Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Түвшинжаргал: Хэчнээн мундаг бүжиглэдэг ч үндэсний бүжгээ мэддэггүй нь олон

Өнгөрсөн зун найзуудтайгаа дэмий ярихаар хотын төв талбайн урд талын “Сэнгүр” асрыг зорьсон юм. Тэнд нэгэн бүжигчин охины үзүүлбэрийг үзэж, түүний тухай яриа тэр оройжин өрнөсөн. Харин саяхан Монголд анх удаа соло бүжгийн аварга шалгаруулах тэмцээн болж, эчнээ танил нөгөө охин цорын ганц ялагч болж. Ингээд түүнтэй уулзаж ярилцлаа.

-Монголд анх удаа зохион байгуулсан со­ло бүжгийн тэмцээнд тү­рүүл­сэнд баяр хүргэе. Өмнө нь тө­рөл бүрийн бүжгийн тэм­цээн болж байсан. Энэ удаагийнх юугаараа онц­лог байв?
-Баярлалаа. “The SOLO”  нэртэй тэмцээн боллоо. Соло бүжигчдийн дундаас шилдгийн шилдгийг шалга­руулсан гэдгээрээ энэ тэмцээн онцлог байлаа. Дараа жил илүү өргөн хүрээг хамарч зохион байгуулагдах байх аа. Анхны тэмцээнд нь түрүүлсэндээ баяртай байна.

-Телевизээр гарахад нэг шатыг нь үзэж байсан л даа. Чиний хувьд локинг гэсэн төрлийг сугалж бүжиглэсэн. Их хөгжилтэй, өмнө нь харж байгаагүй төрөл санагдсан. Энэ талаар...?
-Локинг гэсэн стиль нь панкинг буюу миний ор­чуул­гаар хөгжилтэй бүжиг. Энэ төрлөөр бүжиглэдэг хүн цөөн учраас жаахан хүн­дэлтэй байсан ч бэлтгэл сайтай байсан учир гуравдугаар шатны шалгаруулалтад орсон. Шүүгчдээс өндөр үнэлгээ авсандаа маш их баярласан.

-Бусад шатанд ямар бүжиг бүжиглэсэн бэ. Хэрхэн бэлтгэж байв?
-Бүжгийн тэмцээнд өмнө нь оролцож байгаагүй болохоор анх орох уу, болих уу гэж эргэлзэж байгаад өмнөх өдөр нь нэг ая сонгоод, хип хоп бүжиг дэглээд орсон. Хоёрдугаар шатанд сугалаагаар бүжиглэх төрлөө сонгоход монгол бүжиг таарсан. Энэ шатанд заавал хосоороо бүжиглэх ёстой учраас шууд л толгойд “Бие чинь болъё” гэдэг бүжиг буусан. Энэ бүжгийг 2004 онд ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Баярбаатар ах дэглэж, Гавьяат жүжигчин, бүжигчин Одонтуяа эгч амилуулж байсан. Одоо ч бүжиглэдэг. Уран бүтээлчдээс нь зөвшөөрөл аваад тайзан дээр бүжиглэхэд шүүгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Шүүгчид “Энэ бүжгийг хэр баргийн хүн барьж авдаггүй. Чи яагаад хийв” гэж асуусан. Эхний шатуудад дандаа эрэгтэйлэг дүр гаргаж, нүүрээ ч будалгүй оролцож байсан учраас сүүлийн шатандаа эмэгтэй хүн гэдгээ харуулсан бүжиг хийе гэж шийдээд хамтлагийн охидуудтай зөв­лөлдөөд жаз модерн бүжиг хийсэн. Тэмцээнийхэн, орол­цогчид намайг “Хүүе, манай Түшка чинь эмэгтэй байсан юм байна” гээд шоолж байхав.

-Ингэхэд Түвшинжаргал маань хэдэн жил бүжиглээд байна вэ. Чамайг энэ тэнд харахад дандаа л янз бүрийн бүжиг хийж байгаа харагддаг. Энэ бүгдийг заалгадаг багш бий юү?
-Бүжгээр хичээллээд хоёр жил өнгөрч байна. Өмнө нь, энэ талаар бодож байгаагүй. Аль болох олон төрлөөр бүжиглэхийг л хичээдэг. Надад багш  байхгүй. Харин бүжиглэдэг олон найзтай. Тэднээсээ суралцаад, хөгжөөд л явж байна. Өмнө нь олон хамтлагт харьяалагддаг байсан бол одоо “Сийлэн” гээд гурван гишүүнтэй охидын бүжгийн хамтлаг байгуулсан.

-Ер нь, тайзан дээр анх удаа гараад их сандарч байсан тухайгаа уран бүтээлчид их ярьдаг. Анх тайзан дээр гараад бүжиглэж байсан талаараа ярихгүй юү?
-Би жаахан охин байхдаа их бүрэг байсан. Одоо санаж байна л даа. МУИС-иас АСК тэмцээнд оролцоод МҮЭСТО-ны тайзан дээр гарч модерн бүжиг хийсэн. Бүжиг заасан багш нь намайг их зоригжуулсан ч маш их сандарсан. Гэхдээ тайзан дээр гараад бүжиглэсэн чинь сандрал ор мөргүй алга болсон. Тэгээд л тайзан дээр байх ёстой юм шиг л санагдсан. Түүнээс хойш Монголын ихэнх мэргэжлийн том тайзан дээр гарч үзсэндээ баяртай байна.

-МУИС-д ямар чиг­лэлээр суралцдаг билээ. Цаа­шид бүжгийн урлагаар мэргэжлийн төвшинд хи­чээллэх бодол бий юү?
-МУИС-ийн Хэрэглээний статистик гэсэн мэргэжлээр сурдаг. Дөрөвдүгээр курсийн оюутан. Миний суралцаж байгаа мэргэжил бүжгээс тэс өөр л дөө. Судалгааны ажил хийдэг. Яг мэргэжлийн багшаас зөвлөгөө аваад сурсан зүйл байхгүй учраас бүжигчин гэж хэлүүлэхээсээ эмээдэг. Гэхдээ боломж олдвол энэ мэргэжлээр сураад, бүжигчин болсон гэдгийг маань батлах зүйлтэй болбол сайхан. МУИС-иа төгсөөд СУИС-д суралцаж магадгүй.

-Нэг удаа Германд балет бүжиглэдэг залуутай ярилцаж байхад “Би багаа­саа л балетаар хичээллэсэн болохоор түүнийгээ л сайн хийх ёстой гэж боддог бай­сан. Сүүлийн үед модерн бүжигт их татагдах болсон” гэж байсан. Чиний хувьд ямар бүжигнээс хамгийн сайхан мэдрэмж авдаг вэ?
-Бүх төрлийг оролддог ч яг 100 хувь сурчихаагүй байна. Гэхдээ монгол хүн юм болохоор үндэсний бүжгээ тайзан дээр хийхээр огшоод л ирдэг. Монгол бүжгээс омогшил мэдэрдэг. Үндэсний бүжигтээ дуртай. Үе тэнгийнхэн маань мундаг бүжиглэдэг ч монгол бүжгээ мэддэггүй нь олон. Энэ тэнд болж байгаа тэмцээнийг очиж үздэг. Тэгэхэд үндэсний бүжиг гэхээр л “Баяд”, “Мянгад”, “Монгол бүсгүй”-г бүжиг­лэдэг. Залуучуудын дунд үндэсний бүжиг хөгжихгүй байна. ҮДБЭЧ-д үндэсний бүжгэн жүжиг хийж байна. Тийм болохоор цаашид хөгжих байх аа.

-“Сийлэн” гээд охидын хамтлагтай гэсэн. Шинэ жил дөхсөн болохоор сүүлийн үед урилга их ирж байна уу?
-“Сийлэн” хамтлаг маань шинэ жилийн арга хэмжээнүүдэд их уригдаж байгаа. Надад нэг хүн хэлж байсан. “Түвшинжаргал аа, тэмцээнд түрүүлнэ гэдэг чинь ял байдаг юм биш үү” гэж. Тэрэн шиг энэ тэнд маш их уриг­даж бүжиглэж байна. Гэх­дээ хүмүүс гоёоор хүлээж авч байгаад баярладаг. “Сий­лэн” хамтлаг маань бүх төр­лөөр бүжиглэнэ. Охидын хамт­лаг гэдэг утгаараа маш их зардалтай. Ээмэг бөгж, хув­цас, нүүрний будаг гээд л. Одоохондоо 100 хувь өөрсдийн хүчээр, бор зүр­хээ­рээ явж байгаа. Гэхдээ ши­нэ жилийн арга хэмжээнд нь очиж бүжиглэсэн бай­гууллагууд дахиад хамтран ажиллах санал тавьдаг.

-Монголын нөхцөлд бү­жиглэх сонирхолтой за­луус чам шиг өөрийгөө хөг­жүүлээд явахад хүндрэлтэй зүйл юу байна вэ?
-Мэдээж, хүндрэлтэй зүйл байгаа. Нэгдүгээрт, ши­нэ урсгал оруулж ирэхээр ойл­годоггүй. Хоёрдугаарт, шинэ зүйл хийх гэснээ үгүйсгэдэг хэ­сэг бүлэг хүн байдаг. Энэ нь хүндрэлтэй. Тиймээс би одоохондоо бүжигээ шинэ юм оруулж ирэх бодолгүй байгаа. Ха­рин хөгжиж, суралцах ёс­той. Тодорхой хэмжээнд боловс­роод магадгүй хэдэн жилийн дараа өөрийн гэсэн стилийг ч бий болгох боломжтой.

-Гэхдээ миний бодлоор бие дааж, сонирхлоороо бү­жиглэдэг залуус л орчин үеийн бүжгийн урлагийг хөг­жүүлж байгаа юм шиг са­нагддаг. Мэргэжлийнх гэ­хээрээ байгууллагад харь­­яалагдаад, урдах аж­лаа хийгээд явдаг шүү дээ...?
-Монголын бүжгийн ур­лагт хувь нэмэр оруулж яваа “Аймаар” гээд продакшн байдаг. Тэнд бүжиглэдэг хүүх­дүүд сонирхлоороо бү­жиг­лэдэг. Тэгэхээр чиний хэлд­гээр өөрсдөө хүсч, зо­риод бүжиглэдэг залуус маань орчин үеийн бүжгийн урлагийг хөгжүүлж байгаа.

-Чиний фейсбүүкийг үзэж байхад олон удаагийн плаш мобд оролцож байсан юм билээ. Плаш моб манайд жаахан буруу хөгжөөд байх шиг харагддаг. Чиний бодол...?
-Плаш моб Монголд дэлгэрэхдээ эсэргүүцлээ илэрхийлэх нэг хэлбэр мэт ойлгогдсон. Уг нь, нэг хүсэл сонирхолтой хүмүүс нэгдэж, нэг хөдөлгөөнийг зэрэг хийж, хүсэл сонирхлоо илэрхийлэх бүжгийн нэг төрөл. Миний хувьд анх удаа МУИС-ийн 70 жилийн ойгоор 70 хүүхэдтэй плаш мобыг зохион байгуулж байсан. Бас МЗХ-той хамтран “Спирт үү, спорт уу” гэсэн плаш мобыг зохион байгуулсан. Өөр олон плаш мобд оролцож байсан.

-Дөрөвдүгээр курсийн оюутан бүжиг гээд гүйхээр гэрийнхэн нь хэрхэн хүлээн авч байна вэ?
-Гэрийнхэн урьд нь намайг бүжиглэхийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Харин тэмцээнд ороод түрүүлснээс хойш их дэмждэг болсон. Түүнээс өмнө ажилтай гээд л гардаг байсан. Одоо бол бэлтгэлдээ явлаа гэхээр хоолоо идсэн үү, яасан гээд л  их санаа тавьдаг болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан