Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Музей нэртэй мөсөн хонгил байна цаана чинь, Сайд аа


Архангай аймгийн төвд ирснийх музейгээр нь зочлох хүслээ биелүүлэв. 1586 онд баригдсан анхдугаар Зая гэгээн Лувсанпэрэнлэйн лаврингийн үлдэгдэл болсон гурван байшингаас бүрдэх тус музей их зүйлийг өгүүлнэ. 1930-аад оны үеийн шашингүйдлийн үед Онцгой байдлын газар тус гурван лавринг агуулах болгон ашиглаж байсан учраас устгагдалгүй өнөө цагт түүх өгүүлэн үлдсэн нь энэ.
Хүйтний улиралд музейгээр үйлчлүүлэх хүн бараг л үгүй. Замын бид мэтийн зорьсон нэгэн нь л тус музейн эрдэм шинжилгээний ажилтныг ажилтай болгодог аж. Гол лаврин нь гурван тасалгаатай аж. Хамгийн зүүн талынхыг нь шашны тасаг болгон тохижуулсан агаад тэнд Зая гэгээний дүрүүдийн эдэлж хэрэглэж байсан бурхан шашны эд зүйл, зураг, эд хэрэглэл зэргийг нь дэлгэжээ. Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол хоёр метр хэрийн гоёмсог хийцтэй толь. Багаар бодоход л 300 гаруй жилийн настай тэр толийг Зая гэгээн хэрэглэж байж. Манай урчууд ч тухайн үедээ тийм зүйл урлах нь юу л бол, урд хөршийнхөн өгсөн байх даа гэх бодолтой зэрэгцээд ховрын юм өгсөнийг бодвол их л хүндэлдэг байж дээ гэж бодсоор дараагийн тасалгаанд орлоо.

Архангай аймгийн түүхэн газруудын зургуудыг дэлгэсэн энэ тасгийн үзмэр орчин цагийн хулдаасан хэвлэл голдуу ч, агуулгаараа аль эртний улсуудын түүхийг өгүүлэх аж. Буган чулуу, чулууны бичээс гээд л дэлхийд хосгүй дурсгалт газруудыг гэрэл зургаас тольдоод дараагийн тасагт орвол алдарт генералуудын хөрөг өөдөөс ширтэх аж. Бас тосон будгийн аргаар зурсан зургууд өлгөөтэй. Нэг зурган дээр хөдөөгийн иргэд анх удаа нисдэг тэрэгтэй танилцаж байгааг дүрсэлжээ.

Бидэнд хөтөч, тус музейн эрдэм шинжилгээний ажилтан В.Баярсайхан “Өмнө нь ажиллаж байсан хүмүүс өөрсдийнхөө нөөц бололцоогоор музейгээ тохижуулж, эдгээр зургийг хүртэл үлдээсэн юм” хэмээн хэлээд “Бид энэ танхимаа дахин дэглэхээр ажиллаж байгаа. Алийн болгон хүмүүсийн цээж зураг тавих билээ гээд алдартай генералуудынхаа эдэлж хэрэглэж байсан зүйлсийг цуглуулж байгаа” гэв.

Зүүн болон баруун лаврингаар орж амжаагүй байтал хөл гар хаг ташиж, эрүү чичрээд эхэллээ. Музей ч гэж дээ, мөсөн хонгил. Учрыг асуувал, хүнээр бол 600 настай энэ барилгад зориулалтын бус халаагч оруулах нь халтай гэнэ. Гэхдээ барилгад халтай ч үзмэрүүд нь хөлдөж, гэсэх нь чанараа алдаж, түргэн муудах талтайг В.Баярсайхан дуулгасан.

Анхаарах ёстой салбарын сайд нь нийслэлийн музейг бөөцийлж, хийсэн зүйлтэй гэдгээ тунхаглаж суух хооронд орон нутгийн музейнүүд, хосгүй үнэт бүтээл, үзмэрүүд устах нь. Баруун лавиранд орвол монгол гэрийг үзүүлсэн бодит үзмэр байх аж. Гэхдээ надад энэ танхимын буланд хана налуулан тавьсан сартай хүрэн морины чихмэл их тод туслаа. Ойртож очоод харвал, энэ тэндгүй язарч, хагараад, дайны талбарт сэлмээр сийчүүлсэн аятай болчихож. Анхнаасаа ийм чихмэл хийсэн юм болов уу хэмээвэл үгүй гэнэ.  Уг нь, байгалийн түүхийн музейгээс ирсэн ч бичиг баримт байхгүйгээс хэний, юун морь болох нь тодорхойгүй аж. Зарим хүн Ховд аймгийн Байтаг богдын тулалдаанд үнэтэй хувь оруулан гавьяа байгуулсан Тэгшээ баатрын хүрэн морь гэдэг ч Ховд нутгийнхан эрс эсэргүүцдэг гэнэ.

Арга ч үгүй биз. Бүхэл бүтэн баруун хязгаар нутгийг тэр чигээр нь бидэнд үлдээх гэж тэмцэж явсан тэр л түүхэн морины чихмэл ингээд эрэмдэг амьтан шиг болсныг хараад хэн ч биш гэх биз. Уул уурхайгаар бус аялал жуулчлалаар улс орны эдийн засгийг авч явна хэмээн том дуугарахаасаа өмнө орон нутгийнхаа музейн үзмэрүүдийг анхаарах цаг болжээ...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан