Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Помпейн сүүлчийн өдөр”-ийг сонирхоцгоо

Оросын зураач Карл Павлович Брюлловын / 1799-1852 / олон шилдэг бүтээлийн нэг нь “Помпейн сүүлчийн өдөр” зураг яах аргагүй мөн. Петербург хотноо Уран зургийн академийг А.И.Ивановын урланд суралцаж 1821 онд төгссөн тэрээр дараа жил нь Зураач нарын нийгмэлэгийнхэнтэй Италийг зорьсон байна. Эндээ хэд хэдэн зураг зурсан ч түүхэн сэдэвт “Помпейн сүүлчийн өдөр” зураг зурахаар шийдэж. Ийм түүхэн зураг зурах сонирхол нь төрж  газар дээр нь очиж олон эскиз гаргасан гэдэг. Манай эриний 79 онд энэ галт уул хэрхэн оргилж, Помпей хотыг хэрхэн газрын үнс нурам, халуун лаваар дарсан тухай анлийн зохиолч Э.Булвер-Литтоны гурван боть романыг уншиж. Ингээд энэ алдарт зургаа 1830-1833 онд зурж дуусгажээ.
465,5 х 651 см-ийн хэмжээтэй, тосон будгийн энэ том зураг бол оросын уран зураг дахь романтизмын шилдэг бүтээл. Энэ зураг дээр зураач өөрийгөө толгой дээрээ малберт, зургийн хэрэгслээ тавьчихсан байгаагаар дүрсэлсэн бол өөрийн ойрын танил гүнгийн хатан Юлия Павловна Самойловаг бүр гурван ч удаа зурсан байдаг гэнэ. Толгой дээрээ домбо тавьсан хүүхэн, охиноо өөр лүүгээ шахан тэвэр байгаа ээж, зургийн төвд унаад хүүхдийнхээ дэргэд үхэж байгаа эмэгтэйгээр дүрсэлсэн гэдэг.

Везув галт уул жил бүр жаахан жаахнаар утаа олгойдуулж үүнийг нь Помпей хотынхон их баяр болгон тэмдэглэдэг байсан. Гэтэл тэр жил утаа нь нэмэгдсээр галаар тургиж хотыг сүйрүүлсэн гэсэн домог бий.
Зураг дээр ерөнхийдөө галт уул галаар тургин халуун лав оргилж эхлэхэд тэнд байгсдын төрх байдал, хандлага, сэтгэлийн хөдөлгөөнийг дүрсэлсэн байдаг. Энд насанд дарагдсан аавыгаа аваад аюулаас зугтааж байгаа гэр бүлийн хоёр байхад, өөрөө тамирдаж уначихаад хүүгээ бушуухан яв гэж гуйж байгаа настай эмэгтэй, ухаан алдсан эхнэрээ түшээд авч байгаа залуу харагдана. Гэтэл бас залуу сайхан эр хар амиа бодон хүмүүсийн дээгүүр аргамаг мориороо гишгүүлэн зугтаах гэж байгаа, үймээнийг далимдуулан сүмийнхээ үнэт шүтээнийг хулуун авч нөмрөг дороо хийсэн лам бас байна.
Зураач энэ бүхнийг тэдний нүүр царай, хөдөлгөөн, өнгө будгаар ёстой амьд юм шиг дүрслэн харуулсан байдаг. XIX зууны оросын нэрт яруу найрагч Е.А.Баратынский “Помпейн сүүлчийн өдөр бол оросын уран зургийн анхны өдөр” хэмээн дуу алдсан байдаг.
Энэ гайхамшигт зургийг өөрсдөө сонирхоцгоо.

1 Сэтгэгдэл
үнэхээр сайхан санагдлаа,
Хамгийн их уншсан