Шоу бизнесийг дэлхийд хамгийн их мөнгө эргэлдэж байдаг салбар гэдэг. Зэвсгийн наймаа, хар тамхины наймаа хоёрыг ардаа орхиод шоу бизнес нэгд нь явж байгаа хэрэг. Өрнөдийн шоу бизнесийн оддын олж байгаа орлого бидний ухаан санаанд багтамгүй гэж болно. Жишээлэхэд, дуучин Жастин Бибер гэхэд л 2012 онд 55 сая ам.долларын орлого олжээ. Энэ бол өсвөр насны супер од маань цаг тутам 6261 ам.доллар олдог гэсэн үг.
Цаашлаад супер ашигтай ажилладаг бусад одыг дурдваас Тэйлор Свифт жилийн дотор 57 сая ам.долларын орлого олсон байна. Энэ бол зөвхөн залуучуудыг дурдаж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Опра Уинфри, Бритни Спирс гэх мэт хөгшиний тоонд ордог болсон тул тэдний орлогын хэмжээг дурдах хэрэггүй. Үнэн хэрэг дээрээ тэдний олж байгаа мөнгөний хэмжээг дурдахаас ч аймаар гэж болно. Ингэх олон шалтаг ба шалтгаан байна.
Жүжигчин Брэд Питт гэхэд л сүрчигний сурталчилгаанд тоглоод ганцхан жилийн дотор 35.5 сая ам.долларын орлого олсон байх юм. Дэлхийд алдартай “Chanel” сүрчиг үйлдвэрлэгч компаниас гэхэд л долоон саяыг авсан байх жишээтэй.
Америк хөл бөмбөгийн “Patriots” багийн тамирчин Том Брэди нь ганцхан жилийн дотор 23 сая ам.долларын орлого олжээ. Гэхдээ зүгээр нэг олсонгүй гэргий, супер од Жизель Бундхений олсон мөнгийг нийлүүлж байгаад дундад зууны үеийнхтэй адил цамхаг худалдан авсан байх юм. Цамхаг нь үнэхээр дундад зууны үеийн загвартай бөгөөд тойруулан гүн ус бүхий шуудуутай, тусгай гүүр байхгүй бол орох боломжгүй гэнэ.
Колумб гаралтай топ модель София Вергара өнгөрсөн жил 21 сая ам.долларын орлого олсон бол Энн Хэтэуэй нь жилийн дотор 10 сая ам.долларын орлого олсон байх юм.
Өрнөдийн одод баталгаатайгаар ийм их хэмжээний орлого олж байгаагийн гол шалтгаан нь зохиогчийн эрхийн хууль. Америкт зохиогч нь өөрийн дуу, шүлэг гээд бүх л зүйлийг давтах төдийд 10, 20 ам.долларын урамшууллыг авч байдаг. Өөрөөр хэлбэл радиогоор дуу нь явсан л бол радиог эрхлэгч компанийнхан дуучны данс руу хоногтоо 10 ам.доллар хийдэг. Энэ хэдий бага санагдаж болох ч хэдэн сар, жилээр хуримтлагдаад ирэхээр байдал өөр болно. Дуучин, түүний эрхийг төлөөлж байгаа өмгөөлөгчид энд ийш тийш гүйх ч онц шаардлагагүй. Үнэхээр супер хит дуу дуулж, түүнийг нь сонсохын төлөө хүмүүс радио сувгийг сонгож л байгаа бол дуучинд мөнгө төлөх ёстой гэдгийг сувгийн эзэд сайн ойлгодог болохоор хүнээр шахуулдаггүй, гуйлгадаггүй. Төлөх мөнгөний хэмжээн дээр л наана уу, цаана уу гэж ярьдаг.
Гэтэл энэ бол зөвхөн ганц радио суваг биш. Бусад олон арван радио суваг болгон яг ийм байдлаар хандаж байгаа болохоор ганц удаа л хит дуу дуулсан хүн насан туршдаа идэх хоолоо олж чаддаг. Радио ба ТВ суваг гэдгээр ч бас хязгаарлагдахгүй. Дуучны зурагтай цамц, малгай гаргах болоход л тэр бүрээс тэдэн цент гэж хувь заагаад дуучны данс руу хийж байдаг.
Өдөр болгон сонин хэвлэлийн нүүрэн дээр гараад байгаа бокс оффис гэгч нь үнэн хэрэг дээрээ тухайн долоо хоногт ямар дуучин хамгийн их шагнал ававаа гэдгийг харуулсан жагсаалт юм. Жагсаалтыг гаргахдаа тухайн үед гаргасан цомог долоо хоногт хэдий хэмжээгээр борлогдсоныг голлодог. Өөрөөр хэлбэл хэр олон хүн дэлгүүрт орж ирүүтээ тэр дуучны тэр цомгийг авъя гээд худалдаж авсан үзүүлэлтийг голчилдог хэрэг. Зохиогчийн эрхийг дээд зэргээр хамгаалдаг болохоор зарагдаж байгаа СD болгоноос тодорхой хувь нь дуучны данс руу орох нь мэдээж.
Гэтэл манай хойд хөршид зохиогчийн эрхийг ингэтэл дээдэлдэггүй болохоор дуучны авах ёстой байсан их ашгийн дийлэнхийг хууль бус наймаачид аваад таардаг. Яаж авах вэ гэхээр дуучин, түүний продюссерийн зөвшөөрөлгүйгээр хамгийн хит дууг нь CD дээр хуулбарлаад зардаг. Албан ёсны CD нь хуурамчаас илүү үнэтэй болохоор жирийн худалдан авагч алийг сонгох нь ойлгомжтой. Хуурамч диск зарагчдаас дуучин сохор зоосны ч ашиг олохгүй нь тодорхой. Хүн юманд дасан зохицохдоо сайн. Тэгэхээр орос одод орлого олохын тулд Америктай адил олон мянган хувь CD гаргадаггүй, зүгээр асар өргөн уудам нутгаараа олон тооны аялан тоглолт хийж ашиг олдог. Ялангуяа шинэ жил, тэмдэглэлт өдрүүдээр ирж дуулна. Олонд түгсэн нэр алдартай хүн дуулах болохоор ганц дуу дуулахад л тэдэн сая гэж ашиг олно. Манай дуучид бас үүнтэй яг адил гэж болно. Дискээ борлуулж бус харин аялан тоглолт хийж ашиг олдог.
Сүүлийн үед интернэт технологи өндөр хөгжсөний гайгаар дуучин, хөгжмийн зохиолчдын орлого улам бүр буурсаар байна. Торрент сайтууд гэхэд л хоорондоо ямар ч үнэ төлбөргүй асар их файл, түүний дотор хит болсон дууны файлыг нэгэндээ дамжуулж байдаг бөгөөд үүнтэй хатуу тэмцэхийг дууны эрх эзэмшигчид шаарддаг болсонд гайхах зүйлгүй. Манай хойд хөршийн парламент нь торрент сайтуудын эсрэг хууль батлах гээд хэлэлцэж байна. Энэ хуулийн дагуу дуучин, түүний эрхийг төлөөлж байгаа хүнд мөнгө төлөлгүйгээр дууг нь үнэгүй татаж авсан хүн, татаж авах боломж олгосон интернэт провайдер компани хоёрыг адилхан хатуу шийтгэх ёстой болж байна.
Зарим улс энэ хуулийг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Финлянд гэхэд есөн настай хүүхэд торрент сайтаар хит болсон дууг татаж авсаны төлөө цагдаагийн тусгай тасаг гэрт нь дайралт хийн орж баривчлан ихээхэн дуулиан тарьж байсан юм. Улмаар охины эцэг, эх нь хүүхдийнхээ болчимгүй үйлдлийн төлөө ихээхэн хэмжээний торгууль төлөх ёстой болж таарсан. Албан ёсоор дискийг нь 17 еврогоор худалдан авч болох байтал охин нь торрент сайт ашиглан үнэгүй татаж авсны төлөө 10 мянга гаруй еврогийн торгууль төлсөн хэрэг. Ийм байдлаар хэрэглэгчдийг үнэгүй юм татаж авахаас эргэлт буцалтгүй татгалздаг болгох гэж Европ төдийгүй дэлхий нийтээр тэмүүлж байна.
Аль нэг дуучны ашиг хонжооны асуудал бүхэл бүтэн улсын Засгийн газартай ямар холбоотой юм бэ гэсэн асуулт гэрч ирэх нь зүйн хэрэг. Энд татвар гэсэн ганц л хариулт байгаа. Шударга хөдөлмөрөөр орлого олсон дуучин болгон шударгаар улсдаа ашиг орлогын татвар төлнө, харин үүнээс нь хууль бус борлуулагчид хумслаад байвал улсад төлөх татварын хэмжээ багасна гэсэн үг. Хэдий чинээ олон дуучны дууг хууль бусаар хуулбарлан борлуулна тэр хэмжээгээр дуучин ч орлого олохгүй, улс ч тэр хэмжээгээр татвар авахгүй гэсэн үг. Авдаг татвар, татварын хэмжээг яавал олны бухимдлыг төрүүлэхгүйгээр нэмэх гэсэн үндсэн бодлоготой ажилладаг татварын алба, цаашилбал төрд ийм байдал огт таалагдахгүй нь ойлгомжтой. Ийм л учраас Өрнөдийн орнуудын Засгийн газар хууль бус хуулбарлалттай тэмцээд байгаа хэрэг. Манайх ч энэ талаар онцгой анхаарах шаардлагатай болж байгаа нь эндээс харагдаж байгаа байх. Тэгэхээр зохиогчийн эрх гэдэг зүгээр нэг агаар бус харин улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг салбар болох нь эндээс харагдаж байна.