“Sweetymotion” хамтлаг шинэ цомгийн ажилдаа оржээ. Энэ талаар хамтлагийн гишүүн Э.Ганболороос тодрууллаа.
-Сайн байна уу Болороо. Уран бүтээлтэй холбоотой хэдэн зүйл асууж болох уу?
-Сайн байна уу.
-Сүүлийн үед танай хамтлаг ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Хос цомгийн ажил хэр явж байна?
-Яг ч хос цомог биш л дээ. Хуучин дуунуудыг сэргээн дуулсан нэг цомог, шинэ уран бүтээлийн нэг цомог дээр ажиллаж байна. Эхний цомог нь сүүлийн шатандаа явж байгаа. Харин шинэ уран бүтээлийн цомог дээр ид ажиллаж байна.
-Эхний цомогтоо орох дуунуудыг хэрхэн сонгож авсан бол. Шинэ цомог хэдэн дуутай вэ. Нийтэд хүрээгүй шинэ уран бүтээл багтаж байгаа юу?
-Энэ удаа хуучин дуунуудаас бүтэж байгаа цомгийнхоо тухай мэдээ өгье, тэгэх үү.
-Хуучны дуулахад хэцүү дуунуудыг сонгож авсан гэсэн байх аа?
-Нийт 13 дуу сонгож авсан. Дууны сонголт дээр Чинбаагийн маань ээж зөвлөхөөр ажилласан. Чинбаа болон бид хэд ярилцаж байгаад сонголтоо хийсэн дээ. “Өргөн Сэлэнгэ”, “Тунгалаг Буянт”, “Дэнжийн ногоо”, “Нэг л мэдэхэд уулзана даа”, “Өссөн нутаг” зэрэг эх орон, аав ээжийн сэдэвтэй дуунууд голчилсон. Мэдээж, хайр дурлалын сэдэвтэй дуу ч байгаа. Бүх дууг цомогтоо оруулж чадахгүй. Тийм учраас сорчилж, өөрсдийн стиль, чадварт тааруулан сонгосон.
-Хуучны дуунуудыг одоо үед дахин дуулах нь ямар ач холбогдолтой байдаг вэ?
-Зорилго нь бидэнд өв болж үлдсэн алтан үеийн уран бүтээлчдийн бүтээлийг өөрсдийн болон дараа үеийнхэндээ өөрсдийн дуу хоолойгоороо дамжуулан хүргэх. Залуус маань өмнөх үеийнхээ сайхан аялгуу, гайхалтай утга төгөлдөр яруу найргаар бахархаж бас суралцаасай. Сураад цааш нь өвлүүлэн үлдээж, тэр сайхан дуунуудыг битгий мартаасай гэж бодсон учраас энэ цомгоо хийж байгаа юм.
-Өдрийн хэдэн цагийг цомгийн ажилд зарцуулж байна вэ?
-Өдөр болгон студид дор хаяж таван цаг ажиллаж байна. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болохоор урамтай бас цаг хэрхэн өнгөрсөнийг ч анзаарахгүй явж байна. Заримдаа бүр хэд дэх өдөр гэдгээ мартчихсан байдаг шүү.