Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурлага бол багшийн ургуулсан цэцгийн ганцхан дэлбээ

“Есдүгээр сарын 1-нд шавиасаа багш бүр л цэцэг авдаг биз дээ. Тэгвэл тэр цэцгийг илүү олон дэлбээлүүлэн шавьдаа буцааж өгөх нь сайн багшийн үүрэг. Хүүхдийн сурлага тэр цэцгийн ганцхан дэлбээ нь” гэж нэгэн ахмад багшаас сонсч байсан. Үнэхээр сайн багш гэдэг заах хичээлээ яг таг мэддэг биш аж. Үүнийг өчигдөр болсон Ахмад багш нарын дурсамж уулзалтын үеэр мэдэрсэн юм.
Хийх биш хийсэн гавьяатай хүмүүсийн үг цаанаа л үнэтэй. Монгол Улсын Ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуай дурсамж уулзалтад саатжээ. Тэр АСА циркт цугласан гурван мянга гаруй багшаас хамгийн олон жил багш гэх алдрыг зүүж яваа нь. Тийм ч учраас түүнтэй хөөрөлдөх завшааныг алдсангүй. “1955 онд хойно сургууль төгсч ирээд л Урлагийн сургуульд ажилд орж байлаа. Анх ч хичээл хийх ангигүйгээс цонхны тавцан бараадан хичээлээ заана. Миний шавь нар, тэдний шавь өнөөдөр Монголд төдийгүй дэлхийд нэрээ гаргаж явна. Сонгодог урлагаар гадаад орноос анхны гран при шагналыг миний шавь гавьяат жүжигчин Далантай авчирсан шүү дээ. Анхны шавь нар маань гэвэл Монгол Улсын Ардын жүжигчин, ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Жаргалсайхан, Төрийн шагналт, ардын жүжигчин Уртнасан, Чингис хаанд тоглосон Энхтайван гээд л дурдвал чи бид хоёрын яриа өнөөдөр дуусахгүй юм болно” хэмээн ярилаа. Тэрээр Дэлхийн гуравдугаар дайны дарийн утаа сарниж амжаагүй байхад ОХУ-д сонгодог урлагийн мэргэжил эзэмшихээр явж байсан юм. Энэ талаараа “Их хэцүү үед сурсан даа. Миний багш нар хуучны мундаг эрдэмтэд байлаа. Хамгийн өндөр настай нь 93 хүрсэн, тэгээд л 90-тэй багш нар ихэнхи нь байсан. Зарим багш заасныг нь хийж чадахгүй бол халуун индүү өргүүлээд зогсооно. Хэрэв унагавал гараа түлнэ. “Нэгэнт урлагийн хүн болохоор шийдсэн бол нийгмийн хамгийн урд талын эгнээнд явах хэрэгтэй” гэж сургасан. Багш хүн чинь шавьдаа мэргэжил эзэмшүүлэхээс гадна хүн байхыг сургаж чадвал ур чадвараа бүрэн гаргасан гэсэн үг” хэмээн ярилаа. Үнэхээр 80 гаруй жил урлагийн тайзан дээр амьдарч, 60 жил багшлахдаа манлайлагч байж чадсан нэгний ийн ярих өөрөө манлайлал аж.
Сонгодог урлаг, дуурийн дуучдын амнаас Г.Хайдав гэх багшийн тухайд “Ай даа, багш ч хатуу шүү” гэдэг үгийг сонсохгүй өнгөрнө гэдэг цөөн л болов уу. Гэтэл даруухнаар “Би шавь нарынхаа тоог алдсан ч, 100 гаруйхан хүнийг л гардаж дуучин болгосон байна билээ” хэмээн яриад жаахан гуниглахыг нь ажлаа. Хэрэв дуучин гэдэг мэргэжлийг ном уншаад, багшаар тайлбарлуулаад сурчихдаг байсан бол энэ тоо хэд дахин үржигдэх байсныг таашгүй. “Хүүхдүүд маань намайг хатуу гэх нь аргагүй ээ. Би чинь хатуу багш шүү дээ. Хөөрхий дөө, анхны шавь Жаргалсайханыгаа унатал нь алгадчихаж билээ. Уртнасанг ч гэсэн алгадаж байсан. Гэлээ гээд шавь нар маань хожим намайг дурсахдаа нэр алдартай болох замыг нь зааж өгсөн ачтан л гэнэ үү гэхээс алгадаж байсан муу багш гэдэггүй л байхгүй юү” хэмээн ярьсан Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуай биш Боловсролын тэргүүний ажилтан Г.Хайдав гуайн ертөнц рүү жаахан ч гэсэн өнгийх завшаан тохиосон юм.

Хүний өөрийн гэж ялгалгүй хүүхэд бүрийг сурган хүмүүжүүлэх үйлсэд залуу насаа зориулсан 3000 гаруй багш нарыг би ч гэсэн ялгаварлахыг хүссэнгүй. Гэсэн ч тэдгээр багштай бүгдтэй нь уулзана гэвэл бүтэшгүй. Уулзсан цөөн багшийн боловсролын үйл хэрэгт орсон түүхээс гайхмаар, санаанд багтмааргүй зүйл олныг сонслоо. Хөдөө суманд их эмчээр томилогдож очиход нь сувилагч дутагдалтай байсан учраас сумандаа 10 хүний сувилагчийн курс ажиллуулан туслахаа бэлтгэж, түүндээ урамшин боловсролын байгууллагад зүтгэсэн гавьяат багш ч байна.  Өвлийн хүйтэнд гэрээ санасан шавь нь дотуур байрнаасаа оргосныг нь мэдээд шөнө болсон хойно хүмүүст төвөг удаад яах вэ хэмээн сэтгэж, ганцаараа шавийнхаа араас эрэлд мордон хөлөө хөлдөөн насаараа тахир дутуу болсон ч ганц ч удаа шавьдаа гомдож байгаагүй сэтгэлийн хаттай багш ч байна. Гэхдээ тэдэнд юу үлдэв. Амьдрал нь бусдаас гийж гэрэлтсэн зүйлгүй ч түүнийг сөхөөрөх бус тоогоо алдсан шавь нараа бодон уужрах багш нарт сэтгэлээс өөр зүйл үлдээгүй мэт.

Жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гарагт болдог багш нарын баярыг олон улсын багш нарын буюу аравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх журмыг салбарын сайд гаргасан. Гэсэн ч уламжлалт Цагаан сарын баярыг угтан Ахмад багш нарын холбооноос ахмадуудаа хүлээн авсан нь багш нарын магнайг тэнийлгэсэн ч уламжлал болсон эл арга хэмжээг жаахан өөрчилмөөр. Хэдийгээр салбарын сайд, УИХ-ын гишүүд арга хэмжээнд нь зочлох ч хязгаартай цагтаа баригдан “Багшийн гавьяа”, “Хүндэт багш” гэсэн хэдэн тэмдэг гардуулчихаад л яаран алга болох нь харамсмаар. Магадгүй, боловсролын салбарын шагналын тоо бусад салбараас давах байх. “Заах арга зүйч багш”, “Ахлах багш”, Салбарын жуух бичиг гээд л сүр далайлгасан хүндтэй гавьяа биш ч, түүнийг нь аваагүй багш ажлаа муу хийдэгт тооцогдох учраас салбарын нэгдсэн арга хэмжээ, цаашлаад багш нарыг боловсролын салбарт уях уяа болсоор ирсэн учир утгагүй шагналыг үгүй болгож, амьдралд хэрэгтэй зүйлээр нь шагнадаг болмоор.
Ядаж л өнөөдрийнх шиг арга хэмжээнд холын аймгаас урьж авчирчихаад ганц тэмдэг энгэрт нь зүүгээд буцаах биш Цагаан сарын тавгийнх нь ул боовыг өгөөд явуулдаг болчихвол ч.
..
Хөндлөнгөөс ажигласан, шагналынх нь үнэ цэнийг өөрийн биеэр мэдрээгүй бичигч би л ингэж харснаас багш нар бүгд л сэтгэл дүүрэн гарсан байх. “1987 оноос эхлэн Төв аймгийн Жаргалант сумын сургуульд хамт ажиллаж байсан багш маань сая “Багшийн гавьяа” одонгоор шагнагдлаа” хэмээн хүнээр түшүүлэн алхах цал буурал эмээг хөөрч явааг хараад ийм л хүн шиг хүн хэн нэгнийг хүн болгодог юм байна шүү дээ хэмээн бодсоор ажлын зүг алхлаа...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан