Нийслэлийн Төсөв, санхүү, эдийн засгийн байнгын хороо хуралдаж, нийслэлийн өмчийн түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах талаар хэлэлцэв. СТӨ-ний хувьд талбайгаа ам.метрийг сарын 5000 төгрөгөөр түрээсэлдэг байсан бол 11 мянга болон 16 мянган төгрөг болгох хүсэлтэй байгаагаа нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж хэлсэн.
Харин хорооны гишүүд үнийн хувьд ялгавартай хандаж байгааг эсэргүүцэж байлаа. Нийслэлд үзвэр үйлчилгээ, соёлын гол арга хэмжээ ихэнхдээ СТӨ-нд болдог. Хэдийгээр засвар үйлчилгээ хийгддэггүй муу барилга хэмээн гоочилдог ч түрээсийн төлбөр нь боломжийн учир олон арга хэмжээ зохиогдсоор ирсэн юм. Тус төвийн барилга 1980 онд ашиглалтад орж байсан бөгөөд нийслэлийн төсвийн тодорхой хувийг бүрдүүлсээр иржээ. Түрээсийн үнийн талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж “СТӨ-ний хувьд ашиглалтынхаа зардлыг дийлэхгүйд хүрээд байгаа.
Учир нь, цахилгаан, дулааны суурь үнэ нэмэгдсэн. Мөн нийслэлийн харьяа байгууллагаас соёл урлагийн, биеийн тамир спортын газар гээд дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ямар ч түрээс төлдөггүй.
СТӨ төсвөөс нэг ч төгрөгийн татаас авдаггүй. 16 мянга гэдэг хотын төвийн байрлалд бага үнэ” гэдгийг хэлж байлаа. Харин тус төвийн ойролцоо байгууллагууд оффиссын зориулалтаар талбайгаа ам.метрийг нь 30-60 ам.доллараар түрээслэдэг аж. СТӨ-ий нийт талбайн 78 хувийг ССАЖЯ-ны харьяа боловсрол, соёл, шинжлэх ухааны 12 байгууллага эзэмшдэг байна.
Харин түрээслэгчдийн зүгээс халуун ус байнга тасардаг, цахилгаан шат нь оройн 18:00 цагаас хойш ажилладаггүй. Бизнес эрхлэгчдийн хувьд цаг гэдэг юунаас ч үнэтэй зүйл. Гэтэл үүнийг СТӨ-нийхөн хайхардаггүй гэсэн гомдлыг байнга хэлдэг гэнэ. Иймээс Нийслэлийн Төсөв, санхүү, эдийн засгийн байнгын хорооны гишүүд нэгэнт л түрээсийг нь нэмэх гэж байгаа хойно дээрх доголдолтой асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэйг санууллаа. Мөн нийслэлд баар, цэнгээний газар тоогоо алдаад буй. Гэтэл энэ зориулалтаар нийслэлийн өмчийг түрээслүүлэх нь буруу. Иймээс диско баар гэдэг хэсгийг ресторан зоогийн газар гэсэн нэр оруулахыг санал болгож байв. Харин нийслэлийн зүгээс түрээслэгч нарт та нар зоогийн газрын чиглэлээр түрээслэ гэж тулгах эрхгүй гэнэ. Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Үйлдвэр үйлчилгээний газраас тавьсан шаардлагыг биелүүлж байгаа аж ахуйн нэгжид ресторан, баар цэнгээний газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулах эрх олгож байгаа юм байна. Нөгөө талаар үнийг ялгаатай тогтоож байгаа нь ямар байгууллага үйл ажиллагаа явуулдгаас шалтгаалж буй хэрэг ажээ. Тухайлбал, нотариатын үйлчилгээ зардал багатай учир түрээсийн үнийг нь арай өндөр тогтоож өгдөг гэнэ.
Харин үсчин, гоо сайхны газрын хувьд зардал өндөр гардаг учраас түрээсийн төлбөрийг нь арай бага тогтоодог. Хурлын үеэр Нийслэлийн Төсөв, санхүү, эдийн засгийн байнгын хорооны гишүүн Г.Ганбаяр “СТӨ-ний гол санхүүгийн эх үүсвэр тайзнаас орж ирдэг. Гэтэл тайзны төлбөрийг яагаад энэ хөндөхгүй байна вэ. Нийслэлийн харьяа байгууллагууд соёл, урлагийн үйл ажиллагаа явуулах гэхээр түрээсийн гэрээтэй, оочертой гээд тайз нь олддогүй юм билээ. Тайзны түрээсийн асуудлыг шийдэх хэрэгтэй” гэдгийг сануулж байлаа. СТӨ одоогоор тайзаа цагийг нь 1.5 сая төгрөгөөр хэрэв тоглолт хийх хүмүүс тайзан дээр урьдчилсан бэлтгэл хийнэ гэвэл 500 мянгыг нэмж төлдөг байна. Тус төв нь энэ жил их засварын ажилд 980 сая төгрөг төсөвлөжээ. Ирэх жилийн төсөвт хамгийн багаар бодоход хоёр тэрбум төгрөгөөр засвар хийх тооцоо гарчээ. Хоёр тэрбумаасаа нэмэгдэж магадгүй байгаа учир ийн түрээсийн төлбөрийг нь нэмэх шаардлага гарсан гэнэ. Энэ онд нийслэлийн барилга байгууламж өмч хөрөнгийг түрээслүүлэхэд тэрбум 148 сая төгрөг тавигдсан бөгөөд СТӨ-ний түрээсийн төлбөр 830 сая төгрөгөөр батлагджээ. Өнөөдрийн байдлаар энэ мөнгөө цуглуулсан. Оны эцсээр хангалттай давж биелүүлэх байх гэдгийг өмчийн харилцааны газраас мэдээлж байлаа.
Харин түрээсийн үнэ нэмэгдснээр 2014 оны төсөвт 700 сая төгрөг төвлөрүүлэх гэнэ. Түрээсийн үнийг нэмэх тухай НИТХ-аар орж батлагдвал 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс СТӨ-нд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөр нэмэгдэх юм байна.
Хурлын үеэр СТӨ-нөөс гадна Урт цагааныг түрээслэгчдийн асуудал хөндөгдөж байлаа. Одоогоор Урт цагаан буюу Жуулчны гудамжид 25 павилонд түрээслэгчид үйл ажиллагаа явуулж байна. Тус газар нийслэлийн Авто замын газраас авто зам тавина гэж байгаа ч Өмчийн харилцааны газраас өөр зүйл ярьж буй. Тэгвэл Урт цагааныг концессын гэрээгээр нурааж шинээр байгуулах талаар нийслэлээс судалж байгаа гэнэ. Одоогийн байдлаар нийслэлийн 20 гаруй өмчийг хувьчлах жагсаалтад оруулаад байгаа бөгөөд төрийн байгууллага түрээсийн үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй гэж үзэж байгаа гэнэ.
Ер нь нийслэл өнөөдөр хэдэн төгрөгийн өмч хөрөнгөтөй, ямар хэмжээний санхүүгийн чадавхитай хот гэдгээ мэддэггүй. Хаана ямар барилга байгууламжийг хэнд түрээсэлж байгаа нь тодорхойгүй. Иймээс анх удаа Улаанбаатар хотын бүх өмчийг тоолох ажлыг зохион байгуулахаар болжээ.