Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Тод одод” бүдгэрсэн ч дараагийнх нь гялалзах л болно

Сургууль, цэцэрлэгийн хичээл жигдэрч хотын хөдөлгөөн нэг л удааширчээ. Шарласан навчис модноос зүүгдэн сүүлийн хүчээрээ тогтож ядахдаа гунигтайхан тасран газар унах нь намар цагийн өнгө аж. Харин энэ хэмнэлийг алдагдуулсан зүйл нь өнгөрсөн баасан гарагт УДЭТ-ын тайзнаа нээлтээ хийсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжиг. Хоёр цаг гаруй үргэлжлэх уг жүжгийг үзээд гарсан үзэгчид инээмсэглэлээр нүүрээ чимсээр. Английн алдарт инээдмийн жүжгийн зохиолч Рей Кунигийн “Ор хөнжил ба ноёд хадагтай” зохиолоор УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулан тавьсан уг жүжиг таныг уйдаахгүй гэдгийг амлах байна.

Харин энэ удаа жүжгийн утга агуулгаас илүүтэй УДЭТ-ын тайзыг чимэгч бүсгүйчүүдийн тухай бичих гэсэн юм. Тус театр энэ улирлын нээлтээ хийхээс өмнө уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллах гэрээ хийдэг. Гэхдээ үүнийг үзэгчид төдийлөн мэддэггүй байсан ч энэ жил тодорхой мэдээлэлтэй болсон. Учир нь, УДЭТ-ын энэ улирлын нээлтээс олны чихийг дэлдийлгэсэн шум бол “УДЭТ-ын залуу жүжигчин Ганчимэг театраасаа хөөгджээ” гэх яриа. Олны анхаарлыг ихэд татан хуурай өвсөнд тавьсан гал мэт хурдан тархсан эл яриа олны дунд эрчээ авах үед гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар мэдээлэл хийж, театртай хамтран ажиллах гэрээгээ сунгаагүй, хувийн уран бүтээл хийх болно гэдгээ мэдэгдсэн билээ. Үүнийг сонссон зарим нь “Одоо театрт хэнийг үзэх гэж очих билээ” хэмээн сүржигнэж байсан.

Уул шугамандаа, дэлхийн театрын жишгээр театрын эмэгтэй жүжигчид эрэгтэйчүүдийнхээ тал хувьтай тэнцэх хэмжээний цөөн байх учиртай. Гэтэл өнгөрсөн оны байдлаар манай УДЭТ-т 15 эрэгтэй, 14 эмэгтэй жүжигчин ажилласан байна. Энэ нь, драмын театрын менежмент алдагдсан гэсэн үг. Ийм олон эмэгтэй жүжигчинтэй ч олны нүдэнд дассан цөөн тооны “гол дүр”-үүд байдгаас зарим үзэгч дээр дурдсан шиг халагласан хэрэг л дээ.

Өнгөрсөн онд алдарт “Гамлет” жүжгийг тавих гэж ёстой л сүрийг үзүүлсэн. Ингэхдээ жүжгийг хоёрхон эмэгтэй дүрийн нэг Гамлетын ээж Гертрудагийн дүрийг найруулагч Н.Наранбаатар гавьяат жүжигчин У.Уранчимэгт шууд л өгсөн нь ёстой л нүдээ олсон хэрэг байсан. Харин нөгөө нэг дүр болох Гамлетын дурлалт бүсгүй Офелиягийн дүр дээр “тендер” зарлаж, драмын эмэгтэй жүжигчдийн дунд ширүүхэн өрсөлдөөн бий болгосон. Тэр үеэр театрын залуухан бүсгүйчүүд, “драм” ангийн оюутнууд Офелияаг мөрөөдөн өрсөлдсөн ч энэ дүрийг театрт ажиллаад нэг жилийн нүүр үзэж байсан жүжигчин Ганчимэг авсан. Харин энэ дүрийн дубляраар жүжигчин Д.Ганцэцэг шалгарсан. Тэр хоёр ч шүүгчдийн нүүрийг улайлгаагүй гэдгийг үзэгчид хэлэх байх. Энэ үеэс л гурван жүжигчин эгч дүүс бололцсон гэдгээ зарлаж, гавьяат эгчийн сойсон хоёр дүү ч шалгаруулалтад цойлсон хэрэг. Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн хувьд тэрээр театрын жүжигчин болохоор төрсөн гээд хэлэхэд буруудахгүй.

Түүний театрын тайзнаа бүтээсэн дүр бүхэн өөр, өөр мэдрэмжийг үзэгчдэд үлдээдэг. Хайрлах сэтгэл, үзэн ядалтыг түүний дүрүүдээс зэрэг авдаг. Харин түүний том дүү Д.Ганцэцэгийн хувьд “Драмын дөрөв”-тэй нэг үе болж, театрт шинэхэн өнгө нэмсэн. “Надаар тоглосон хайр” жүжгээрээ үзэгчдийг уйлуулан төрсөн “од”. Түүний бүтээсэн дүрүүд үзэгчдэд эмэгтэй хүний гоо сайхан, уян хатан чанарыг ойлгуулж чаддаг. Харин хамгийн бага нь болох жижиг Ганаа оюутны ширээнээс л үзэгчдийн танил болсон чадварлаг жүжигчин. УДЭТ-ын “тод од” гэж хэлж болохоор ийм л гурван бүсгүй театрын алтан тайзаа орхисон юм.
Харин өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээс дараагийн одод гялалзана гэдгийг харсан юм. Яг л өглөө бүр нар манддагаараа манддагтай адил. Үзэгчид байсаар байгаа учраас театрын тайзнаа “одод” гялалзсаар байна гэдгийг ухаарав.

Театрын эмэгтэй жүжигчдийг гурав ангилж болно гэж би боддог байлаа. Гэхдээ “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийг үзээд энэ бодол маань өөрчлөгдсөн. Учир нь, театрын тайзнаа гэрэлтэж яваа эмэгтэй жүжигчдийг хэзээ ч ахмад үед оруулан тооцож болохгүйг ухаарсан хэрэг  л дээ. Ингэж бодохтой зэрэгцэн өнгөрсөн жил тоглогдсон “Саран хөхөө” жүжгийн үеэр Ардын жүжигчин Д.Мэндбаяр эгч тайзнаа хүүхнүүдтэй нийлэн хов яриад л, тас тас хөхөрч байсан нүдэнд харагдав. Харин “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгээр шинэхэн Ардын жүжигчин цолоо мялаалгасан эрхэм бол жүжигчин С.Сарантуяа. Зохиолч эмэгтэй дүрийг тун чиг чадварлаг бүтээсэн тэрээр залуу үеэс ч дутахааргүй бүжиглэх нь үзэгчдийг алмайруулж, алга нижигнүүлэхэд хүргэсэн. Ингээд л бодохоор театрын бүсгүйчүүдийг ахмад үед оруулан тооцож болмооргүй.

Дараагийн залгамж халаа бол гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Г.Урнаа нар. Ажилласан жил нь, авсан гавьяа шагнал нь ч тэр тэднийг театрын өмөг түшиг гэдгийг нь тодорхойлдог. Гэхдээ тэд яг л анхных шигээ дүр бүрийн ард догдлол, айдас, сандралаа нууж явдаг. Жинхэнэ жүжигчин хүний чанар энэ. “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн үеэр гавьяат жүжигчин Г.Урнаа орон нутагт тоглолтоо хийж яваа бүрэлдэхүүнд багтсан ч, түүний эзгүйд Ж.Оюундарь арын албаа сайн хашиж, тус жүжгийн нэгэн том дүрийг амжилттай толилуулж буй. СУИС-ийн оюутнуудтай нийлж бүжихийг нь хараад л театрын жүжигчид хэзээ ч хөгширдөггүй байх даа гэсэн бодлыг маань бататгасан хэрэг.

Тэдний араас залгах үе бол “асаалттай хэдэн танк” гэдэг шиг тийм л гал цогтой хүүхнүүд. Жүжигчин Б.Нармандах, Ц.Баясгалан. Нэг жүжигт хорон санаагаар буцалсан хүүхэн, харин нөгөөд нь уярам зөөлөн эмэгтэй. Тэгснээ ламхай, бяцхан жаалын дүрээс домогт хатны дүрд чадварлаг хувирна. Эмэгтэй жүжигчдийн зан төлөв, ааль авираас хамааран тохирох дүр гэж бий. Гэтэл тэдний чадвар ингэж хайрцаглагддаггүй. Тэд уйлж, инээж, баярлаж, хөөрч, муухай авир гаргаж бас бусдаар өрөвдүүлж чаддаг. Гэхдээ зөвхөн тайзан дээр...

Шинэ залуу үе буюу шижигнэсэн хүүхнүүд. Жүжигчин Г.Отгонцэцэг, Т.Хулан, М.Тогтохжаргал, Б.Одончимэг, Д.Ганцэцэг. Бас л өөрсдийн чадварыг харуулж чадсан, харуулах театрын тайзнаа гялалзах өнгө өнгийн гэрэл. “Парисын дарь эхийн сүм” жүжгийн тайзнаа улаан даашинзтай эргэлдэн бүжих бүсгүй бол Г.Отгонцэцэг. Тэрээр урлагийн эгнээнд нэгдэхдээ сайхан, муухайгаар хэлүүлэн орж ирсэн ч түүнд чадвар бий. Тэрээр СУИС-ийн Хөгжимт драмын ангийг төгссөн нь түүний давуу тал. Өөрт хувиарлагдсан дүр дээрээ хамгийн бүтээлчээр ажилладаг нэгэн. Тэр сайхан, муухайг хослуулан байж өөрөөсөө гэрэлтэх өнгийг олсон тийм л жүжигчин.

“Лусын дагина”, “Норовын намтар” жүжгээр хүүхдүүдийг баярлуулж чадсан жүжигчин бол Т.Хулан. “Эхнэрээ зээлээч” жүжгийн гол дүрийн бүсгүйн дүрээр бас хайрлуулж чадсан нэгэн. М.Тогтохжаргал бол “Тэнгэрийн хүү” жүжгийн араб гүнжийн дүрийг дайчин бүтээсэн. Мөн “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн гол дүрд чадварлаг тоглосон нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан юм. Түүний ялдам ааль дүрээ улам чиг тодотгодог гэхэд болно.

Харин жүжигчин Б.Одончимэг өөрийн чадвараа “Гэгээн муза 2012” театрын шилдгүүдийн шалгуураар ганц хүний жүжигт тоглон харуулсан. Мөн түүний Офелиягийн шалгаруулалтын үеэр гаргасан дүр бусдаас өвөрмөгц байсныг ч эргэн санах хэрэгтэй болов уу.

Д.Ганцэцэг. Түүний жүжигчдээс илүүтэй гэрэлтэх чадвар нь уртын дууч. Том алаг нүд нь эргэлдээд л хэнд хувирахад бэлэн харагддаг түүнд уян намуун дүр хамгийн илүүтэй тохирохоор. Уяхан дүрийг бүтээхдээ нүдний аяга нь нулимсаар дүүрээд л үнэхээр хэн ч харсан өрөвдөн хайрлах сэтгэл төрмөөр тийм л жүжигчин.
Шинэхэн залуу үеийн араас УДЭТ-ын дэргэдэх “драм анги”-ийн бүсгүйчүүд мөр зэрэгцэн гарч иржээ. Н.Цэнгэлжаргал, Н.Баярмаа. Мөн л Офелиягийн шалгаруулалаар өөрсдийн чадварыг харуулсан тэд ч дараагийн гэрэлт од.
Амьдрал өөрөө жүжиг. Тэр жүжгийг гэрэлтэй болгож, чимж чаддаг эмэгтэйчүүдийн талаар өөрийн бодлоо сийрүүллээ. Энэ бүхний эцэст, ганц ойлгосон зүйл маань театрын жүжигчин эмэгтэйчүүд хэзээ ч хөгширдөггүй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан