Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДБЭТ УЛИРЛЫН ХААЛТАА ХИЙЖ, ЗАСВАРЫН АЖИЛДАА ОРОХ НЬ

Сонгодог урлагийн их гэр УДБЭТ-ынхан энэ онд 50 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Хагас зууны турш сонгодгийн үрийг тарьсан тэдний хувьд ургац нь сонгодог урлагийг хайрлаж, шимтдэг үзэгчид байх учиртай. Тэд ургацаа арвин хураажээ гэдгийг уржигдар болсон 50 дахь улирлын хаалтаас харж болохоор байлаа. Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн хайр, инээд хөөр, баяр баясал цацруулсан “Цэнхэр нүдэн бүсгүй”  балетыг танхим дүүрэн үзэгч үзсэн юм.
Ийн бүтэн улирлын турш үзэгч дүүрэн байсан театр үүдээ хааж, засварын ажилтайгаа золгож байна. Театрын засварын ажлын талаар сонирхлоо. Тэд энэ жил их засвар хийхээр төлөвлөж, салбар яамнаас нь ч бүхий л чадлаараа тусалж байгаа талаар УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул хэллээ. Тэрээр “Миний хувьд ажлаа хүлээж авснаас хойш  театртаа  нэн шаардлагатай, гарцаагүй хурдан хийх ёстой,  бодитой хэмжигдэхүйц ажлыг  хийх юмсан гэж бодож байсан. Тэдгээр ажлын нэг болох  театрын их засварын ажлыг эхлүүлэх гэж байна.  Манай театрын их засварт зориулж ССАЖЯ-наас 345 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болсон. Их цаг, зүтгэл гаргаж олж ирсэн энэхүү санхүүжилтийг аль болох үр дүнтэй ашиглах хэрэгтэй.  Театрт маань 15 жилийн дараа их засвар  хийгдэх гэж байна. 1998 онд тухайн үед дарга байсан А.Дашпэлжээ гуай  их засвар хийлгэсэн байдаг юм.  Уг нь засварын ажлын тендер нь зарлагдаад гурван долоо хоногийн өмнө шалгаруулсан.  Шалгарсан компани ирж уулзахгүй нэлээд цаг авлаа.  Хамгийн гол нь 15 жилийн дараа хийгдэж байгаа засвар учраас аль болох үр дүнтэй, энд ажиллаж байгаа  нийт уран бүтээлчийн  сэтгэлд нийцсэн засвар хийгдээсэй гэж хүсч байна. Саяхан засварын ажилд бэлтгэх, хяналт тавих Хяналтын комиссыг  томилсон.  Комиссынхан өнөөдөр /өчигдөр/ хуралдах гэж байна” гэсэн юм.
Харин засварын ажлын хяналтын ахлагчаар УДБЭТ-ын уран сайхны удирдаач, гавьяат жүжигчин А.Дашпэлжээ сонгогдсон байна.
Тэрээр комиссын хуралдаанаар гарсан шийдвэрийн дагуу бэлтгэл ажлаа хангаж байгааг хэллээ. УДБЭТ-ынхан нэг, хоёрдугаар давхрын бүх  гэрэл зураг, самбар, зурагт хуудсыг  буулгах,  сандлуудаа бүтээлгээр  бүтээх, тайзны гэрэл, урд талын аваарын хөшгөө буулгах зэрэг ажлыг засвар эхлэхээс өмнө хийх ёстой болоод байгаа аж.
Театрын засварын ажлыг   “Батцагаан өргөө” компани  гүйцэтгэхээр болсон байна.  Хийгдэх  ёстой засварын хувьд  театрын баруун хэсэг буюу  нэг, хоёрдугаар давхрын поенууд, гадна талын нүүрний пасат, зүүн хэсэг буюу  нэг, хоёр, гуравдугаар давхрын уран бүтээлчдийн ариун цэврийн өрөөг засах юм байна. Түүнчлэн үзэгчдийн танхимд дулаалга, гэрлийн цахилгааны шугаман хэсгийг засварлаж, камер суулгах ажээ.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан