Дэлхий нийтээр үй олон палеонтологийн олдвор хууль бусаар зарагдаж, хулгайлагдаж, устгагдаж байдаг. Тэгвэл манай орон анх удаа өөрийн эх нутгийн олдвороо хуулийн дагуу хүлээн авсан нь дэлхий нийтэд биднийг нэлээд алдаршуулсан. Монголыг Чингисээр төсөөлдөг байсан бол одоо Т-Батаар гэгч 70 сая жилийн өмнө бидний нутагт оршин байсан динозаврын араг ясаар таньдаг боллоо. Т-Батаар нэгэнт эх нутагтаа ирэх нь олон сарын өмнөөс л тодорхой болсон. Бас гэрэл зургаас бүрэн бүтэн байгааг нь олон удаа харсан ч цээжин дотор муу аргаар хилийн дээс гарсан учраас бодитоор нь бушуухан харахсан гэсэн бодол хургасаар байсан юм.
Гаалийн баталгаат агуулахад байрлуулан, дараа нь түр агуулахад шилжүүлж, гаалийн бүрдүүлэлт хийх явцдаа жаахан эмтэрсэн хэсгийг нь нөхөн сэргээх хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ үед яахаараа ийм хосгүй үнэт олдворыг эмтэлчихдэг байна аа. Сэргээгдэх л байгаа гэсэн хувийн өмчөө харамлах шиг сэтгэгдэл төрж байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт энэ бүх хармын, хүлээлтийн сэтгэл тайлагдаж Т-Батаарыг өөрийн нүдээр харлаа.
Сүхбаатарын талбайд байгуулсан “Үлэг гүрвэлийн түр музей” нээлтээ хийв. Үлэг гүрвэлийн ховор олдворыг олон нийтэд дэлгэх “Би гэртээ ирлээ” арга хэмжээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын бие төлөөлөгч оролцож, тууз хайчилсан. “Монголчууд алддаг байсан бол алдсан зүйлээ эргүүлж авч чаддаг цаг иржээ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн юм.
Нэг удаа палеонтологич хүний амнаас “Палеонтологийн олдвор ямар нэг бэхжүүлэгч хэрэглэхгүй бол зүгээр л элс” гэж сонсоод жаахан урам хугарч байсан ч, Монгол орны баялаг, онгон дагшин байдлын илэрхийлэл учраас музейд ороод Т-Батаарыг элстэй зүйрлэхийг хүссэнгүй. Өмнөөс сүрлэгээр амаа ангайх араг яс 70 сая жилийн өмнө энэ ертөнц дээр амьдралын төлөө тэмцэн амьдарч байсан гэхээр сонин. Тэгээд одоо бидний өмнө үзмэр болсныг нь хараад “Байгаль өөрөө нууцлаг ертөнц. Магадгүй 70 сая жилийн дараа бидний хэн нэгнийх нь араг ясны төлөө үндэстэн хоорондоо шүүхдээд бас үзмэр болон араг ясаар минь дамжуулан энэ үеийн амьдралыг судлах гэж техник бүтээхээр хамаг ухаанаа бясалгах байх даа” гэсэн бодол төрлөө.
Т-Батаарын араг ясыг нүдээр харах гэж тэсэн ядан хүлээж байсан ч палеонтологийн олдворыг дангаар нь үзэж, сонирхоход уйтгартай. Судлаачид ч үүнийг хэлдэг. Тэгвэл “Үлэг гүрвэлийн түр музей”-д Т-Батаарыг эх нутагт нь авчрах хүртэл өрнөсөн үйл явцыг фото зураг болоод тайлбартайгаар тавьжээ. Мөн өөр бусад палеонтологийн олдворуудыг ч байрлуулсан байна. Гэрлийн тусгал мэтээр чимэглэсэн уг музейг эхний өдөр л гэхэд 10 мянган хүн үзсэн нь монголчууд өөрийн эх нутгийн “Газрын луу” хэмээн нэрлэдэг үлэг гүрвэлийн араг ясыг хүлээж байсныг гэрчилнэ. Музей нээгдээд гурван өдөр болж байгаа ч дараалал үүссэн хэвээр...
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн салбартаа шинээр нэвтрүүлэх гэж зорьж буй нэг бодлого нь франчайзинг буюу брэнд бүтээгдэхүүний нэр, хэлбэр дүрс, дуу хоолойг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж мөнгө олох. Ингэж орлогоо өсгөхийг бүх музей, урлаг соёлын газрууд, аймгуудад үүрэг болгоод буй билээ. Тэгвэл “Үлэг гүрвэлийн түр музей” энэ үүргийг анх удаа ажил хэрэг болгосон байна. Т-Батаарын дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл, чихмэл, эсгий цүнх музейд боломжийн үнээр худалдаалж буй нь иргэдэд таатай байгаа харагдсан.
Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг энэ зуны турш Сүхбаатарын талбай дахь түр музейд байршуулж, олон нийтэд дэлгэн үзүүлнэ гэсэн. Эхний сар үнэ төлбөргүй ч, дараа сараас эхлэн 7-16 насныхан 500, насанд хүрэгчид 1000 төгрөгөөр музейг үзэж сонирхох боломжтой.