Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгынхан Монгол орныг зорин ирсэн жуулчдад үндэсний урлагийн тоглолтын гайхамшгийг мэдрүүлж эх орныхоо нэрийн хуудас болдог. Чуулгынхан энэ жил гадаад, дотоодын олон арга хэмжээнд амжилттай оролцож, уран бүтээлийн олз омог арвинтай байгаа. Энэ талаар чуулгын дарга, уран сайхны удирдагч Т.Отгонсүрэнтэй ярилцлаа.
-“Түмэн-Эх” чуулгаар сонин сайхан юу байна вэ. Шинэ уран бүтээлээс тань ярилцлагаа эхлэе?
-Бид жил бүр уран бүтээлээ шинэчилдэг. Уран бүтээлчдийнхээ дунд уралдаан зарлаж, шалгарсан бүтээлийг чуулгынхаа урын сандаа оруулдаг. Энэ жил гэхэд шинээр 60 гаруй бүтээл төрүүлсэн. Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл өдөр бүр 18 цагаас ардын урлагийн тоглолтыг үзэгчдэдээ хүргэсээр байна. Мөн уран бүтээлчид маань бие даан уран бүтээл туурвихаас гадна олон улсын болон өөрийн орны олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож буйг дуулгахад таатай байна. Ингэхдээ монгол ардын уртын дуу, ардын үндэсний, харилцаа, биелгээ, цамын бүжиг, хөөмэй, уран нугаралт үзүүлж байгаа. Бид үндэсний язгуур урлагаа мартаж болохгүй. Манай тоглолтыг ихэвчлэн жуулчдад зориулсан гэж хүмүүс ойлгодог юм билээ.
-Би ч гэсэн тэгж боддог шүү дээ?
-Манай чуулгын тоглолтуудыг ихэвчлэн жуулчид үздэг. 60 минутын тоглолт үзээд маш өндөр сэтгэгдэлтэйгээр гардаг. “Үндэсний урлагийн тоглолт үзээд Монголыг тэр чигт нь ойлгох шиг боллоо” гэцгээдэг. Энэ чинь тэд шинэ хүн болоод гарч байна гэсэн үг шүү дээ. Аливаа сайхан уран бүтээл хүний стрессийг тайлж, тайвшруулан хамгийн зөв байдлаар амрааж чаддаг. Монгол иргэдээ ирэхэд оруулахгүй гэхгүй. Чөлөөтэй орж тоглолт үздэг. Мөн монгол иргэддээ зориулж жил бүр бие даасан Хөх тэнгэрийн орон нэг, хоёр гэсэн тоглолт хийдэг. Уг нь, монголчууд үндэсний урлагийнхаа сайхныг мэдрэх учиртай. Мянга сонсохоор нэг үз гэдэг шүү дээ. Манай хаалга үзэгчдэд үргэлж нээлттэй.
-Танай тоглолтыг үзмээр байдаг ч тасалбарын үнэ нь ам.доллараар хэмжигддэг?
-Энэ бас буруу ойлголт. Чуулга маань анхнаасаа хүүхдийн паркийн харьяа байгууллага байсан. Паркаар үйлчлүүлж байгаа хүүхдүүд, монголчуудад үндэсний урлагийг танин мэдрүүлэх гэсэн үүднээс чуулга байгуулагдаж байсан. 1990 оноос Хаянхярваа багш үндэсний язгуур урлаг “Нэю жуулчин” ХХК-тай хамтран жуулчдад үндэсний язгуур урлагаа үзүүлж байя гэсэн юм. Одоо бол өдөр тутам жуулчдад тоглодог.
-Таны хувьд чуулгынхаа уран сайхны удирдаачаар хэр удаан ажиллаж байна вэ?
-Би чуулгадаа 17 жил тасралтгүй ажиллаж байна. 14 жилд нь бүжигчнээр ажиллаж байсан бол сүүлийн гурван жил уран сайхны удирдаач хийх болсон. Ес дэх удирдаач нь.
-Чуулга нийт хэдэн уран бүтээлчтэй вэ. Нэлээд том чуулга санагддаг?
-Чуулга маань цомхон. Уран бүтээлийн ангиудын хувьд дуу,хөгжим, бүжиг гэсэн гурван ангитай. Уран бүтээлчдийн 80 гаруй хувь нь СУИС-ийг төгссөн мэргэжлийн дээд боловсролтой боловсон хүчин. Үлдсэн нь Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Нийт 42 хүний бүрэлдэхүүнтэйгээс 32 уран бүтээлчтэй.
-Жуулчдад тоглолт үзүүлдэг гэхээр уран бүтээлчид чамлахааргүй цалин авдаг байх?
-Манайх 2005 оныг хүртэл нийслэлийн мэдэлд байсан. Улаанбаатарт ирсэн зочид гийчдэд тоглолт, арга хэмжээнүүдийг хүргэж ирсэн. 2005 оноос нийслэл хүүхдийн паркийг “Бодь” группт өгсөн. Үүнийг дагаад чуулга маань ч тус группийн мэдэлд очсон. 2000 оны эхээр манай уран бүтээлчид чуулга театр дотроосоо хамгийн өндөр цалинтай байдаг байлаа. Одоо цалингийн зэрэглэлээрээ хамгийн доод түвшинд очсон. Гэтэл хүмүүс биднийг ам.доллараар цалинждаг, өндөр цалинтай гэж боддог. Тэгвэл хамгийн ядуу нь манай чуулгынхан. Уран бүтээлчдээ цомхотгоё гэхээр хамтлаг болох гээд байдаг. Гэтэл уран бүтээлчид бие даан уран бүтээл туурвихаас гадна олон улсын болон өөрийн орны олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа шүү дээ.
-Түмэн-эх чуулга байгуулагдаж байсан үеийг өнөөдөртэй харьцуулбал?
-Манай чуулга 1989 онд тухайн үед хүүхдийн паркийн захирал Лунаа, эрдэмтэн зохиолч ардын билгэ зүйч Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа гуайн санаачилгаар анх үүсгэн байгуулагдсан. Ардын язгуур урлагийн тэргүүн манлайлагч байхыг илэрхийлсэн байдаг. Анхны алхмаа ардын авьяастнуудаас бүрдсэн холимог бүрэлдэхүүнтэйгээр эхэлж байсан бол өнөөдөр урлагийн мэргэжлийн тусгай дунд, дээд мэргэжлийн жүжигчдээр бүрэн хангагдсан. Дэлхийн 40 гаруй оронтой гадаад харилцаагаа бэхжүүлсэн нь том амжилт. Үүнээс гадна эртний монгол хаадын зочлол, ёслолын гэр өргөөг санагдуулам урлаж чимсэн өөрийн тохилог байрандаа ямар нэгэн техник хэрэгсэл хэрэглэлгүйгээр уран бүтээлчид маань бүтээлээ хүргэдгээрээ онцлогтой.
-Залуу халаагаа бэлдэх тал дээр ямар бодлого барьдаг вэ?
-Урлагийн сургуулиудтай байнга хамтран ажилладаг. Тухайлбал, оюутнуудыг дадлага хийлгэж, язгуур урлагийн талаар суурь мэдлэг олгож байна. Сургууль төгссөн олон залуус манайд ханддаг. Аль болох дэмжихийг хичээдэг. Гэхдээ уран бүтээлч нэмж авъя гэхээр санхүүгийн асуудал бэрхшээлтэй. Жишээ нь, “Түмэн- эх” чуулга 2002 оноос орон нутгаар бригадаар тоглоогүй. Иймээс энэ жилээс хөдөөгийн иргэддээ тоглолтоо хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.