“OECD” буюу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагаас сонирхолтой баримт бүхий илтгэл гаргажээ. Энэ илтгэл эдийн засаг нь хөгжсөн гэж үздэг орнуудын иргэдийн цагаачлалын байдлыг харуулсан байна. Илтгэлээс үзвэл, эдийн засаг хөгжсөн, өөрөөр хэлбэл, баян орны иргэдийн Герман руу нүүх шилжилт, хөдөлгөөн гурван жил үргэлжилж байгаа нь 2012 оны эдийн засгийн уналтын нөлөөгөөр нэмэгдсэн гэжээ.
Хямралд хамгийн ихээр өртсөн грекчүүд, испаничууд эх орноо орхин явах бусад орны иргэдээс эрс нэмэгдсэн бөгөөд 2007 оныхтой харьцуулбал хоёр дахин өссөн. Үүн дотроо Германыг чиглэсэн грек цагаачдын тоо 2011-2012 онуудад 73 хувиар нэмэгдэж. Баян орнуудын дотроос зөвхөн грекчүүд Германыг зориод байна уу гэхээр биш. Тухайлбал, Герман руу нүүж ирсэн португальчуудын тоо 50 хувиар, италичууд 35 хувиар нэмэгдсэн байх юм.
Тэгэхээр дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор Герман нь сүүлийн жилүүдэд баян эсвэл ядуу орон гэлтгүй шилжин суурьших, цагаачлахад хамгийн таатай орон болж хувирчээ.
Үүнтэй зэрэгцэн зарим баян орон руу нүүдэллэх иргэдийн тоо ч нэлээд буурчээ. Итали руу баян орнуудаас цагаачлан ирдэг иргэдийн тоо 2007 оныхоос 44 хувиар, 2011 оныхоос 11 хувиар буурсан байна. Харин баян орнуудаас АНУ руу удаан хугацаанд амьдрахаар нүүж ирэгсдийн тоо хоёр хувиар нэмэгджээ.
“OECD” нь дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засгийн байгууллагуудын нэг. Эдийн засаг өндөр төвшинд хүрч, хөгжсөн гэж үзсэн орнуудыг л гишүүнээр урьдаг. Нэг ёсондоо, баян орнуудын элит клуб юм. Клуб нь гишүүдийнхээ болон дэлхийн эдийн засгийн төлөв байдалд тогтмол дүн шинжилгээ хийж, нарийн боловсруулсан зөвлөгөө өгч, эдийн засгийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэн ажилладаг. Одоогоор энэ нөлөө бүхий байгууллагад АНУ, Австраль, Герман, Грек, Дани, Израиль, Эстони, Өмнөд Солонгос, Япон гэх мэт 34 орон гишүүнчлэлтэй. Манай хойд ба урд хөрш энэ байгууллагын гишүүн болгох хэлэлцээр хийж байгаа бөгөөд дараа жилээс элсэнэ.
Иргэдийн аливаа нэг шилжилт хөдөлгөөн түүний дотор цагаачлалд эдийн засгийн бүрдүүлэгч нь голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг шинжээчид тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, харийн хилээр гарахад хүргэдэг гол шалтгаан нь цалин хөлс өндөртэй оронд очиж ажил хийх. Даяарчлагдсан, тээврийн хэрэгсэл өндөр хөгжсөн үе болохоор ингэж цагаачлахад ядах юмгүй болсон гэж болно. Дэлхий дээр жил болгон дөрвөн сая хүн дээр нэр гарсан баячуудын клубийн орнуудад удаан хугацаагаар оршин суухаар цагаачилдаг. Өмнөд Солонгост ажиллаж байгаа манай иргэд үүний тод жишээ.
Дэлхийн хэмжээнд гадаадын ажилчид жил болгон төрсөн нутаг руугаа нийт 400 тэрбум ам.доллар явуулдаг гээд төсөөлөөд үзээрэй. Зөвхөн манай хойд хөршид ажил хийж байгаа тажик иргэд хөдөлмөрийн цагаачид жил болгон нутаг руугаа хоёр тэрбум гаруй ам.доллар явуулдаг. Хэдийгээр гадаадад ажиллаад олсон мөнгөө нутаг руугаа явуулж байгаа нь сайн хэрэг ч гэлээ хөдөлмөрийн цагаачлалд сөрөг тал бий. Жишээлэхэд, ердөө сая гаруй хүнтэй Эстони улс гэхэд эдийн засгийн хямралаас болоод арван хүн тутмын нэг нь өндөр цалинтай ажил хайн ойролцоох Швед, Финляндад “халтуур” хийх байгаа аж. Үүнээс болоод улсад нь хямд цалинтай зарим ажлыг хийг хүний хэрэгцээ үүссэн байна. Улмаар хямд цалинтай ажлыг нь хийх гадаадын мэргэжилтнүүдийг татах цагаачдыг хөлслөн авахад хүрчээ. Тэдгээр нь дийлэнхдээ хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсуудын хүмүүс байдаг. Тэгэхээр нэг талаас гадаадад ажиллаж байгаа эстоничууд нь олсон цалингийнхаа тодорхой хувийг нутаг руугаа илгээн улсынхаа эдийн засагт нэмэр болж буй. Нөгөө талаас, улс нь зарим төрлийн хямд цалинтай ажил хийх хүн хүч хөлсөн авч тэд нь цалингаа нутаг руугаа илгээн эдийн засгаас нь “хумсладаг” байдал үүсчээ.
Манайд “халтуур” хийхээр орж ирж байгаа хятад барилгачид яг ийм байдал үүсгэж байгаа. Солонгост ажиллаж буй 30 мянга орчим монголчууд улс руугаа цалингаа явуулж, нөгөө талд нь хөдөлдмөрийн цагаачлалаар ажиллалдаг хятад барилгачид нутаг руугаа хөлсөө аван явна.
Өндөр цалин хайж гадаад руу цагаачлагчидтай холбоотой “тархиа алдах” гэж нэрлэгдсэн нэгэн таагүй үзэгдэл байдаг. Энэ нь, хамгийн өндөр мэдлэг боловсролтой, нарийн мэргэжлийн боловсон хүчин нь өөрийн улсын цалинг голж, гадаадад гарахыг хэлдэг. Ийм байдал ихээхэн сөрөг нөлөөтэй. Зөвлөлт задарсны дараагаар ОХУ-ын арваад жил эдийн засгийн гүн хямралд орж ийм өндөр зэрэглэлийн боловсон хүчиндээ хангалттай цалин өгч чадахгүй болсон. Иймд тэд Америк гэх мэт Өрнөдийн орнуудын компаниудад өндөр цалинтай ажилд орох замаар цагаачлан гарах үзэгдэл маш газар авсан. Ингээд оросууд ихээхэн хөрөнгө, цаг зарцуулан байж бэлдсэн боловсон хүчнээ алдаж, гадаадын орнууд ямар ч зардалгүйгээр дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийг өөрийн болгон авсан. Үр дүнд нь батлан хамгаалах үйлдвэрлэл, сансрын ба мэдээллийн технологи гэх мэт нарийн мэргэжлийн боловсон хүчин шаарддаг салбарууд нь уналтын байдалд орсон. Уналтын байдалд орсны улмаас эдгээр салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн гаргаж чадахаа байгаад, гадаадаас техник, технологи худалдан авах, шинээр мэргэжилтэй боловсон хүчин бэлдэхэд асар их хөрөнгө, цаг зарцуулах шаардлагатай болсон хэрэг. Орос сүүлийн хэдэн жилээс л нарийн мэргэжилтэн боловсон хүчиндээ дэлхийн хэмжээнд гологдохооргүй цалин өгдөг болж “тархиа алдах” нь эрс багассан.
Гэхдээ зарим тохиолдолд гадаадын хямд ажиллах хүчин татах бодлогыг төрөөс бодлоготойгоор явуулдаг. Дайны дараахь Холбооны Германы байдал үүний жишээ. Германчууд дайны дараагаар Маршаллын төлөвлөгөөний дагуу эдийн засгаа богино хугацаанд сэргээн босгож чадсан. Ингэхдээ дайнд олон сая хүнээ алдсан болохоор эрчимтэйгээр бүтээн босголт хийхэд нь ажлын хүч асар ихээр дутагдсан байна. Иймд Засгийн газраас нь Туркээс хямд ажлын хүч оруулж ирэх, суурьшуулах бодлого явуулж хэдхэн жилийн дотор олон зуун мянган туркчүүдийг нутгаас нь хувь илүү цалингаар даллан оруулж ирсэн. Ингэхдээ гэрээтэйгээр, түр хугацаагаар ажиллаад гэрээ дууссаны дараа буцах ёстой байсан ч цөөнгүй нь Германд үлдсэн төдийгүй гэр бүлээ татан авчирсан байдаг.
Америкчууд гэхэд Энэтхэг, Хятад, Орос зэрэг улсаас батлан хамгаалах, электрон ба мэдээллийн салбарын өндөр мэргэжлийн хүмүүсийг өндөр цалингаар даллан бараг л албан хүчээр шахуу цагаачлуулан оруулж ирэх бодлого явуулдаг. Ийм мэргэжилтнүүдийг ар гэрээ Америкт ямар нэг саадгүйгээр татан авчрахыг ч зөвшөөрдөг.
Дэлхийн хэмжээнд жил болгон 2,5 сая хүн түр хугацаатай ажил хийхээр хилийн чанадыг зорьдог байна.