Сочигийн олимп дундаа ч орох болоогүй байхад дараагийн олимпын тухай яриа аль хэдийнэ эхэлжээ. Тэр тусмаа олимпын зоогийн талаар шүү. Дараагийн өвлийн олимп Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдана. Гэтэл солонгосчуудын зарим нэг өвөрмөц хоол тухайлбал, тэдний нохойн мах зооглодог нь одооноос л олимпын үзэгчдийн санааг зовоож эхэлжээ. Тэр ч бүү хэл 2018 оны олимпыг бойкотлох тухай онлайн уриалгад хүмүүс нэгдэж, гарын үсгээ зурцгааж байна. Мэдээж, энэ уриалгад автаж олимп зохион байгуулах хотыг өөрчлөхгүй нь тодорхой боловч Өмнөд Солонгосын тал нохойн махтай хоолоор үйлчилдэг зоогийн газруудаа ирэх дөрвөн жилийн дотор цэгцлэхгүй бол чихнээс нэлээд хонх уях нь гэдгийг ойлгож эхэлсэн биз ээ. Уг нь, нийслэл Сөүл хотод нохойн махаар хоол хийхийг албан ёсоор хориглосон боловч үндэсний хоолны газрууд нууцаар үйлчилсээр байгааг “Wall Street Journal”-д бичжээ. Тухайлбал, тус сонины Сөүл дэх салбарын байрны ойр орчимд нохой махтай хоолоор үйлчилдэг хэд хэдэн газар байдаг гэнэ.
Хүн төрөлхтөний хамгийн том наадам болох олимпыг зохион байгуулахад асар өндөр шаардлага тавьдаг барууны өндөр стандарттай орнуудын хувьд зоогийн газарт нохойн махаар үйлчилнэ гэдэг байж боломгүй явдал. Тийм ч учраас зочид буудлуудынхаа тохь тухгүй байдлаас болж дэлхий нийтийн өмнө нүүрээ улалзуулсан оросуудын жишээнээс сургамж авч, энэ мэт дутагдлаасаа салах хэрэгтэй болох нь.