Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүтээсэн дүрээрээ АРД ТҮМНЭЭ гомдоож, гутааж яваагүй

Ес дүгээр ангийн жаахан хүү байхдаа “Цоохор морины наймаачин “ Д.Сэдэд багшдаа хөтлүүлэн кино урлагт хөл тавьж, Даян хааны дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон жүжигчин Ж.Сүххуяг Монголын тайз, дэлгэцийн сор болсон жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Багш нь “Миний хүү хошин  шог руу битгий ороорой. Чи хоёр том түүхэн кинонд тоглочихлоо “ гэж үргэлж захидаг байж. Уг нь тэрээр жүжигчин  биш түүхийн багш болох сонирхолтой байсан гэдэг. Харин аав, Сэдэд багш хоёр нь нийлээд жүжигчин болгожээ. Мэргэжлээрээ бахархах дуртай тэрээр “жүжигчний мэргэжил надад амьдрал, сайхан хань, хүүхдүүд “ заяасан гэж ярьдаг.  Цагаасаа эрт алтан тайзныхаа ард үлдсэн түүнийг “Атга нөж”, “Суудал “ жүжгүүдээрээ эргэж ирэхэд хэн хүнгүй л баярлаж байсан. Одоо л нэг “ард түмний гавьяат”-ын маань  амьдрал тэгшрэх нь гэж байтал 24 жил ханилсан хань, хоёр охиных нь ээж хорвоог орхилоо. Талийгаачийг ДБЭТ-ын шилдэг хөгжимчин байсныг мэдэх хүн олон. Ханийхаа араас буян хийж, хоёр охиноо тэврэн үлдсэн Ж.Сүххуяг “Би хаан байж чадахгүй байх. Тэр хүн хатан байсан юм “ хэмээн дурсан сууна. Анх дуурийн театрын урд талын морьтой цэцэрлэгт эхнэртэйгээ болзохдоо, усанд орчихоод их л догдлон, цагаан сарнай бариад очиж байсан нь хамгийн их дурсагддаг гэж тэр ярих. 1984 онд Филатова гуайн концертыг хөтөлж байхдаа зодуулаад нүд нь хөхөрчихсөн байхад нь анх эхнэрээ харж байсан гэдэг. Олж байгаа орлого гээд байх юмгүй ч тэрээр хэнд ч зовлон тоочиж хүнээс ямар нэг зүйл авах дургүй. Цэвэр өөрийнхөө ухаанаар амьдарч байгаа хүн гэж хэлж болно. Тэрээр охидоо сургуульд ороход нь хэрэгтэй бүхнийг бэлтгээд өгчихсөн. Хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө театр руу төрийн соёрхолт Н.Сувдаа багш дээрээ очиж үздэг юм билүү ч гэж эргэлзсээр л ….
Архинд орж, амьдрал нь гундуухан явдгаасаа уран бүтээлээ ч хийхгүй, өвгөнтийн хөндийд морилчихсон хэмээн түүний тухай зарим нэг нь  ярьдаг ч үнэндээ чанартаа тэрээр ийм биш гэдгээ харуулан, харин ч эсрэгээр “ амьдралд маань дутах гундах юмгүй сайхан л байна. Одооныхоо амьдралд сэтгэл хангалуун явдаг” гэж сууна.
“Мандухай цэцэн хатан” кинонд тоглосны дараа гавьяат авах уу, хоёр өрөө байр авах уу гэхэд орон сууцтай болохыг илүүд үзэж, амьдралаа бодож байж. Тэр байраа 22 сая төгрөгөөр зарчихаад оронд нь одоо амьдарч байгаа байшиндаа орж зөрүүгээр нь хоёр хүүхдээ дээд сургуульд сургана гээд банкинд хадгалуулсан гэдэг.
Тэрээр хоёр хүүхдээ хэний ч дор оруулахгүй мэргэжил боловсролтой болгохын төлөө зүтгэсээр. Өөрөө дөрвөн ч удаа цоройны хагалгаанд орсон. Түүнээсээ болоод цоорхой цоройтой л амьдарч байна. Заримдаа хагалгаа нь хөндүүрлэж өвддөг болохоор л хөргөгчиндөө ганц хоёр зуун грамм архи байлгадаг гэсэн. Жүжигчин хүн нэг удаа алдаж болно. Гэхдээ түүнийг архичин гэвэл утгаггүй.
Тэрээр “хүн зовж амьдрах ёстой, тэгээд ч энэ хорвоод амархан юм гэж байхгүй” гэж байнга ярьдаг. Том охин нь их тунгалаг нүдтэй болохоор ямар ч байсан нэртэй төртэй сайн жүжигчин болохгүй юмаа гэхэд Монголынхоо тайз, дэлгэцийн урлагийн ачаанаас үүрэлцээд явж чадна гэж битүүхэндээ горьддог. Бүтээсэн дүрээрээ ард түмнээ гомдоож, гутааж, яваагүйдээ баярлаж бахархаж явдаг хүн бол Ж.Сүххуяг. Мэргэжилдээ үнэхээр хайртай тэрээр кино, жүжигт тоглохыг хүсдэг ч надад зохиол нь таалагдахгүй, эсвэл намайг тоглуулах сонирхолгүй байдаг гэж хааяа нэг гоморхоно. Мэдээж ард түмэн түүнийг уран бүтээлээ туурвиад яваасай гэж хүсч байгаа. Түүний ганц хүсэл мөрөөдөл нь театр. Урлагтаа эргэн орж сайн уран бүтээл хийнэ гэдэгтээ тэрээр итгэлтэй байна.
Хамгийн сүүлд “Хамба “ студийн “Тэнгэрийн андгай “ гэж кинонд тоглож. Уг нь юм юманд яваад  байгаа болохоор эдийн засгаар болоод л байгаа. Гэхдээ хүүхдүүдийнхээ цаашдын ирээдүйг бодсон ч тэр амьдралынхаа төлөө театртаа эргэн ирж ажиллах л үлдлээ. Саяхан эхнэрээ хөнөөсөн хэрэгт шалгагдаад буруугүй гэдэг нь нотлогдсон учраас сэтгэлийн дарамтаасаа салах шиг л болов. Алтан тайзан дээр мандаж явсан хүн хэрэгтний ширээний ард зогсч үзэгчиддээ харагдах шиг хэцүү зүйл түүнд байгаагүй нь мэдээж. Гэхдээ тэрээр ханилсан ханиа хэзээ ч муу хэлж байгаагүй. Сайн жүжигчин маань бас түшигтэй хань сайн эцэг байсан гэдэгтэй ард түмэн санал нийлэх байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан