Ардын урлагийг орчин үеийн хэлбэрт оруулан олон нийтэд уламжлуулах нь үндэсний урлагаа авч үлдэх нэгэн гарц.
Тэгвэл энэ үйлст хамтран зүтгэж байгаа хос бол уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа. Тэдний хамтын уран бүтээлийн анхны цомог хэвлэлтээс гарчээ. “Язгуур” нэртэй шинэхэн цомгийн талаар ярилцлаа.
-Цомгийг гаднаас нь харахад ардын гэсэн тодотгол үнэхээр шингэж. Босоо бичгээр тамгалагдсан цомогт орсон дуунууд анхны сэтгэгдлийг маань бататгах байх аа гэж бодлоо?
Д.Ү: -Үндэсний язгуур урлаг дунд харилцаа дууны төрөл бол томоохон байр суурь эзэлдэг. Монгол ардын уртын харилцаа дуунуудаас бүтсэн цомог маань хэвлэлтээс гараад удаагүй байна. Цомогт орсон дуунуудаа этник чиглэлээр дуулсан. Морин хуурын чуулга, ардын цөөхүүл хөгжимтэй хамтран хийсэн дуунууд ч бий.
Д.Ж: -Ардын гэдэг утгаараа өв уламжлагдаж ирсэн дуунуудаас дуулсан. Шинээр дуу зохион дуулбал нийтийн дуу гэсэн төрөлд хамаарна. Тийм болохоор бид цаашид нийтийн дуу дуулахгүй.
-Уртын дууны анги төгссөн ч нийтийн дуу руу урвах дуучин олон. Магадгүй, уртын дууг хуучныхаар нь хүлээж авахад жаахан уйтгартай байдгаас тэр байх л даа?
Д.Ж: -Нэг үе нийгэм маань үндэсний соёл урлагаас тасарчихсан байсан. Биднийг СУИС-д сурч байхад уртын дууны анги гарын таван хуруунд багтах оюутантай байсан. Гэтэл одоо уртын дууны тэнхим байгуулагдаад 100 гаруй оюутан элсүүлсэн байна лээ. Нэг үеэ бодоход үндэсний сэтгэлгээ сэргэж байна.
Д.Ү: -Бид хоёр уртын дууг этник хэлбэрт оруулан дуулахдаа олон уран бүтээлчтэй хамтарсан. Тухайлбал, нэг дууныхаа хэсэгт хөөмэйг оруулсан бол дуурийн хоорыг ч гэсэн уртын дууны ард оруулж өгсөн. Аль болох сонирхолтой талаас нь, сонсогч, үзэгчээ уйдаахгүй байх үүднээс уран бүтээлээ хийж байгаа.
-“Язгуур” цомогт орсон ганц нэг дуугаа дүрсжүүлсэн гэсэн шүү дээ. Уртын дуу гэхээр л усны хажууд зогсоод дуулдаг гэсэн шүүмж үзэгчдээс гардаг. Энэ шүүмжийг үгүй хийсэн гэдэгт найдаж байна?
Д.Ж: -Чиний хэлсэн яг зөв. Уртын дуу гэхээр л заавал уул, усны хажууд зогсоод дуулах биш л дээ. Бидний энэ удаагийн клип их өвөрмөгц. Үзэх бүрт нь шинэ зүйлийг мэдрүүлж чадах байх аа.
Д.Ү: -“Юндэн Гөөгөө, Сийриймаа” гэсэн дуугаа дүрсжүүлсэн. “S” энтертаймент студиэс “Монгол видео” гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр төслийн анхны бүтээл нь бидний энэ дуу болсон.
-Уртын дуу зохиогчгүй. Тийм ч учраас үгийг нь буруу дуудаж байна гэх маргаан их гардаг. Цомогтоо орсон дуунуудын талаар судлаачдаас зөвлөгөө авав уу?
Д.Ж: -Судлаачид уртын дууны үгийн тал дээр янз бүрийн байр суурьтай байдаг. Гэхдээ энэ дууны үг, яг ийм байна гэсэн зүйл байхгүй.
Хэдэн мянган жилийн өмнөөс дуулагдаж ирсэн. Бас нутаг бүр өөрийнхөөрөө дуулдаг учраас үгний хувьд маргаан гарахаас аргагүй. Тийм ч учраас ерөнхий зөвлөхөөр Түвшинсайхан гэж хөгжмийн зохиолчтой хамтарсан. Мөн ардын дууны тал дээр Гавьяат жүжигчин, дуучин Үенч, Соёлын тэргүүний ажилтан Балдансэрээнэн гэж ардын урлагт насаараа зүтгэсэн уран бүтээлчээс зөвлөгөө авсан.
Цомогт орсон дуунуудын маань хувьд олон хүн мэддэг жанраар нь дуулсан.
-Цомог гарчихаар сонсогчид маань тоглолт хүлээх нь ойлгомжтой. Мэдээж хийхээр төлөвлөсөн байх?
Д.Ж: -Тоглолт хийхээр төлөвлөсөн. Гэхдээ одоогоор товыг нь зарлах эрт байна.