн дээр хүнсэндээ халуун перц ихээр хэрэглэдэг, төрөл садны холбоо маш нягт, ямагт нэгнээ дэмжиж байдаг нь урт наслуулдаг гэнэ.
Харин францчууд улаан дарс, бяслаг, нухаш гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна хамгийн гол нь бага багаар олон удаа, их удаан иддэг нь урт наслуулдаг нэг нууц нь гэж үздэг.
100 түүнээс урт наслахыг хүсч байгаа хүмүүст манайхны ярьдгаар “гаазтай” ундаанаас бүрэн татгалзахыг эмч нар зөвлөдөг. Мөн дарс гэх мэтийн хатуулаг багатай ундааг хэтрүүлэлгүй, багаар долоо хоногт нэг удаа гэх мэт хэрэглэх нь сайн аж. Үүний дээр урт насална гээд туйлын хатуу дэглэм баримтлаж өөрийгөө зовоох хэрэггүй, хааяа ч гэсэн амттан, мах шараад идчихдэг байхад гэмгүй. Амьдралын сайхныг мэдрэх нь урт наслахын зорилго болохоос урт наслах нь амьдралын зорилго биш гэдгийг ямагт санах хэрэгтэйг эмч нар сануулдаг.
Өглөө эртлэн босч ороо өөрөө хурааж, гэрээ цэвэрлэхээс эхлээд гимнастик хийх гэх мэтээр идэвхтэй байх шаардлагатай. Өдөржин зурагт ширтэн эвшээж суудаг, залхуу хүн 100 насладаггүй. Гэрийнхээ гадаа салхинд тогтмол алхалж байгаарай. Нэгэн статистик судалгаанаас үзвэл 100 насыг давсан хүмүүсийн 50 гаруй хувь нь өөдрөг, эерэг сэтгэлгээтэй байхын тулд өдөр болгон тогтмол салхинд гарч алхдаг гэж хариулсан нь нэгийг бодогдуулсан байх. Махан биенээс гадна оюун ухаан гэж чухал зүйл байдгаа мартаж болохгүй. Тархийг булчинтай адил үргэлж дасгалжуулж, чийрэгжүүлж байх хэрэгтэй. Үүний тулд заавал онолын физик судлаж, Нагаржунайн гүн ухааныг судлах гэсний хэрэггүй. Үгийн сүлжээ тогтмол бөглөдөг, “50 саяын уналт” гэх мэт нэвтрүүлэг үзэн өөрөө хариулж байх, “судоку” ба хөгжмийн зэмсэг дээр нь тоглох нь нас дээр гарсан ч сэтгэн бодох чадвараа алдахгүй байхад их чухал үүрэгтэйг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Цаашилбал, найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ дотно харилцаатай бай. Багаар бодож ач нартайгаа компьютер тоглож байхыг сэтгэлзүйчид зөвлөж байна. Мөн шинэ зүйл сонирхож, хоббитой болох нь маш чухал гэдгийг геронтологич буюу хөгшрөлт судалдаг эрдэмтэд онцолдог. Эцэст нь, өрнөдийн эрдэмтэд залуучуудтай ярилцаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэх, уурлаж үглэхээс зайлсхийхийг зөвлөж байна.
Урт настнууд болон хүн амын дундаж наслалтыг харьцуулахад их сонин дүр зураг харагдана. Аль ч улсыг аваад үзсэн эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс 3-5 жилээр илүү. 115–аас дээш насалсан 30 хүний дотор гуравхан нь эрэгтэй байгаа бол үлдсэн 27 нь эмэгтэй. Эмэгтэйчүүд амьдралдаа, эрүүл мэнддээ илүү анхаардаг нь харагдаж байна.
Энэ гучийн дотор Америкийн иргэн хамгийн олон гэдгийг хэлэх хэрэгтэй. Дараа нь, япончууд, гуравт нь Канад, дөрөвт нь Франц, Их Британичууд байна. Дундаж наслалтыг нь харьцуулбал нэгдүгээрт нь 82,15 насладаг гэдгээрээ Андорра ордог. Хоёрдугаарт нь, Япон ордог бол иргэд нь дунджаар 81 насладаг Франц тавдугаарт, 80,45 жил насладаг Канад 10 дугаарт, 78,75 жил насладаг Их Британи 26 дугаарт орж байгаа бол 115 –аас давсан өндөр настнуудаараа нэгдүгээрт ордог АНУ-ын хүн амын дундаж наслалт нь 78,1 жил учраас 30 дугаарт ордог. Товчхон хэлэхэд, өндөр настнуудын тоогоор толгой цохидог улс нь амьжиргаа, амьдрах орчин, эрүүл мэндийн салбарын хөгжил, цалин хөлс гээд бүх л зүйлээрээ дэлхийд тэргүүлдэг. Удахгүй өндөр настан олонтой, амьжиргааны төвшин өндөртэй орнуудын тоонд манай урд хөрш орно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Үүнд, эдийн засгийнх нь үсрэнгүй хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх аж.