Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр улсыг холбосон хөгжмийн хэлхээ


Сонгодог урлаг тэндээс л үүссэн байх. Австрийн Вэни хот гэх нэртэй зэрэгцээд л чихэнд А.Моцарт, И.Штраус, Ф.Шуберт гээд л агуу зохиолчдын мөнхийн бүтээл эгшиглэнэ. Хүн төрөлхтөн энэ дэлхийд оршин байгаа цагт Австриас цуурайтах агуу бүтээлүүд хэзээ ч үгүй болохгүй мэт. Австри гэхээр сонгодог хөгжим эгшиглэсэн, өнгө өнгийн цэцэгс алагласан тийм л хотоор төсөөлдөг юм. Гэхдээ суут бүтээлүүд төрөн гарсан хотод хараахан очиж үзээгүй ч, тэр бүтээлүүдийг сонсч, шимтэн дурлах азтай.

Манай улстай баруун Ев­ро­поос анх удаа дипломат харил­цаа тогтоосон орон бол Авст­ри. Энэ жил хоёр орон нөхөрлөсний 50 жилийн ой тохиож буй. Энэ ч утгаараа ойн арга хэмжээнд зохион бай­гуулах үйл ажиллагааг соёлын арга хэмжээгээр эхлүүлсэн нь таатай хэрэг байлаа. Учир нь, манай сонгодог бүтээлийн дийлэнхи хувийг Австрийн бүтээлчдийн бүтээл эзэлдэг учраас УДБЭТ-ынхан соёлын арга хэмжээг маш амжилттай зохион байгуулсан юм. Өнгөрсөн баа­сан гарагт болсон хоёр ор­ны харилцааны хүндэт­гэ­лийн тоглолт Австри улсаас Бээжин хотод суугаа Элчин сайдын сэтгэлд хүрч, манай улсад оршин суугаа тус улсын иргэдийн элгийг дэвтээн мөн тус улсаас ирсэн уран бүтээлчдэд манай урлагийнхны чадварыг харуулах боломж олгосон юм.

“Сайн байна уу” хэмээн монгол хэлээр тааруухан ч гэсэн чин сэтгэлээсээ мэндчил­сэн Австри улсаас Бээжин хотод суугаа Элчин сайд Ирэнэ Гинэр Райхэль мэндчилгээндээ “Би Бээжин хотоос өчигдөр нааш нисч ирэхдээ онгоцны цонхон талд суусан юм. Гэтэл миний хажууд суусан залуу байс хийгээд л цонхоор өнгийж хараад амандаа дуу аялаад л байсан. Тэр залуу олон жилийн дараа ирж байгаа юм байна даа гэж бодоод түүнтэй суудлаа сольж суусан. Тэгсэн нөгөө залуу улам чангаар дуулсан. Би энэ бүхнээс монгол хүн бол дуу хуургүйгээр амьдрах боломжгүй. Сэтгэлийн баяр жаргал, уйтгар гуниг гээд бүх зүйлээ дуугаар илэрхийлдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд би хоёр орны найрамдалт харилцааны ой­гоо соёлын арга хэмжээгээр эхлүүлснээ оножээ гэж бодсон” хэмээн хэлсэн юм.

Ингээд УДБЭТ-ын найрал хөгжмийг удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү дохиж, алдарт хөгжмийн зохиолч И.Штраусийн “Сарь­сан багваахай” дуурийн сүртэй удиртгал нүргэллээ. Түүний араас тус дуурийн Аделийн ариг УДБЭТ-ын гоц­лол дуучин Ө.Уянга мон­гол хэл дээр дуулсан. Түү­ний цангинасан хоолой тан­хим дүүрэн цуурайтаж, Австриас ирсэн хөгжмийн мэргэжилтнүүд, үзэгчдийн ха­луун алга ташилтыг нижиг­нүүлсэн юм. Харин түүний араас суут хөгжмийн зохиолч А.Моцартын “Дон жуан” дуурийн аринууд тоглогдож, Японоос гаралтай Австрийн удирдаач Жожи Хаттори болон УДБЭТ-ын удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар ээлжлэн дохисон.
Мөн онгоцноос буу­сан даруйдаа бэлтгэл сургуу­лил­тадаа орж, хэвлэлийн хуралд ч гэсэн үнэтэй цагийг минь алдууллаа хэмээн дургүйхэн ирсэн Австрийн Хормистер Жералд Вөрт өөрийн чадвараа харуулж УДБЭЧ, УДБЭЧ, ХЦДБЧ гэсэн гурван их найрал дуучдын багийг удирдлаа. Тэрээр алдарт “Аида” дуурийн хоёрдугаар үзэгдлийн найрал дуугаар үзэгч олны сонорыг мялаасандаа тун ч их бахархалтай харагдсан.

Австриас ирсэн багийнханд хоёр хөгжимчин багтсан нь босоо ятгачин Тина Зердин, виолончелисть Юта Корфф нар байлаа. Тэд Венийн консерваторт ажиллахаас гадна өдөр бүр алдарт Венийн дуурийн театрын алтан тайзнаас үзэгч олонтой уулздаг. Энэ бол мөрөөдөл. Сонгодог урлагаар хичээллэдэг хүн бүрийн...
Австриас ирсэн уран бүтээлчдийн чадварлаг тоглолт, сонгодог хөгжмийн аянд өнгөрүүлсэн энэ оройн чимэг бол ҮДБЭЧ байлаа. Тэд үндэсний хөгжмөөр гадаадын сонгодгийг хэрхэн дуугаргаж болдгийг энэ орой гайхуулсан юм. Ф.Шубертийн “Аве Мариа”, И.Штраусын “Цэнхэр Дунай”. Үндэсний хөгжимөөрөө сонсоход улам ч уянгалаад л...

Цомхон бүрэлдэхүүнтэй ч олон жилийн түүх, чадварлаг хамт олныг нэгтгэсэн Улсын Филармонийн симфони най­­рал хөгжим энэ оройн хаал­­тыг хийлээ. Удирдаач Жо­жи Хаттори И.Штраусын “Ре­дец­кий марш”-ийг удир­дан хүргэхдээ Улсын Филар­монийн симфони найрал хөгж­мийг төдийгүй үзэгчдийг ч гэсэн удирдаж байлаа. Тэр хөгжмийн хэмнэл их­тэй үед үзэгчдийн алгыг ташуулж байсан юм. Энэ нь ч, үзэгчдэд таалагдаж тун ч идэвхтэй алгаа ташиж, больж байсан. Ингээд л халуун алга ташилтаар өндөрлөсөн тоглолтыг Австри улсаас ирсэн төлөөлөгчдөөс гадна Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди эхнэрийнхээ хамт үзэж сонирхсон нь үзэгчдийн дундаас нүдэнд содон туссан. Түүнтэй зургаа татуулах гэсэн залууст эелдэгээр зөвшөөрч, эхнэрээ сугадан инээмсэглэх тэрээр сэтгэлд нэг л ойр.
Сонгодгоор хөглөгдсөн үдэш гадаа бороо шиврээд л. Дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд байрлах хоёр улсыг холбох хөгжмийн хэлхээ харих замд чихэнд сонсогдсоор л байлаа...



Тина Зердин: Өөрийн ертөнцөө дэлхийн хүн бүхэнд нээн үзүүлэхийг хүсч байна

Арфа буюу босоо ятга хөгжмийн багш Тина Зердин гэх даруухан инээмсэглэн чин сэтгэлээсээ ярих энэ бүсгүй манай оронд арфа хөгжмийг хөгжүүлэх хүндхэн даалгавартай иржээ.

-Тайзнаа босоо ятга тоглож байхыг тань харж, сонссоноос өөр таны талаар мэдэх зүйл алга...?
-Би Славянаас гаралтай. Австрийн Венийн их сур­гуу­лийг босоо ятгачин мэргэжлээр төгссөн. Одоогоор Венийн консерваторын багш, гоцлол босоо ятгачнаар ажиллаж байна. Монголд хамтдаа ирсэн Жожи Хаттори бол манай консерваторын удирдаач, Юта корфф консерваторын виолончелист байгаа юм.

-Гадаадын хүнээс асуух дуртай асуулт маань манай оронд буугаад төрсөн сэтгэгдэл. Анх удаа ирсэн гэсэн байх аа?
-Тийм ээ. Танай улсад сүүлийн 10 жилд тоглоогүй босоо ятга хөгжмийг сэргээн дэлгэрүүлэх үүрэгтэй ирсэн. Биднийг маш найрсагаар угтан авсанд баяртай байна. Монгол надад таалагдаж байна. Өдөр бүр Монголд дурлаж байна шүү. Хөдөө нутагт очиж морь унаж, жирийн мон­гол айлын аж амьдралтай та­нилц­сан. Мөн үүргээ биелүүлж “Хунт нуур” балет, “Тоска” дуурьт босоо ятгын гоцлолыг тоглож, Монголын үзэгчдэд толилууллаа. Үүргээ биелүүлсэн болохоор бидний буцах хугацаа ойртож байна. Тэр үед мэдээж, баяртай Монгол гэж хэлнэ. Гэхдээ үүрдийн баяртай гэж хэлбэл гунигтай байх учраас тэгж хэлмээргүй байна. 

-Австри орон бол сонгодог урлагийн өлгий нутаг. Холын Монгол оронд Австрийн сонгодог эгшиглэж байна. Манай сонгодог урлагийн хөгжлийг хараад хэрхэн дүгнэв?
-Монголын уран бүтээлчид сайн юм. Мэдээж, заах арга, школь нь өөр л дөө. Монголын уран бүтээлчид дунд орж, олон сарын турш тэдэнтэй хамтран бэлтгэл сургуулилтаа хийж байж, сая л нэг хамтран ажиллах арга эвээ олно гэдгийг ойлголоо. Тиймээс Монголын сонгодог урлагт үнэлэлт дүгнэлт өгмөөргүй байна. Ганц том дутагдал нь Монголд сонгодог урлагийн ганцхан театр байдаг болохоор хөгжимчдийн хувьд өрсөлдөгч гэж байхгүй. Австрийн Вени бол дөрвөн ч том дуурийн театртай хөгжмийн орон. Театруудад өдөр болгон тоглолт үзэж болдог. Тийм болохоор маш их өрсөлдөөнтэй. Үүний ачаар уран бүтээлчид нь өдрөөс өдөрт чадваржиж, хөгждөг.

-Манай оркесторуудад босоо ятга байдаггүй. Сур­галт байхгүй учраас тэр байх л даа. Та босоо ятгаар хи­чээл­лэх болсон талаараа яривал?
-Багаасаа төгөлдөр хуу­раар хичээллэдэг байлаа. Хи­чээл­лэж байгаад босоо ятга руу шилжсэн дээ. Яагаад гэ­вэл намайг бага байхад ма­най хотод босоо ятга тоглох сонирхолтой төгөлдөр хуур­чийг хайж, багш нар ирж байсан юм. Өмнө нь төгөлдөр хуур тоглож байсан хүн босоо ятгыг сурахад маш амархан. Тэр багш нар ирэхээс хоёр хоногийн өмнөөс ах маань босоо ятгаар хичээллэж эхэлсэн байсан юм. Тэгээд би сониуч охин байсан болохоор ахдаа атаархаад босоо ятга тоглож сурсан. Ах маань жилийн дараа босоо ятга тоглохоо больж, би үргэлжлүүлэн сурсан юм.

-Хийлчид гэхэд л хийлээ үүрээд аваад явах боломжтой. Гэтэл төгөлдөр хуур, арфа гээд л хүссэн үедээ аваад явах боломжгүй хөгжим байна шүү дээ. Гэхдээ энэ хоёр хөгжим маань шал өөр дугаралттай. Анх арфа тоглоход ямар санагдсан бэ?
-Босоо ятга тоглоход хөгжмийн утаснуудтай шууд тулж харьцдаг болохоор гоё санагддаг. Төгөлдөр хуурыг гарынхаа өндөгнүүдээр л хөгжимдөө хүрэх төдийхнөөр тоглож, хөгжмөөсөө хол байдаг бол босоо ятга хөгжимтэйгээ илүү ойрхон байж хөгжмийн ертөнцийг мэдрэх боломж олгодог. Нэг ёсондоо, хүн хөгжмийн холбоо ямар байхыг мэдрүүлж чаддаг юм. Миний босоо ятга бусдад өөрийгөө илэрхийлэх зэвсэг болдог. Үнэхээрийн төгс хэл гэж байдаг бол миний хувьд босоо ятгыг хэлж чадна. Хэн нэгэн хүн намайг германаар эсвэл славянаар ярихад ойлгохгүй бол миний босоо ятгыг сонсоод ойлгох болно.

-Урлагийн хүн болоход гэр бүлийн оролцоо маш чухал байдаг шүү дээ. Гэр бүл тань хэр дэмждэг вэ?
-Би хөгжмийн гэр бүлээс гаралтай биш. Миний гэр бүлд хөгжимчин хүн байхгүй. Тийм болохоор намайг хөгжим рүү явахад аав, ээж маань дургүй байсан. Тэгсэн ч би хүсэл мөрөөдлөө орхилгүй аав ээжээсээ зөрж хөгжмөө тоглодог байлаа. Анх босоо ятга сурч эхлэхэд минь надад бас л зэмсэг нь байгаагүй. Харин сургуулийн түлхүүр надад  байсан. Түлхүүр байсан тулдаа өглөөнөөс орой хүртэл босоо ятгаараа бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Бусад хүүхдийг явсан байхад би шөнө дөл хүртэл хөгжмөө тоглоод л сууна. Венийн их сургуулийн шалгаруулалтад ороход л аав, ээж маань намайг ойлгож эхэлсэн дээ. Венийн их сургуулийн шалгаруулалтад орно гэдэг амархан биш, маш өндөр шалгууртай байдаг.  Би тэр шалгалтаар өөрийгөө зөв илэрхийлж тэнцэж чадсан. Их сургуульд ороод нэг жилийн дараа би өөрийнхөө хамгийн анхны босоо ятгыг авсан даа.

 -Венийн их сургууль олон авьяастныг нээн ил­рүүл­сэн газар. Их сургуулийн дурсамжаасаа хуваалцаач?
-Венийн их сургуульд үндсэндээ тав, мэргэжлээ дээшлүүлэхээр гурван жил суралцсан. Энэ найман жилийн хугацаанд би сурахынхаа хажуугаар ажил хийдэг байлаа. Славяны үндэсний дуурийн театрт босоо ятгачнаар ажиллаж байсан. Дараа нь тэр ажлаа болиод Венид ажиллахаар болсон. Сургууль маань Венид,  ажил Славянд байсан болохоор дандаа автобусаар ирж очдог тийм ээдрээтэй гэмээр амьдралтай байсан. Зарим үед өглөө эрт Венид хичээлтэй байдаг. Тэгээд буцаж “Хунт нуур” балетад тоглохын тулд Славян руу 400 км явдаг байсан. Ингэж өдөр болгон хоёр улсын хооронд 400 км зам туулдаг байлаа. 

-Хүсэл мөрөөдлийн оргил өөд тэмүүлж байж л амжилтыг атгадаг. Анх босоо ятга тоглож эхэлсэн үеийнхээ мөрөөдөлд одоо хүрчихсэн үү?
-Одоогоор Славян үндэснийхээ гоцлол хөгжмийн  бичлэгт орж байгаа. Энэ бол миний зорилго байсан. Би их аз жаргалтай байна. Миний өмнө өдрөөс өдөрт шинэ боломж гарч ирж байна. Миний багын мөрөөдөл бол Венийн дуурийн театрт тоглох. Энэ хүсэл мөрөөдөл минь биелсэн. Венийн театрын алтан тайзанд долоо хоног болгон тоглож байна. Харин дараагийн хүсэл бол хоёр жилийн дараа гэхэд би босоо ятгынхаа чадварыг улам нэмэгдүүлнэ гэж бодож байна даа.
Би одоо ч тайзан дээр гарах болгондоо догдолдог. Үзэгчдийг миний ертөнц рүү эсвэл арфа хөгжим рүү татах тийм сэдэл төрдөг гэх үү дээ. Хөгжим бол надад байгаа ганцхан ертөнц. Тийм болохоор би энэ ертөнцөө дэлхийн хүн болгонд нээж үзүүлэхийг хүсч байна.  

0 Сэтгэгдэл
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Хамгийн их уншсан