Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Түмэн-Өлзий: Саятнууд тархи мэдрэлийн эмнэлэгт хөрөнгө оруулалт хийх болж

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч, Оюун ухааны олон улсын музейн үүсгэн байгуулагч  З.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.  

Би завгүй байхын жаргал эдэлж яваа хүн


-Танай музейд ирээгүй уджээ. Их өөр болсон байна?
-Манайх тоглоомын музей биш юм шүү. Хүмүүс хүүхдийн оньсон тоглоомын музей гэж явцуурч ойлгодог нь буруу. Төрөл бүрийн шинжлэх ухааныг тоглоомын аргаар хялбаршуулан харуулсан оюун ухааны музей юм шүү дээ. Бүх улсад тоглоомын музей байдаг ч оюун ухааны музейтэй улс хаа ч байхгүй. Манай музей анхных нь. Шинжлэх ухааны 11 танхимтай. Таталцлын, тэнцвэрийн хуулийг харуулсан гэх мэт төрөл бүрийн шинжлэх ухааны тоглоом бий. Нийт 10 мянга гаруй үзмэрийн 4000 гаруй нь оньс байх жишээтэй. Үүний гурван мянга гаруй нь монгол оньс.
-Оньсон тоглоом Монголд л байдаг биш юм уу?
-Оньсгүй орон гэж байхгүй. Гэхдээ Монгол Улс оньслох ухаанаараа дэлхийд тэргүүлдэг. Нүүдлийн соёл иргэншлээс гаралтай манай оньс бусад улсынхаас хэд хэдэн давуу талтай. Монгол оньс бол соёл урлагийн бүтээл гэдгийг олон улс хүлээн зөвшөөрдөг. Бодит дүрслэлтэй, чулуу, алт, мөнгө яс гээд төрөл бүрийн зүйлээр хийж байна. Гэтэл гадаадын оньс геометрийн дүрснээс гарч чадаагүй л байна. Төмөр модоор л хийгдсэн байдаг юм. Бас нэг давуу тал нь монголчууд тоглоомоо шинжлэх ухаанчаар оньсон, хөлөгт, оюун түлхүүрийн, хуруу гарын наадам гэхчлэн 15 ангилж үздэг. Ингэж ангилсан улс хаа ч байхгүй. Англи хэлтнүүд бол оньсон, эвлүүлдэг, цаасан бүх тоглоомоо puzzle гэдэг шүү дээ. Зөвхөн  энэ шатарт / танхимын голд байрлах шатрыг заав/ 21 төрлийн 889 үнэт чулуу орсон. Маш их цуглуулга судалгаан дээр хийнэ л дээ. Энэ музей бүхэлдээ монголчуудын бахархал юм.
-Алт, мөнгө, ховор эрднийн чулуу олноор орсон бүтээлүүдийг тань хараад таныг их баян хүн гэж боддог?
-Гараа эвэрштэл хөдөлмөрлөсөн хүн дээ, би. Гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хөдөлмөрлөж байна. Ер нь, аль ч улсын ямар ч музей алдагдалтай ажилладаг юм. Музейгээс ашиг олоод баяжсан юм байхгүй ээ. Өөрийн хөдөлмөр, хандивлагчдын өгсөн мөнгөөр л энэ бүхнийг хийж яваа хүн. Ухаантнууд маань хандив өгдөг л юм. Тэднийг хүндэт дэвтэрт бичээд өөрийн гараар бүтээсэн бүтээлээ болон өргөмжлөл дурсгаж, тосон будгаар зурсан хөргийг нь музейдээ байрлуулж алдаршуулдаг юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа манай музейд зочилж, хандив өгч байлаа /хананд өлгөөтэй Ц.Элбэгдоржийн зургийг заав/.
-Та ойрд ямар бүтээл туурвиж байна вэ?
-Би хийж байгаа зүйлээ биш хийснээ л хэлдэг хүн. Бүтээлийнхээ нээлтийг хийхээр л хараарай. Энэ онд ямар ч байсан дор хаяж нэг бүтээл гаргана. Сонгодог бүтээл шүү дээ. Хэзээ нэгэн цагт дэлхийд монгол хүний нэрийг гаргах тийм л бүтээл.   
-Сонгодог бүтээл хийхэд нэлээд цаг хугацаа шаардана биз?
-2009 онд нээлтийг нь хийсэн шатраа 20-иод жил хийсэн. Энэ зовлонг хүмүүс мэддэггүй юм. Эхлээд баргилтаар хийж үзээд хивсэн дээр унагахад л хагарчихаад болж өгөөгүй. Тэгээд ногоон хашаар хийж үзсэн чинь илүү бат бөх болсон юм. Ногоон хаш олох гэж биологийн хүрээлэн энэ тэрэнгээр зөндөө гүйсэн. 32 дүрс гэхэд л 32 өөр оньсоор задарна. Яг хийж эхлээд хоёр жил зарцуулсан гээд боддоо. Надад өтлөх, өвдөх, үхэх зав алга гэж би хэлэх дуртай. Би завгүй байхын жаргал эдэлж яваа хүн. Завгүй хүн л жаргана. Завтай яваад байвал буруу зам руу орно.
-Ингэхэд таны туйлын зорилго юу вэ?
-Дэлхий даяаршиж байна. Энэ даяаршил зайлшгүй хэрэгтэй зүйл л дээ. Дэлхийн улс орнууд хамтарч ажиллаж байж цөлжилт, азоны давхарга зэрэг байгаль орчин эдийн засгийн асуудлуудыг даван дийлнэ. Нөгөөтэйгүүр даяаршлын үр дүнд бага буурай орны соёл урлаг уусч үгүй болох сөрөг талтай. Эрлийзжээд монгол хүн байхгүй болохыг үгүйсгэх аргагүй юм.  Тиймээс ард түмний соёл урлагийн нэг хэсэг бүтээлийг авч үлдэх, дэлхийн хүн төрөлхтөнд хүргэх нь миний туйлын зорилго юм. Энэ музей бол миний өмч биш Монголын ард түмний маань өмч юм шүү.
 

Тоглоом их тоглосноор ажилсаг болно  

-Та тоглоомыг юу гэж тодорхойлох вэ. Бага байхад хөгшчүүл их тоглосны тус гэж байхгүй гээд л зэмлэдэгсэн?
-Тоглоом бол тэр чигээрээ шинжлэх ухаан, соёл урлагийн бүтээл, сургалт хүмүүжлийн хэрэгсэл. Үндэстэн ястан бүрийн тоглоом өөр өөрийн онцлогтой. Өөрийн үндэсний тоглоомоор тоглох нь хүний биед арьс мах нь зохицдог шиг тохирно шүү дээ. Тоглоом их тоглодог хүний оюун ухаан хөгжихөөс гадна ажилсаг болдог. Ямар ч тоглоом оюун ухаан, хүч чадлын өрсөлдөөн байдаг болохоор хүнийг амьдрах чадвартай болгодог юм. Тоглох дургүй, тоглоом мэдэхгүй хүн бол залхуу эсвэл ухаан муутайн шинж. Нэг багшаар заалгасан хоёр хүүхдийн нэг нь онц сурч байхад нөгөө нь яагаад муу сураад байдаг вэ. Тухайн хүүхэд нэг юманд төвлөрч чадахгүй байгаагаас л муу сурч байгаа юм. Тиймээс тоглоомд дуртай болгох хэрэгтэй. Дуртай юм аа хийхээр хүн улайрдаг. Тэгээд оюун ухаанаа төвлөрүүлж сурна. Сурлагын амжилт гаргах, залхуурлаас гарах нь тоглоомноос шалтгаална.  
-Сүүлийн үед хүүхдүүд зөөлөн тоглоом, барби хүүхэлдэйгээр тоглох нь их болж. Ийм тоглоомоор тоглосон хүүхдийн оюун ухаан төдийлэн сайн хөгжихгүй юм шиг санагддаг. Таны хувьд?
-XXI зуун бол оюун ухаан, техник технологи, мэдээ, мэдээллийн зуун. Тэр утгаараа хөгжилтэй орнууд зөөлөн болон хуванцар тоглоомыг тоглоомын данснаас хасчихсан. Ийм тоглоом чинь энэ зуунд огт тохирохгүй, үеэ өнгөрөөсөн. Танин мэдэхүй талаасаа нэг үе ач холбогдолтой байсан байж болох юм. Харин одоо бараг бүх улсад амьтны хүрээлэн байна. Хүүхдүүд зөөлөн тоглоомоор тоглохын оронд амьтны хүрээлэнд очоод бодитоор амьтдыг харчихаж болно. Моод Монголоор дуусдаг гэдэг шиг манайхан зөөлөн болон хуванцар хүүхэлдэй зэргийг хаа хамаагүй оруулж ирж, дэлгэрүүлээд байгаагаас бус зарим улс Хятад тоглоом хилээрээ оруулахыг хүртэл хориглосон шүү дээ.
-Монгол тоглоом наадгайг дэлгэрүүлэх хэрэгтэй гэсэн үг үү?
-”ХААН” банкны санхүүжилтээр манайх хот хөдөөгийн 27 цэцэрлэгт тоглоом өгсөн. Цаана нь үлдсэн 700-гаад цэцэрлэг үндэсний тоглоомтой болох эсэхийг энэ 27 цэцэрлэг л шийднэ. Хүн хялбар юманд амар дасч, хэцүү юмыг төвөгшөөдөг талтай. Үндэсний тоглоом бол хэцүү. Тиймээс хүүхдүүд тэрэнд дасч, ач тусыг нь амсч чадвал бусад нь монгол тоглоомоороо тоглож, цаашлаад монгол тоглоом дэлхийд барби, компьютер тоглоомын байр суурийг эзэлж болох юм. Бид ганзгын наймаачин шиг гадаадын үзэсгэлэнд оролцож сурталчлахаас хэтрэхгүй байна. Түүнээс худалдан авагчаа бэлдэж, үр шимийг нь ойлгуулж, сонирхлыг нь татаж чадвал гадаадынхан манай тоглоомыг авах хүсэлтэй болно. Хаанаас авах вэ гэхээр Монголоос л авна шүү дээ.
-Компьютер тоглоом ид хүчээ авч байна. Түүний байр суурийг эзэлнэ гэдэг хэтэрхий холын мөрөөдөл юм биш үү?
-Компьютер тоглоомоос бүх улс зайлсхийж байна. Зарим тоглоомоо устгалд оруулж байгаа шүү дээ. Өөрөө өвдөж зовж байж л хорыг нь мэдэх гэлгүй иргэд өмнө нь ойлгох хэрэгтэй. Энд төр засгийн бодлого ч хэрэгтэй байх. Нэг сонин юм хэлэхэд дэлхийн томоохон саятнууд тархи мэдрэлийн эмнэлэгт хөрөнгө оруулалт хийх болж. Учир нь, удахгүй компьютертэй их ноцолддог хүмүүс тархи мэдрэлийн өвчтэй болоод манай эмнэлгийг баяжуулна гэж тооцож. Өөрөөр хэлбэл, хэрэглээгээ алсаас харж түүнд тохирсон хөрөнгө оруулалт хийж баяждаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан