Монгол хонины ноосоор сурагчийн дүрэмт хувцас хийх ажил гараанаас гарч, оёдлын үйлдвэрүүд завгүй ажиллаж байна. Эхний ээлжийн цамц, өмд, хантааз бэлэн болсныг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр харлаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан загвар, стандартын дагуу оёж бэлтгэх ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гардан гүйцэтгэж буй. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал болон төслийн удирдагч, ахлах мэргэжилтэн, сэтгүүлчид тэргүүтэй хүмүүс шинэ дүрэмт хувцас хэрхэн бүтэж буй үзсэн юм. Ялгаагүй импортоор оруулж ирсэн даавуугаар, өмнөхөөс ялгаагүй хувцас оёж байгаа хэрнээ, хэтэрхий өндөр үнэ тогтоолоо гэх гомдол дайсан сөрөг мессеж сүүлийн хэдэн өдөр гадуур түгсэн. Гэтэл бодит байдалд тэс өөр болохыг ҮХААЯ-ны мэргэжилтнүүд хэлж, оёдолчид ч нотолж, сэтгүүлчид ч итгэв. Сурагчийн шинэ дүрэмт хувцас бүтэхэд 130 аж ахуйн нэгж өөр өөрийн чадлаар оролцож, түүний ард хэдэн мянган хүн ажилтай, завгүй суугаа.


Оёдлын үйлдвэрүүд улирлын чанартай ажилладаг. Зун, хаврын цагт бараг ажилладаггүй байсан бол энэ жил маш эрчимтэй ажиллаж буй гэнэ. Төрийн нэгдсэн бодлого, зохион байгуулалттай ажилд оролцож, ажилтай орлоготой байгаадаа баяртай байна гэсэн. Энгийн үед ноосон цамц оёход 2000 төгрөгийн ашиг гардаг бол энэ хөтөлбөрт хамрагдсанаар ширхэг цамцнаас 700 төгрөг гарч байгаа аж. Жирийн үеэс 1300 төгрөгөөр бага ашиг олж байгаа ч ийнхүү хичээн ажиллахын цаана улирлаас хамаарч завсардахгүй, тогтмол ажлын байр хэмээх шалтгаан нуугдаж буй. Цаашид монголчууд утсаа ээрч, дотооддоо даавуугаа үйлдвэрлэж, оёдлын үйлдвэрүүд харилцан уялдаатай ажиллах нөхцөл ийнхүү эхэллээ гэж болно. Энэ бүхэнд ҮХААЯ-тай хамтарсан Оёдлын нэгдсэн холбоо чухал үүрэгтэй оролцож буйг дэд сайд Х.Золжаргал онцолсон юм.

Гэхдээ энэ ажилтай зэрэгцэн валютын ханш өсч, ихээхэн алдагдал авчрах хандлагатай байна. Жишээлбэл, дүрэмт хувцас оёх захиалга авахад юанийн ханш 210 төгрөг байсан. Гэтэл одоо 279 төгрөг хүрлээ. Энд үүссэн зөрүүгийн алдагдал, эрсдэлийг үйлдвэрлэгч бид үүрч байгаа. Төрөөс хэрэгжүүлж буй том ажил, нэгэнт хийнэ гээд авчихсан учраас замын дундаас буцах эрхгүй. Ажилчид маань ч ялгаагүй их зүтгэл гаргаж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Гэхдээ байдал удахгүй өөрчлөгдөх байх, дандаа ийм хүнд нөхцөл үргэлжлэхгүй гэж найдаж байна” гэсэн юм.


Даавуун бүтээгдэхүүн ч олон улсын хэмжээнд стандарт, хүлээн зөвшөөрөгдөх чансаатай. Хамгийн түгээмэл нь “Вүүл Марк” хэмээх тэмдэг бөгөөд “Өэлүн Минж” компанид өрж, хураасан хар хөх даавуу бүгд тийм тэмдэгтэй байв. Ийм тэмдэглэгээтэй даавуугаар хийсэн хувцас олон улсын төвшинд өндөр ханштай байх боломжтой гэсэн үг. Монгол хонины ноосоор урлаж буй сурагчийн хувцасны нэг цамц 9000 төгрөгийн үнэтэй гардаг. Дор хаяж 10 мянган төгрөгийн үнэтэй байх ёстой ч төрийн бодлогоор хэрэгжиж буй ажил учраас ашгийг чухалчлаагүй. Нийгэмд үүссэн өөр нэгэн буруу ойлголт нь сурагчийн дүрэмт хувцасны үнэ хэт өндөр болсон явдал.

Форм нь үндсэн болон нэмэлт хослолтой. Дулаан цагт хөвгүүд дан өмд, хүрэм, охид нь юбка болон хүрэм авч болно. Срочкон цамц хэт үнэтэй гэж үзвэл өөр газраас авах боломжтой ч чанарын хувьд “Өэлүн минж”-д үйлдвэрлэж буй цамц хавьгүй илүү гэнэ. Товчхондоо, тийм чанартай цамцыг тийм хямд үнээр аль ч захаас олохгүй аж. Өвөл болж, хүйтрэх үед ханцуйтай, ханцуйгүй ноосон цамцнаас нэмж авч болох юм. Мөн л монголчууд монгол хонины ноосоор, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болохоор чанараар бусдаас илүү. Үндсэн форм нь хуучин “Бат зүү” тэргүүтэй компаниудын импортолж, борлуулдаг байсан хувцаснаас 3-4 мянган төгрөгөөр илүү үнэтэй байх аж.
Дашрамд дуулгахад, Солонгост хүргэж, үйлдвэрлэж буй даавууг “Монгол ноос” компанийн нэрээр хийлгэж байгаа бөгөөд энэ жилдээ л хийж буй аргачлал гэнэ. Хойтон жилээс Төв аймагт байрлах “Монгол ноос” компани өөрийн даавууны үйлдвэрээ ажиллуулах юм. Ингэснээр монгол хонины ноосоор урлах бүх төрлийн дүрэмт хувцас дотооддоо, улам бага өртөгтэй үйлдвэрлэх боломж бүрдэнэ.




-Сурагчийн форм оёж буй компанийн ажилтай танилцлаа. Хөтөлбөрийг удирдаж буй хүний хувьд ажлын явцыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ажил ерөнхийдөө эхэлсэн гэдэг мэдээлэлтэй байсан. Тиймээс яг ямар байдалтай үргэлжилж байгааг нүдээр үзэх гэж ирсэн юм. Мөн толгой компаниуд жижиг аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хэр зохион байгуулж, удирдаж буйг танилцах зорилготой ажиллалаа. Оёдлын бүх төрлийн ажил эрчимжсэн байна, гэхдээ 100 хувь жигдэрч чадаагүй байна. Шинэ ажил эхэлж байгаа учраас тэр байх.
-Дүрэмт хувцас оёх ажлыг хугацаанд нь дуусгах тал дээр ҮХААЯ-ны зүгээс яаж хяналт тавьж ажиллах вэ?
-БШУЯ-тай хийсэн гэрээгээр энэ сарын 25-ны дотор 1-3 дугаар ангийн сурагчдыг, ирэх сарын 15-ны өдөр гэхэд дунд ангийнхныг хангах ёстой. Харин есдүгээр сарын 30-нд ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлэх юм. Бид гэрээнд заасан хугацаагаа биелүүлэхийг хичээж ажиллана. Мөн үйлдвэрүүдээ шахаж, болохгүй байгаа зүйлийг газар дээр нь шийдээд, хариуцлага тооцоод явах болно. Тухайлбал, “Өүлэн минж”-ийн захирал Ч.Буянбаатар өөрийн хариуцсан ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь өгнө гэдгээ хэлсэн. Дараачийн удаа бид бусад үйлдвэрээр орж ажлын явцтай танилцаж нөхцөл байдлыг судална.
-Үйлдвэрүүдээс ямар нэгэн бэрхшээл тулгарч байгаа тухай санал, гомдол танд хэлсэн үү. Таны хувьд бэрхшээлтэй зүйл юу байна гэж харсан бэ?
-Сүлжмэлийн үйлдвэрүүд захиалгаа маш тодорхой болгож өгөхийг хүссэн. Жишээ нь, бага ангийн хүүхдийн ноосон цамц л гэхэд тоо ширхэгтэй байх ёстой. Гэхдээ бага анги гэхээр зургаан настай, долоон настай хүүхэд тус бүрдээ хэчнээн байгааг хэлж нарийн ангилж өгөөгүй шүү дээ.
Үүнийг “Оёдлын нэгдсэн холбоо” ангилж өгөх шаардлагатай. Мөн зарим газраа ажиллах хүч нь бүрэн бүрэлдээгүй тохиолдол таарлаа. Бас хөдөө орон нутгийн жижиг цехүүдээ бүрэн хамруулж оролцуулах шаардлагатай гэсэн. Энэ асуудлууд өдөр өдрөөр цэгцэрнэ гэдэгт найдаж байна.