Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украин иргэний дайны ирмэг дээр байна: 26 хүн амь алдлаа


Украины нийслэл Киевт эмх замбараагүй байдал үргэлжлэн тусгай тасгийн “Беркут”-ынхан жагсагчид руу дайрч байгаа бол Львов хотод засгийн газрыг эсэргүүцэгчид мужийн прокурорын байшинг эзэлж, Ивано-Франковскт жагсагчид автомат, пулемётоор зэвсэглэжээ.
Хоёрдугаар сарын 18-ны оройноос хүчний байгууллагынхан жагсагчдыг тараахаар байрлал руу нь дайрч хоёр талын хооронд мөргөлдөөн үүссэнээр хамгийн багаар бодоход 20 хүн амь алдаад байна гэж Украины  ДЯЯ мэдээлж байна. Эдний 9 нь цагдаа, хүчний байгууллагын ажилтнууд бол 11 нь жагсагчдаас байгаа юм байна.
Бэртэж шархадсан хүний тоо хэдэн зуугаар тоологдож зарим эх сурвалжаар бол мянга давсан мэдээ байна.

Харин Эрүүл мэндийн яам бол өөр тоо хэлж 26 хүн нас барж, 351 хүн эмнэлгийн тусламж авсан бол 241 хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэжээ. Киевийн эмнэлгүүд шархтнуудаар дүүрч хөнгөн бэртэл авсан хүмүүсийг хэвтүүлэх газаргүйгээс тусламж үзүүлээд явуулж байгаа мэдээ бас байна.

“Вести” сонины сурвалжлагч Вячеслав Веремяг энд албан үүргээ гүйцэтгэж яваад амь алдсан гэсэн мэдээ бас байна. Түүнийг ажлаасаа гараад нөхөдтэйгээ машинаар явж байхад нь замын уулзвар дээр тэдэн рүү халдаж машин нь шатан жолооч зорчигчдыг гаргасан ч гэдсэндээ сумны шарх авсан сэтгүүлч эмнэлэгт очоод нас барсан байна.
Ер нь хоёр талын мөргөлдөөн эхэлсэн сүүлийн хоёр хоногт 25 сэтгүүлч нэрвэгдэн бэртэл гэмтэл авсан мэдээ байгаа юм.

Сөргөлдөөн болж байгаа нийслэлийн төвд энд тэнгүй гал шатаж, байн байн жагсагчид руу дайрч байгаа хүчний байгууллагын хуягт тээвэрлэгч, автомашин руу сөрөг хүчнийхэн шатаагч шингэнтэй шил шидлэн шатааж байна.
Сөрөг хүчний жагсагчдын гол штаб болж байсан Үйлдвэрчний эвлэлүүдийн ордон шатаж, энд гал сөнөөгч, аврагч 80 хүн, долоон гэж техниктэй ажилласаар байгаа ч өнөө болтол унтрааж хүчрээгүй байгаа юм. Худалдааны “Глобус” төвийн дэргэд хоёр талын мөргөлдөөн болж талбайн дэргэд бас нэг байшин шатаж байна. Мөргөлдөөн болж байгаа газрын дэргэд Киевийн хөгжмийн дээд сургуулийн барилга бас шатаж байна.

Ивано-Франковскт хоёр талын мөргөлдөөн улам ширүүсч бараг хяналтаас гараад байгаа талаар мэдээлж байна. Эсэргүүцэгчид мужийн цагдаагийн удирдах газрын  барилгыг эзэлж эвдэн сүйтгэжээ. “Хэт даврагчид цагдаагийн газрын зэвсгийн өрөөг эзэлж 120 автомат буу, 20 пулемёт, таван сая гаруй сум булааж авлаа” гэж Радагийн депутат, ерөнхий сайдын зөвлөх Царев өөрийнхөө фейсбүүкт бичсэн байна.
Ер нь нийслэл бусад хотуудад ч нөхцөл байдал цаг тутам өөрчлөгдөж улам хүндэрч байгаа гэнэ. Львов хотод жагсагчид бас л Галицкийн районы цагдаагийн байшинг эзэлж Дотоодын цэргийн хэсгийн барилгад гал тавьжээ. Мөн мужийн прокурорын барилгыг ч эзэлсэн байна.
Залуучууд барилгын цонх хагалан нэвтэрч хаалгыг нь дотроос нь онгойлгон хүмүүс дайран орж шил цонхыг хагалан сүйтгээд бичиг баримтууд, цагдаагийн дүрэмт хувцас, компьютер, техник хэрэгслийг  гудамжинд гарган хаялж байна.
Бороохой шийдмээр зэвсэглэсэн хэсэг залуус Киевт байгаа Канадын ЭСЯ-ны барилга руу нэвтрэхийг оролдсон явдал ч гарчээ.
 
Эмх замбараагүй байдал, мөргөлдөөн эхэлсэн 18-наас хойш Украины ерөнхийлөгч Виктор Янукович анх удаа телевизээр нийт ард түмэндээ хандаж үг хэлсэн байна.

Тэрээр “Бид амь алдсан хүмүүсийг эргүүлж амьдруулж чадахгүй. Та бид засгийн эрхэнд гарах гэсэн санаархлаа асар их үнээр төлж байна. Үүнээс илүү их үнэ, хохирол гэж байхгүй. Та бүхнийг Украин орноо аврахын тулд яриа хэлэлцээрийн ширээнд суухыг уриалж байна. Бид эх орноо сүйтгэчихвэл хойч үеийнхнийхээ өмнө буруутан болно шүү” гэж тэр хэлжээ.
Тэр бас Киевт болж байгаа үйл явдалд сөрөг хүчний удирдагчдыг буруутгасан байна. “Сөрөг хүчний удирдагчид ардчиллын үндсэн зарчмыг уландаа гишгиж засгийн эрхийн төлөө зөвхөн сонгуулиар өрсөлдөх  ёстой байтал гудамжинд гарснаас энэ бүхэн үүдэж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хайран сайхан Киев хот минь...вулиця Хрещатика,Консерваторийн талбай, Майдан Незалежности -бидний дуртайяа зугаалдаг байсан газрууд-үймээн самууны хөлд нэрвэгдэж байгаа нь юутай харамсалтай.Украины ард түмэн үнэхээр олон жил засаг төрийнхөө дарлал доромжлол,басамжлалыг хүлцэнгүйгээр тэвчсэн,үүнээс өөр,энэ жагсаал тэмцлээс өөр ямар ч аргагүй болгосон.Өнөөгийн энэ үйл явдалыг ард түмнийх нь ихэнх 65%-75% нь дэмжиж оролцож байгаа.Олны үзэл бодлыг хүндэтгэж үзэх ёстой
V.Klitchko metiin TSohiulsaar bgaad dunhuu bolcon boxchin yumiig hucheer shiidhees uur yum medehgui gedeg ni todorhoi. Manaid ch gesen buhcuud uls turd ikh bgaa shuu.
Хамгийн их уншсан