Одри Хепбюрн. Энэ нэрийг мэдэхгүй хүн байдаг юм гэхэд алаг нүд, нарийхан бэлхүүстэй, дэгжин хар даашинзтай, турьхан гартаа урт гаанс барьсан дэндүү царайлаг энэ бүсгүйн дүр төрхийг нэг удаа ч болов хараагүй хүн үгүй биз ээ. “Тиффанид барьсан өглөөний цай” киноны хэсгээс авсан энэ зураг бол Америк киноны хамгийн сэтгэлд үлдсэн дүр гэж кино судлаач, шүүмжлэгчид санал нэгтэй хэлдэг. “Ромд өнгөрүүлсэн амралт”-ын Анна гүнж, “Миний үнэнч хатагтай”-н Элиза, Сабринагийн дүрээр үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд үлдсэн алдарт жүжигчин Одри Хепбюрнийг эргэн дурсъя.
Одри Кэтлин Рустон Англи эцэг, Голланд эхийн газар дээрх ганц охин болж 1929 оны тавдугаар сарын 4-нд төржээ. Одри бол удам сайтай айлын охин. Түүний аав Английн хаан III Эдуард, Шотландын хатан хаан Мэригийн үр сад бол ээж нь Монакогийн хунтайж III Рэйнер Хампри Богартын удам юм. Түүний бага нас ч Германы хаан II Вильгелмийн Хуйс Дүүмийн ордонд өнгөрчээ. Одригийн Хепбюрн овог бол эмэг эхийнх нь нэр юм. Аав нь даатгалын компанид ажилладаг байсан учир тэрээр багадаа Голланд, Бруссель, Англиар тогтмол аялдаг байж. Түүний нялх балчир нас хэсэгхэн зуур аз жаргалаар бялхаж өнгөрсөн ч зургаан настай байхад эцэг эх нь салснаар амьдралын хатуу хөтүүг амсч эхэлсэн гэдэг. Одригийн ээж аав хоёулаа Британийн фашист нийгэмлэгийн гишүүн, бүр Адольф Гитлерийг дагалдагч байжээ.


Одригийн ээж охиндоо нэмэр болох гэж удам судраа ч мартан үйлчлэгч, цэвэрлэгчээр ажилладаг байжээ. Тэрээр багаасаа хичээллэсэн балетаа мөнгөнөөс болж орхисон гэдэг. Жүжиглэвэл балетаас арай илүү цалин хөлс авах боломжтой гэдгийг мэдээд бүжгээ орхисон байна. Гэхдээ энэ хоёр мэргэжлийн хооронд ердөө гурван фунтын л ялгаа байв. Хэдий тийм боловч Одрид ганц фунт ч гэсэн үнэтэй байсан учир мэргэжлээ солиход харамсаагүй гэдэг.

Түүний хамгийн анхны томоохон дүр нь “Нууц хүмүүс” киноны балетчин байв. Тэр энэ кинонд авьяасаа харуулж, орлон тоглогчгүйгээр өөрөө бүжиглэсэн байна. Харин түүнд жинхэнэ алдар нэр авчирсан кино бол бидний сайн мэдэх “Ромд өнгөрүүлсэн амралт” юм. Тэрээр энэ кинонд Холливудын сайхан залуусын нэг Грегорий Пектэй хамтран тоглосон билээ. Киноны продюсерууд эхэндээ энэ дүрд тухайн үед ид мандаж байсан Элизабет Тэйлорыг тоглуулахыг хүсч байсан гэдэг. Гэвч кино пробын үеэр шалгуулахаар ирсэн Одри Хепбюрнийг найруулагч нь хараад л гэмгүй, энхрий ялдам, хөгжилтэй Анна гүнж дүрээрээ зогсч байна хэмээн эргэлзэх зүйлгүй түүнийг сонгожээ. Энэ кино амжилтын замыг нь нээсэн учраас Одригийн хамгийн хайртай бүтээл гэж хэлсэн байдаг.
Энэ кино эрэгтэй гол дүрийн жүжигчин Грегорий Пекийн далбаан дор үзэгчдийн анхаарлыг татаж, далимд нь шинэ жүжигчин Одри Хепбюрн олон нийтийн анхааралд өртсөн юм. Кинонд тоглосны дараа Г.Пек түүнийг гүнжийн дүрээр гарцаагүй “Оскар” авна гэж хэлж байсан нь биеллээ олж, Одри АНУ-ын Кино академийн өндөр үнэ цэнэтэй шагналын эзэн болов. Тэднийг бие биедээ дурласан гэж кино гарсны дараа хэсэг шуугьсан ч үнэндээ О.Хепбюрн бага зэрэг сэтгэл татагдсанаас хэтрээгүй гэдэг.

“Ромд өнгөрүүлсэн амралт” киноны Г.Пек түүнтэй насан туршийн сайн найзууд хэвээр үлджээ. Одриг өнгөрсний дараа Г.Пек телевизийн камерын өмнө түүний сонсох дуртай Р.Тагүрын “Дуусашгүй хайр” дууг нулимстай дуулж найзыгаа дурсч байв. Өмнө нь, Одритой хослон тоглохоос хоёр ч удаа татгалзаж байсан алдарт жүжигчин Кэри Грант “Хуурмаг явдал” кинонд түүнтэй хамтран ажилласны дараа “Зул сараар Санта Клаусаас хүсэх ганцхан зүйл бол Одритой хамт дахин нэг кинонд тоглох” гэж хэлсэн байдаг. Тэрээр өмнө нь “Ромд өнгөрүүлсэн амралт”, “Сабрина”-д гол дүрд тоглох урилга авсан ч Одри өөрт нь хэтэрхий залуудна, дээр нь туршлагагүй, нэрд гараагүй гээд голж байсан гэдэг.

Энэ киноны дараа Сабринагийн дүрд тоглох болов. “Сабрина”-гийн найруулагч түүний киноны хувцас загварыг алдарт Хьюберт де Живеншид даатгасан нь том боломж нээсэн юм. Одрийг анх Живеншитэй уулзахаар ирэхэд нь алдарт дизайнер нэрд гарсан жүжигчин Катерин Хепбюрнийг ирнэ гэж хүлээж байжээ. Гэвч хүлээсэн хүн нь биш залуухан, шинэ жүжигчин ирсэнд Живенши урам хугарсан гэдэг. Гэхдээ Одри сэтгэл татам аалийнхаа ачаар түүнтэй хэдхэн хормын дотор сайхан танилцаж, хожим насан туршийн сайн найз, ажлын хамтрагч болжээ.
“Сабрина” кино зураг авалтынхаа үеэр Одри гэр бүлтэй жүжигчин Уильям Холденд сэтгэл алдарч, түүнтэй амьдарч, үр хүүхэдтэй болно гэж мөрөөдөх болжээ. Гэвч кино гарсны дараа удалгүй тэд салсан нь У.Холден хүүхэдтэй болохгүй тулд үрийн сувгаа боолгох мэс засал хийлгэсэнтэй холбоотой байж.
Хэдийгээр хайр сэтгэл нь бүтэлгүйтсэн ч дараагийн уран бүтээлдээ цаг алдалгүй орсон нь Одриг шинэ хайр дурлалтай учруулжээ. Тэрээр “Ондин” хэмээх жүжигт хамтран тоглосон жүжигчин Мел Феррертэй хайр сэтгэлийн холбоотой болж, жилийн дараа гэр бүл зохиов. Тэр энэ жүжигт тоглож байхдаа од болон гялалзаж байлаа. “Ромд өнгөрүүлсэн амралт” киногоороо “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагнал дараалан хүртэж, гэр бүлийн амьдрал нь ч тэгш сайхан жаргалтай байв. “Оскар” гардсанаас ердөө зургаан долоо хоногийн дараа “Ондин” жүжгээрээ “Тони”-гийн шагнал хүртэж, нэг жилийн дотор энэ гурван шагналыг хүртсэн гуравхан эмэгтэй жүжигчний нэг болсон юм. Тэрээр үүнээс гадна Эмми, Грэммийн шагналыг ч өөрийн болгосон билээ.


Алдар цуугаараа адил тэнцүү Одригийн амьдрал М.Монрогийнхоос газар тэнгэр шиг ялгаатай байсан юм. Тэр их гэрсэг, нам тайван амьдрахыг хүсдэг, жирийн амьдралд дуртай нэгэн байв. Гэвч амьдралын зам нь тийм ч дардан байсангүй. 1967 онд “Харанхуй болтол хүлээ” кинонд тоглосон нь түүний хувьд хамгийн хүнд дүр байсан гэдэг. Учир нь, энэ кинонд хараагүй бүсгүйн дүр бүтээснээс гадна нөхрөөсөө салж, гэр бүлийн амьдрал нь нурж унахын ирмэг дээр ирээд байжээ. Энэ киног найруулсан нөхөр М.Феррертэйгээ цаашид амьдрах боломжгүй гэдгийг Одри хамт ажиллаж байхдаа ойлгож, дэлгэцэнд гараад удаагүй байхад нь салсан юм. Сэтгэлийн дарамтаас болж Одри энэ үед 15 фут турсан гэдэг. Феррер, Одри хоёр 13 жил амьдарч, нэг хүүтэй болжээ. Тэрээр өмнө нь хоёр ч удаа бие давхар болсон ч ажлын ачаалал, ядаргаанаас болоод бүтээгүй аж.

Энэ үед түүнийг туранхай гоолиг байхын тулд хоолоо сойсны улмаас хүүхдээ тээж чадаагүй гэж шүүмжилж, бүр “Цаг хугацаагаар шалгагдсан гоо сайхан” гэдэг дуу хүртэл гарч гоочилж байжээ. Тиймээс Одри гурав дахь удаа хүүхэд олохдоо хамаг ажлаа хойшлуулж, тун болгоомжтой байсны ачаар Шон хүүгээ 1960 онд төрүүлжээ. Тэр үүнээс арван жилийн дараа Лука гэдэг хоёр дахь хүүгээ төрүүлсэн юм. Лука бол түүний хоёр дахь нөхөр, Италийн сэтгэл зүйч эмч Андреа Доттигийн хүү юм. Одри А.Доттитой бас л 13 жил амьдраад хоёр тийш болсон. Түүний нөхөр залуухан охинтой нэр холбогдсоны дараа Одри гэр бүлээ цуцлуулсан байна. Одригийн анхны нөхөр Мел Феррерийг ч нууц амрагтай болсон учраас салсан гэдэг. Гэхдээ тэр үед Одри “Замын хоёр” кинонд хамтран тоглосон залуу жүжигчин Альберт Финнитэй учиртай болсон гэх яриа ч байдаг.
Бүтээгүй хэд хэдэн хайр дурлал, удаан үргэлжлээгүй хоёр гэрлэлтийн дараа амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг Одри Голланд жүжигчин Роберт Уолдерстой хамт өнгөрүүлсэн юм. Тэд арав гаруй жил хамт амьдарсны дараа Одри “Энэ бол миний хамгийн жаргалтай үе байлаа” гэж хэлсэн байдаг. Харин яагаад албан ёсоор гэрлээгүйг нь асуухад “Хүмүүст л мэдэгдээгүй болохоос бид хуримаа хийсэн” гэж хариулжээ.

















