Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа нь монголчууд бидний нэгэн бахархал. Гэвч нийгмийг тольдон үзүүлэх ёстой урлагт дарамт байсаар л байна. Үүний нэг жишээ бол “Усны гудамж” киноны нэгэн дүр болох төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын бүтээж буй Эрдэнийн дүрийг кино зохиолоос хас гэж зарим телевизүүд шаардах болжээ. Хэрэв энэ дүрийг хасахгүй бол цаашид киног гаргахгүй гэсэн байна. “Усны гудамж” бол “шууд драм” хэмээх төрлийг оруулж ирснээрээ Монголын кино урлагт бас нэгэн шинэчлэл авчирсан бүтээл болж буй. Зураг авалтыг дор бүрт нь хийгээд орой бүр телевизүүдээр гаргаж байгаа тус киног хэрэв телевизүүд гаргахгүйд хүрвэл уран бүтээлчдийн ажил нурахад хүрнэ.
Залуусынх гэдэг тодотголтой Роял телевиз хамгийн анх киног гаргаж эхэлсэн боловч дамжуулахаа гэнэт зогсоолоо. Мөн зарим телевиз Эрдэнийн дүрийн яриаг монтажлан хасч гаргаж байна. “Усны гудамж” киноны Эрдэнийн дүр яагаад ингэтлээ хавчигдаад байгааг кино уран бүтээлчид ойлгохгүй байгаа бөгөөд тэд амьдралд түгээмэл тохиолддог жирийн л нэг телевизтэйгээ хэрэлдэж суудаг хүний дүрийг гаргахыг хичээсэн гэдгээ хэлж байна.
Саяхны “Тойм” сэтгүүлийн нэг дугаар дээр л гэхэд яг ийм нэг телевизтэйгээ ярьдаг, Эрдэнэ маягийн хэв шинжтэй хүн ярилцлага өгчээ. Ярилцлагын эзэн, “Дуу хоолойгоор тэмцэгч” гэх Ц.Энхтайван нь чухам л Эрдэнийн бодит дүр гэмээр нэгэн аж. Тэрээр “Ийгл” телевизээр 3500 удаа, МҮОНТ-ээр 300 удаа, “Шууд” телевизээр 200 удаа, “МН-25” телевизээр 200 гаруй удаа үзэл бодлоо илэрхийлж байжээ.
“Ц.Энхтайван шиг нийгэмд түгээмэл байдаг ийм хүний дүрийг яагаад хасах танах тухай яриа болоод байгааг ойлгоход ухаан хүрэхгүй байна. Энэ нийтлэлийг уншвал зүгээр л өнөөх адлагдаад байгаа Эрдэнийн амьдрал шууд харагдана” хэмээн зохиолч ярьж байна.