Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эсэргүүцлийн хөдөлгөөн газар авч байна

Энэ жил дэлхийн нийтэд тулгарах хамгийн ноцтой асуудлуудын нэг нь олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн байх болно гэдгийг шинжээчид анхааруулж байсан. Эсэргүүцлийн хөдөлгөөн, үймээний гол шалтгаан нь улс төрийн хэт явцуурал, иргэдийн амьжиргааны төвшин дээшлэхгүй байгаа явдал, шашин шүтлэгийн ялгаа байна гэж шинжээчид онцолсон. Эсэргүүцлийн жагсаалыг далимдуулан явцуу эрх ашиг хөөцөлдсөн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжин хот, муж цаашилбал улс орныг бүхэлд нь хамарсан цуст мөргөлдөөн, иргэний дайны үүсэхэд тулж магадгүй гэдгийг ч анхааруулсан.
Иймд улс төр, эдийн засгийн хувьд тогтворжоогүй байгаа орны эрх баригчдад хандан эдгээр чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг уриалсан. Гэвч олон орны хувьд энэ бүх асуудал өчигдөр эхэлчихээгүй, олон жил дамжин бугшсан зүйл болохоор яаралтай арга хэмжээг тэр бүр авч чадахгүй л байна. Үүнээс болж цөөнгүй оронд байдал түгшүүртэй, хүний аминд хүрсэн цус мөргөлдөөн болж хувирсан, зарим улсад үймээний эх тавигдсан гэсэн байдалтай байгаа юм.

Украйн, Бразиль, Тайланд, Төв Африкийн бүгд найрамдах улс, Египет зэрэг улсад ээдрээтэй асуудал он гарсаар шийдэгдээгүй төдийгүй улам хурцадаж байгаа нь дэлхийн нийтийн анхаарлын төвд байна.

Украйн

Украйнд сөрөг хүчнийхэн “Май­дан” нэртэй эсэргүүцлийн жагсаал хийж, энэ оны дэлхийн олон орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, үймээний салхийг хагалсан.
Сөрөг хүчнийхэн, бүр тодруулбал Украйны баруун нутгаас гаралтай хүмүүсийн толгойлсон хүчнийхэн эрх баригчдыг Европтой хамтран ажиллах гэрээ байгуулсангүй, Оростой хэт дотно харилцаатай байна гэж эсэргүүцэн жагсаал хийсэн нь яваандаа энэ улсыг бүхэлд нь хамарсан үймээний байдалтай болж хувиргасан. Сөрөг хүчин ба эрх баригчид хоорондын зөрчил өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Жагсагчид нь, Ерөнхийлөгчийг огцрох, үндсэн хуулийг өөрчлөх, улсын тогтолцоог солих гэсэн шаардлага тавьсан хэвээр. Тэднийг Америк тэргүүтэй өрнөдийн орнууд илэрхий дэмжиж, зарим эх сурвалжийн мэдээлснээр мөнгөөр тэтгэж байгаа аж. Сөрөг хүчний удирдагчдыг Америк болон Өрнөд Европын орнуудын төлөөлөгчид хүлээн авч уулзан ялалт байгуулж засгийн эрхэнд гараад өрнөдийн баримталсан бодлого явуулж эхэлбэл зүйл бүрээр дэмжинэ гэдгээ удаа дараалан мэдэгдсээр байна.
Сүүлийн хэдэн өдөр эрх баригчид эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүст өршөөл үзүүлэн суллаж, сөрөг хүчин хариуд нь Украйны төвд байгуулсан хориг саадаа цэвэрлээд овоо нааштай байлаа.

Гэтэл өчигдрөөс эхлээд байдал огцом хурцдав. Хэт үндсэрхэг үзэлт залуучууд цагдаагийн ажилтнууд руу дайрснаар үймээн, эмх замбараагүй байдал дахин эхэлжээ.  Харьков ба Кривой Рог хотуудад үл мэдэгдэх хүмүүс сөрөг хүчнийг удирдаж байгаад “Свобода” и “УДАР” намуудын байрыг шатаасан бол Луцк хотод сөрөг хүчний талыг баримтлагч зуу гаруй хүн эрх баригч “Бүс нутгийн нам”, Коммнуист намыг байр руу дайрсан байна. Мод чулуугаар зэвсэглэсэн хүмүүс Киев дэх Канадын  Элчин сайдын яамны байр руу дайран орж “Вести” сонины сэтгүүлч бууны суманд өртөн амиа алдсанаар галт зэвсэг хэрэглэх давалгаа эхлэв.

Одоогоор сөрөг хүчнийхэн ба жагсагчдын хооронд болсон мөргөлдөөний улмаас 25 хүн амиа алдсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь үймээн дэгдээгчдийг номхруулах ажиллагаанд оролцсон цагдаа нар аж. Үндсэрхэг үзэлт залуучууд цагдаа нарыг ангуучилж эхэлсэн гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Тухайлбал, Киев хотод үл мэдэгдэх хүмүүс замын цагдаагийн эргүүл рүү гал нээсний улмаас хоёр цагдаа газар дээрээ нас барсан байна. Одоогоор мөргөлдөөний улмаас шархадаж, бэртэн эмнэлэгт хүргэгдсэн цаг­даа нарын тоо 160 хүрчээ.

Эрх баригчдын зүгээс сөрөг хүчинд хандан галт зэвсэг хэрэглэхээс татгалзах, үймээнийг зогсоон, хэлэлцээрийн ширээний ард сууж эвлэрэлд хүрэхийг удаа дараалан уриалж буй. Сөрөг хүчний удирдлага хариуд нь Ерөнхийлөгч Януковичийг огцрохыг үргэлжлүүлэн шаардаж, Украйнд болж байгаа энэ бүх аллага, хүчирхийллийн бүх бурууг эрх баригчид хүлээнэ гэсэн мэдэгдэл хийхээс хэтрэхгүй байна. Тэд цагдаа нар руу буудаж, үймээн дэгдээж байгаа үндсэрхэг үзэлт залуучуудыг хянаж чадахгүй байгаа болохоор ийм мэдэгдэл хийснээр өөрсдийн нэрийг цэвэр авч үлдэх нь дээр гэж үзсэн бололтой.

Энэ хооронд Европын холбоо, Америкийн нөлөө бүхий улстөрчид ээлж дараалан мэдэгдэл хийхдээ Украйнд болж байгаа бүх үймээний бурууг Ерөнхийлөгч Януковичид тохож, сөрөг хүчнийг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Мөн хотуудаас цагдаа нарыг гаргах гэх мэтээр нэн даруй хүчирхийллийг зогсоогоогүй тохиолдолд Украйны эсрэг эдийн засаг болон улс төрийн хориг арга хэмжээ авна гэж дарамтлаад эхэлсэн.

Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр сөрөг хүчнийг дэмжигчид цэргийн анги руу дайрч  түймэр тавьсны улмаас 30 гаруй цэргийн албан хаагч шархадан эмнэлэгт хүргэгдсэн ажээ.
Байдал цаашид ийм байдлаар үргэлжилбэл Украйн Өрнөдийн талыг баримтлагч баруун ба Оросын талыг баримтлагч зүүн гэсэн хоёр хэсэг болон хуваагдах,  иргэний дайн үүсч болзошгүй гэдгийг зарим шинжээч анхааруулж байна.

Тайланд

Он гарахын өмнө эсэргүүцлийн жагсаал, үймээнийг эхлүүлээд байсан Тайландын сөрөг хүчин он гарсны дараа ч эрчээ бууруулалгүй үргэлжлүүлэв. Тэд Ерөнхий сайд Чинаватыг огцрох, Засгийн газар бүрдүүлэх, парламентад суудал авах зарчмыг өөрчлөх замаар Тайландын улс төрийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхийг шаардаж байгаа юм. Тайландын Засгийн газар сөрөг хүчний шаардлагын дагуу огцорсон бөгөөд парламентын хугацаанаас өмнөх сонгууль зарласан. Гэтэл сөрөг хүчнийхэн улс төрийн тогтолцоог үндсээр өөрчлөөгүй тохиолдолд сонгууль явуулах нь үр дүнгүй гэж үзэн сонгуулийг үр дүнг  хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн өдрүүдэд эрх баригчдыг эсэргүүцсэн хөдөлгөөнд тариачид олноор нэгдээд байгаа. Тэд цагаан будаа тариалагчдад төрөөс олгоно гэсэн нөхөн олговрыг нэг даруй өгөхийг шаардаж байна.
Тайландын Засгийн газраас фермерийн аж ахуйг дэмжих зорилгоор зах зээлийн үнийн уналтаас болж алдагдал хүлээсэн тариачдад нөхөн олговор олгож байсан ч сүүлийн хэдэн сарын турш улс орныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаалын улмаас яам, тамгын газрууд хэвийн ажиллах боломжгүй болж, олголтыг түр зогсоосон юм.

Жагсагчид одоогоор Тайландын Засгийн газрын ордон болон төрийн яам, албадын бусад газрыг бүслэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Цагдаа нар хүлээсэн үүргийнхээ дагуу төрийн объектүүдийг чөлөөлөх арга хэмжээ явуулахдаа ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч буй. Одоогийн байдлаар гурван цагдаа амиа алдаж, 64 хүн шархадаад байгаа тухай Бангкок хотын яаралтай тусламжийн төвөөс мэдээлжээ.
Эрх баригчид сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээр хийх гэж удаа дараа оролдсон ч бодит амжилтад хүрээгүй. Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Чинаватыг үг дуугүй огцрох, саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцох гэсэн байр сууриа өөрчлөхийг хүсэхгүй байгаа.
Байдал цаашид ийм байдлаар үргэлжилбэл Тайландад иргэний дайн үүсч болзошгүй гэдгийг зарим шинжээч мөн л анхаарууллаа.

Венесуэль

Долоо хоногийн өмнөөс Венесуэльд эхэлсэн эмх замбараагүй байдал одоо болтол намжаагүй хэвээр. Оюутнууд Мадуро тэргүүтэй эрх баригчдын явуулж байгаа эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн бөгөөд амьжиргааны наад захын бүтээгдэхүүний хомсдолыг арилгахыг шаардан жагсаалаа эхлүүлсэн юм. Гэвч эсэргүүцлийн жагсаал нь эмх замбараагүй үймээн болон хувирч жагсагчид ба цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж байна. Энэ мөргөлдөөний үеэр 70 гаруй хүн шархдаж, гурван хүн амиа алдаад байгаа юм.
Эрх баригчид үймээн самууныг Америкийн Засгийн газар санхүүжүүлж, алсаас удирдаж байна гэж буруутган, гурван дипломатчийг улсаасаа хөөн гаргасан ч байдал онц  өөрчлөгдсөнгүй.

Үймээн зохион байгуулсан гэж буруутган эрэн сурвалжилж байсан сөрөг хүчний төлөөлөгч Леопольдо Лопес нь өчигдөр сайн дураараа эрх баригчдад бууж өгсний дараа байдал улам хурцадлаа. Лопесийг интернэтээр дамжуулан хүмүүсийг гудамжинд гарч жагсах, үймээнд оролцохыг уриалсан гэж буруутгаад байгаа юм. Лопес “Twitter” дээрээ “Би буруугүй. Надад айх зүйл алга. Нэтээс гарлаа. Венесуэльд баярлалаа. Өөрчлөлт зөвхөн биднээс хамаарна. Бид бууж өгөхгүй. Би бууж өгөхгүй” гэж бичиж. Лопесийг баривчлагдсан сургаар түүнийг дэмжигч хэдэн арван мянган хүн Каракас хотын гудамжинд гарч замын хөдөлгөөнийг хаан эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.

Венесуэльд байдал намжих хараахан болоогүй байна. Эрх баригчид ба сөрөг хүчнийхэн зөвшилцөлд хүрч чадахгүй бол одоо Украйнд болж байгаагаас илүү дор байдал энэ улсад үүсч магадгүй юм.
Америк, Европын холбооны төлөөлөгчид Венесуэлийн удирдлагад хандан сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх, эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг суллахыг уриалсан.

Бразиль

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах гэж байгаа Бразильд ч байдал тогтворгүй байна. Энэ улсад өнгөрсөн оноос эхлэн эсэргүүцлийн жагсаал цуглаан тасарсангүй. Эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байгаа хүмүүс Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахыг эсэргүүцэж, тэмцээнийг цуцлахыг шаардаж байгаа билээ. Хөлбөмбөгийг үндэсний спортоо гэдэг оронд ийм жагсаал цуглаан гарна гэдэг хачирхалтай.

Жагсагчид нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад хэт их зардал гаргаж байгааг эсэргүүцсэн юм. Цэнгэлдэх хүрээлэн, зочид буудал барихад улсаас зарцуулж байгаа асар их хөрөнгийг эрүүл мэнд, боловсролын салбар, залуучууд ба өндөр настнуудад зориулсан тэтгэ­лэг, тэтгэврийг нэмэхэд чиглүүлэхийг Засгийн газраасаа шаардлаа.
Өнгөрсөн оны байдлаар Бразилийн бүх том хотод сая гаруй хүн Засгийн газрын эсрэг жагсаалд оролцож, цагдаа нартай тэмцэлдэн цөөнгүй хүний аминд хүрч, хэдэн зуун хүн шархадсан. Он гарсаар байдал онц дээрдсэнгүй.

Нэгдүгээр сард Рио-де- Жанейро, Сан-Паулу хотуудад баг өмссөн залуучууд хөлбөмбөгийн дэлхийн аваргын эсрэг уриатайгаар жагсаал эхэлсэн ч  удалгүй жагсаалын дагуух дэлгүүр, компанийн оффисуудыг дээрэмдсэн үймээн самуун болж хувирсан. Тэднийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан бөгөөд 120 орчим хүнийг баривчилсан.

Долоо хоногийн өмнө “Газаргүй тариачдын хөдөлгөөн” нэртэй хөдөлгөөнийг дэмжигчид Ерөнхийлөгчийн ордон, Боловсролын яам, Парламентын ордныг бүслэн хааж, эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. Тэд хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт хийх, хөдөөгийн боловсролын байгууллагуудын төсвийг нэмэх, фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгохыг Засгийн газраас шаардсан байна.
Жагсаалыг тараах явцад энэ хөдөлгөөнийг дэмжигч 20 мянга орчим хүн ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, 32 хүн шархадсаны дийлэнх нь цагдаа нар байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан