Сирийн арми Дамаск хотоос өмнөд зүгт явуулж байгаа алан хядагчдын эсрэг байлдааны ажиллагааны хүрээг тэлж эхэлсэн тухай “Аль-Ватан” сонин мэдээллээ. Сирийн Цэргийн нисэх хүчний онгоцууд Дамаск хотоос урагш 110 км-ийн алсад байрладаг Дера мужийн Нава, Умм-Маязин, Эль-Ядуда, Энхель сууринд орогносон алан хядагчдын бүлэглүүдэд агаараас цохилт өгчээ.
Мөн алан хядагчдын үндсэн түшиц газар болсон Назихин, Газиет-Шаркирия дахь амьд хүчний бөөгнөрлийг бөмбөгджээ. Энэ ажиллагааны явцад хэт явцуу үзэлт “Жебхат ан-нусра” бүлэглэлийн удирдлагын төвийг устгаж, алан хядагчдад зэвсэг, сум, байлдааны техник хүргэхээр Иорданы хил даван ирж явсан цувааг саатуулсан байна. Энэ бүс нутагт Иорданы Эс-Салт хот дахь бэлтгэлийн төвд сургуулилт хийсэн алан хядагчид нууцаар хил давж, Дамаск орчмын Зүүн ба Өмнөд Гута бүс нутаг руу нэвтрэхийг оролдох нь сүүлийн үед газар авсныг Сирийн мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Эдгээр нутгийг Сирийн арми алан хядагчдаас бүрэн чөлөөлөөд буй. Үүнтэй холбоотойгоор Сирийн Засгийн газраас Иорданы хаанд хандан алах хядагчдыг дэмжихээ зогсоохыг шаардсан анхааруулга хэд хэдийг явуулж.
Дамаскаас 60 км зайтай Эль Кунтэйра мужид Сирийн арми ба сайн дурынхны хүчин нь алан хядагчдыг бүслэн олон тооны техник, амьд хүчийг устгасан. Мөн Эль-Аднани, Эль-Кахтани хотын орчим алан хядагчдыг шахаж, Дамаск хотын баруун ба зүүн хойд дүүрэгт бүгсэн “Лалын фронт” бүлэглэлийн зэвсэгт дайчдыг бага багаар шахан гаргаж байна.
Дамаскаас холгүйхэн байдаг Ябруд хотыг тойрсон тулаан ширүүсч байгаа тухай Куйветийн “Al-Rai” сонин мэдээлэв. Ябруд хот нь Каламун муж дахь алан хядагчдын гол түшиц газар. Дамаск ба Ливаны хилийн хооронд байрладаг болохоор алан хядагчдыг Ливаны нутгаар дамжуулан зэвсэг, сум, хүн хүчээ сэлгэх үндсэн бааз нь болдог. Ийм хот болон түүний ойр орчмыг алан хядагчдад алдвал хангамж авах боломжгүй болох учраас нийслэл Дамаск орчмын стратегийн чухал ач холбогдолтой газраас ухрахаас өөр аргагүй болно.
Сирийн армийнхан Ябруд хот болон түүний орчмын нутгийг алан хядагчдаас чөлөөлснөөр Сирийн Өмнөд ба Хойд нутгийг тусгаарлах боломжтой болно.
Иймд Сирийн арми хот руу зургаан талаас нь дайралт хийгээд эхэлжээ. “Al-Rai” сонинд Сирийн армийн штаб ба Асадын талд байлддаг шиит урсгалын “Хизбалла” бүлэглэлийн хүмүүсийн хэлснээр хотыг эзлэх тулаан сар орчим үргэлжилнэ. Энэ тулаанд тэд өмнөх ажиллагаанаас илүү хариуцлагатай, ул суурьтай хандаж, өөрт байгаа зэвсгийн хүчийг дээд зэргээр ашиглах гэнэ. Алан хядагчдын эсрэг хийж байгаа дайралтад 10 мянга гаруй цэргийн албан хаагч 200 орчим танк, тусгай хүчин, пуужин харвагч “Вулкан” төхөөрөмж, их буу, байлдааны онгоц, нисдэг тэрэг өргөн ашиглаж байна. Үүний хүчинд армийнхан хотыг тойрсон хэд хэдэн чухал өндөрлөгийг эзэлсэн ч уулархаг нутагт байлдаж буйгаас зэвсэг, хүчний давуу байдлаа тэр бүр үр дүнтэй ашиглаж чадахгүйд хүрчээ. Ябруд хотод бүгсэн зэвсэгт дайчдын тоо тодорхойгүй ч долоон мянга хүртэл хүн хүчтэй байж магадгүй гэж таамаглажээ.
Алеппо хотын аж үйлдвэрлэлийн бүс болох Шейх Нажарт Засгийн газрын цэрэг ба хэт явцуу үзэлт бүлэглэлүүдийн хооронд ширүүн тулаан үргэлжилсээр. Босогчид Алеппогоос 35 км-ийн цаана байдаг цэргийн нисэх буудлыг эзлэх оролдлого хийж, армийнхан тэдэнд нисдэг тэрэгнээс цохилт өгсөөр. Мөн хот дахь армийн ангиуд ба энгийн иргэдийг хүнс, зэвсгээр хангадаг Хама-Алеппо замыг алан хядагчид таслах гэж удаа дараа оролдож байгаа ч амжилтад хүрсэнгүй.
Сүүлийн үед Башар Асадын арми энэ мэтээр дайны талбарт багагүй амжилт олж алан хядагчид болон сөрөг хүчний босогчдыг бүх талаар шахаж эхэлсэн нь Америкийг бухимдуулж байгаа бололтой. Керри нь Асадыг энхийн гэрээ хийхийн хүсэхгүй, хүчээр бүгдийг шийдэхийг хичээж байна гэж шүүмжилсэн. Обама нь Асадыг химийн зэвсгийг Сириэс гаргах товноос хоцорч байгааг онцлоод үүнээс үүдэн гарах бүх үр дагаврын хариуцлагыг оросууд болон Асад хүлээнэ гэдгийг анхааруулсан нь бухимдлын хэмжээг харуулж байгаа юм. Хэрэв Асад нь химийн зэвсгээ тохиролцоонд заасан хугацаанд гаргаж амжихгүй бол Америк тэргүүтэй өрнөдийн орнууд зэвсэг хэрэглэх боломжтой болох юм. Тиймээс эртнээс шүүмжлээд эхлэхэд буруудах зүйлгүй гэж үзэж байж магадгүй.
Энэ хооронд сөрөг хүчний тоонд ордог бүлэглэлүүд хоорондын тэмцэл тасрахгүй байна. Алеппо хотоос хойд зүгт “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэл нэг талаас нь нөгөө талаас “Лалын фронт”, “Жебхат ан нусра” бүлэглэлийн хооронд ширүүн мөргөлдөөн тасрахгүй байна. Тэд нэг нэгнийхээ эсрэг амиа золиослогч явуулах, тэсрэх бодис бүхий машинаар дайрах гэх мэт алан хядагчдын гаргууд хэрэглэдэг аргуудаа ашиглаж байгаа аж.
Тухайлбал, өнгөрсөн ням гарагт Туркийн хил орчмын босогчдын эмнэлгийн ойролцоо бөмбөг дэлбэрсний улмаас олон арван хүн амиа алдав. Аллепо хотын Эль –Халак дүүрэгт “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийн явуулсан амиа золиослогч “Исламын фронт”-ын штабыг дэлбэлэн зургаан ч даргын аминд хүрчээ. Мөн “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийнхэн Ирак дахь түшиц газруудаасаа нэмэлт хүч авсны дараа Евфрат мөрний дагуу “Лалын фронтын” эсрэг сөрөг дайралтад оржээ.
Сирид Асадын арми бага багаар лалын явцуу үзэлтнүүдийг шахаж, нөгөөдүүл нь Асадтай байлдахтай зэрэгцэн хоорондоо тасралтгүй хэмлэлдэн байдал ээдрээтэй хэвээр. Сирийн босогчид Асадын армийн танк, онгоц ба нисдэг тэрэгний эсрэг тэмцэх зэвсэг хангалтгүй гэдэг нь ялагдал хүлээхэд хүргэх гол шалтгаан болж байгааг шинжээчид онцолдог.
Иймд босогчид, ялангуяа тэдний дундахь лалын хэт явцуу үзэлтнүүдийг дэмждэг Саудын Арави нь тэдэнд танк ба онгоц эсэргүүцэгч пуужин нийлүүлэх арга замыг идэвхтэй эрэлхийлж байгаа тухай “France-Presse” агентлаг мэдээллээ. Тус агентлангийн мэдээлж буйгаар Пакистанд үйлдвэрлэсэн пуужинг босогчдод нийлүүлэх талаар Саудын Арави хэлэлцээр хийж байгаа аж. Хэлэлцээр амжилттай болвол онгоц ба танк эсэргүүцэгч пакистанд үйлдвэрлэсэн пуужинг эхлэн Иорданы нутагт төвлөрүүлж байгаад нууцаар хил давуулан босогчдод нийлүүлнэ.
Саудын Арави өөрсдөө зэвсэг нийлүүлэх гэхээр Америкийн зөвшөөрөл гэсэн том асуудалтай тулгардаг. Саудын Аравийн дийлэнх зэвсэглэл нь Америк болон өрнөдийн бусад оронд үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийнх. Эдгээр зэвсэглэлийг худалдан авахдаа саудчууд гурав дахь орон руу экспортлохгүй, нийлүүлэхгүй гэсэн хатуу үүрэг хүлээдэг. Дээр нь, өрнөдийн орнууд босогчдод зэвсэг нийлүүлэхгүй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн тул босогчид хамгийн сүүлийн үеийн зэвсгээр нь байлдаж байгаад баригдвал нэр хүндэд нь сэвтэй. Иймд саудчууд өөрийн болон түншүүдийнхээ нэрийг авч гарахтай зэрэгцэн босогчдын зэвсэглэлийн асуудлыг нэг мөр шийдэхийн тулд Пакистантай хэлэлцээр хийж байгаа бололтой.
Пакистан ба Саудын Арави хоёр эртнээс дотно харилцаатай. Хоёулаа лалын шашны суннит урсгал давамгайлсан, шашны нөлөө асар их байдаг орон. Хүйтэн дайны үеэс л Зөвлөлтийн эсрэг Афганистанд лалын зэвсэгт дайчдыг бэлтгэхэд хамтран ажиллах гээд зэвсгийн тал дээр нягт хамтарсан туршлага арвин. Тухайлбал, Пакистаныг цөмийн зэвсэгтэй болох хөтөлбөрөө хэрэгжүүлэх үед дэлхийн дийлэнх орон эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Пакистан маш хүнд байдалд ороод байсан ч Саудын Арави л ганцаараа хориг арга хэмжээнд нэгдээгүй төдийгүй өдөр болгон 50 мянган баррель нефть үнэгүй нийлүүлж, ихээхэн хэмжээний мөнгөн болон бусад төрлийн буцалтгүй тусламж үзүүлж байсны ачаар эдийн засгийн гүн хямралд ороогүй төдийгүй, цөмийн зэвсэгтэй болж чадсан гэж зарим эх сурвалж үздэг гэдгийг хэлэх хэрэгтэй.