“Шинэ үе урлаг” нийгэмлэгийн зураач В.Ундраа олон улсын тавцанд Монгол Улсныхаа нэрийг өндөрт өргөж яваа залуу уран бүтээлчдийн нэг. Тэрээр эмч нарын буруугаас болж суумгай болсон М.Ариунтунгалаг охинд зориулж “Сэтгэлийн зураг” нэртэй уран зургийн хандивын үзэсгэлэнг энэ сарын 9-нөөс толилуулахаар зэхээд байгаа аж. Дээрх үзэсгэлэн болон түүний уран бүтээлийн тухай ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-Үзэсгэлэнг та өөрөө санаачилсан уу?
- Ариунтунгалаг охин бол миний нэг найзын маань дүү байгаа юмаа. Хэцүү байдалтай байгааг сонсоод өөрийнхөө чадах зүйлээр жаахан ч гэсэн тум нэмэр болъё гэж бодсон. Тэгээд л хандивын үзэсгэлэн гаргахаар шийдсэн дээ.
-Үзэсгэлэнд хэдэн бүтээл тавигдах вэ?
-Үзэсгэлэнд 30 орчим бүтээл тавина. Үзэсгэлэнгийн маань онцлог гэвэл бүх уран бүтээлээ 1 ижил үнэтэйгээр худалдаална. Ер нь, уран зураг бол маш өндөр үнэтэй байдаг. Миний бүтээлүүд гэхэд л 300,000- 5,000,000 хүртлэх үнэтэй байдаг. Харин энэ үзэсгэлэнгийн бүх бүтээлийг хамгийн доод үнэлгээтэйгээр ижил үнээр гаргаж байгаа. Ирсэн хүн бүр хүссэн зургаа аваасай гэж бодсон. Нэг талаас Ариунтунгалаг охины мөрөөдлийг биелүүлэх, нөгөө талаас уран зурагтай болохыг хүсдэг хэдий ч боломж нь таарж өгдөггүй хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх, миний хувьд уран бүтээлээрээ хүний амьдралыг аврах сэтгэл гэсэн энэ 3 сэтгэл нийлж байгаа учир СЭТГЭЛИЙН ЗУРАГ гэж үзэсгэлэнгээ нэрлэсэн юм.
-Уран бүтээлийн тань агуулга, санаа ямар байх вэ?
-Хүн бүр хүүхэд үеийнхээ хүсэл мөрөөдлийг орхихгүй, хүүхэд үеийнхээ гэгээн сайхан сэтгэлийг зэврээхгүй байгаасай гэж хүсдэг. Тиймээс тэр л орхигдсон, зэвэрсэн сэрэхүй, мэдрэмжүүдийг нь дахин хөглөхийг хичээдэг.
-Ариунтунгалаг охин шиг эмч, эмнэлгийн буруугаас болсон хүүхдүүдийн талаар бодлоо хуваалцахгүй юу?
-Эмч нарын буруугаас эсвэл эмнэлэгт тоног төхөөрөмж байхгүйгаас бүх насаараа хохирсон олон хүүхдүүдийн нэг нь Ариунтунгалаг. Өдөр бүр л Facebook хуудаснаасаа хандив тусламж гуйсан, гиншиж ёолсон хүүхдүүдийн зураг дүүрэн байгааг хүн бүр харж байгаа байх. Нэг хүүхдэд тусаллаа гээд бид юуг өөрчилж чадахгүй л дээ. Цаашид эрүүл мэндийн салбарт далайцтай шинэчлэл хийхгүй бол гадаадад эмчлүүлэх боломжгүй хүүхдүүд үхлээ хүлээхээс өөр замгүй болж байна.
-Уран бүтээлийн гараагаа юунаас эхэлсэн бэ?
-Миний аав уран бүтээлч хүн байсан. Аавыгаа дагаж явсаар уран бүтээлд дурласан даа. Хөндий хүйтэн, улангассан энэ цаг үеийг уран бүтээлээр зөөллөхийг хичээж уран бүтээлчийн замыг сонгосон гэх үү дээ. Уран бүтээлээ туурвисан 8 жилийн хугацаанд 200 орчим уран бүтээл, мөн тооны бэлэг дурсгалын бүтээл туурвисан.
-Уран бүтээлээрээ олон удаа улсын шагнал авч байсан гэж дуулсан. Ямар бүтээлүүд тань шагнал хүртсэн бэ?
-2008 оны “Тайгер Транслет” хөтөлбөрийн уран зургийн төрөлд 3 дугаар байр, 2008 онд Дэлхийн Энхийн Их Наадмын уран зургийн төрөлд тусгай байр, 2012 оны Вьетнам улсад болсон Олон Улсын Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн шаазан эдлэл чимэглэх уралдааны тусгай байр, 2012 оны Сонгодог эмэгтэй уран бүтээлч цом зэрэг шагналуудыг тус тус авч байсан.
Ярилцлагын төгсгөлд М.Ариунтунгалаг охины талаар нэмж өгүүлэхэд түүнд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч Б.Отгонбаяр 2008 оны тавдугаар сарын 8-нд олгой авах мэс засал хийснээс хойш охины бие муудсаар хэвтэрт оржээ. Охин гэдэсний наалдац гэсэн оноштойгоор таван удаа хагалгаанд орж, сэтгэл зүйн хувьд ихэд өөрчлөгдөж хүнтэй юм ярих дургүй, харанхуй өрөөнд ганцаараа байх дуртай болсон гэнэ. Түүний үс бууралтан унаж, нүд нь үе үе юм харахаа больж, толгой нь байнга хүчтэй өвддөг болжээ. Иймээс БНСУ-ын “Хьюнда” эмнэлэгт охиныг эмчлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд зардал болох 40 сая төгрөг шаардлагатай байгаа ажээ.