Доорх ярилцлагыг Эрнест Хэмингуэйг Нобелийн шагнал хүртсэн жил авчээ. 1954 онд “Өвгөн тэнгис хоёр” зохиолоороо хүн төрөлхтний хамгийн хүндтэй шагналыг хүртээд байхдаа Э.Хэмингуэй “Paris Review” сэтгүүлд энэ ярилцлагыг өгсөн нь ховорхон тохиолдол байв. Уншигчдын гар дээр бэлэн ном болон хүрдэг зохиол бүтээлүүд аугаа зохиолчийн санаа, бодлоос хэрхэн урган гарч, цаасан дээр үг, өгүүлбэр болон буудаг тухай зохиолч хүний амьдралын нарийн ширийнийг энд өгүүлжээ. “Зэр зэвсэг минь баяртай”, “Өвгөн тэнгис хоёр” зэрэг бүтээлүүд нь заавал унших зохиолын тоонд зүй ёсоор тооцогддог, Америкийн XX зууны сонгодгуудын нэг Э.Хэмингуэй 1920-иод онд сонины сэтгүүлч байхаасаа л зохиол бүтээлээ бичсээр 1961 онд амиа егүүтгэж хорвоог орхих хүртлээ зогсолтгүй туурвисаар л байсан юм.
-Зохиолоо бичиж суух үе таатай сайхан байдаг уу?
-Маш сайхан.
-Танд ер нь ажлын хатуу тогтсон дэг, хуваарь гэж байдаг уу?
-Ном, зохиол бичиж байгаа үедээ бол өглөө эрт, гэгээ ормогц л ажиллаж эхэлдэг дээ. Үүрээр саад болох хүн байхгүй, сэрүүхэн байдаг учраас бичихэд яг сайхан таардаг. Эхлээд өмнө бичсэнээ уншина. Тэгж байтал цаашаа юу болох нь толгойд орж ирэхэд шууд л бичээд эхэлдэг. Тэгээд цааш болох үйл явдлууд толгой дотор хөврөөд л байвал бичээд л байна. Ихэвчлэн өглөө зургаан цагт бичиж эхлээд үд дунд хүртэл, эсвэл түүнээс өмнө дуусдаг.
-Тэгээд өмнө бичсэнээ уншиж байхдаа засварлах, дахиад бичих тохиолдол гарах уу. Эсвэл бүгдийг нь дуусгасны дараа засдаг уу?
-Би өдөр бүр засвар хийдэг шүү. Харин зохиолоо нэгэнт дууссаны дараа сэтгэл зүйн хувьд ч тэр дуусчихсан байдаг. Харин гар бичмэлээ эх бэлтгэгчид шилжүүлээд тэднийг алдаа мадаггүй цэвэр бичсэний дараа харахад бол зарим нэг зүйлийг өөрчлөх сүүлчийн боломж олддог. Энэ боломжийг баяртайгаар ашиглах хэрэгтэй.
-Тэгэхдээ хэр их засвар хийх вэ?
-Янз бүр дээ. “Зэр зэвсэг минь баяртай” зохиолынхоо төгсгөлийн хуудсыг санаандаа таартал бичихийн тулд 39 удаа засч билээ.
-Яагаад? Юун дээр тэгтлээ эргэлзээд байсан хэрэг вэ?
-Оносон үг олох гээд л.
-Зохиолоо дахин дахин уншаад байна гэдэг чинь шүүсийг нь л шахах гэсэн хэрэг биз?
-Дахин уншаад байгаа нь чи өөрийнхөө бичиж чадах хамгийн дээд хэмжээндээ л хүргэж, чанаржуулах гэсэн хэрэг шүү дээ.
-Зохиолоо цааш үргэлжлүүлэх санаа, урам зориг огт төрөхгүй үе байх уу?
-Байлгүй яахав. Гэхдээ хэчнээн ч их удсан дахиад эхэлж чадаж л байвал болоо.
-Таныг өдөрт 20 харандаа үзүүрлэж тавьдаг гэсэн яриа байдаг?
-Нэг өдөрт 20 харандаа хэрэглэж байснаа санахгүй юм. Хамгийн сайн ажилласан өдрөө долоон харандаа л элээсэн юм байна.
-Зохиол бичихэд тааламжтай газар гэж байх уу. “Амбо Мандо” зочид буудал магадгүй таны зохиолоо бичих хамгийн дуртай газар байх. Тэнд хэд хэдэн зохиолоо бичиж байсан байх аа?
-Гаванагийн Амбо Мандо бол ажиллахад маш сайхан газар л даа. Гэхдээ би ер хаана ч суугаад зохиолоо биччихдэг хүн. Янз бүрийн нөхцөл байдалд гэсэн үг. Харин утас, зочин хоёр бол ажлын ганц садаа.-Та дурласан үедээ илүү сайн бичдэг гэж дээр хэлж байсан даа. Зохиол бичихэд сэтгэл зүйн байдал хэр нөлөөлдөг вэ?
-Юу гээчийн асуулт вэ. Хөндлөнгөөс хүн л садаа хийхгүй бол ямар ч нөхцөлд бичиж болно шүү дээ. Гэхдээ мэдээж хэрэг дурлаж, хайрласан үед хамгийн сайнаараа бичнэ.
-Зохиолч хүний хувьд мөнгө төгрөгөөр гачигдахгүй байх нь хэр чухал вэ. Энэ нь бичлэгийн чанарт нөлөөлөх үү?
-Хэрэв зохиолчид бүр эрт мөнгөний гачаалаас гарчихсан байдаг бол энэ ажилдаа бүр их дурлахгүй юу. Бичнэ гэдэг цорын ганц баяр баясгалан болсон цагт чамайг үхлээс өөр юу ч зогсоож чадахгүй. Мөнгөнд санаа зовох нь бичих чадварыг үгүй хийдэг.
-Зохиолч болохоор шийдсэн үеэ та яг таг санадаг уу?
-Би үргэлж л зохиолч болохыг хүсдэг байсан.
-Зохиолч болох гэж буй залуу хүмүүст та юу зөвлөх вэ?
-Гараад, өөрийгөө дүүжил гэж хэлье дээ. Яагаад гэвэл сайн бичнэ гэдэг бараг л бүтэшгүй зүйл. Зохиолч хүн өөрийн бичсэнээ өршөөл энэрэлгүйгээр тайрч тасдаад, үлдсэн амьдралынхаа турш дахиад л сайн бичих гэж өөрийгөө хүчилдэг.
-Та залуудаа “Kansas City Star” сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан. Сонин сэтгүүлд ажиллахад нь залуу зохиолчдод үр нөлөөтэй юу?
-”Star” сонинд ажиллаж байх үед энгийн, тодорхой өгүүлбэрээр бич гэдэг байсан л даа. Энэ нь мэдээжийн хэрэг хүн бүхэнд хэрэгтэй чанар шүү дээ. Сонины ажил залуу зохиолчдод гай болно гэж байхгүй л дээ. Гагцхүү өөртөө цаг гаргаж чадвал.
-Зохиолоо бичихэд тань тухайн үед уншиж байсан ном зохиол нөлөөлөх явдал байдаг уу?
-Жойсын “Улисс”-ээс хойш тийм зүйл тохиолдоогүй дээ. Гэхдээ тэр зохиол ч шууд утгаар нөлөөлөөгүй. Тэр үед бид ганц үгний төлөө л “дайтдаг” байлаа.
-Сүүлийн жилүүдэд та бусад зохиолчоос нэг л зайгаа барих болсон. Яагаад тэр вэ?
-Энэ ч их ярвигтай. Ер нь, зохиолч хүн бичих тусмаа л улам ганцаардмал болдог юм байна. Хуучны сайн найзууд өнгөрөөд өгнө. Бусад нь холдоод явчихна. Найзуудтайгаа хуучин цаг шиг кафед суугаад ярьж суух нь ховорхон болно. Харин түүний оронд ганц нэг комик солилцоод, хааяа нэг захидал бичдэг болж. Тэр нь ч сайхан ярилцсанаас ялгаагүй.
-Агуу зохиолчдоос танд хамгийн их үлгэр дуурайл болсон хүнийг нэрлээч гэвэл?
-Марк Твэйн, Стендал, Флоберт, Бах, Тургенев, Толстой, Достоевский, Чехов, Эндрью Марвелл, Жон Донн, Мопассан, Торей, Капитан Маррят, Шекспир, Моцарт, Данте, Виргил, Тинторетто, Бругел, Гояа, Гиотто, Чезанне, Ван Гог гээд л нэрлээд байвал нэг өдөр ч болж мэднэ. Тэгээд дунд нь заримыг нь мартаж орхиж ч магадгүй. Миний амьдрал, зохиол бүтээлд нөлөөлсөн хүмүүсийг бүгдийг нь санах гэж оролдох нь илүүц хэрэг. Уг нь энэ улиг болсон тэнэг асуулт биш л дээ. Маш сайн, гэгээлэг асуулт боловч заавал ухаалаг тайлбар шаарддаг. Хэрхэн бичихийг зохиолчдоос ч биш зураачдаас ч сурч болно. Яаж гэж та асуух байх. Гэхдээ үүнийг тайлбарлахад дахиад нэг өдөр хэрэгтэй. Хөгжмийн зохиолчдоос ч суралцаж болно.
-Та хөгжим тоглодог юм уу?
-Морин хийл тоглодог байсан. Ээж минь намайг бүр сургуулиас гаргаад, бүтэн жил хөгжим сургах гэж оролдсон шүү. Намайг авьяастай л гэж бодсон шиг байгаа юм. Гэвч надад үнэхээр ямар ч авьяас байгаагүй. Манай гэрийнхэн хамтдаа хөгжим тоглодог байлаа. Эгч хийл тоглож байхад ээж төгөлдөр хуур дарна. Харин би дэлхийн хамгийн муу морин хийлч байв.
-Та хэний номыг дахин дахин уншдаг вэ. Жишээлбэл, Марк Твэйнийг дахин уншдаг уу?
-Твэйнийг бол маш сайн санадаг учраас 2-3 жил болж байж уншдаг. Харин Шекспирийн зарим зохиолыг жишээлбэл “Лир Ван”-г жил бүр уншдаг. Унших бүрт сэтгэл өөдрөг болдог. -Таны зохиол бүтээлүүдэд “бэлгэдэл” байдаг гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Шүүмжлэгчид олоод байхыг бодвол байдаг л байлгүй. Хэрвээ та дургүйцэхгүй бол тэдний тухай асуухгүй байж болох уу. Ном, зохиол бичнэ гэдэг өөрөө хангалттай бэрх байтал тэднийхээ тухай тайлбарлана гэдэг бүр хэцүү. Зүгээр л миний тааламжтайгаар бичсэн зүйлийг унш. Тэгээд тэндээс чи юу олж авснаараа тэр зохиолоо хэмж.
-Зохиолч хүн бичиж байгаа ном зохиолынхоо тухай бусдад ярих дэмий гэж та анхааруулдаг. Гэтэл Твэйн, Уайлд гээд олон зохиолч зохиолынхоо санааг бусдад ярьж, нэг талаар уншигч хэр хүлээн авахыг нь танддаг шүү дээ?
-Твэйн лав “Хеклберри Финнд тохиолдсон адал явдал” зохиолоо бичихдээ тэгж тандсан гэж бодохгүй байна. Хэрэв тийм зүйл болсон байлаа гэхэд тэд зохиолын сайхан хэсгийг нь тануулаад, оронд нь хачин муу хэсгийг л нэмүүлсэн байж таарна.
-Та өөрийн бичлэгийн давтагдашгүй хэв маягийг хэр олон жилийн хөдөлмөрийн дүнд олж авсан бэ?
-Энэ асуулт намайг залхааж байна. Хэрвээ та өөрөө энэ асуултын хариултыг олох гээд хэдэн өдөр бодох юм бол эцэстээ бичихээ больж ч мэдэх юм. Сонирхогчдын хэлээд байдаг тэр хэв маяг, стиль гээч зүйл бол зохиолчдын харин ч зайлсхийж явбал зохих зүйл. Өмнөх сонгодгийг давтсан өөр шинэ сонгодог гэж бараг л байдаггүй. Хүмүүс зохиол уншихдаа этгээд сонин талыг нь хамгийн түрүүнд анзаардаг. Тэгээд тэр этгээд сонин байдлыг нь нэг хэв маяг гэж бодоод шууд хуулбарлах гэж оролддог. Үнэхээр харамсалтай.
-“10 Индиан” , “Өнөөдөр баасан гариг” зэрэг зарим зохиолоо та нэг өдрийн дотор бичиж байсан гэдэг. Ер нь, зохиолоо хэр хугацаанд бичдэг вэ?
-Таны хэлсэн энэ зохиолуудыг би Мадридад тавдугаар сарын 16-ны өдөр, нэг хоногийн дотор бичиж байсан юм. Хамгийн эхлээд “Алуурчид”-ыг бичсэн юм. Энийг би өмнө нь бичих гээд орхиж байсан удаатай. Түүний дараа “Өнөөдөр баасан гариг”-ийг бичсэн. Санаанууд ар араасаа орж ирээд байсан учраас би өөрийгөө бүр галзуурчих вий дээ гэж хүртэл бодсон. Гэхдээ тэр өдөр би зургаан зохиол бичнэ гээд бодчихсон байсан учраас гарч Форногийн бухтай тулалдагчдын кафед очиж, кофе уучихаад буцаж ирээд “10 Индиан” зохиолоо бичсэн.
-Зохиолоо бичиж эхлэхээс бүр өмнө ерөнхий төлөвлөгөө, хар зургийг нь гаргачихаад тэр дагуу бичдэг үү, эсвэл бичих явцад энэ нь өөрчлөгддөг үү?
-Заримдаа ч зохиолоо яаж өрнөхийг анхнаасаа мэдэж байдаг л даа. Харин заримдаа цааш ахиулах тусмаа аяндаа үйл явдал нь өөрөө өрнөөд явчих үе ч байна. Ер нь, бүх зүйл бичих явцад өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл, “For Whom the Bell Tolls” зохиолыг бичиж байхдаа өдөр бүр юу гэж бичихээ боддог байв.
-Та өөрийгөө бусад зохиолчтой харьцуулан, үнэлж цэгнэдэг үү?
-Хэзээ ч үгүй. Би өмнө нь зарим зохиолчоос илүү бичих гэж хичээдэг байсан. Гэхдээ түүний оронд өөрийнхөө хамгийн сайнаар бичихэд л болно гэдгийг ойлгоод удаж байна. Заримдаа аз таарч, өөрийн чадлаас илүү сайныг ч бичих үе гардаг.
-Зохиолчид нас ахих тусам авьяас чадвар нь дундардаг гэж та боддог уу?
-Мэдэхгүй юм. Толгой нь ажилласаар байгаа цагт хүн юу хийж байгаагаа мэдэх л байх.
-Зохиолын дүрүүдийн талаар яриагүй юм байна. Таны зохиолын дүрүүд дунд бодит хүнээс санаа авсан дүр бий юу?
-Бодит амьдралаас урган гарсан дүр бий. Гэхдээ ихэнх нь миний хүнийг таних туршлага, мэдлэг дээр үндэслэн зохиосон дүрүүд.
-Тэгвэл бодит хүнийг зохиолын баатар болгосон дүрийнхээ тухай яриач?
-Хэрвээ би бичсэн зохиолоо дараа нь өөрөө тайлбарлах юм бол гарын авлага болсноос ялгаа юу байна.
-Та ер нь ном, зохиолынхоо нэрийг яаж өгдөг вэ. Бичиж байхдаа бодоод олчихдог уу?
-Номоо бичиж дуусгаад нэрийн жагсаалт гаргадаг. Заримдаа бүр 100 гаруй нэр бодож олчихоод тэндээсээ хасаад явдаг. Тэгж тэгж бүр нэг ч үгүй хоцрох үе гарна.
-Тэгээд л зохиол дундах үгсээсээ “Цагаан заан шиг толгод” гэх мэтийн нэр олоод өгчихдөг хэрэг үү?
-Тийм ээ, гарчиг юмуу нэрийг дандаа дараа нь л өгдөг.
-Зохиол бичээгүй үедээ байнгын ажиглагч хийх үү. Зохиол бичиж болохоор юу байна гээд л?
-Тэгэлгүй яахав. Зохиолч хүн ажиглаж харж чадахаа больсон үедээ л дуусна. Гэхдээ ажиглаж байна гээд л бүх зүйлийг анхааралтай хараад л, ашиглаж болох юу байна гээд л бодоод байна гэсэн үг биш. Эцсийн эцэст зохиолч хүний үзсэн харсан бүхэн, туулсан амьдрал нь өөрөө санаа, сэдвийн асар их нөөц болохыг ойлгоно.
-Зохиол бичихдээ баримталдаг зарчим гэж танд бий юү?
-Мөсөн уулын зарчмыг л үргэлж барихыг хичээдэг дээ. Мөсөн уулын наймны долоо нь усан дор, нүдэнд үл харагдан оршдог. Тэгэхээр зохиол дээр илтэд мэдэгдэх зүйлийг хасаад л явах хэрэгтэй. Ингэснээр чиний мөсөн уул улам бүр хүчирхэг болно.
“Өвгөн тэнгис хоёр”-ыг би мянган хуудастай зохиол болгоод, түүндээ тосгоны хүн бүрийг нь зохиолынхоо баатар болгон оруулаад, тэндэхийн хүмүүс хэрхэн аж төрдгийг дэлгэрэнгүй бичиж болох л байсан. Гэвч тиймэрхүү зүйлийг бусад зохиолчид хангалттай сайн бичсэн шүү дээ. Ерөөсөө бусдын өмнө нь хангалттай сайхан бичсэн зүйлийг чи өөрийнхөө зохиолд дээр давтаж бичих гээд хэрэггүй. Хасах хэрэгтэй. Тийм л учраас би бусдын хийгээгүй зүйлийг оролдох гэдэг юм.