Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Балетгүй ганц ч хором байгаагүй 46 жилийн хөдөлмөр


Тавь л гарч байгаа болов уу гэж таамагламаар намуухан яриатай, намбалаг нэгэн эмэгтэйтэй анх уулзахдаа залуудаа ямар ажил төрөл эрхэлж явсныг нь төдийлэн сонирхоогүй ч дотно танилцсан юм. Гэтэл саяхны нэгэн өдөр телевиз харж суух нээ нөгөө хуучин танил маань гараад ирлээ. Сар шинээр Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм алдар хүртэгсдийн дунд тэр сайхан эмэгтэй зогсч харагдав. Ингээд хуучин танилаа санан санан ярилцлага авахаар Хөгжим бүжгийн коллежийг зорив.

Нэг л танил инээмсэг­лэлээрээ угтсан Монгол Улсын гавьяат багш Н.Энхтуяа эгч маань хэрэг зоригийг минь сонсоод жаахан гайхсан ч надтай яриа дэлгэсэн юм. 10 настайдаа Монголын сонгодог урлагт хөл тавьж, балетчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн жаахан охин өдгөө нэгэн жарныг элээжээ. Тэрээр Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн анги дүүргэж, сургалтаараа дэлхийд нэгдүгээрт ордог Ленинградын А.Я.Вагановагийн нэрэмжит бүжгийн академид дөрвөн жил сурсан байна. 1968-1989 он хүртэл УДБЭТ-т бүжиглэн, түүнээс хойш Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн багшаар ажиллаж буй. Хүн бүрийн эзэмшээд байдаггүй мэргэжил учраас мэргэжлийн балетчид Н.Энхтуяа багш шиг УДБЭТ-т бүжиглээд, дараа нь Хөгжим бүжгийн коллежид багшлах тавилангаар замнах нь ховор. Ихэнхдээ л гадаадын өндөр хөгжилтэй орнуудад гарч бүжиглээд аль эсвэл хувийн сургалт зохион байгуулаад явчихдаг юм билээ. Харин шинэхэн гавьяат багш маань өөрийнхөө туулсан замыг хэзээ ч голж гоочилж байсангүй. Хүч хөдөлмөрөө багаар үнэлүүлж байгаагаа ч үл тооно.

“Би балетгүйгээр амьдарч чадахгүй. Ажлаасаа сэтгэлийн асар их таашаал авч мэргэжлийн балетчин гэх эрхэм алдрыг шавь нартаа хүртээж байгаадаа үргэлж бахархдаг” хэмээн ярих түүнийг Монголын балетийн урлагийг сэргээн хөгжүүлэгч гэхэд маргах хүн гарахгүй биз ээ. Учир нь, Хөгжим бүжгийн коллежид 1960-аад оны үед сонгодог бүжгийн хоёр анги төгссөний дараа энэ анги хаагдаж, 40 гаруй жил гадаадын орнуудад мэр сэр балетчин бэлтгэгдсээр 2000 онд балетийн шинэ үеийг дахин Монголдоо бэлтгэн төгсгөсөн. Энэ бол Н.Энхтуяа багшийн төгсгөсөн анги байлаа. Түүний шавь нар дэлхийн олон оронд бүжиглэхээс гадна Монголын сонгодог урлагийн галыг өрдөж, тулгыг залгаж яваа. Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг, Ч.Ганчимэг, балетчин Ц.Ганцоож, М.Од, Б.Саруул, М.Мөнхтуяа гээд тоолж барахгүй олон шавь нарынх нь дунд ардын бүжгээр төгссөн нь бас бий.
Сонгодог урлаг хөгжихийн хэрээр гадаадын орнууд руу урсах болсон авьяас чадварт зарим хүн халаглаж байхад зарим нэг нь хийж бүтээх насандаа хөл хүрэх газраа яваг гэсэн байр сууринаас ханддаг. Гэхдээ өөрийнх нь олон шавь нараас их урсгалыг сөрж биш дагаж уруудсан нь бий учраас түүний санаа бодлыг сонсоход “Миний шавь нар гадаадын аль ч оронд очоод өндөр зэрэглэлд бүжиглэж байгааг харахаар манай сургалтын чанар хаана ч гологдохгүй юм байна гэсэн бодол төрж битүүхэн хөөрдөг. Гэхдээ тэдний ихэнх нь эрэгтэй балетчин. Эр хүний нуруун дээр айл гэрийг авч явах үүрэг ногддог учраас хийж чадаж байгаа насан дээрээ хөдөлмөрөө аль болох өндрөөр үнэлүүлэх нь зүйтэй гэж боддог. Балет чинь залуу насны урлаг” хэмээн хэлээд “Алтанхуяг, Лхагвасүрэн нар маань байнга Монголдоо ирж тоглодог шүү дээ” хэмээн өөрийн үгээр цагаатгав.
Гавьяат багш Н.Энхтуяагийн тухай олон ярилаа, балетчин Н.Энхтуяагийн тухай яриач гэхэд тэрээр “Би багаасаа л их унаган махтай хүүхэд байсан. Миний үед УДБЭТ-т 70 гаруй бүжигчин байсан учраас өрсөлдөөн ихтэй байлаа. Үргэлж л хоёрдугаар зэрэглэлийн дүр бүтээсэн дээ. Найз эмэгтэй, олны хэсэг гээд л” хэмээн ярив. Гэхдээ тэрээр аливаа зүйлийг амархан сурдаг байсан учраас хүн хэрэгтэй үед балетмейстрийн санаанд хамгийн түрүүнд ордог тийм л бүжигчин байсан юм билээ.

46 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж гавьяатын тэмдгийг энгэртээ гялалзуулсан багш өөрийнхөө багшийн тухай дурсахдаа нүд нь сэргэн “Би энд сурахдаа орос багштай байлаа. Кадышева гэж сайхан орос багш байсан. Хамгийн анх бол Соколов гээд багш бага ангийн тавилтыг маань хийсэн. Хойно очоод сурахдаа Трофимова гэж одоо 80 гарчихаад байгаа багшид шавь орсон. Ардын бүжгийн ангийг төгссөн Энхчимэг гээд шавь маань миний сурсан сургуульд бакалавраар төгсөөд одоо мастер болох гэж байгаа. Тэгсэн чинь яг миний багшийн удирдлагад очсон байна лээ. Багш маань баярлаад л байдаг гэсэн. Хэн хүний эзэмшээд байдаггүй ийм ховор мэргэжлийг эзэмшүүлсэн багш нартаа одоо хэр нь баярлаад, шүтэж явдаг юм” хэмээн ярьсан.

Тэсвэр, тэвчээр, хатуужил шаардах балетын урлагтай ханьсан 46 жил амьдрахдаа хувийн амьдралдаа золиос гаргасан тохиолдол ч түүнд олон бий. Гэсэн ч тэр огтхон ч харамсаж, гунигладаггүй ажээ. 20 жил бүжиглээд л хар залуугаараа гавьяандаа гарсан ч ажлын сүүлийн жилдээ багш болох хүсэлтээ тавьсан нь хийж чадаагүйгээ гүйцээх шавьтай болох хүсэлдээ хөтлөгдөн сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэсэн хэрэг юм билээ. Мэргэжлийн сургуульд явах жагсаалтаас хасагдсан тул сонирхлоороо Хөгжим бүжгийн коллежийн ардын бүжгийн ангийнханд цагийн хичээл зааж нэг жилийг үджээ. Үнэхээр түүний шавь нар дундаас багшаасаа түрүүлэн гавьяатын тэмдгээр энгэрээ мялаасан хүн хоёр ч бий. Энэ л түүний мөрөөдөл байсан гэлтэй.

Багш гэхээсээ илүү шавь нартаа ээжээс нь дутахааргүй анхаарал тавих түүнээс өөр хэн ч гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийг жаахан хүү байхдаа сургуулийн дотуур байранд өлсөж цангаж явсныг мэдэхгүй. “Шавь нар маань байнга л гүйгээд ирнэ. Ирэхгүй удвал бүр саначихдаг юм” хэмээн ярих түүний сэтгэл, хэтэрхий даруухан боловч Монголын балетын урлагт оруулсан хөдөлмөр, хөлс, хүчийг нь үнэлээд баршгүй юм.

Сонгодог урлагт анхаа­рал тавьдаггүйгээс ч тэр үү, анхаарал тавьж буй нэг­ний­хээ хөдөлмөрийг үнэл­дэггүйгээс ч тэр үү гавьяат багш Н.Энхтуяагийн орыг залгах хүнгүй явсаар л. Гэхдээ багш маань “Миний шавь, Санкт-Петрбургт сурч байгаа Энхчимэгийг уг нь сайн багш болох байх гэж бодож байна. Ганчимэг маань ч гэсэн сайн багш болно” хэмээн нүүр бардам хэлэх ч багшийнхаа ажлыг залгамжилж авах нь юу л бол доо, хэрэв тэдний ажыг одоогийн энэ янзаар үнэлсээр байвал ч... гэсэн бодлоо нууж чадалгүй дэлгэлээ.

“Сурагчидтайгаа Шопе­нина балет тавьж өнгөрсөн жил урилгаар олон газар тоглосон. Удахгүй Пахитаг тавина” хэмээн урам зориг дүүрэн ярих шинэхэн гавьяат багшийн үе үеийн шавь нар нэгдэж тун удахгүй нэгэн гайхалтай үдшийг багшдаа өргөн барихаар төлөвлөж байгаа юм билээ. Үнэхээр түүний 46 жилийн турш балеттай өнгөрүүлсэн хором бүр энэ үдшээр хэмжигдэх биз ээ.

0 Сэтгэгдэл
Багшдаа баяр хүргэе таны анхны шавь болсондоо бахархаж байдаг шүү багшдаа үргэлж баярладаг хайртай шүү
Хамгийн их уншсан